Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 18

 

 

     2023          05           09                                    206/МА2023/00018

 

 В.******* хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2023/00157 дугаар шийдвэртэй,

 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 25-р хороо, Буян-Ухаа хороолол, 607-р байрны 501 тоотод оршин суух, Арслан овогт ******* ******* хүсэлттэй,  

 

“ 2001 оны 02 сарын 06-ны өдөр төрсөн охин В.Ууганбилэгийг С.*******өсгөсөн болохыг тогтоолгох тухай,” иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, хуралдааны нарийн бичгийн даргаар С.Аззаяа нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1  2001 оны 02 сарын 06-ны өдөр төрсөн ******* Ууганбилэгийг 2001 оны 06 дугаар сарын 02-ны өдөр С.Чогсом, Ц.Ворондон нар өсгөхөөр үрчилж авсан. В.Ууганбилэг нь С.*******, ******* нарын төрсөн хүүхэд бөгөөд төрсөн эцэг эх болон өсгөсөн эцэг эх нар нь төрсөн ах, дүү нар билээ. В.Ууганбилэгийг өсгөсөн эцэг эх нь тухайн үед хүүхдийг үрчилж авсан сумын Засаг даргын захирамж гаргуулахаар хандаж байгаагүй болно. В.Ууганбилэгийг өсгөсөн эх С.*******нь 2 хүүхэдтэй тул 2020 онд 50 нас хүрч, малчнаар өндөр тэтгэвэрт гарсан. Гэтэл 2022 оны 10 сарын 28-ны өдөр Манхан сумын нийгмийн даатгалын байцаагчийн зүгээс В.Ууганбилэгийг өсгөсөн эх С.Чогсомд "... Таны өндөр насны тэтгэвэрт гарах хугацааны хувьд 1 жилийн зөрүүтэй байна. Хүүхэд өсгөсөн асуудлыг шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой..." гэж хэлсэн. В.******* бух бичиг баримтууд үрчилж авсан аав болох Ц.Ворондонгоор овоглож явдаг. С.*******нь 2001 оноос хойш нөхөр Ц.******* хамт В.Ууганбилэгийг өсгөж хүмүүжүүлж байгаа талаар манай хамаатан садан, Манхан сумын ард иргэд бүгд мэдэх билээ. Иймд 2001 оны 02 сарын 06-ны өдөр төрсөн ******* Ууганбилэгийг ПЖ70011706 регистрийн дугаартай, Арслан ургийн овогт ******* *******өсгөсөн болохыг тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа өөрчилж байна. Энэхүү хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү  “гэжээ.

 

2.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2023/00157 дугаар шийдвэрээр:

2.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Арслан овогт ******* ******* “2001 оны 02 сарын 06-ны өдөр төрсөн охин В.Ууганбилэгийг С.*******өсгөсөн болохыг тогтоолгох тухай” хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2.2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

2.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

3. Хүсэлт гаргачийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

3.1 Анхан шатны шүүх шийдвэрийн  үндэслэх  хэсэгтээ “   ...харин  2001 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс үрчлэлт хийгдсэн 2008 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл В.Ууганбилэгийг С.*******өсгөсөн болохыг хэрэгт  авагдсан 4 ширхэг фото зургийг үндэслэн тогтоох боломжгүй байна. Гэрч С.Чогсом, Н.Нямдаваа, ******* нарын мэдүүлэг нь цаасан  суурьтай баримтаар нотлогдсоноор ИХШХШТХ-40 дүгээр зүйлийн  40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв  эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн  шаардлага хангах  юм.” Гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосонд  гомдолтой байна. В.Ууганбилэг намайг хэн нэг хүн  өсгөж хүмүүжүүлсэн л байж таарна. Миний төрсөн ээж аав уу эсхүл одоо үрчилж авсан аав ээж үү гэдгийг тогтоолгох нь эрх зүйн ач холбогдолтой үйл баримт бөгөөд шүүх  онцгой ажиллагааны журмаар  хянан шийдвэрлэх маргаан.

3.2 Энэ тохиолдолд мэтгэлцэх  зарчим  хэрэгжихгүй бөгөөд шүүгч үйл баримтыг тогтооход шаардлагатай бүхий л нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулах үүрэгтэй.

В.Ууганбилэг намайг хэзээнээс хэн ямар шалтгаанаар  өсгөж хүмүүжүүлсэн талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд Ворондон, *******нар өсгөж хүмүүжүүлээгүй, өөр хүмүүс өсгөж хүмүүжүүлсэн талаарх нэг ч нотлох  баримт  хэрэгт авагдаагүй байна.

Хэрвээ тухайн 4 гэрчийн мэдүүлэг үйл баримтыг тогтооход хангалтгүй, эргэлзээтэй  гэж үзвэл шүүх өөрийн санаачилгаараа өөр  бусад гэрчүүдийг /өрхийн  эмч, цэцэрлэгийн багш, багийн засаг дарга, нийгмийн ажилтан, хөрш айл гэх мэт/ асуух боломжтой байсан. Мөн  Тухайн  гэрэл зураг дээрх  хүмүүс нь  танигдахгүй, эсхүл өөр хүмүүс байна гэж үзэж эргэлзэж байгаа бол  таньж олуулах үзлэг туршилт хийх гэх  мэт маш олон аргаар үйл баримтыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулан бэхжүүлснээр  хөтөлбөргүйгээр  үнэн зөвийг тогтоох  ёстой  байсан.

Өөрөөр хэлбэл шүүх хэргийн  бодит байдлыг хууль  журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн тогтоох үүрэгтэй.

3.3 Шүүгч аливаа нэг нотлох баримт нэг бүрийг ширхгийг ч үлдээлгүй үнэлэхдээ тухайн хэрэгт хамааралтай эсэх, үнэн  зөв эсэх  талаар хооронд харьцуулалт хийж өөрийн  дотоод итгэлээр үнэлэх ёстой болохоос цаасан суурьтай баримтаар  давхар  тогтоогдохгүй байгаа нь  тухайн нотлох  баримтыг үгүйсгэх, үнэн  зөв биш гэж  үзэх үндэслэл  болохгүй билээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар 4-5 гэрч  нараас хууль сануулж  гэрчийн мэдүүлэг авсан.

Тухайн гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, тухайн хэрэгт үйл явдлыг тогтооход цаг хугацааны хувьд өөр цаг хугацааг зааж байсан бол эргэлзээтэй  эсхүл хамааралгүй гэж үзэхээс биш цаасан суурьтай баримт гэх  нэрийдлээр  бүх онцгой ажиллагааны хэргийг хэрэгсэхгүй болгож хуулийг буруу тайлбарлан хэрэглэж иргэдийн эрх ашгийг ноцтой хохироож байгаа нь зохимжгүй юм.

Тарилгын карт, хүний хөгжил сангийн дэвтэр, гэрч нарын тодорхойлолт зэрэг  бусад нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн, мөн хэрхэн үгүйсгэсэн үндэслэлээ шийдвэртээ тусгаагүй байна.

3.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан болохоос цаасан суурьтай нотлох баримтаар нотлогдоно гэх шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Цаасан суурьтай баримт  л нотлох баримт бусад нь нотлох  баримт  биш гэж үзэж байгаа нь хэтэрхий өрөөсгөл ойлголт юм. Цаасан суурьтай баримт гэж яг юу  нэхээд байгаа нь  ойлгомжгүй байна. Хэрэгт  авагдсан гэрэл зураг, болон гэрчийн мэдүүлгүүдийг цаасан  дээр  бичээд  бэхжүүлсэн байгаа. 2008 оны 10 сарын 10-ны өдрийн “Иргэний хэрэг хянан шийвэрлэх ажиллагаан дахь гэрчийн мэдүүлгийн тухай” Дээд шүүхийн зөвлөмжид “Гэрчийн мэдүүлэгт гол төлөв нотлогдвол зохих үйл баримтыг харсан, үзсэн этгээдийн мэдүүлэг тусгагдсан байдаг учир түүний мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаас нотлох чадвараараа харьцангуй илүү байдаг” мөн “... анхдагч буюу шууд нотлох баримтад тооцогдох гэрчийн мэдүүлэг нь нотлогдвол зохих үйл баримтыг /үйлдэл, үзэгдэл, үйл явдал/ дэргэд нь байсан, түүнийг үзсэн, харсан байдаг учир нотолгооны ач холбогдол өндөр байна” хэмээн тайлбарласан байна. Энэхүү зөвлөмжөөс харахад гэрчийн мэдүүлэг нь заавал бусад бичмэл нотлох баримтаар нотлогдох шаардлагатай биш бөгөөд нотолгооны ач холбогдлоороо бусад нотлох баримтаас илүү ч байх  боломжтой гэдгийг зааж өгчээ.

Мөн шүүх өөрөө гэрчийн мэдүүлэг авч, нотлох баримтаа өөрөө бэхжүүлсэн атлаа эргээд уг нотлох баримтаа үгүйсгэж байгаа нь логик, учир зүйн алдаатай байгаа юм. Энэ хэргийн тухайд авч үзэхэд дээрх гэрчийн мэдүүлгүүд нь бусад нотлох баримттай зөрчилдсөн зүйл байхгүй мөн хуульд заасан арга хэрэгслээр олж авсан байхад ийнхүү үнэлэхгүй байгаа нь хуульд нийцсэн үйлдэл биш хэмээн үзэж байна.

Иймд  Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 17-ны өдрийн 153/ШЗ2023/00157 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

өгнө үү гэжээ.

        ХЯНАВАЛ:

            1.  Давж заалдах шатны шүүх хүсэлт гаргагчийн  төлөөлөгч Ц.******* давж заалдах журмаар гаргасан  гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар  хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт  заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж шүүх  бүрэлдэхүүн  дүгнэлээ.    

            2. Хүсэлт гаргагч В.Ууганбилэг нь өөрийг нь С.*******үрчилж авсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд  гаргаж, шүүхэд өөрийгөө төлөөлүүлэхээр Ц.Ворондонд итгэмжлэл олгожээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний төлөөлөгч нь 2001 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн В.Ууганбилэгийг С.*******өсгөсөн болохыг тогтоолгохоор шаардлагаа өөрчилсөн байна.

3.Хүсэлт гаргагч нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “...нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийн дагуу шаардлагаа нотлохоор В.******* төрсний гэрчилгээний хуулбар, төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт, Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/383 дугаар албан бичиг,  В.******* бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, №1761740, №У-006  дугааруудтай сурагчийн  хувийн хэрэг, С.*******, *******, Н.Ууганбаяр нарын тодорхойлолт, Ц.Ворондон, С.*******нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, В.******* хамт авахуулсан гэх гэрэл зургууд,  Ц.Ворондон, С.*******нарыг хамтын амьдралтай байсныг  тогтоосон Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 153/ШШ2020/00519 дугаар шийдвэр,  хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын карт, 0938005 дугаартай  хүний хөгжлийн сангийн дэвтэр зэрэг баритуудыг  шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохыг хүссэн В.******* хүсэлт нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэх хэрэг тул шүүх  өөрийн санаачилгаараа В.******* төрсний лавлагаа, үрчилтийн бүртгэлийн лавлагаа,давхцахгүй өргөдлийн лавлагаа, төрснийг бүртгэх анкет, хүүхэд үрчилснийг мэдэгдэх хуудас, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн сан хөмрөгөөс Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын 2008 оны захирамжуудад үзлэг хийсэн тэмдэглэл,тэмдэглэлд тусгагдсан баримтыг бэхжүүлж авсан гэрэл зургууд, Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн  44 дугаартай “Үрчлэлт хийх тухай” захирамж, Н.Энхжаргал, Н.Ууганбаяр, С.Чогсом,Н.Нямдаваа, ******* нарыг гэрчээр асууж авсан мэдүүлэг, Ховд аймгийн Ерөнхий боловсролын лаборатори  нэг дүгээр  сургуулийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 33 дугаартай лавлагаа олгосон албан бичиг зэрэг нотлох  баримтуудыг бүрдүүлжээ. 

5.Анхан шатны шүүх хүсэлт гаргагч В.Ууганбилэгийг  С.Чогсом  өсгөсөн болохыг тогтоолгохоор шүүхэд гаргасан   хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “гэрчийн мэдүүлэг нь бусад нотлох баримттай зөрчилдсөн зүйл  байхгүй” гэх агуулга бүхий гомдлыг  гаргажээ.

6.Хүсэлт гаргагчийн төлөөлөгч нь  “В.******* бүх бичиг  баримтууд үрчилж авсан аав болох Ц.Ворондонгоор овоглож явдаг. С.*******нь 2001 оноос хойш нөхөр Ц.******* хамт В.Ууганбилэгийг өсгөж хүмүүжүүлж байгаа талаар манай хамаатан садан, Манхан сумын ард иргэд бүгд мэднэ. Иймд 2001 оны 02 дугаар сарын  06-ны өдөр төрсөн В.Ууганбилэгийг С.*******өсгөсөн болохыг тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа өөрчилсөн.” гэж тайлбарлан уг үйл явдлыг тогтоолгохоор сурагчийн хувийн хэрэг, гэр бүлийн зураг, хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын карт, 0938005 дугаартай хүний хөгжлийн сангийн дэвтэр зэрэг нотлох баримтуудыг  шүүхэд гаргаж өгсөн байна.

Сурагчийн хувийн хэргийг  2008 онд, хүний хөгжлийн сангийн дэвтрийг 2010 онд буюу үрчлэлт хийгдсэний дараа нээсэн байна. Энэ үед Ууганбилэг нь Ворондонгоор овоглогдсон бөгөөд 2008 онд В.Ууганбилэгийг анх сургуульд ороход бага ангийн багшаар багшилж байсан багш Н.Энхжаргал, дунд ангийн багш Н.Ууганбаяр нарын мэдүүлгээр дээр баримтууд 2008 оны 5 сараас хойш үйлдэгдсэн болох нь нотлогдож байна.

Харин хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын картан дахь овог нэр нь засвартай, В.******* төрсөн он сар өдөр 2001 оны 02 дугаар сарын 16 гэж  зөрүүтэй бичигдсэн байна.  

Хэрэгт авагдсан гэрч  С.Чогсомын “...бага охиноо 2000 оноос хойш 18 нас хүртэл өсгөсөн...” гэх мэдүүлэг, гэрч Н.Нямдаваагийн “С.Чогсом, Ц.Ворондон нар нь В.Уранбилэгийг 2001 оноос 18 нас хүртэл асарч хамгаалж өсгөж хүмүүжүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Н.Хоролсүрэнгийн “...С.Чогсом, Ц.Ворондон нар нь 2001 оны 6 сараас хойш  охин В.Уранбилэгийг 18 нас хүртэл нь өсгөсөн...” гэх мэдүүлгүүд нь хүсэлт гаргагч В.Ууганбилэгийг  С.*******, ******* нараас С.*******нь үрчилж  авч өсгөсөн гэх үйл баримтын талаар буюу тухайн цаг хугацааны хувьд зөрүүтэй мэдүүлжээ. Эдгээр баримтуудыг шүүх үнэн зөв гэж үнэлэх боломжгүй байна.

Түүнчлэн шүүхийн санаачилгаар бүрдүүлсэн баримтууд нь Манхан сумын Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн  44 дугаартай “Үрчлэлт хийх тухай” захирамж гарснаас хойших үйл баримтыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл энэ баримтуудаар хүсэлт гаргагчийн хүсэлтийг шаардлагын үндэслэлийг тогтоох боломжгүй байна.

Иймд  хэрэгт авагдсан 4 ширхэг гэрэл зураг болон дээрх гэрч нарын мэдүүлгээр 2001 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин В.Ууганбилэгийг  С.*******нь  өсгөсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул хүсэлт гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна..

7.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

8.Дээр дурдсан үндэслэлүүдээр хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хуульд зааснаар хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2023/00157 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй  орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

.

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                      М.НЯМБАЯР

 

                    ШҮҮГЧ                                        Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ТУЯА