| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2019/0013/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/11 |
| Огноо | 2019-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2019/ШЦТ/11
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга П.Р,
улсын яллагч Э.Н,
шүүгдэгч Т.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч И овогт Т-ийн У-т холбогдох эрүүгийн 1817002640003 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, И овогт Т-ийн У /РД:ЗБ81030713/, Дундговь аймгийн Баянжаргалан суманд 1981 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, Дундговь аймгийн Баянжаргалан сумын 1 дүгээр баг, Шилийн гол гэх газар оршин суух бүртгэлтэй, хувиараа мал аж ахуйн эрхэлдэг, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд 2005 онд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар 7 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, Говьсүмбэр аймгийн шүүхийн магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөн 5 жил 10 хоног хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн гэх,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Т.У нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 121 тоотод иргэн Г.Ч-ийн нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөн зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Т.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 121 тоотод Г.Ч-той гэртээ хонуулсангүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт өшиглөн зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Т.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Б-тай таараад 1 шил 750 граммын архи уусан. Гэрт очихоор архи уусан гээд авгай загнах байх гэж бодоод Ч ахынд очсон. Тэгээд танайд хоноё гэсэн чинь ах хөөгөөд байхаар нь уурлаад гэрээс нь гарсан. Хөөгөөд байхаар нь согтуу байсан болохоор уурандаа түүний толгойд хоёр удаа өшиглөсөн. Хохирогчид ойр зуурын шархны эмнүүд авч өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Архи уугаад ийм үйлдэл гаргаснаа буруу гэдгээ ухаарлаа, цаашид архи дарс уухгүй малаа маллаж амьдрана гэв.
1.2. Хохирогч Г.Ч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 24-ний орой 20 цаг өнгөрч байхад У манай гэрт согтуу орж ирээд унтъя гэхээр нь би гэр оронтой байж харьж унт гэж хэлэхэд У гэртээ харихгүй миний өөдөөс хэрүүл өдөөд байсан. Би У-ыг гар гээд гэрээсээ түлхэж гаргаад нүүр лүү нь гараараа цохих гэсэн чинь У бултсан ба би тэр эрчиндээ газар унасан. Тэгсэн чинь У баруун чих, эрүү, нүд орчим хөлөөрөө өшиглөсөн. Гэрт эхнэр Х байсан ба гарч ирээд цагдаа дуудсан. У гэрээс гараад явсан, удалгүй цагдаа ирсэн. У нилээд согтуу байсан. Надад учирсан гэмтлүүдийг би газар унахдаа учруулаагүй. Угтахбаяр намайг газар унасан байхад нүүр, чих рүү өшиглөхөд миний биед гэмтэл учирсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 5-9 хуудас/
1.3. Гэрч О.Х мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 24-ний 21 цагийн үед манай нөхөр Ч-ийн төрсөн дүүгийн хүүхэд болох У согтуу орж ирсэн. Манай нөхөр У-ыг чи яагаад согтуу орж ирдэг юм гэж хэлсэн чинь манай нөхрийг хэл амаар доромжилоод байсан. Манай нөхөр У-ыг гаргаж өгнө гэж гараад удаад орж ирэхгүй байхаар нь би гарсан чинь Ч гэрийн хажууд доошоо хараад нүүрээ дараад сууж байсан. Би У-ыг чи яаж байгаа юм хөгшин ахыгаа зодоод гээд цагдаа дуудлаа шүү гэсэн чинь У хашаанаас гараад зугатаасан. Би цагдаад дуудлага өгсөн. Манай нөхрийг зодоод баруун талын чихний ард талд, зүүн талын хацарны хэсэгт урагдсан байсан. Зүүн талын чихний хэсэгт хавдсан нилээн цус гарсан байсан. Бас толгой нь нилээн шороо болсон байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 12 хуудас/
1.4. Гэрч Ц.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр би У-тай гудамжинд тааралдаад нэг шил архиа аваад У-ын гэрт орж хоёулахнаа уусан. Архиа дуусгаад би гэр лүүгээ явсан. Түүнээс хойш тэр өдөр тааралдаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14 хуудас/
1.5. Шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаар дүгнэлтэнд: Г.Ч-ийн биед баруун чихний дэлбэнд, баруун чихний араар урагдаж язарсан шарх, баруун чихний дэлбэнд цус хуралт, хамрын нуруунд, зүүн хацарт, зүүн чихний урд хэсгээр, зүүн хөмсөгт, оочинд, хүзүүнд зулгаралт гэмтлүүд учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Баруун чихний дэлбэнд, баруун чихний араар урагдаж язарсан шарх, баруун чихний дэлбэнгийн цус хуралт гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад зулгаралт гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /х.х-ийн 16 хуудас/
1.7. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 3-4 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Т.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Т.У-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Т.У нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэнийг дурдлаа.
ХОЁР. Шүүгдэгч Т.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч Г.Ч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 7-9 хуудас/
2.2. Гэрч Т.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Манай дүү У нь ямар нэгэн хурц зангүй, хүний үгийг хүлээн авахдаа сайн, олон таван үг байхгүй. Дуу цөөтэй, тамхи татдаг, архи хааяа уудаг. Архи уухаараа ямар нэгэн ааш зан гаргаад байдаггүй хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 13 хуудас/
2.3. Гэрч Ц.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “У нь сайхан зантай, хүн чанар сайтай, хүнд тусархуу, техникийн тал дээр авъяастай, ажилсаг хүн байгаа юм. Архи уухаараа ямар нэгэн ааш зан гаргаад байдаггүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14 хуудас/
2.4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, магадлалын хуулбарууд /х.х-ийн 36-45 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Т.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй ба прокуророос шүүгдэгч Т.У-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрснийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Т.У нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Т-ийн У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У-т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.У нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Угтахбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА