Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 797

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч ... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ...д холбогдох эрүүгийн ... тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..., ....

 

Шүүгдэгч ... нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” хорооллын 51-3-13 тоотод иргэн ...тэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар иргэн ...ийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ... мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч ...ы өгсөн:

“...2017 оны 11 сарын 05-ны өдөр найз эмэгтэй ... ...ийн гэрт очиж хоноод гэрт нь байна гээд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны 14 цагийн орчим ярихаар нь би ...ийн гэрт яваад очсон. Тэгээд бид нар уухаар ярилцаад би 0,75 литрийн 2-3 шил Хараа архи цувуулж аваад уусан. Намайг очих үед ... ... хоёр хоёулаа архи уусан байсан. Ингээд тухайн өдөр миний ажил хийсэн хөлс 100,000 төгрөгийг Насанбат гэх хүнээр хийлгэхээр утсаар ярихад би хийе гэсэн ба надад тухайн үед карт байхгүй байан учир ...ийн хаан банкны дансны дугаарыг өгсөн байсан. Ингээд хэсэг хугацааны дараа би мөнгөө авъя гэхэд ...ийн дансанд мөнгө орсныг шалгахаар АТМ рүү ... явсан боловч ороогүй байна гээд худлаа хэлээд байсан. Тэгээд намайг янз бүрийн хэл амаар доромжлоод байсан ба би картаа өг би өөрөө шалгаж үзнэ гэхэд карт өгөхгүй үүнээс болоод бид хоёр маргалдсан тэгтэл намайг янз бүрээр хэлээд байхаар нь би уурлаад нүүрлүү нь хоёр гараараа хоёр удаа цохиход ...ийн хамраас цус гарсан ба ... орилж хашгираад нүүрээрээ дүүрэн цусаа нялаад байсан. Тэгээд цагдаа дуудаад удахгүй цагдаагийн хэлтсээс хүмүүс ирээд намайг барьж эрүүлжүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 40/ ,

 

Мөрдөн байцаалтад хохирогч ...ийн өгсөн:

“...2017 оны 11 сарын 05-ны өдөр миний түр оршин сууж байгаа Хархорин хорооллын 51А байрны 3-13 тоотод миний найз ... найз залуу ... нарын хамт гэрт ирсэн. Ингээд бид нар уулзаад ..., ... манай гэрт хоносон. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 11 сарын 06-ны өдөр өглөө бид гурав нэг шил 0,75 граммтай Хараа архи авч уусан. Тэгээд байж байтал 16 цагийн орчим байх ... би хүнтэй уулзаад ирье гээд гэрээс гараад явсан. Тэгтэл ... миний гарыг бариад намайг оролдоод байсан. Тэгэхээр нь би эсэргүүцэл үзүүлээд түлхээд цохиход намайг эргүүлээд нүүр рүү гараараа 1 удаа цохьсон. Тэгтэл миний хамарны нуруу хэсэг нь язраад битүү цус гарсан. Тэгэхээр нь би цагдаа дуудаад ...г өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн ... тоот: 

1. ...-н биед баруун хамар ясны хугарал, хөмсөгт зулгаралт, хамарт няцарсан шарх, хамар, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /хх-н 27/,

 

Шүүгдэгч ...ы хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

-ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 49/

-иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 46/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч ... нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Хархорин” хорооллын 51-3-13 тоотод иргэн ...тэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар иргэн ...ийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч ...ы “......ийн дансанд мөнгө орсныг шалгахаар АТМ рүү ... явсан боловч ороогүй байна гээд худлаа хэлээд байсан. Тэгээд намайг янз бүрийн хэл амаар доромжлоод байсан ба би картаа өг би өөрөө шалгаж үзнэ гэхэд карт өгөхгүй үүнээс болоод бид хоёр маргалдсан тэгтэл намайг янз бүрээр хэлээд байхаар нь би уурлаад нүүрлүү нь хоёр гараараа хоёр удаа цохисон... гэх мэдүүлэг,

 

хохирогч ...ийн “...2017 оны 11 сарын 06-ны өдөр ... 16 цагийн орчим байх ... би хүнтэй уулзаад ирье гээд гэрээс гараад явсан. Тэгтэл ... миний гарыг бариад намайг оролдоод байсан. Тэгэхээр нь би эсэргүүцэл үзүүлээд түлхээд цохиход намайг эргүүлээд нүүр рүү гараараа 1 удаа цохисон... гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн 13979 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас ...д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч ...г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

            Хавтаст хэргийн 148 дугаар талд хохирогч ... нь “...хохирол төлбөр нэхэмжлэхгүй...” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч ...г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч ...д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос ...д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч ...д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч ...ы цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцүүлэн хасаж нийт цагдан хоригдсон 11 хоногийг 165,000 төгрөгтэй тэнцүүлэн торгуулийн ялаас хасч тооцож шийдвэрлэв.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...ыг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ...ы торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч ...ы цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцүүлэн хасаж нийт цагдан хоригдсон 11 хоногийг 165,000 төгрөгтэй тэнцүүлэн торгуулийн ялаас хасч тооцсугай.

 

6. Шүүгдэгч ...д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ...д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ