Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 787

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Н.Онон,

шүүгдэгч ..., ..., тэдгээрийн өмгөөлөгч Б.Булгантамир,

хохирогч ... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... нарт холбогдох эрүүгийн 1805038260786 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ......

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ..., ... нар нь бүлэглэн согтуурсан үедээ 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн орчим Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны 13 тоотод ...ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ... мэдүүлэхдээ:

“...2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр ... манайд хүрээд ир гээд дуудахад би очсон. Би очихдоо пиво аваад очсон. Пиво ууж дуусаад ...ийн гэрт байсан эгч нь дахин пиво авч ирээд түүнийг нь нэмж уугаад ...ийг ажилтай гээд гарсан хойгуур нь гэрт нь унтсан. Орой нэг шил пиво аваад манайх руу явахдаа нэг шил архи авсан. Манайд очоод авч очсон архиныхаа тал шилийг уугаад унтсан. Маргааш өглөө нь үлдсэн тал шил архиа уугаад байж байтал манай найз ... нэг шил архитай ирсэн. Тэр архиа уугаад сууж байтал ... аяга таваг өшиглөөд, эд зүйл шидлээд агсам тавиад байсан. Би энэ гэрт нялх хүүхэд байдаг шүү дээ болилдоо гээд бид хоёр ...ийг зөндөө гуйсан. Эмнэлэгт хэвтэхэд нь эргэн очиж, тос авч өгч байсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ... мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ... мэдүүлэхдээ:

“...Би долоон долоо хоногтой жирэмсэн. Тухайн үед авсан гэмтлээсээ болоод жирэмсэн болсноо мэдэлгүйгээр их хэмжээгээр эм уусан. Мөнгөнгүүр эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд тэндээс гарахдаа эм тариатай гарсан. Одоо ч бас эмчилгээтэй байгаа. Үүнтэй холбоотойгоор ургийн хэмжээ байх ёстой хэмжээнээс бага хэмжээтэй байна гэсэн. Тухайн үед өмсөж явсан хувцас болоод эмчилгээний зардалд нийт нэг сая төгрөг нэхэмжилж байна. Дүүргийн мэдрэлийн эмчид үзүүлээд тархины гэмтлийн эмчилгээнд 2 эм бичиж өгсөн. Тэр эмийг авахад 178.000 төгрөг болсон...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч, хохирогч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч ...ийн өгсөн:

“...2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр найз ...тэй уулзаж хүүхэдтэй нь хамт стадион орж хуушуур идээд өдөр нь хүүхдийг нь Төмөр замд эмээгийнд нь хүргэж өгөөд Гранд хаан пабд сууж байгаад орой бааранд ороод ...гийнд очиж хоносон. Маргааш өглөө нь халуун тогоонд орж хоол идээд 12 цагийн үед хороололд ...гийн найз ...ийн гэрт очиход ... нэг эгчтэйгээ байсан. Бид дөрөв нийлж 3 литрийн 2 сав пиво хувааж уусан. ... хүүхэддээ юм өгч явуулна гээд түр гарсан. Хамт байсан эгч бас явсан. ... бид хоёр гэрт нь унтаж байтал 18 цагийн үед ... ганцаараа ирсэн. Бид гурав дахиад нэг сав пиво хувааж уугаад сууж байтал ...гийн найз гээд том биетэй залуу ирсэн. 0,33 литрийн нэг шил архи аваад дахиж хувааж уугаад 21-22 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...-р байрны 13 тоотод ...гийн гэрт очиж 0,75 литрийн нэг шил архи пивотой авч ороод дөрвүүлээ хувааж ууж байгаад унтсан. Өглөө сэрэхэд ..., ... бид гурав л байсан. Тэгээд үлдсэн архиа уугаад хоол хийж идээд байж байтал 12 цагийн үед ..., ... хоёрын найз ... 0,75 литрийн нэг шил архи ундаатай авчирсныг хувааж уусан. 14 цагийн үед дахин 0,75 литрийн нэг шил архи авчираад уугаад сууж байтал ... гэнэт газар байсан аяга таваг тогоо шанага өшиглөөд байсан. ... яагаад байгаа юм болиочдээ манайх жаахан хүүхэдтэй шүү дээ гэтэл ... би ингэх ёстой гээд тэр хоёр маргалдаж байгаад ... ...ийг түлхтэл ...ийн хамарнаас цус гарчихсан байсан. ... цусаа арчаад хана руу цацаад бас цустай шүлсээ ханаруу нулимаад байхаар нь би болиоч гэтэл надтай маргалдаад миний хөл гарлуу цохиод байсан чинь ... намайг өмөөрөөд бид гурав харилцан зодолдож байтал ... ...ийг өмөөрөөд дундуур орж ирээд дөрвүүлээ харилцан зодолдсон. Тэгээд өөрсдөө болиод ... ... бид гурав газар байсан матрасан дээр хэвтэж байтал ..., ...г өшиглөөд байсан чинь ... босч ирээд дахиад тэр хоёр зодолдсон. ... бид хоёр салгатал ... явлаа гээд утсаа хайгаад олохгүй байхаар нь би утсыг нь жижиг өрөөнөөс олж өгтөл  ... гараад явсан. Орой 17-18 цагийн үед ... ... бид гурвыг унтаж байхад хаалга нүдээд байхаар нь босч очоод хаалга онгойлгож өгөхөд ... цагдаа дагуулаад ирсэн байсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Би ...ийн биед дээрх гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Аман доторх шархыг ... хуруугаа амруу нь хийж маажсан. Би нүүрнийх нь гадна хэсэгт учирсан маажсан сорвинуудыг нь үүсгэсэн. Намайг маажаад байхаар нь би зөрүүлж маажсан. Хаана нь маажснаа санахгүй байна. Нүдний хөхрөлт болон бусад газар учирсан гэмтлүүдийг нь ... бид хоёрын хэн нь цохиж хөхрүүлснийг мэдэхгүй байна. Ямартай ч хоорондоо цохиж зодолдож байхад учирсан гэмтэл байх. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-н 16-17, 63-64/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч ...гийн өгсөн:

“...2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хүүтэйгээ хамт стадион орох гээд гэрээсээ гарах гэж байтал ... надруу яриад хамт явахаар болсон. Тэгтэл манай гэрийнхэн лагер явах гэж байна гээд манай хүүг аваад явсан. ... гэрийн гадаа ирээд бид хоёр уулзаад гадуур хамт явж байхдаа найз ... рүү ярьж дуудсан боловч ирээгүй. Маргааш өдөр нь ...тэй утсаар яриад манайд хүрээд ирэх үү эсхүл би найзтайгаа яваад очих уу гэтэл хүрээд ир гэсэн. Замдаа нэг шил 2,5 литрийн пиво аваад очиход ... нэг эгчтэйгээ байсан. дөрвүүлээ пивоо хувааж уусан. Дахиж 2 шил пиво аваад нэгийг нь ууж байтал ... драгон орж хүүхэд рүүгээ юм явуулна гээд гарсан. ... бид хоёр унтсан байсан. 18 цагийн үед ... эргэж ирээд үлдсэн пивоо гурвуулаа хувааж уусан. Тэгээд нэмж архи авч ууя гэж яриад 0,5 литрийн нэг шил архи авч уусан. Би тухайн үед найз ...ыг дуудсан байсан юм. ... ирээд дөрвүүлээ нэг шил архи хувааж уугаад манай гэрлүү явсан. Замдаа дахиж 0,75 литрийн нэг шил архи аваад манай гэрт очсон. ... бид гурвыг оруулж өгчихөөд явсан. ..., ... бид гурав тал шил архиа хувааж уучихаад унтсан. Маргааш өглөө нь босоод үлдсэн тал шил архиа уугаад хоол хийж идсэн. ... 12-13 цагийн хооронд ирсэн. ..., ... бид гурав гарч дэлгүүрээс 0,75 литрийн нэг шил архи аваад манай гэрт том өрөөнд газар юм дэвсээд шалан дээр суугаад ууж байтал ... гэнэт аяга өшиглөхөөр нь чи яаж байгаа юм гэтэл яадаг юм гээд дунд байсан тогоо өшиглөөд босч ирээд миний үснээс зулгаахаар нь чи болилдоо наана чинь нялх нойтон хүүхэд байдаг юм  шүүдээ гэтэл яадаг юм гээд үснээс зулгаагаад тавихгүй байхаар нь би бас үснээс нь зулгаагаад зууралдаж байтал ... чи одоо айлын гэрт ирчихээд яагаад байгаа юм гээд бид хоёрын дундуур ороод салгах гэтэл яадаг юм гээд л байсан. тэгтэл ... ...ийг чи гэдэс гүзээрүү өшиглөчихлөө  дараа нь ямар нэг юм болвол чамтай ярина шүү гэтэл ... тэгээд ярихгүй юу чи, чи яадаг юм гээд байсан. ...ийн хамраас нь цус гарчихсан байсан чинь та нар миний цусыг гаргадаг хэн бэ гээд цусаа арчаад хана руу цацаад гараа хананд арчаад байсан. Тэгээд үүдний толинд очиж харснаа толь өшиглөөд байхаар нь болиоч гэтэл буцаж ирээд дахиж намайг үсдээд бид хоёр үсдэлцээд нэгнийгээ цохиж харилцан зодолдсон. ... бид хоёрыг салгаад ...ийг одоо яв гэхээр ...ийн үснээс зулгаагаад тэр хоёр дээр доороо ороод зодолдож байгаад өөрсдөө салсан. Тэгтэл ... утсаа хайгаад олохгүй байсан чинь ... жижиг өрөөнөөс утас чинь энд байна гээд гаргаж өгтөл утсаа аваад та хоёрыг шоронд оруулнаа хараарай гээд гараад явсан. ... бид хоёр юмнуудаа янзалчихаад унтаж байтал ... гаднаас цагдаа дагуулаад ороод ирсэн. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-н 18-19, 65-66/,  

 

            Мөрдөн байцаалтад хохирогч  ...ийн өгсөн:

“...2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр ... найзтайгаа гадуур явж байна уулзъя гээд дуудахаар нь би амжихгүй гэтэл шөнө 03 цагийн үед надруу 4-5 удаа залгасан байна. Маргааш өглөө 10 цагийн үед ... дахиж надруу залгахаар нь би унтаж байгаад утсаа аваагүй байсан. Маргааш өдөр нь 11 цагийн үед надруу утсаа аваачээ ирэх үү найзаа гэсэн мессеж явуулсан байсан. Дахиад надруу залгаад хаана байна гэхээр нь гэртээ байна гэтэл манай гэрт хүрээд ир, би нэг найзтайгаа хамт байна гэхээр нь би очиж амжихгүй гэтэл тэгвэл танайд яваад очъё гээд 12 цагийн үед манай гэрт ..., ... гэх найзтайгаа 2,5 литрийн Сэрүүн нэртэй пиво авч орж ирсэн. Би тухайн үед эгч Батцэцэгтэй хамт байсан. Тэр хоёрт банштай цай хийж өгөөд дөрвүүлээ пивоо хувааж уугаад Батцэцэг эгчийг гаргаж өгөөд Драгон орох ажилтай гээд 14 цаг өнгөрч байхад Батцэцэг эгчтэй гараад ажлаа амжуулаад 18 цагийн үед гэртээ ганцаараа ирэхэд ... ... хоёр унтаж байсан. Тэгээд намайг ороход сэрээд манай гэрт байсан 2,5 литрийн нэг Сэрүүн нэртэй пивоо хувааж уугаад сууж байхад ...гийн найз гээд өндөр том биетэй залуу ирсэн. Дөрвүүлээ ...гийнд очихоор болоод манайхаас гараад Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах К-106-р байрны 13 тоотод очсон. Замдаа дэлгүүрээс 0,75 литрийн Соёрхол нэртэй архи авч орсон. Дөрвүүлээ архиа хувааж уугаад унтсан. 13-ны өглөө 10 цаг өнгөрөөгөөд сэрэхэд ... ... бид гурав байсан. Гурвуулаа хоол хийж идээд үлдсэн тал шил архиа уугаад найз ...ыг ... дуудчих гэхээр нь би залгаж дуудсан байх. ... 12 цагийн үед ирэхдээ 0,75 литрийн нэг шил Соёрхол нэртэй архи авчирсныг дөрвүүлээ дахиад  хувааж уусан. 13 цаг 50 минутын үед ... ... бид гурав дэлгүүр орж дахиж 0,75 литрийн Соёрхол архи авч орж ирээд дахиад ууж байснаа санаж байна. 16 цагийн үед нэг сэрэхэд би газар уначихсан ... миний дээрээс нүдийг чинь ухна гээд миний аман дотор хуруугаа хийчихсэн, ... нь миний дээр суучихсан үснээс зулгааж байсан. Яаж боссоноо мэдэхгүй байна. Ямар ч байсан босоод нүүр ам цус болчихсон аман дотор цус амтагдаад байхаар нь хана руу нь шүлсээ нулимтал ... чи хана руу цустай шүлсээ хаядаг хэн бэ гээд дахиж маргалдаад хоорондоо зодолдсон. Би нэг мэдсэн гадаа гарчихсан байсан. Утсаа хайгаад олохгүй байсан учир эргэж ороод дахиад зодоон болсон. ... миний утсыг сүүлд нь гаргаж өгсөн. Би утсаа аваад гэрлүүгээ харьсан. Ванныхаа өрөөнд орж толинд хартал хоёр нүд хөхрөөд нүүр маажчихсан байсан учир 102-т дуудлага өгсөн. Хоёр цагдаа ирээд хэрэг болсон газрыг асуугаад ...гийн гэрт ортол ..., ..., ... гурав унтаж байсан. ..., ... бид гурвыг аваад 6-р хорооны цагдаагийн хэлтэст очсон. Би 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай 100 хувийн ажлын байраар хангах дипломтой спиннингийн багш бэлтгэх 500,000 төгрөгийн төлбөртэй сургалтанд сууж байсан юм. Одоо сургалтандаа явж чадахгүй болсон. Мөн 13-ны орой цагдаа дээрээс салаад гэртээ харихад намайг хулгайч эхнэртэй хүнтэй явдаг гээд пост бичээд фэйсбүүкэд тавьсан байсныг Туркэд амьдардаг найз Ундраа хараад надад хэлсэн. Би ...д хүний нэр төрд халдлаа гэж хэлэхэд 10 минут болоод устгасан гэсэн. Мөн эмчилгээний зардлаа энэ хоёроос гаргуулж хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-н 4-5, 9-10/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б....ын өгсөн:

“...2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр найз ...ийн төрсөн өдөрт очоод шөнө нилээн согтуу гэртээ ирж хоносон. Маргааш өглөө 11 цагийн үед найз ..., ... хоёр надруу залгаад ...гийн гэрт байна хүрээд ир гээд дуудахаар нь 12 цагийн үед такси бариад Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах К-106-р байрны 13 тоотод очиход ..., ... хоёр нэг танихгүй эмэгтэйтэй гурвуулаа байсан. Урд өдөр нь уулзаад өчигдрөөс хойш ууж байна гээд 0,75 литрийн Соёрхол нэртэй архи ундаатай авч орж ирээд дөрвүүлээ юм ярьж суугаад архиа уусан. Би нэг мэдсэн тасраад уначихсан байсан. нэг хүн намайг босоорой гээд цамцнаас татаад байхаар нь сэрээд хартал цагдаа ирчихсэн байсан. Босоод хартал ...ийн нүүрийг нь маажсан байсан. Юу болсон юм гээд ...ээс асуутал ... нөгөө танихгүй эмэгтэйтэйгээ хамт миний нүүрийг маажаад амруу гараа хийгээд нүүр аймар болчихсон байгаа биз дээ гээд үзүүлээд найз нь гэртээ хариад нүүрээ толинд хартал аймар болчихсон байхаар нь цагдаа дагуулаад ирлээ гэсэн. Тэгээд цагдаа бид дөрвийг дагуулаад 10-р хороололд хорооны цагдаа дээр авчираад намайг зодоонд оролцсон уу гэтэл ... ... болон нөгөө эмэгтэй 3 наадах чинь хамаагүй тасраад уначихсан байсан юм. Бид гурав 00-ийн өрөөний хажууд зодолдоход намайг том өрөөнд унтаж байсан гэтэл цагдаа чи хамаагүй бол явж бай дараа цагдаагаас дуудвал ирээрэй гээд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 11/,

Мөрдөн байцаалтад шинжээч ......... өгсөн:

“...Аман доторх шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нүүрэн дэх зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Учир нь зулгаралтын хэмжээ гүн нь жижиг байна. Б....т учирсан гэмтлүүд нь бүгд тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хатуу мохоо зүйлд гараа цохих буюу өшиглөхөд уг гэмтлүүд үүснэ. Хэдэн хүний цохилтоос уг гэмтлүүд үүссэнийг тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-н 67/,

 

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн _________тоот:

1. С....-н биед баруун зүүн хацарны дотор хэсэгт шарх, баруун дээд 1-р шүдний сулрал, баруун зүүн нүдний дээд доод зовхи,баруун бугалга, зүүн шуу, нуруу, баруун дал, баруун зүүн гуянд цус хуралт, нүүр, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.гэх дүгнэлт /ххн- 13/,

 

- Хохирлын баримтууд /хх-н 30-31/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 20, 21/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 72, 79/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 81, 73/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

         Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч ... нь ...тэй бүлэглэн ...ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч ...ийн “...Би ...ийн биед дээрх гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч ...гийн “......ийг одоо яв гэхээр ...ийн үснээс зулгаагаад тэр хоёр дээр доороо ороод зодолдож байгаад өөрсдөө салсан...” гэх мэдүүлэг,  

 

            хохирогч  ...ийн “...... ... бид гурав дэлгүүр орж дахиж 0,75 литрийн Соёрхол архи авч орж ирээд дахиад ууж байснаа санаж байна. 16 цагийн үед нэг сэрэхэд би газар уначихсан ... миний дээрээс нүдийг чинь ухна гээд миний аман дотор хуруугаа хийчихсэн, ... нь миний дээр суучихсан үснээс зулгааж байсан. Яаж боссоноо мэдэхгүй байна. Ямар ч байсан босоод нүүр ам цус болчихсон аман дотор цус амтагдаад байхаар нь хана руу нь шүлсээ нулимтал ... чи хана руу цустай шүлсээ хаядаг хэн бэ гээд дахиж маргалдаад хоорондоо зодолдсон. Би нэг мэдсэн гадаа гарчихсан байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б....ын “...нэг хүн намайг босоорой гээд цамцнаас татаад байхаар нь сэрээд хартал цагдаа ирчихсэн байсан. Босоод хартал ...ийн нүүрийг нь маажсан байсан. Юу болсон юм гээд ...ээс асуутал ... нөгөө танихгүй эмэгтэйтэйгээ хамт миний нүүрийг маажаад амруу гараа хийгээд нүүр аймар болчихсон байгаа биз дээ гээд үзүүлээд найз нь гэртээ хариад нүүрээ толинд хартал аймар болчихсон байхаар нь цагдаа дагуулаад ирлээ гэсэн...” гэх мэдүүлэг,

 

шинжээч ___________-ийн “...Аман доторх шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нүүрэн дэх зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Учир нь зулгаралтын хэмжээ гүн нь жижиг байна. Б....т учирсан гэмтлүүд нь бүгд тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хатуу мохоо зүйлд гараа цохих буюу өшиглөхөд уг гэмтлүүд үүснэ...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ___ тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ... нь ...тэй бүлэглэн ...ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч ...ийн “...... ...ийг түлхтэл ...ийн хамарнаас цус гарчихсан байсан. ... цусаа арчаад хана руу цацаад бас цустай шүлсээ ханаруу нулимаад байхаар нь би болиоч гэтэл надтай маргалдаад миний хөл гарлуу цохиод байсан чинь ... намайг өмөөрөөд бид гурав харилцан зодолдож байтал ... ...ийг өмөөрөөд дундуур орж ирээд дөрвүүлээ харилцан зодолдсон. Тэгээд өөрсдөө болиод ... ... бид гурав газар байсан матрасан дээр хэвтэж байтал ..., ...г өшиглөөд байсан чинь ... босч ирээд дахиад тэр хоёр зодолдсон...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч ...гийн “...Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч  ...ийн “...... ... бид гурав дэлгүүр орж дахиж 0,75 литрийн Соёрхол архи авч орж ирээд дахиад ууж байснаа санаж байна. 16 цагийн үед нэг сэрэхэд би газар уначихсан ... миний дээрээс нүдийг чинь ухна гээд миний аман дотор хуруугаа хийчихсэн, ... нь миний дээр суучихсан үснээс зулгааж байсан. Яаж боссоноо мэдэхгүй байна. Ямар ч байсан босоод нүүр ам цус болчихсон аман дотор цус амтагдаад байхаар нь хана руу нь шүлсээ нулимтал ... чи хана руу цустай шүлсээ хаядаг хэн бэ гээд дахиж маргалдаад хоорондоо зодолдсон. Би нэг мэдсэн гадаа гарчихсан байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б....ын “...нэг хүн намайг босоорой гээд цамцнаас татаад байхаар нь сэрээд хартал цагдаа ирчихсэн байсан. Босоод хартал ...ийн нүүрийг нь маажсан байсан. Юу болсон юм гээд ...ээс асуутал ... нөгөө танихгүй эмэгтэйтэйгээ хамт миний нүүрийг маажаад амруу гараа хийгээд нүүр аймар болчихсон байгаа биз дээ гээд үзүүлээд найз нь гэртээ хариад нүүрээ толинд хартал аймар болчихсон байхаар нь цагдаа дагуулаад ирлээ гэсэн...” гэх мэдүүлэг,

 

шинжээч Б.Д____гийн “...Аман доторх шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нүүрэн дэх зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Учир нь зулгаралтын хэмжээ гүн нь жижиг байна. Б....т учирсан гэмтлүүд нь бүгд тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хатуу мохоо зүйлд гараа цохих буюу өшиглөхөд уг гэмтлүүд үүснэ...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 8735 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас ..., ... нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч ..., ... нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Шүүгдэгч ..., ... нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, Хохирогч ... нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч нарт тус бүрд нь 500 нэгжээр торгох ял оногдуулах ялын саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарыг тус бүр 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ..., ... нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Ариунаагийн ..., Боржигон овогт Бат-Амгалангийн ... нарыг бүлэглэж хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ..., ... нарын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Хохирогч ... нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ..., ... нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ