Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 779

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Б.Бямбадагва,

шүүгдэгч/хохирогч .....,

шүүгдэгч/хохирогч ..... нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ............а нарт холбогдох ........... дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .........

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ..... нь 2018 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт .....тай “машины хаалга савлаа” гэж маргалдан харилцан зодолдож биед нь хүзүү, цээж, зүүн мөр, даланд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол,

Шүүгдэгч ..... нь 2018 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт .....тай согтуугаар маргалдан харилцан зодолдож биед нь хамар ясны хугарал, зүүн завжны дотор салстад шарх, хамар, уруул, зүүн завжинд зулгаралт, хүзүү, зүүн тохойд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ..... мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ..... мэдүүлэхдээ:

“...Би зодоогүй заамдсан...гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ..... мэдүүлэхдээ:

“...2018 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө найзындаа очоод явах үедээ .....атай маргалдсан байгаа. Одоо гомдол саналгүй гэв...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ..... мэдүүлэхдээ:

“...2018 оны 07 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө нэг эмэгтэй гараа өргөөд зогсож байхаар нь суулгасан чинь хүлээж бай араас нэг хүн ирж байгаа гэсэн. Тэгтэл согтуу залуу ирээд хүүхэнтэйгээ маргалдаад “чи өөрөө зайл” гээд тэр согтуу залуу машины хаалга савахаар нь би “чи одоо яагаад байгаа юм бэ” гэж хэлээд явах гэтэл хүүхэн нь цүнхээ орхисон байхаар нь цүнхийг нь өгөх гээд байж байхад нөгөө залуу буугаад ир үзэх үү гээд би буугаад очиход миний хамар руу цохисон. Хоёулаа заамдалцаад би мушгиад унагаах гэтэл миний завж руу хуруугаа хийгээд татаад нүүр маажсан. Тэгээд байж байхад манай эхнэр гарч ирээд салгасан. Хамар хугарсан байгаа. Хамраа эмчлүүлэх мөнгөө нэхэмжилж байна. Эмчлүүлэхэд хэдэн төгрөг болохыг мэдэхгүй байна...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч .....ын өгсөн:

“...Тухайн өдөр би найз .....гийн таксинд явж байгаад гэмтлийн эмнэлгийн баруун талын засмал зам дээр эмэгтэй хүн гар өргөөд машинд суусан тэгтэл араас нь нэг залуу ирээд суу гэхэд суухгүй эмэгтэй хүнтэй маргалдаад машины хаалгыг саваад жийгээд явсан. Би машины цонхоо онгойлгоод хаалга савлаа гээд уурласан чинь пизда минь зайл гэхээр нь өөрөө зайл гэхэд буугаад ир гэхээр нь машинаас буугаад очиход эмэгтэй хүний араас гараараа миний хамарлуу цохиод авахаар нь би заамдаж аваад мушгих үед миний завжруу гараа хийгээд татаад нүүр базаж маажсан, манай найз ..... машинаас бууж ирээд тэр хүүхэнтэй хамт бид хоёрыг салгасан. Согтуу залуу /...../ цэнэггүй утас гаргаж ирээд бичлэг хийх гэхэд нь ..... гар утсыг нь аваад цагдаа дээр аваачиж өгнө гэхэд согтуу залуу хойш зугатаад явчихсан. Тэр хамт явсан хүүхэн нь архи уучихаад агсам тавилаа ууж идэж чадахгүй юм гээд согтуу залууруу уурлаад ах наад гар утсаа аваад яв нүүр хамраа янзлуулаарай гэсэн. Тэгээд ..... бид хоёр цагдаа дээр ирсэн. Хамар засуулахад нэхэмжлэл өгөхгүй байгаа, хамраа засуулаагүй байгаа. Уруулны зүүн тал хумсны сорви нь арилахгүй байна. Эмчилгээний зардал рентген зураг 30.000 төгрөг, баримтаа гаргасан зардал байхгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 59-60/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч .....ын өгсөн:

“...Тухайн өдөр эхнэр .....ийн хамт найз .....ийн хүүхдийн төрсөн өдөрт очоод гэрлүүгээ явж байсан. Такси барих гээд зогсож байхад эхнэр түрүүлээд таксинд суугаад би араас нь очоод машинд суухгүй гээд машины хаалгыг чанга хаачихаад цааш алхаад явж байхад жолооч хэл амаар доромжлоод машинаас бууж ирээд намайг хашааруу шахаад боосон, миний ухаан балартаж аргагүй байдалд орж биеэ хамгаалж тэр хүний амруу гараа хийгээд салгасан. .....а миний гарнаас хазсан гээд салаад гар утсаараа машины дугаарыг дарахад гар утас булааж аваад би гар утсаа авах гэтэл буцааж өгөөгүй би найзынхаа гэрлүү явсан. Би өөрөө цагдаад дуудлага өгсөн. Цагдаа дээр ирээд гар утсаа авсан. Миний баруун эгэм хөндүүр, хүзүү зүүн мөр маажсан байсан, би толгой бариулсан, маажсан зулгарсан хэсэгт сорвины тос түрхэж эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардлын баримт байхгүй, хэдэн төгрөг зарцуулсныг мэдэхгүй байна. Цагаан фудболкыг нэхэмжпэхгүй. Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-н 57-58/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч .....ын өгсөн:

“...2018 оны 7 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө БГД-7 хороо гэмтлийн баруун талд засмал зам дээр эмэгтэй хүн гар өргөөд зогссон чинь эмэгтэй хүн машинд суучихаад хүлээж бай араас хүн ирж байгаа гэсэн. Тэгтэл согтуу залуу ирээд хүүхэнтэйгээ маргалдаад чи өөрөө зайл гээд согтуу эрэгтэй хүн машины хаалга өшиглөөд явсан. Хүүхэн нь буугаад согтуу эрэгтэй хүний араас явсан, хүүхэн буухдаа машинд цүнхээ үлдээсэн байсан. Тэгэхээр нь би нөгөө залууг чи хаалга савлаа гээд хараалын үг хэлсэн чинь тэр согтуу залуу хуц зайл гээд би чи өөрөө зайл гэхэд буугаад ир пизда зодолдох уу гэхээр нь би машинаас буусан. Буугаад нөгөө залууруу очиход миний урдаас хамар руу цохисон. Тэгээд бид хоёр заамдалцаад би нөгөө залууг мушигаад унагаах гэтэл тэр залуу хоёр хуруугаа миний завжруу хийгээд татаад нүүр маажсан юм. Надтай хамт манай найз бүсгүй явж байсан машинаас бууж ирээд намайг аваад нөгөө залууг тавь гэж байж арай гэж гарыг нь тавиулаад тэгээд явсан. Гомдолтой байна, нүүр маажсан хэсэгт сорвины тос түрхсэн, хамар хугарсан засуулаагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 18/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч .....ын өгсөн:

“...Би өнөөдөр орой 21 цагийн үед 3, 4-р хорооллын эцэст, Гэмтлийн эмнэлгийн баруун талд байдаг найз .....ийн хүүхдийн төрсөн өдөрт эхнэр .....ийн хамт ирсэн. Тэгээд хоол идээд ..... бид хоёр 0,75 литрийн 1 шил архи хувааж уугаад 23 цагийн үед гэр рүүгээ харихаар болсон. Тэгээд гэрээс нь гараад таксинд суух гээд төв зам дээр иртэл ..... улсын дугаартай хар саарал өнгөтэй Приус-20 маркийн машин ирж зогсохоор нь эхнэрийг суулгаад би “суухгүй” гээд цаашаа алхсан. Тэгтэл таксины жолооч араас ирж хэрүүл өдөөд намайг боож хананд шахаж унагаасан. Тэгээд эхнэр гарч ирээд намайг “болиоч” гээд татсан чинь жолоочийн эхнэр нь машинаас бууж ирээд над руу дайрсан. Тэгэхээр нь би аргагүйн эрхэнд биеэ хамгаалж ам руу нь гараа хийж завжнаас нь зулгаасан. Тэгээд нилээн боолгож байгаад зугатаагаад гар утсаараа машины дугаарынх нь зургийг авах гэтэл утсыг булааж аваад цааш зугатаасан. Тэгэхээр нь би .....ийнд очоод цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 21/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж......гийн өгсөн:

“...Гэмтлийн эмнэлгийн баруун талын гэр хороолол руу өгсөх засмал шинэ зам дээр найз .....ын хамт явж байхад нэг хүүхэн гар өргөөд машинд суусан. Араас нь нэг согтуу залуу ирээд машинд суу гэхэд суухгүй гээд машины хаалга саваад жийгээд явчихсан. Нөгөө хүүхэн согтуу залуу хоёр хэрэлдээд манай найз .....а чи яагаад машины хаалга савж байгаа юм гэхэд хэрүүл хийгээд тэгээд .....ыг буугаад ир гээд буухад нь тэр согтуу залуу эхлээд цохисон. .....а тэр согтуу хүнийг цохиогүй, би харахад манай найз .....ын хамарнаас цус гарчихсан, амруу нь гараа хийчихсэн байхаар нь би машинаас буугаад салгасан. Тэгтэл согтуу залуу гар утсаараа машины урд зураг дарах гээд зогсоод байхаар би .....ыг гар утсыг нь авчих цагдаад өгнө гэж хэлээд авхуулсан. Тэр хүүхэн залуу хоёр машинаас холдоод явсан. Бид хоёр хорооллын эцэс цагдааруу очиход цагдаа байхгүй эргээд уруудаж байхад зам дээр цагдаа байсан хэлсэн чинь цагдаагийн хэлтсийг зааж өгөөд бид хоёр цагдаа дээр ирсэн. .....ын нүүрлүү нэг удаа цохиод хамарнаас нь цус гарсан, .....а завжруу нь гараа хийгээд зулгаасан амнаас нь цус гарсан, нүүрийг нь маажсан...” гэх мэдүүлэг /хх-н 22/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н......ийн өгсөн:

“...Тухайн өдөр хэзээ байсныг санахгүй байна, орой 23 цагийн үед байх ..... бид хоёр найз .....ийн гэрт очоод буцаад гараад явж байгаад такси барих гээд явж байхад нэг Prius 20 маркийн машинтай хүн зогсоод унаа авах уу гэхээр нь би түрүүлээд суусан чинь манай нөхөр суухгүй гээд машины хаалгыг нь чанга хаачихаад явчихсан, би нөхрийн араас нь машинаас буусан. Манай нөхөр түрүүлээд алхаад явсан чинь машины жолооч бууж ирээд чи машины хаалга чанга хаалаа чи яаж байгаа юм гээд янз бүрээр хараалын үг хэлээд манай нөхөр тэр жолоочийг буугаад ир гэхэд тэр ах бууж очоод манай нөхрийг заамдаад хашааруу налуулсан, би уучлаарай ахаа манай нөхөр согтуу байгаа та тавьчих гээд уучлалт гуйсан тэгтэл тэр жолооч манай нөхрийг тавихгүй байсан юм. Тэгээд манай нөхөр тэр ахыг тавиулах гээд гараа амруу нь хийгээд татсан чинь нөхрийн гарыг хазсан би нөхрөө боль одоо явъя гээд жолооч ахаас уучлаарай гэхэд машин дотроос нэг хүүхэн бууж ирээд манай нөхрийг цохиод өшиглөсөн, наадахаа цагдаад өг гэсэн манай нөхөр та хоёр нийлж зодлоо гээд гар утсаараа машины дугаарыг бичихэд гар утсыг нь булаагаад авчихсан, утсаа авах гэтэл өгөхгүй байсан. Бид хоёр найзыг дуудаад гарч ирэхэд тэр ах машины цонхоор манай нөхрийн фудболкыг шидчихээд явчихсан манай нөхөр цагдаад дуудлага өгсөн юм. ..... .....ын завж руу гараа хийгээд татсан, хамарлуу нь цохиогүй, харин тэр ах манай нөхрийн хоолойг боогоод заамдаад хөдлөхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 51/,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн .........тоот:

               1. .....ын биед хүзүү, цээж, зүүн мөр, даланд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

               3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 33/,

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн ............. тоот:

1. .....ын биед хамар ясны хугарал, зүүн жавжны дотор салстад шарх, хамар, уруул, зүүн завжинд зулгаралт, хүзүү, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн зүйлчлэлээр үүсгэгдэнэ.

  1. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 34/,

 

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

            - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 41, 42/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 43, 49/,

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 45/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч ..... нь 2018 оны 7 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт .....тай согтуугаар маргалдан харилцан зодолдож биед нь хамар ясны хугарал, зүүн завжны дотор салстад шарх, хамар, уруул, зүүн завжинд зулгаралт, хүзүү, зүүн тохойд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч .....ын “...2018 оны 7 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө БГД-7 хороо гэмтлийн баруун талд засмал зам дээр эмэгтэй хүн гар өргөөд зогссон чинь эмэгтэй хүн машиндаа суучихаад хүлээж бай араас хүн ирж байгаа гэсэн. Тэгтэл согтуу залуу ирээд хүүхэнтэйгээ маргалдаад чи өөрөө зайл гээд согтуу эрэгтэй хүн машины хаалга өшиглөөд явсан...тэгэхээр нь би нөгөө залууг чи хаалга савлаа гээд хараалын үг хэлсэн чинь тэр согтуу залуу хуц зайл гээд би чи өөрөө зайл гэхэд буугаад ир пизда зодолдох уу гэхээр нь би...буугаад нөгөө залууруу очиход миний урдаас хамарлуу цохисон. Тэгээд бид хоёр заамдалцаад би нөгөө залууг мушигаад унагаах гэтэл тэр залуу хоёр хуруугаа завжруу хийгээд татаад нүүр маажсан юм...” гэх мэдүүлэг,

 

          гэрч Ж......гийн “...Гэмтлийн эмнэлгийн баруун талын гэр хороолол руу өгсөх засмал шинэ зам дээр найз .....ын хамт явж байхад нэг хүүхэн гар өргөөд машинд суусан. Араас нь нэг согтуу залуу ирээд машинд суу гэхэд суухгүй гээд машины хаалга саваад жийгээд явчихсан. Нөгөө хүүхэн согтуу залуу хоёр хэрэлдээд манай найз .....а чи яагаад машины хаалга савж байгаа юм гэхэд хэрүүл хийгээд тэгээд .....ыг буугаад ир гээд буухад нь тэр согтуу залуу эхлээд цохисон. ... би харахад манай найз .....ын хамарнаас цус гарчихсан, амруу нь гараа хийчихсэн байхаар нь би машинаас буугаад салгасан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 9375 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч ..... нь 2018 оны 7 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт .....тай “машины хаалга савлаа” гэж маргалдан харилцан зодолдож биед нь хүзүү, цээж, зүүн мөр, даланд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч .....ын “...Би өнөөдөр орой 21 цагийн үед 3, 4-р хорооллын эцэст, Гэмтлийн эмнэлгийн баруун талд байдаг найз .....ийн хүүхдийн төрсөн өдөрт эхнэр .....ийн хамт ирсэн. Тэгээд хоол идээд ..... бид хоёр 0,75 литрийн 1 шил архи хувааж уугаад 23 цагийн үед гэр рүүгээ харихаар болсон. Тэгээд гэрээс нь гараад таксинд суух гээд төв зам дээр иртэл ..... улсын дугаартай хар саарал өнгөтэй Приус 20 маркийн машин ирж зогсохоор нь эхнэрийг суулгаад би “суухгүй” гээд цаашаа алхсан. Тэгтэл таксины жолооч араас ирж хэрүүл өдөөд намайг боож хананд шахаж унагаасан. Тэгээд эхнэр гарч ирээд намайг “болиоч” гээд татсан чинь жолоочийн эхнэр нь машинаас бууж ирээд над руу дайрсан. Тэгэхээр нь би аргагүйн эрхэнд биеэ хамгаалж ам руу нь гараа хийж завжнаас нь зулгаасан. Тэгээд нилээн боолгож байгаад зугатаагаад гар утсаараа машины дугаарынх нь зургийг авах гэтэл утас булааж аваад цааш зугатаасан...” гэх мэдүүлэг, 

 

гэрч Н......ийн “...Тухайн өдөр хэзээ байсныг санахгүй байна, орой 23 цагийн үед байх ..... бид хоёр найз .....ийн гэрт очоод буцаад гараад явж байгаад такси барих гээд явж байхад нэг Prius 20 маркийн машинтай хүн зогсоод унаа авах уу гэхээр нь би түрүүлээд суусан чинь манай нөхөр суухгүй гээд машины хаалгыг нь чанга хаачихаад явчихсан, би нөхрийн араас нь машинаас буусан. Манай нөхөр түрүүлээд алхаад явсан чинь машины жолооч бууж ирээд чи машины хаалга чанга хаалаа чи яаж байгаа юм гээд янз бүрээр хараалын үг хэлээд манай нөхөр тэр жолоочийг буугаад ир гэхэд тэр ах бууж очоод манай нөхрийг заамдаад хашааруу налуулсан, би уучлаарай ахаа манай нөхөр согтуу байгаа та тавьчих гээд уучлалт гуйсан тэгтэл тэр жолооч манай нөхрийг тавихгүй байсан юм. Тэгээд манай нөхөр тэр ахыг тавиулах гээд гараа амруу нь хийгээд татсан чинь нөхрийн гарыг хазсан би нөхрөө боль одоо явъя гээд жолооч ахаас уучлаарай гэхэд машин дотроос нэг хүүхэн бууж ирээд манай нөхрийг цохиод өшиглөсөн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ...... тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ....., ..... нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч ....., ..... нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

   Хавтаст хэргийн 23, 24-р талуудад хохирогч .....ын хувьд хохирлын нийт 38.000 төгрөгийн баримтууд авагдсан байх ба шүүх хуралдаан дээр шүүгдэгч ..... нь хохирогч .....д дээрх хохирлыг хүлээлгэн өгсөн баримт гаргаж өгсөн, харин хохирогч ..... нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч ....., шүүгдэгч ..... нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч ..... нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байх тул гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч шүүгдэгч ....., шүүгдэгч ..... нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн хор уршигийн хэмжээ, хохирлыг нөхөн төлсөн зэрэг гэмт хэрэг үйлдэгдэх үед согтуурсан үедээ зүй бус авирласан нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч .....д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч .....д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ....., ..... нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Усчин овогт Батхүүгийн .....а, Боржигон овогт Батдэлгэрийн ..... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .....д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .....д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ....., шүүгдэгч ..... нарын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ....., шүүгдэгч ..... нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ..... нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ....., шүүгдэгч ..... нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ