Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1318

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/3545 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХнд холбогдох,

 

Шүүхийн шийдвэрийг биелэгдсэнд тооцож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоолгох тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 541 тоот шийдвэрээр 3051/0016 нэгж талбарын дугаар бүхий 1600 м.кв хэмжээтэй газрыг эзэмшдэг. 2007 онд Нийслэлийн газрын алба болон “ХХХХХХ” ХК-ийн хүсэлтийн дагуу өөрийн эзэмшил газрынхаа баруун хэсгээс шинэ баригдах 17 дугаар хорооллын дулааны шугамын өргөтгөлд зориулан тодорхой хэсэг газрыг чөлөөлж өгч, кадастрын зурганд өөрчлөлт орсон. Ийнхүү өөрчлөлт ороход, манай компанийн барилгын гарашийн орц өөр байгууллагын газартай давхцаагүй, автомашины орц гарцанд нөлөөлөхгүй байгааг харгалзан өмнө нь кадастрын зурганд ороогүй үлдсэн гараашийн орцны дутуу хэсгийн газрыг кадастрын зурганд нэмж оруулан албан ёсоор баталгаажуулсан юм. Манай компаний барилга байгууламж нийтийн эзэмшлийн зам талбайд нэвтрээгүй, Сүхбаатар дүүргийн Газрын албаны хүсэлтийн дагуу нийтийн ашгийн үүднээс бид газрынхаа өргөн хэсгээс тануулж, урагшаа ба хойшоо тэлж, кадастрын зурганд өөрчлөлт орж, 1600 м.кв газрыг эзэмшиж ашиглаж байгаа бөгөөд газарт орших 1524 м.кв орон сууц, үйлчилгээний барилга, ХХХХХХХХХХ улсын бүртгэлийн дугаартай, ХХХХХХХХХ тоот гэрчилгээ бүхий үл хөдлөх хөрөнгийг өмчилдөг. Энэхүү үйлчилгээний барилгын доод давхрын хонгилд автомашины гарааш байдаг бөгөөд гарааш руу орох хэсэг задгай учраас битүүлэх зорилгоор тоосгон хана өрж, саравч барих гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны шийдвэр гүйцэтгэгч ирж, буулгахыг шаардсан. Тэрээр Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар 02-ны өдрийн 920 дугаар шийдвэрийг танилцуулж, тус газрыг чөлөөлөхийг мэдэгдсэн. Тус шийдвэрийн тогтоох хэсэгт иргэн ХХ, ХХХХХХХ нарт гарцыг чөлөөлөхийг даалгасан байх боловч тус гарц нь манай компаний барилгын гараашид хамааралтай байна. Иргэн ХХХХХХХ нь дээрх шүүхийн шийдвэрийн дагуу нийтийн эзэмшлийн газарт орсон хашаагаа багасгаж татсан, ХХ нь газрын албатай ярилцаад нийтийн эзэмшлийн талбайд орсон хашаагаа өргөн хэсгээс хасаж нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж эзэмшил газартаа дахин кадастар хийлгэж 1600 м.кв газрыг эзэмшсэн. Уг газар дээр 1524 м.кв үйлчилгээний барилгатай, барилгын доод талдаа авто гарааштай байна. ХХ нь уг эзэмшил газраа 2007 онд “Х” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байна.

“Х” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 454 дүгээр захирамжаар, газар эзэмшил газрын орц, гарц хаагаагүй бөгөөд “ХХХХХ” ХХК-ийн эрх ашгийг зөрчөөгүй байна.

Иймд хэрэгт цугларсан нотлох баримт болон хэргийн бодит байдлыг газар дээр нь судлан үзээд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 920 дугаар шийдвэрээр иргэн ХХХХХХХ, ХХ нарт гарц чөлөөлөхийг даалгасан шүүхийн шийдвэрийг биелэгдсэнд тооцож, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоох талаар шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХ шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэж ХХ, ХХХХХХХ нарт шүүхийн шийдвэрт заасан газрыг чөлөөлөх тухай удаа дараа мэдэгдсэний дагуу иргэн ХХХХХХХ оногдох газрыг чөлөөлсөн бөгөөд ХХ нь өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй.

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны тапаар гарсан гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэрлэж тогтоол гаргана. Энэхүү тогтоолыг зөвшөөрөхгүй бол гомдлоо шүүхэд гаргаж болно гэж заасан. “Х” ХХК нь энэ заалтын дагуу манай албанд гомдол гаргаж хандаагүй байна.

2. ХХт 2007 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 151/920 дугаартай мэдэгдэл, 2007 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2/3135 дугаартай шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг өгч удаа дараа очиж шаардаж байсан ба ХХ нь 2007 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шүүхийн шийдвэрт заасан газрын тухай асуудлаар “ХХХХХ” ХХК-ийн захирал ХХХХХХХХтой хэлэлцэж тохирсон тухай тайлбарыг бичгээр гаргаж өгсөн байдаг.

3. Шийдвэрийн үндэслэх хэсэгт иргэн ХХХХХХХ захирамжаар олгогдсон 850 м.кв газрыг 202 м.кв-аар томсгож, зориулалтыг өөрчилж ахуйн хэрэгцээнд эзэмшиж байна. Иргэн ХХ нь захирамжаар олгогдсон 16000 м.кв газрыг 91 м.кв-аар томсгож гараашийн гарц хийсэн байна гэж тодорхой зааж өгсөн тул хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

4. Төлбөр төлөгч ХХт 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2/14109, 2/14108, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2/14952, 2/14951 дугаартай албан тоотуудаар шүүхийн шийдвэрт заасан гарцыг чөлөөлөхийг удаа дараа мэдэгдсэн бөгөөд “Х” ХХК-ийн эд хөрөнгийг албадан буулгана гэж мэдэгдээгүй.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байгаа тул “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд “ХХХХХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хувь эзэмшигч үүсгэн байгуулагч ХХ, ХХХХХХХ нарт холбогдох “ХХХХХ” ХХК-ийн захирал ХХХХХХХХын нэхэмжлэлтэй газар эзэмших ашиглах гэрээний дагуу баталгаажсан хэмжээт газрын гарц чөлөөлөх тухай хэргийг шүүх хэлэлцээд 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 920 дугаар шийдвэр гаргасан байдаг. Тухайн шийдвэрт хариуцагч ХХ, ХХХХХХХ нарт гарцыг чөлөөлөхийг даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж, харин Дүүргийн газрын албанд газрын хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгон шийдвэрлэжээ. Гэтэл дээрх шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тул албадан биелүүлэх 2006 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2081 дугаар захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдэн НШГА-нд хүргэгдсэн ч өнөөг хүртэл шүүхийн шийдвэр биелэгдээгүй төдийгүй хариуцагчийн нэг субьект болох ХХ шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаатай холбоотой болон 2006 оны 920 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг танай шүүхэд гаргасан байна. Өөрөөр хэлбэл ХХ өөрт нь хамаарах шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг өнөөг хүртэл биелүүлээгүй атлаа өөрийн эзэмшлийн компанийн нэрээр гүйцэтгэх удирдлагаар халхавчлан /Н.Алтайхүү/ дахин нэхэмжлэл гаргасан байгаа нь үндэслэлгүй юм. Энэ талаарх зохицуулалт Монгол Улсын хууль тогтоомжинд тодорхой заагдсан байна. Үүнд:

1. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заажээ. Мөн энэ маргааны зүйлтэй холбогдуулан гарсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биелэгдээгүй байхад энэ асуудал нь дахин шүүхээр хянагдах үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэр гарсан бол биелэгдэх учиртай. Гэтэл шийдвэр гүйцэтгэл ажлаа хийдэггүй арга саам хийсээр байгаад өнөөг хүрснийг дурдаж байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Манай компани 2004 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 541 дүгээр захирамжаар 1600 м.кв газрыг эзэмшдэг гэж дурдсан байна. Энэхүү 1600 м.кв газрыг эзэмшдэг эсэх дээр маргах зүйлгүй. Харин энэхүү захирамжаар олгогдсон 1600 м.кв газрыг 91 м.кв-аар томсгож гараашийн гарц хийсэн байна гэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг болсон 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 5-214/3422 дугаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлт байдаг. Маргааны обьект нь энэхүү өөрийн эзэмшлээс илүү гарган гарцыг дураар гаргасан 91 м.кв газар бөгөөд уг газрыг чөлөөлөхийг ХХ, ХХХХХХХ нарт даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр биелэгдээгүй байгаа юм.

3. Нэхэмжлэгч 2007 онд Нийслэлийн газрын алба болон “ХХХХХХ” ХК-ийн хүсэлтийн дагуу өөрийн эзэмшил газартаа өөрчлөлт оруулахдаа 1 гараашийн дутуу хэсгийн газрыг кадастрт оруулсан гэж нэхэмжлэлдээ бичсэн нь шүүхийн шийдвэрээр чөлөөлөхийг даалгасан газрыг чөлөөлөөгүй шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй атлаа өөрсдийн эзэмшил газраас /1600 м2/ илүү нэмж 91 м.кв-ыг авсан гэдгээ өөрсдөө нотолжээ. Ийнхүү газрыг нэмж авсан дээрхи үйлдэл нь шүүхийн шийдвэр гарснаас хойш өөрөөр хэлбэл 2007 онд албан тушаалтнуудтай хуйвалдан шүүхийн, шийдвэрийг үл тоомсорлосон хийсэн хууль бус үйлдэл юм.

4. ИХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаас үзэхэд нэхэмжлэл гаргах эрх нэхэмжлэгчид байхгүй юм.

5. ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж шийдвэр байгаа бол нзхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах заалттай. Гэтэл “Х” ХХК 2014 оны 7 дугаар сард гаргасан нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгч 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан байтал дахин нэхэмжлэл гаргасны дагуу хэрэг үүсгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХХнд холбогдуулан шүүхийн шийдвэрийг биелэгдсэнд тооцож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоох тухай нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ХХХХХХХХ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэрийг гаргахдаа хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн баримт бичгүүдийг судалж үзээгүй, орхигдуулсан гэж үзэж байна.

1. Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр манай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 920 дугаар шийдвэрийг мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр дуусгавар болсонд тооцно гэж бид үзэж байна. Учир нь 2006 онд “гарц чөлөөлөх тухай” шүүхийн шийдвэрийн дагуу 2007 онд шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг газар дээр нь крантай очиж гүйцэтгэж, маргаантай газрыг бүрэн чөлөөлж, уг шийдвэр гүйцэтгэгдсэн. Гэвч тухайн үед нь албан ёсоор дуусгавар болгоогүй үлдээснийг нь бид мэдээгүй байсан юм. Улмаар тус гарц нь чөлөөлөгдсөн эсэхийг шүүгч С.Хишигбат  2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр бидний хүсэлтээр газар дээр нь үзлэг хийсэн ба “Үзлэг хийсэн тэмдэглэл”-д (хх193-195) тус газарт ямар нэг орц гарц хаагдаагүй байгааг тогтоосон.

2. Хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гуравдагч этгээд болох “ХХХХХ” ХХК-ийн кадастрын зурганд (гараар засварласан хуурамч) үндэслэн шийдвэр гүйцэтгэнэ гэж шүүхэд тайлбар өгсөнөөс (хх129) харахад аль хэдийнэ гүйцэтгэгдсэн 2006 оны шийдвэрийг бус харин болох “ХХХХХ” ХХК-ийн эзэмшлийн газарт манай компани халдсан гэж эндүүрч, үндэслэлгүйгээр манай эд хөрөнгийг буулгах гэж байгаа нь харагдаж байна.

3. Мөн шүүх “нэхэмжлэгч нь нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж, эзэмшил газартаа дахин кадастр хийлгэсэн болох нь нотлогдохгүй байна” гэсэн байна. Хэрэгт нотлох баримтаар гаргасан манай эзэмшил газрын кадастрын зураг болон бусад бичиг баримтаас (хх162-169) харахад өмнө нь манай эзэмшил газрын баруун талын, доогуураа дулааны шугам явдаг хэсгийг бид чөлөөлж оронд нь газрынхаа хойд хэсэг рүү газраа сунгаж кадастр хийлгэн нийт 1600 м.кв хэмжээг хэвээр нь үлдээн хууль ёсны дагуу өөрчилсөн нь тодорхой харагдаж байна. Гэтэл хэргийн зохигч, гуравдагч этгээдийн гаргасан тайлбараар манайх газраа томсгож 1600 м.кв-аас илүү гаргаж, гуравдагч этгээдийн газрыг хууль бусаар эзэмшиж байна гэж (хх53) илт худал тайлбар гаргасаар байгаа нь шүүхийг төөрөгдүүлж байна.

Иймд давж заалдах шатны шүүхэд дараах хүсэлтийг гаргаж байна.

1. 2006 оны 920 дугаар шүүхийн шийдвэрийг шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэж, гарцыг чөлөөлсөн нь “Үзлэг хийсэн тухай тэмдэглэл”-ийн дүгнэлт, хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар (хх129) нотлогдож байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь хэсгийг үндэслэн 920 дугаар шийдвэрийг гүйцэтгэсэнд тооцож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү.

2. Маргаантай газар нь манай хууль ёсны эзэмшил газар мөн бөгөөд дээр нь байгаа гараашийн хэсэг нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, үүнийг баталсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын албан тоот байгаа тул (хх162-169) уг бичиг баримтыг хянан үзэж, анхааралдаа авна уу.

3. Гуравдагч этгээд нь удаа дараа хуурамч бичиг баримтыг (хх247) нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайлбал, манай газар дээр тэдний газраас 30 м-ийн зайтай байтал (хх246) манай газар тэдний газартай давхцсан гэж илт худал тайлбар гаргасан. Мөн хэрэгт хавсаргасан кадастрын зургаа гараар засч томруулан, манай газартай давхцуулсан (хх247). Иймд эдгээр хуурамч бичиг баримтыг нотлох баримтаас хасч өгнө үү.

4. Шүүх хэргийн хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэгч албыг удаа дараа дуудсан боловч ирж тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд оролцоогүй тул дахин дуудаж албан ёсоор тайлбар авах.

5. Хэргийн гуравдагч этгээд болох “ХХХХХ” ХХК-ийн ямар нэг эрх ашиг сонирхол хөндөгдөөгүй, орц гарц хаагдаагүй байгаа нь “Үзлэг хийсэн тухай тэмдэглэл”-ийн дүгнэлтээр нотлогдож байх тул гуравдагч этгээдийг хэргээс хасч өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч ХХХХнд холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа шүүхийн шийдвэр биелэгдсэнд тооцож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоолгох тухай гэж тодруулсныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа гэж маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 920 дугаар шийдвэрээр “ХХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй ХХ, ХХХХХХХ нарт холбогдох хэргийг шийдвэрлэж, ХХ, ХХХХХХХ нарт “гарц”-ыг чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна.

 /хэргийн 9-10 дугаар тал/

 

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 541 тоот захирамжийн дагуу 048624 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 1600 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, худалдаа үйлчилгээний зориулалтаар нэхэмжлэгч “Х” ХХК-д эзэмшүүлж, уг захирамжийг Нийслэлийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/454 тоот захирамжаар хүчингүй болгож, нэхэмжлэгчид дахин 1600 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

/хэргийн 5-6, 234-238 дугаар тал/

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 920 дугаар шийдвэрээр ХХ, ХХХХХХХ нарт “гарц”-ыг чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэсэн байх боловч маргааны зүйл болох уг шийдвэрийн дагуу гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа газар нь дээрх захирамжуудаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй байна. ХХ нь өөрийн үүсгэн байгуулсан нэхэмжлэгч “Х” ХХК-д 2007 онд уг газрыг шилжүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Нэхэмжлэгч дахин газар эзэмшүүлэх шийдвэр гарах үед газрын кадастрын байршил өөрчлөгдсөн гэж тайлбарлаж байх бөгөөд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 02-01/1826 тоот албан бичигт “ХХХХХХ” ХХК-ийн хэмжилт хийсэн дүгнэлтээр маргаж буй газар болох “Х” ХХК-ийн өргөтгөлийн хэсэг болон гарааш нь тус компанийн эзэмшлийн газрын хил хязгаарт багтаж байгаа талаар дурдсан байна. /хэргийн 162-163 дугаар тал/

 

Гэтэл нэхэмжлэгчийн эзэмшил газарт “ХХХХХХ” ХХК-иас хэмжилт хийсэн Геодези газрын зураглалийн хуулбар нь нотариатчаар гэрчлүүлсэн байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. /хэргийн 163 дугаар тал/

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч маргаан бүхий газарт шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

/хэргийн 161 дүгээр тал/

 

Дээрх үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Х” ХХК-ийн 2015 онд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газартай 2006 оны 920 дугаар шүүхийн шийдвэрт заагдсан “гарц” давхцаж байгаа эсэх нь тодорхойгүй байх бөгөөд өмнө нь шүүхийн шийдвэрийг хянаад хүчингүй болгож буцаасан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 455 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны  436 дугаар тогтоолд дурьдсан энэ талаарх зөрчлийг анхан шатны шүүх арилгалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй болсон эсэхэд давж заалдах шатны шүүхээс дахин дүгнэлт хийх боломжгүй байна.

 /хэргийн 130-132, 149-152 дугаар тал/

Шүүх дээрх байдлуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлд заасан “шүүхийн өмнө эрх тэгш байх”, “мэтгэлцэх зарчим”-ыг тус тус хэрэгжүүлэх замаар тодруулж, хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцэх юм.

 

Иймд давж заалдах шатны шүүх дээрх зөрчлүүдийг арилгаж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг зөвтгөх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/3545 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.МӨНХЗУЛ

 

                                                             ШҮҮГЧИД                           Т.ТУЯА

 

                                                                                                         С.ЭНХТӨР