Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хэргийн индекс: 180/2019/0015/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд: 

 

Нарийн бичгийн дарга              М.Долгоржав,

Улсын яллагч  Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Э. нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.д холбогдох эрүүгийн 1839006020295  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, 1981 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн бус дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, 40Б-25 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх Э. /РД:/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э. нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, 40Б-08 тоотод иргэн Г.Хатанбаатарын толгойн тус газар шилэн стакан шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Э. нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, 40Б-08 тоотод иргэн Г.Хатанбаатарын толгойн тус газар шилэн стакан шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь: 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-9 тал/, 

Хохирогч Г.Хатанбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 02-ны ..... орой 23 цагийн үед гэртээ хариад байж байгаад Уламбаяр ахтай хамт Э. гэх хажуу хөрш айлынхаа гэрт орсон. Э. гэх айлын гэрт ороход Э. эхнэр, хүүхдүүдтэйгээ болон хоёр найзтайгаа дөрвүүлээ суугаад архи ууж байсан. Тэгээд бид хоёрыг ороход хүлээж аваад наашаа суу гээд суулгаад юм яриад сууж байхад Э. намайг чи жаахан дуугүй ярь хүүхдүүд сэрэх гээд байна гэж уурлахаар нь би хариуд нь чи миний дууг хорилоо гэж хэлээд гарах гэтэл над руу аяга шидээд миний толгойг хагалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 тал/,

Гэрч Б.Өлзиймаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 02-ны орой 00 цаг өнгөрч гэртээ бага насны 3 хүүхдийн хамт байж байтал манай нөхөр Хатанбаатар манай төрсөн ах Уламбаярын хамт архи уусан байдалтай орж ирсэн. Тэгээд орж ирэх үедээ толгойгоо бариад байхаар нь би гайхаад хартал манай нөхрийн толгойноос цус гарч байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад хүн миний толгой руу юмаар цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/, 

Шүүх эмнэлгийн №01 дугаартай: 

“Г.Хатанбаатарын биед толгойн духны баруун дээд толгойн үстэй хэсгийн хуйханд язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь толгойн баруун хэсэг буюу духны хэсгийн хуйханд үүссэн байх боломжтой ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 22 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Э.ын дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн бөгөөд Э.ыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Э.т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болно.  

 

Хохирогч Г.Хатанбаатар нь “...Э. нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул түүнээс нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй...” /хх-ийн 45 тал/ гэсэн тул шүүгдэгч Э.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Э.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар  зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд  шүүгдэгч Э. нь түүнд торгох ял оногдуулахыг зөвшөөрч тохирсон, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж зэргийг харгалзан  ялын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шилэн стаканы хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Э. нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, Э.аас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Э.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.  

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Э. нь түүнд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сард 200.000 төгрөгөөр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э. нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шилэн стаканы хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

 

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА