Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 0004

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай    

      Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Г.Гантуяа би Булган аймгийн Сайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Ганболдоос Булган аймгийн Сайхан сумын ИТХ-д холбогдуулан гаргасан “тус сумын ИТХ-ын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн сумын Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай 01/09 тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтыг  зөрчсөн тул  хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 102 дугаар шүүгчийн захирамжаар 158/2016/0023/З дугаарын индекстэй захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Сайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Ганболд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Булган аймгийн ИТХ-н ээлжит 2016 оны сонгуулиар байгуулагдсан сумын ИТХ-н анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан ба хуралдааны тооллогын комисс “...санал хураалтанд 21 төлөөлөгч оролцож Д. Дорждагвын төлөө 10 төлөөлөгчийн санал буюу 66,6%, М.Ганболдын төлөө 5 төлөөлөгч буюу 33,3% санал авсан байна. Хүчингүй саналын хуудас 6 гарсан. Олонхийн санал авсан МАН-аас нэр дэвшигч Д.Дорждагвыг сумын Засаг даргаар томилох саналыг сумын ИТХ-д уламжилсугай” гэжээ. Тооллогын комиссын дүнг үндэслэн Булган аймгийн Сайхан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн Сонгуулийн анхдугаар хуралдааны 01/09 тоот тогтоол нь Сайхан сумын Засаг даргаар Д.Дорждагвыг томилуулахаар аймгийн Засаг даргад уламжлуулсан. Санал хураалтанд 21 төлөөлөгч оролцсоноос 6 саналын хуудас хүчингүй, 10 санал буюу 66,6%, олонхийн санал авсан Д.Дорждагвыг сумын Засаг даргаар томилуулахаар...гэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан...уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхи буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.... гэж заасныг ноцтойгоор зөрчсөн. /хуралдаанд оролцсон 21 төлөөлөгчөөс 10 санал авсан нь 47.6% бөгөөд 50-иас дээш хувьд хүрээгүй учир олонхийн санал биш юм./

       Иймд Булган аймгийн Сайхан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн Сонгуулийн анхдугаар хуралдааны 01/09 тоот тогтоол / Д.Дорждагвыг Булган аймгийн Сайхан сумын Засаг даргад томилуулахаар уламжлах тухай/-ыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.”

       Нэхэмжлэгчээс 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Булган аймгийн Сайхан сумын ИТХ-ын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн сумын Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай 01/09 тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтыг  зөрчсөн тул  хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

     Энэ гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа учир хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх..” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Сайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Ганболд тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга /Д.Сансар-Очир/-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал шүүхийн зардлыг нөхөн төлнө”, 50 дугаар зүйлийн 50.5-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, энэ хуулийн 50.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн сангийн 041400941 дугаарын дансанд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хас банкинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь заалтуудыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Сайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Ганболдын нэхэмжлэлээсээ  татгалзсаныг баталж, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга /Д.Сансар-Очир/-д холбогдуулан “тус сумын ИТХ-ын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн сумын Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай 01/09 тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтыг  зөрчсөн тул  хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2016/0023/3 дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн сангийн 041400941 дугаарын дансанд 11 дүгээр сарын 10-ны өдөр Хас банкинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй,  шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

            4.Захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагчид хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Булганчимэгт даалгасугай.

 

ШҮҮГЧ                                   Г.ГАНТУЯА