Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 03

 

З.*******д холбогдох захиргааны 
зөрчилтэй материалын талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл, гомдол гаргагч З.*******ийн өмгөөлөгч О.*******ыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 27 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт нэр дэвшигч Ш.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч З.*******ийн давж заалдсан гомдлоор З.*******д холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Анхан шатны шүүх: Зөрчилд холбогдогч З.*******д захиргааны шийтгэл оногдуулахаас татгалзаж, захирамжийн хувийг гомдол гаргагч З.*******, түүний өмгөөлөгч О.*******, зөрчилд холбогдогч З.*******, түүний өмгөөлөгч Г.******* нарт гардуулж, захирамжийг эс зөвшөөрвөл Сонгуулийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэг, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

    Гомдол гаргагч З.******* давж заалдсан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний 27 тоот шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: 

1. Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт “...Хавтаст авагдсан материалуудаар дээрх хүмүүс сонгуулийн сурталчилгаа хийх эрхгүй байсан нь тогтоогдож байгаа ч тэдний саналыг татах зорилгоор мөнгө өгсөн гэх, тэр тусмаа мөнгийг З.******* тэдэнд саналыг нь өөртөө татах зорилгоор өгсөн гэдэг нь нотлогдохгүй байна.” гэж дүгнэсэн байна. Сонгуулийн тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд зааснаар нам эвслийн дарга түүнтэй адилтгах албан тушаалтан, түүний ажилтан, нэр дэвшигч, менежер, шадар туслагч, ухуулагч нар хамаарах ба дээрх албан тушаалд ажиллахаар сонгуулийн байгууллагад бүртгүүлж үнэмлэх аваагүй бусад хүмүүсийг иргэд сонгогч нар гэж үзнэ. Захиргааны зөрчил шалгах ажиллагааны үед тайлбар өгсөн Б.*******, С.*******, Г.*******, Б.******* зэрэг хүмүүс нь сонгуулийн байгууллагад бүртгүүлж үнэмлэх аваагүй, ердийн сонгогчид болох нь өөрсдийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа бөгөөд дээрх хүмүүст зөвхөн сонгуулийн сурталчилгааны хугацаанд мөнгө өгсөн, багаар нь дэмжээрэй гэж хэлсэн зэрэг өөрсдийнх нь тайлбараас тэдний саналыг татах зорилгоор мөнгө өгсөн болох нь хангалттай нотлогдож байна гэж үзэж байна. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх хэсгийг зөрчсөн үйлдэл болсон. Анхан шатны шүүх дээрх хүмүүсийг сонгуулийн сурталчилгаа хийх эрхгүй байсныг хүлээн зөвшөөрсөн мөртлөө мөнгө авсаныг нь санал татах зорилгогүй байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. 

2. Сонгуулийн тухай хуулийн 116 дугаар зүйлд зааснаар аливаа этгээд тухайн орон нутаг дахь Цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргах эрхтэй ба гомдол мэдээллийг Цагдаагийн байгууллага, Шүүх нь шалгаж шийдвэрлэх эрх бүхий субьектүүд юм. Цагдаагийн байгууллага, Шүүх нь захиргааны зөрчил шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийхгүйгээр, хэргийн оролцогчийн захиргааны зөрчлийг бүрэн гүйцэт шалгуулахын тулд хийж өгөөч гэсэн хүсэлтүүдийг харгалзан үзэхгүйгээр захиргааны зөрчлийн материалыг шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний “нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх” үндсэн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. 

3. Сонгуулийн тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1-д “Энэ хуульд заасан захиргааны зөрчлийг шалгаж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад тухайн зөрчилд оролцогч тус бүрийн үйлдэл, эс үйлдлийг тогтоож шийдвэрлэнэ.” гэж заасан. Сонгогчдод мөнгө тараасан үйлдэл тогтоогдсон байхад Сонгуулийн тухай хууль тогтоомж  зөрчсөн хэн нэгэн этгээдэд захиргааны хариуцлага ногдуулаагүй, зөрчилд оролцогч тус бүрийн үйлдэл, эс үйлдэхүйг бүрэн тогтоохгүйгээр шийдвэрлэсэн нь Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. 
Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Захиргааны шийтгэл оногдуулахаас татгалзах тухай” 27 тоот захирамжийг хүчингүй болгож, захиргааны зөрчил шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр Завхан аймгийн Цагдаагийн газарт буцааж өгнө үү гэжээ.

    Гомдол гаргагч З.*******ийн өмгөөлөгч О.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Давж заалдсан гомдлоо дэмжиж байна. Зөрчилд холбогдогчид захиргааны хариуцлага хүлээлгэх нь бидний зорилго биш. Харин зөрчилд холбогдогч З.******* нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн болохыг тогтоолгох нь бидний гол асуудал юм. Материалд авагдсан Б.*******, Г.*******, Б.******* зэрэг нэр бүхий этгээдүүд сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээдүүд биш болох нь тэдний тайлбар болон бусад баримтаар тогтоогдож байгаа юм. Эдгээр хүмүүсийн үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг зөрчсөн юм гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

    Давж заалдах шатны шүүх захиргааны зөрчлийн материалыг Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу хянан хэлэцэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хянахын зэрэгцээ гомдолд дурдсан үндэслэлээр бус материалыг бүхэлд нь хянаж үзлээ. 
    Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 18 дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Ш.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч З.******* Завхан аймгийн Цагдаагийн газарт Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 18 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч З.******* нь Сонгуулийн тухай хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагааг 3 байдлаар зөрчиж явууллаа гэж анх гомдол гаргажээ. Гомдолдоо дараах байдлуудыг дурджээ. Үүнд:
    1. 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Ардчилсан намаас нэр дэвшигч З.******* болон түүний сонгуулийн штабын бүрэлдэхүүн нь өөрийн намын сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслах, ухуулагч зэргээс бусад хүмүүс буюу сонгуулийн сурталчилгаа явуулах эрхгүй хүмүүст сонгогчдын санал татах зорилгоор Завхан аймаг дахь Ардчилсан намын байранд мөнгө тараасан.
    
    2.Сонгогчдын санал татах зорилгоор 2016 оны 04 дүгээр сарын  30-ны өдөр Улаанбаатар хотод Завхан аймгийн Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн сургуулийн 1982-1986 оны төгсөгчдийн нөхөрсөг уулзалт тэмцээнийг зохион байгуулж, ивээн тэтгэж, шагнал гардуулсан. 

    3. 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр буюу сонгуулийн санал авах өдөр Завхан аймгийн Улиастай сумын иргэд сонгогчдын саналаа өгсөн бүртгэлийн хуудсаар нь тулган шалгаж, З.*******гийн төлөө саналаа өгсөн хүмүүст мөнгө өгсөн гэжээ. 

    Цагдаагийн байгууллага дээрх гомдолд дурдсан асуудлуудыг хуулийн дагуу шалгаж холбогдох иргэд, сонгогчдоос тайлбар авч сонгуулийн хэсэг, хороодоос ухуулагч, шадар туслагч, менежерийн бүртгэлийг гаргуулах зэргээр баримт материалыг цуглуулсан байна. Эдгээр баримт материалдаа үндэслэн З.*******д захиргааны шийтгэл хүлээлгэхээр шүүхэд шилжүүлжээ. 

    Шүүх З.*******д Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж захиргааны шийтгэл ногдуулахад Цагдаагийн байгууллагаас шалгаж ирүүлсэн материал хуульд заасан шаардлага хангахгүй байсан учир 1 биш удаа даалгавар гүйцэтгүүлэх захирамж гаргаж ажиллагаа хийлгүүлж байсан байна.

    Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар материалд авагдсан баримт болон талуудын шинээр гаргаж өгсөн хүсэлт, нотлох баримтыг шинжлэн судалсан нөхцөл байдлуудад дүгнэлт хийхэд 

1. Гомдол гаргагч З.*******ийн “Сонгуулийн сурталчилгаа явуулах эрхгүй хүмүүст сонгогчдын санал татах зорилгоор Завхан аймаг дахь Ардчилсан намын байранд мөнгө тараасан” гэх үндэслэлээ нотлохоор ирүүлсэн CD бичлэгийн тайлбараар хэн нэгэн хүнд мөнгө өгч байна гэж үзэхээр байгаа ч нэр дэвшигч З.******* өөрөө сонгогчдын саналыг татах зорилгоор тэдэнд мөнгө тарааж байгаа үйл баримтыг нотолж чадахгүй байна. 

Бичлэгийг хэн хийсэн нь тодорхойгүй, дүрс бичлэг эх бичлэг мөн эсэхийг тогтоогоогүй, гомдол гаргагч бичлэгийн эх сурвалжийг тодорхой зааж чадаагүй байна. 
Материалд тайлбараар асуугдсан Г.*******гийн “... надад 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр урамшуулал гэж 350000 төгрөгийг С.Энхтуул эгч өгсөн” гэсэн, Б.*******ын “... Манай ээж Ардчилсан намын хүн болохоор би өөрөө Ардчилсан намд ухуулагчаар ажиллая гэж бодсон юм. Нийт 400000 төгрөгийг ажлынхаа хөлсөнд авсан” гэсэн тайлбаруудаар З.******* нь дээрх хүмүүст сонгогчдын итгэлийг өөртөө татах зорилгоор мөнгө өгсөн гэдэг нь нотлогдохгүй байна.

-Мөн гомдол гаргагч З.******* нь нэр дэвшигч З.*******г 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод Завхан аймгийн Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн сургуулийн 1982-1986 оны төгсөгчдийн нөхөрсөг уулзалт тэмцээнийг зохион байгуулж ивээн тэтгэн шагнал гардуулж Завхан аймгийн сонгогчдийн санал татах үйл ажиллагаа явуулсан гэж фото зургийг нь материалд хавсаргажээ.
Түүнчлэн материалд авагдсан баримтаар З.******* нь уг тэмцээний үйл ажиллагаанд оролцож, уг тэмцээнийг зохион байгуулж, ивээн тэтгэсэн гэдгийг нотолж чадаагүй байна. Энэ талаар материалд тайлбараар асуугдсан Б.Одгэрэлээс .... уг тэмцээнийг З.******* зохион байгуулж, ивээн тэтгэсэн үү? гэхэд  үгүй, ер тийм юм тэмцээний үеэр яригдаагүй гэжээ. Энэ тайлбараас үзэхэд тэмцээнийг З.******* зохион байгуулж, ивээн тэтгээгүй болох нь тогтоогдож байна. 

-Мөн гомдол гаргагч З.*******ийн ... 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр буюу Сонгуулийн санал авах өдөр Завхан аймгийн сонгогчдын нэрс бүхий бүртгэл хөтөлж бүртгэлийн хуудсаар тулган шалгаж З.*******гийн төлөө саналаа өгсөн хүмүүст мөнгө өгсөн гэх гомдолдоо бүртгэл хөтөлсөн хуудсыг тэмдэглэж буй зургийг баримт болгон хавсаргасан байна. 
Гэвч уг баримтын зургийг хэн хэзээ хэрхэн авсан нь тодорхойгүй, бүртгэл гэх уг баримт нь Завхан аймгийн сонгогчдын нэрс бүхий бүртгэл мөн эсэх, бүртгэлийг сонгуулийн санал хураах өдөр буюу 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хөтөлж саналаа өгсөн бүртгэлийн хуудсаар нь энэ гомдолд дурдсан бүртгэлтэй тулгаж шалгасан гэж үзэхэд учир дутагдалтэй байна. Түүгээр ч барахгүй уг бүртгэлийг нэр дэвшигч З.******* хөтөлж эсвэл хэн нэгэн хүнд үүрэг өгч хөтлүүлж өөрийнхөө төлөө саналаа өгүүлж санал өгсөн хүмүүст мөнгө өгсөн гэдэг нь нотлогдохгүй байна. Энэ талаар материалд өөр ямарч нотлох баримт байхгүй байна. 

Гомдол гаргагч З.*******ийн дээрх гомдолд дурдсан 3-н асуудлаар дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хуульзүйн үндэслэлтэй болжээ. 

Мөн Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гарсан өдрөөс хойш 3 сарын дотор захиргааны хариуцлагад татахаар зохицуулсан  байгааг дурдах нь зүйтэй байна. 
Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн З.*******д захиргааны шийтгэл оногдуулахаас татгалзах тухай 27 тоот шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Ш.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч З.*******ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн З.*******д захиргааны шийтгэл оногдуулахаас татгалзах тухай 27 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Улсын Их Хурлын 18 дугаар тойрогт Монгол Ардын Намааснэр дэвшигч Ш.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч З.*******ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Энэ магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.НАМХАЙДОРЖ