Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 776

 

 

 

                                  

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                      

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч ..., түүний өмгөөлөгч Д.Тамир,

хохирогч ..., ... нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...д холбогдох эрүүгийн ........... тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 9 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ., ....

 

Шүүгдэгч ... нь нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч ...аас 1,500,000 төгрөгийг шилжүүлэн авсан, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч ...тэй зээлийн гэрээ байгуулж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж ...ээс 1,900,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ... мэдүүлэхдээ:

“...Анх ... эгчтэй 6 сард танилцсан. Бид хоёр 9 сард танилцаагүй.  Анх ... эгч “тамхины зөвшөөрөл гаргаад өгнө чи эгчдээ виз гаргаад өгөөч” гэсэн. ... эгч над руу 11 дүгээр сард 1.000.000 төгрөг шилжүүлээд 1 сард 500.000 төгрөг шилжүүлсэн. Би ...ээс 1.900.000 төгрөг аваад баримттай нь дээр гэж хэлээд нотариатаар оръё гээд санал тавиад нотариат орсон. Би хүнд өртэй байсан болохоор эдгээр хүмүүсээс мөнгө авсан. Би мөнгө авсандаа харамсаж байна. Хүн бүрт доромжлуулж явах надад хэцүү байна. Би эдгээр хүмүүсээс мөнгө залилаж авах санаа байгаагүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ... мэдүүлэхдээ:

“...Би энэ хүнийг 9 сард таньдаг болсон. Би виз гаргаж өгөх үү гэж асуусан. Дараа нь надруу өөрөө залгаад 1 жилийн виз гаргуулах бол 6.000.000 төгрөгөөр гаргадаг. 3 сарын виз гаргуулах бол 3.000.000 төгрөгөөр гаргаж өгнө гэж хэлэхээр нь тэгвэл надад одоо мөнгө алга гэж хэлсэн. Дараа нь над руу залгаад “би Солонгос нөхөртэй Солонгосын гоо сайханы бараа оруулж ирдэг нөхөрийнхөө компаний дагуу нийгмийн даатгал төлүүлээд дүүг чинь баталгаатай гаргаж өгнө” гэж хэлсэн. Тэгээд 11 сард болно гэж байна гэж хэлэхээр нь 1.000.000 төгрөг өгсөн. Дараа нь 1 сард яриад за юу болсон бэ гэж асуухад 1 жилийн хугацаатай виз гаргуулахаар боллоо гээд мөнгө хүрэхгүй байна гэж хэлэхээр нь тухайн үед надад 500.000 төгрөг байсан тэр мөнгөө шилжүүлсэн. Тэгээд сар болгон уулздаг байсан. 5 сард ярихад: сая хэдэн хүн гаргасан танай дүү 7 сард явахаар болсон шүү гэж хэлсэн. Тэр үед ... надтай уулзаад байж байгаад виз гаргаж өгдөг гэж хэлээд тэгээд ... ... хоёр уулзалдсан. Би найзыгаа залилаагүй. Найзынхаа мөнгийг аваагүй намайг гүтгэж байгаад гомдолтой байна. Би 1.500.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ... мэдүүлэхдээ:

“...... өмнө нь дүүгээ Солонгос улс руу гаргана гэж ярьж байсан. Би Солонгос руу гарах бодолтой байсан. ...ын ажил дээр 5 сарын үед очиход ... манай дүү Солонгос улс руу явах виз нь бүтэж байгаа миний таньдаг хүн чи уулзах уу гээд ...ын ажил дээр нь ...тэй уулзсан. Уулзаад визыг чинь 25 хоногийн дотор гаргаж өгнө гэж хэлсэн. Дараа нь нотариатаар ороод мөнгөө өөрийн компьютерээс шилжүүлээд зургыг авсан. Дараа нь нэг сарын дараа ярихад ачаалалтай байна гэхээр нь би мөнгөө авъя гэж хэлсэн. Тэр үед ... дансныхаа дугаарыг өгчих гээд мөнгө шилжүүлээгүй. Тэрнээс хойш надаас ирсэн дуудлагыг авахаа болисон. Би ...д өгсөн 1.900.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч ...гийн өгсөн:

“...1 сая төгрөг миний дансруу шилжүүлээд дараа нь 500.000 төгрөгийг шилжүүлж өгсөн би тэр мөнгийг нь надаас зээлж авсан мөнгө төлж байна гэж бодсон. Энэ мөнгийг өгөхөөс өмнө надад дүүгийнхээ Солонгосын виз гаргаад өгөөч гээд гадаад паспортыг нь авчирч өгсөн би урд өмнө эмчилгээний виз гаргадаг байсан юм. ...ээс авсан 1.900.000 төгрөгийг ... нь байрны мөнгө хэрэгтэй байна. Манай найзаас чи виз гаргаж өгнө гэж хэлээд мөнгө аваад өгөөч эгч нь 14 хоноод өгчихнө гэж хэлэхээр нь би болохгүй бүх зүйл хаалттай байгаа, би асуудалд орно гэсэн чинь эгч нь арыг нь даана гээд найз ...тэй уулзуулаад нотариатруу оруулж зээлийн гэрээ хийлгүүлсэн тэгээд миний дансруу ... нь 1.900.000  төгрөгийг шилжүүлсэн би тэр мөнгийг нь аваад урд өмнө зээлсэн хүмүүсдээ өрийг нь төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 64-66/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч ...ын өгсөн:

“...Би хамт ажиллаж байсан ... гэх хүнээр дамжуулан ... гэх хүнтэй 2017 оны 09 дүгээр сард танилцаад дүү Батмөнхийн Отгон- Өлзийгийн Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргуулахаар 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 500.000 төгрөгийг тус тус Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангаас ...гийн Хаан банкны ......... дугаарын дансруу шилжүүлж өгсөн түүнээс хойш виз гарсан эсэхийг асуухаар эхлээд 2018 оны 01 дүгээр сард асуусан чинь танай дүүгийн визийг 3 сараар биш 1 жилээр гаргах гэж болсон та нэмж мөнгө өг гэж хэлэхээр нь би надад боломжтой нь 500.000 төгрөг байна гэж хэлсэн чинь түүнийгээ шилжүүлчих гэхээр нь сүүлд шилжүүлсэн 500.000 төгрөгийг дансруу нь шилжүүлсэн юм. Түүнээс хойш сар болгон асуухаар 04 дүгээр сарын 20,  05 дугаар сарын 30, 07 дугаар сарын 20-ны өдөр гарна гэх зэргээр хугацаа хэлж хойшлуулсаар байгаад өдийг хүрсэн...” гэх мэдүүлэг  /хх-н 25-26/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч ...ийн өгсөн:

“...Би найз ...аар дамжуулан ... гэх хүнтэй танилцаад 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 1.900.000 төгрөг 10 хувийн хүүтэй Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандан бизнес төв дотор байхдаа Бүгд найрамдах Солонгос Улсын виз гаргуулахаар интернет банкаар ...гийн Хаан банкны 5085186159 гэсэн данс руу нь шилжүүлж өгөөд виз гарахыг хүлээсэн боловч, виз гарахгүй удаад байхаар нь юу болж байна гээд асуухаар удахгүй виз чинь гарна гэж хэлдэг байсан би тэгэхээр нь удаа дараа асуугаад байсан чинь 1 жилийн виз гаргаж өгнө болохгүй бол мөнгийг чинь буцаагаад өгье гээд дансны дугаар аваад мөнгөө шилжүүлэхгүй сүүлдээ зугатаад олдохгүй байгаа юм. Эхлээд хэлэхдээ 25 хоногийн дотор 3 сарын хугацаатай аялалын виз гаргаж өгнө гэж хэлж байсан. Би мөнгө өгөхдөө ХУД-ийн 15-р хороо Гэгээнтэн цогцолбор дотор байрлах нотариатын газарт зээлийн гэрээ байгуулаад,  дараа нь өөрийн ажилладаг Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөлмөрийн нөөц, санхүү менежментийн академийн байрнаас интернет банкаар шилжүүлж өгсөн. Би нийт 1.900.000 төгрөг шилжүүлсэн, зээлийн гэрээ байгуулаад надаас авсан мөнгөний хүү нэмэгдээд 2.769.250 төгрөг болж байгаа...” гэх мэдүүлэг  /хх-н 29-30/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч .......... өгсөн:

“...Миний бие 2017 оны 8 дугаар сард ХУД-ийн Нийгмийн бодлогын хэлтэст мэргэжилтэн хийдэг байсан юм. Тэр үед ... нь манай байгууллагад боловсрол хариуцсан мэргэжилтэн хийдэг байсан учраас нэг нэгнийгээ таньдаг байсан. Тэгээд нэг удаа арга хэмжээ болоод ХУД-ийн Цагдаагийн 2-р хэлтэс дээр очоод арга хэмжээнд суугаад гарч яваад хажуухан талд нь байдаг худалдааны төв дээр найз Золоотой уулзсан чинь хажуу талынх нь лангууг түрээслэдэг ... гэх охинтой танилцаад тухайн үед юм ярьж зогсож байхад манай найз Золоо наад охин чинь Солонгосын виз гаргадаг гэсэн гэж хэлээд тухайн үед тэгээд тоогоогүй өнгөрсөн юм. Түүнээс хойш ... бид хоёр үдийн цайнаар хамт цай уугаад сууж байсан чинь ... дүүгээ Солонгос явуулах гэсэн юм танд таньдаг хүн байна уу гэж асуухаар нь би сайн мэдэхгүй байна манай найзын ажиллаж байгаа газар нэг Солонгосын виз гаргадаг охин байдаг гэсэн гээд гар утасны дугаарыг нь олж өгөөд чи юу ч гэсэн яриад үзэхгүй юу гэж хэлээд салсан. Тэгээд байж байсан чинь сарын дараа ... нөгөө хүнтэй чинь 2-3 удаа уулзлаа 5 сая гэл үү 3 сая төгрөгөөр нийгмийн даатгалаа барьцаалаад виз гаргадаг гэж байна, яахуу гэж асуугаад мөнгө өгчих үү гэж асуухаар дэмий байхаа чи визээ гарсны дараа өг сайн асуугаарай гэж хэлээд өнгөрсөн түүнээс хойш ... дүүгээ материалыг нь мөнгөтэй нь өгсөн гэж хэлэхээр нь ...тэй тааралдахаараа асуухаар одоо удахгүй явна гэж хоёр удаа хэлсэн түүнээс хойш 2018 оны 5 дугаар сарын 20-ны үед манай ажил дээр ирээд мөнгө зээлээч гэж асуухаар нь яах гэж байгаа юм гэж асуусан чинь Солонгосоос хадмууд ирэх гэж байна хоол ундны мөнгө байдаггүй гээд гуйгаад байхаар нь 100.000 төгрөг дансруу нь шилжүүлж өгсөн тэрнээс хойш сураггүй алга болж байгаад өнөөдөр цагдаа дээр тааралдаж байна...” гэх мэдүүлэг /хх-н 35-36/,

 

            Шүүгдэгч ...гийн хувийн байдалтай холбоотой:

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 67/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 52/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхээс хийсэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч ... нь нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч ...аас 1,500,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч ...тэй зээлийн гэрээ байгуулж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж ...ээс 1,900,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч ...ын “...Би хамт ажиллаж байсан ... гэх хүнээр дамжуулан ... гэх хүнтэй 2017 оны 09 дүгээр сард танилцаад дүү Батмөнхийн Отгон-Өлзийгийн Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргуулахаар 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 500.000 төгрөгийг тус тус Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангаас ...гийн Хаан банкны 5085186159 дугаарын дансруу шилжүүлж өгсөн түүнээс хойш виз гарсан эсэхийг асуухаар эхлээд 2018 оны 01 дүгээр сард асуусан чинь танай дүүгийн визийг 3 сараар биш 1 жилээр гаргахаар болсон та нэмж мөнгө өг гэж хэлэхээр нь би надад боломжтой нь 500.000 төгрөг байна гэж хэлсэн чинь түүнийгээ шилжүүлчих гэхээр нь сүүлд шилжүүлсэн 500.000 төгрөгийг дансруу нь шилжүүлсэн юм. Түүнээс хойш сар болгон асуухаар 04 дүгээр сарын 20,  05 дугаар сарын 30, 07 дугаар сарын 20-ны өдөр гарна гэх зэргээр хугацаа хэлж хойшлуулсаар байгаад өдийг хүрсэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч ...ийн “...Би найз ...аар дамжуулан ... гэх хүнтэй танилцаад 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 1.900.000 төгрөг 10 хувийн хүүтэй Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандан бизнес төв дотор байхдаа Бүгд найрамдах Солонгос Улсын виз гаргуулахаар интернет банкаар ...гийн Хаан банкны 5085186159 гэсэн дансруу нь шилжүүлж өгөөд виз гарахыг хүлээсэн боловч, виз гарахгүй удаад байхаар нь юу болж байна гээд асуухаар удахгүй виз чинь гарна гэж хэлдэг байсан би тэгэхээр нь удаа дараа асуугаад байсан чинь 1 жилийн виз гаргаж өгнө болохгүй бол мөнгийг чинь буцаагаад өгье гээд дансны дугаар аваад мөнгөө шилжүүлэхгүй сүүлдээ зугатаад олдохгүй байгаа юм. Эхлээд хэлэхдээ 25 хоногийн дотор 3 сарын хугацаатай аялалын виз гаргаж өгнө гэж хэлж байсан. Мөнгө өгөхдөө ХУД-ийн 15-р хороо Гэгээнтэн цогцолбор дотор байрлах нотариатын газарт зээлийн гэрээ байгуулаад, дараа нь өөрийн ажилладаг Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөлмөрийн нөөц, санхүү менежментийн академийн байрнаас интернет банкаар шилжүүлж өгсөн. Би нийт 1.900.000 төгрөг шилжүүлсэн, зээлийн гэрээ байгуулаад надаас авсан мөнгөний хүү нэмэгдээд 2.769.250 төгрөг болж байгаа...” гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн байцаалтад гэрч ...... өгсөн:

“...Миний бие 2017 оны 8 дугаар сард ХУД-ийн Нийгмийн бодлогын хэлтэст мэргэжилтэн хийдэг байсан юм. Тэр үед ... нь манай байгууллагад боловсрол хариуцсан мэргэжилтэн хийдэг байсан учраас нэг нэгнийгээ таньдаг байсан. Тэгээд нэг удаа арга хэмжээ болоод  ХУД-ийн Цагдаагийн 2-р хэлтэс дээр очоод арга хэмжээнд суугаад гарч яваад хажуухан талд нь байдаг худалдааны төв дээр найз Золоотой уулзсан чинь хажуу талынх нь лангууг түрээслэдэг ... гэх охинтой танилцаад тухайн үед юм ярьж зогсож байхад манай найз Золоо наад охин чинь Солонгосын виз гаргадаг гэсэн гэж хэлээд тухайн үед тэгээд тоогоогүй өнгөрсөн юм. Түүнээс хойш ... бид хоёр үдийн цайнаар хамт цай уугаад сууж байсан чинь ... дүүгээ Солонгос явуулах гэсэн юм таньд таньдаг хүн байна уу гэж асуухаар нь би сайн мэдэхгүй байна манай найзын ажиллаж байгаа газар нэг Солонгосын виз гаргадаг охин байдаг гэсэн гээд гар утасны дугаарыг нь олж өгөөд чи юу ч гэсэн яриад үзэхгүй юу гэж хэлээд салсан. Тэгээд сарын дараа ... нөгөө хүнтэй чинь 2-3 удаа уулзлаа 5 сая гэл үү 3 сая төгрөгөөр нийгмийн даатгалаа барьцаалаад виз гаргадаг гэж байна, яахуу гэж асуугаад мөнгө өгчих үү гэж асуухаар дэмий байхаа чи визээ гарсны дараа өг сайн асуугаарай гэж хэлээд өнгөрсөн түүнээс хойш ... дүүгээ материалыг нь мөнгөтэй нь өгсөн гэж хэлэхээр нь ...тэй тааралдахаараа асуухаар одоо удахгүй явна гэж хоёр удаа хэлсэн...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас ...д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч ...г хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Шүүгдэгч ...гээс нийт 3.400.000 төгрөг гаргуулж, хохирогч ...ад 1.500.000 төгрөгийг, хохирогч ...т 1.900.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж үзэв.  

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах боломжтой гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, цагдан хоригдсон 2 хоногийг торгуулийн ялаас хасч шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ...гийн цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцүүлж хорих ялаас хасч тооцох нь зүйтэй.

 

                  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ...гийн торгох ялыг биелүүлэх хугацааг 4 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ...гийн цагдан хоригдсон 2 хоногийг 15 нэгж буюу 30,000 төгрөгтэй тэнцүүлэн торгуулийн ялаас хасч тооцсугай.

5. Шүүгдэгч ...гээс нийт 3.400.000 төгрөг гаргуулж, хохирогч ...ад 1.500.000 төгрөгийг, хохирогч ...т 1.900.000 төгрөгийг тус тус олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ...д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ