Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 45

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч Н.Ням-Очир,

Шүүгдэгч Ч.Х--, түүний өмгөөлөгч Ц.А- нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуут овогт Ч-ийн Х-д холбогдох эрүүгийн 180500000000 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 9, эхнэр хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сүрлэнгийн 0000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Алаг адуут овогт Ч-ийн Х-

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ч.Х-- нь 2018 оны 5 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо Ус сувгийн 29 дүгээр байрны урд талын хашаанд иргэн Ж.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Х-- мэдүүлэхдээ: “Өөрийн үйлдсэн хэрэг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхийн хэлэлцүүлэгт ярих зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч Ж.Б- мэдүүлэхдээ: “...Намайг зодож байхад манай эхнэр Цэвэгсүрэн болон намайг зодсон гэх Хүрэлшагай гэх залуугийн эхнэр нь хараад зогсож байсан. Тэгээд нөхөр нь намайг зодож байхад нөхөр нь нүүр рүү битгий цохь хөхөрнө гээд хажуунаас хэлээд зогсож байсан. ...Би гадаа чирэгдэж гарах үедээ баруун талаараа газар чирэгдсэн ба гадаа хөндлөн хэвтэж байхад зүүн тал руу дээрээс цохиж зодсон...” гэжээ. /хх 9-13/

 

Гэрч Г.Ц-мэдүүлэхдээ: “...Тэр үед би газар унасан ба намайг Нямаа татаж босгох үед Болдбаатарыг Нямаагийн нөхөр гэрээс аваад гарсан. Тэр хоёрын араас Нямаагийн эхнэр дагаад гарсан ба Нямаагийн эхнэр нь та наанаа байж бай гараад хэрэггүй гэсэн учир би өрөөнөөс гараагүй. ... Тэгээд Болдбаатар өглөө нь ажилтай гэж байсан ба Болдбаатар би ажил дээрээ ирсэн байна, ажлаа хийж чадахгүй байна. Хажуу талын айлын нөхөр нь гэх эрэгтэй намайг гадаа гаргаад дээрээс гараараа цохиж өшиглөөд нарийнхан төмрөөр зүүн тал руу цохисон чинь хөдөлж чадахгүй ажил хийж болохгүй байна ...” гэжээ. /хх 30-34/

 

Гэрч Ц.Ш-н мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 05 дугаар сарын 31-ний өглөө ажилдаа ирээд байж байхад хамт ажилладаг Болдбаатар ах ажил дээр ирэх үедээ хүнд зодуулчихсан, цээжээр өвдөөд байна гэсээр ирсэн. Тэгээд тэр өдрөө ажлаас чөлөө аваад явчихсан юм. ...Цээжрүүгээ дараад хавирга өвдөөд байна гэж л байсан. ...” гэжээ. /хх 78-79/

 

Гэрч Г.Г-ийн мэдүүлэхдээ: “...2018  оны 05 дугаар сарын 31-ний өглөө би ажилдаа 08 цагийн орчим ирээд хувцасны өрөөнд ороод хувцсаа сольж байтал хамт ажилладаг Болдбаатар ах хувцасны өрөөнд урьд шөнө үүрээр айлд очсон байж байгаад хажуу айлынх нь хүн орж ирээд зодсон гээд ажил дээр ирсэн байсан. Тэр үед нь хамт ажилладаг байсан ажилчид болон тухайн үед орлогч даргаар ажиллаж байсан Түмэнжаргал дарга чөлөө өгөөд Болдбаатар ахыг эмнэлэгт үзүүл гээд явуулсан. ...” гэжээ. /хх 80-81/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 7017 дугаар дүгнэлт: “Ж.Б-ын биед 3 хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бугуй, дал, нуруунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй” гэжээ. /хх 20/

Гэмтэл Согог судлалын Үндэсний төвийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх 67/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 49/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 62/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ч.Х-- нь 2018 оны 5 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо Ус сувгийн 29 дүгээр байрны урд талын хашаанд иргэн Ж.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Б- /хх 9-13/ гэрч Г.Ц /хх 30-34/ гэрч Г.Ш /хх 78-79/ гэрч Г.Г /хх 80-81/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 7017 дугаар дүгнэлт /хх20/ Гэмтэл Согог судлалын Үндэсний төвийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх 67/ Гомдол саналгүй гэх баримт /хх 89/ Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 49/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 62/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ч.Х--д холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Х--гийн өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, мөрдөн байцаалтанд хохирогч Ж.Б-ын  санал, гомдол, үгүй /хх 89/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх шүүгдэгч Ч.Х--гийн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдлаа.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Алаг адуут овогт Ч-ийн Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Алаг адуут овогт Ч-ийн Х-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Ч.Х-- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдах, хохирогч Ж.Б- хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

            5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Х--д урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ