Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 0008

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай    

       Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гантуяа би Дашинчилэн сумын иргэн Ц.Оюуны тус сумын Засаг дарга /Д.Луттөмөр/ болон Дашинчилэн сумын 2-р багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга /С.Эрдэнэ-Очир/ нарт холбогдуулан гаргасан “2-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 04 тоот тогтоол, сумын Засаг даргын “багийн Засаг даргыг томилох тухай” Б/112 тоот захирамж хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар шүүгчийн захирамжаар 158/2017/0005/3 дугаарын индекстэй захиргааны хэрэг үүсгэн,  хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Дашинчилэн сумын иргэн Ц.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дашинчилэн сумын 2 дугаар багийн иргэн Цэрэндаш овогтой Оюун миний бие 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр багийн Засаг даргын сонгуульт албан тушаалд өөрийн нэрийг дэвшүүлж, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга А.Чимгээд бүртгүүлсэн. Гэтэл саналын хуудсан дээр намайг нөхрийн нэрээр овоглож бичсэн байсан. Энэ тухай А.Чимгээд хэлсэн боловч, багийн малчин иргэдийн өмнө "чамайг танихгүй хэн байдаг юм бэ?, саналын хуудсыг солих боломжгүй байна, орой болчихлоо" гэсэн хариулт өгсөн. Үүний дараа сумын Засаг даргын Тамгын газарт гомдол гаргасан бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Батжаргал 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хариу бичиг ирүүлсэн. А.Чимгээ нь төрийн жинхэнэ албан хаагч атлаа илт байдлаар нэг талыг барьж, Засаг дарга Д.Луттөмөрийн дүү болох багийн Засаг даргад нэр дэвшигч Б.Бүрэнбаатарын талд үйлчилж, миний "Үндсэн хууль"-аар олгогдсон "Сонгогдох эрх"-д халдсанд гомдолтой байна.

         Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Батжаргал тус хуралд зохион байгуулагчаар ажилласан бөгөөд нэр дэвшигч миний овгийг нөхрийн нэрээр сольсоныг харсан атлаа хууль бус үйлдлийг дэмжиж, нарийн бичгийн дарга А.Чимгээгийн хууль зөрчсөн үйлдэлтэй эвлэрсэн. Цэрэндаш овогтой Оюун миний бие төрийн болон улс төрийн албан тушаалтнуудын бүлэглэн үйлдсэн энэхүү үйлдлийг миний нэр хүндэд халдсан, сонгогдох эрхийг санаатайгаар бүлэглэн зөрчсөн гэж үзэж байгаа тул төрийн жинхэнэ албан хаагч А.Чимгээгийн энэхүү улс төржсөн үйлдэлд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү.

       Мөн 2 дугаар багийн багийн иргэдийн Нийтийн Хурлын 04 тоот тогтоол, Сумын Засаг даргын багийн Засаг даргыг томилох тухай" захирамжийг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

       Хариуцагч Дашинчилэн сумын Засаг дарга Д.Луттөмөрөөс шүүхэд ирүүлсэн  тайлбартаа: “Тус сумын Лах багийн иргэдийн Нийтийн Хурал 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулагдсан. Энэ үед Улсын Онцгой комиссын гишүүд Булган, Хөвсгөл аймгуудад ажиллаж байлаа. Тэд сумдын Онцгой комисстой холбогдож цаг үеийн байдлаар видео хурал хийхээр бэлэн байдалд байсан учир миний бие тус багийн хуралд оролцож амжаагүй.

         Лах багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 04 тоот тогтоолыг үндэслэн Б.Бүрэнбаатарын материалыг Авилгатай тэмцэх газарт хүргүүлж, ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн албан бичиг ирсний дагуу багийн Засаг даргаар томилсон болно гэжээ”.

       Хариуцагч Дашинчилэн сумын 2 багийн ИНХ-ын дарга С.Эрдэнэ-Очир шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Булган аймгийн Дашинчилэн сумын 2-р багийн иргэн Саяннямбуу овогтой Эрдэнэ-Очир миний бие 2016 оны 11-р сарын 26-ны өдөр явагдсан тус багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон.

       Хурлаар хэлэлцэх асуудлын дараалал ёсоор багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг 5 хүний бүрэлдэхүүнтэй сонгож, дараагийн асуудал болох Засаг даргын сонгууль явагдсан.

        Эхлээд нэр дэвших хүмүүсийн саналыг асуусан нийт 4 хүн нэрээ дэвшүүлж бүртгүүлэн, цаашид хийх ажлынхаа талаар товч танилцуулсан.

        Санал хураах үед хурлын ирц 227 хүн болсон байсан. Улмаар санал хураалт эхэлж эхний удаа  нэр дэвшигч Б.Бүрэнбаатар 105 хүн буюу 46.26%, П.Батсайхан 83 буюу 36.56%, Э.Одгэрэл 24 буюу 10.57%, Ц.Оюун 15 буюу 6.61%-ийн санал тус тус авч хуулийн дагуу хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч дээр дахин санал хураалт явуулсан.

       Санал хураалтанд нийт 198 хүн оролцсон. Саналын хуудас тоолж дүн гаргахад Б.Бүрэнбаатарт 121 хүн буюу 61.42%, П.Батсайханд 76 хүн буюу 35.58%-ийн санал тус тус авсан.

        Тиймээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтын дагуу хамгийн олон буюу 50-иас дээш хувь буюу 61.42%-ийн санал авсан Б.Бүрэнбаатарыг багийн Засаг даргаар сонгогдсонд тооцон сумын Засаг даргад саналыг уламжлах тухай  тогтоолын төслийг хуралдаанд оролцсон нийт иргэдийн 100%-ийн саналаар хэлэлцэн баталсан.

       Манай багийн иргэдийн Нийтийн Хурлын үеэр ямар нэгэн хууль зөрчсөн үйл ажиллагаа болоогүй.” гэжээ.

        Нэхэмжлэгч Ц.Оюун 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Тус шүүхэд 2017 оны 01 дугаар сарын 20-ны өдөр Дашинчилэн сумын Засаг дарга болон 2-р багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “2-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 04 тоот тогтоол, сумын Засаг даргын багийн Засаг даргыг томилох тухай Б/112 тоот захирамж хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх..” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Дашинчилэн сумын иргэн Ц.Оюун Дашинчилэн сумын Засаг дарга болон 2-р багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “2-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 04 тоот тогтоол, сумын Засаг даргын багийн Засаг даргыг томилох тухай Б/112 тоот захирамж хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ  татгалзсан тухай хүсэлтээ 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал шүүхийн зардлыг нөхөн төлнө”, 50 дугаар зүйлийн 50.5-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, энэ хуулийн 50.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн сангийн 100041400941 дугаарын дансанд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Төрийн банкинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь заалтуудыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

           1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Дашинчилэн сумын иргэн Ц.Оюуны нэхэмжлэлээсээ  татгалзсаныг баталж, тус сумын Засаг дарга /Д.Луттөмөр/ болон Дашинчилэн сумын 2-р багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга /С.Эрдэнэ-Очир/ нарт холбогдуулан гаргасан “2-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 04 тоот тогтоол, сумын Засаг даргын “багийн Засаг даргыг томилох тухай” Б/112 тоот захирамж хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2017/0005/3 дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн сангийн 100041400941 дугаарын дансанд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Төрийн банкинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй,  шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

            4.Захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагчид хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Булганчимэгт даалгасугай.

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Г.ГАНТУЯА