Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 1350

 

Хийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/03142 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХ, ХХХ нарт холбогдох,

 

Газар чөлөөлүүлэх, дутуу баригдсан барилгыг буулгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

ХХХын Хид хамтран ажиллах гэрээний дагуу гүний худаг, цахилгаан дамжуулах шугам, дэд өртөө, зам, бохирын худаг, дулааны болон цэвэр усны шугам татахыг даалгах, газраас өөрт ногдох хэсгийг ашиглах эрхтэй болон барилгын захиалагч, хөрөнгө оруулагчийн хувьд эзэмших, ашиглах эрхтэй болохыг тус тус тогтоолгох,

ХХын хамтран ажиллах гэрээний дагуу Хийн газрыг хамтран ашиглах эрхтэйг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй,

 

Гуравдагч этгээд ХХХХгийн газар хамтран ашиглах эрхтэй болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХХХ,

Хариуцагч ХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХХХХ,

Хариуцагч ХХХын өмгөөлөгч ХХХХХХХХ,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч ХХХХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2004 онд Хан-Уул дүүргийн нутаг Зайсангийн аманд аялал жуулчлалын төв барих зориулалтаар 1.5 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах гэрчилгээг Байгаль орчны Яамны сайдын тушаалын дагуу авсан. Уг газарт миний танил ХХ, ХХХХ, ХХХ, ХХХХХ, ХХХ, ХХ нар байшин бариулсан. Эдгээр хүмүүсээс ХХХ, ХХХХХ, ХХгийн эхнэр ХХХХХХ нар надтай тохиролцоод барилга барихад гарсан зардлаа аваад гарсан бөгөөд бидний хооронд аливаа эд хөрөнгийн маргаангүй болсон.

Тухайн үед дээрх нэр бүхий хүмүүс болон “Х” ХХК нь Барилгын тухай хуулийн зохих заалтуудыг зөрчиж, барилга бариулах зураг төсөлгүй, барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөлгүй эдгээр 3 барилгыг бариулсан. Иймд миний бие дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд 1. Газар ашиглагч Х миний ашиглах эрх бүхий газрыг чөлөөлүүлэх,

 2. Хууль зөрчиж барьсан ХХХ, ХХ нарын дутуу баригдсан барилгыг буулгахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХХХ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х Хан-Уул дүүрэг, Зайсангийн аманд байрлах аялал жуулчлалын зориулалттай 1.5 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг зохих хууль ёсны дагуу авсан ба ашиглах эрхийг 2019 он хүртэл 2 удаа сунгалт хийлгэсэн.

Анх тухайн газар дээр ХХ нарын 6 хүнтэй хамтран ажиллахаар болж тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, эдгээр хүмүүс уг газар дээр байшин барьсан байдаг. Үүний дараа дахин ХХХод уг газар дээр тодорхой үйл ажиллагаа явуулж хамтран ажиллаж гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш ХХ, ХХХХ, ХХХ нартай хамтран барилга барьсан. Гэвч талуудын байгуулсан хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэх явцад хэд хэдэн хүндрэлтэй асуудлууд гарч байсан. Тодруулбал, дархан цаазат газар зориулалтын бусаар барилга барих нь хууль бус байсан тул цаашид ямар нэг барилга барих боломжгүй болсон. Мөн нөгөө талаас гэрээний оролцогчид хамтран ажиллах боломжгүй асуудлууд гарсан. Тухайлбал ХХХтой хамтарч барьсан барилгын нөгөө талыг хариуцсан ХХ нь санхүүжилтгүй болоод, улсын хөрөнгө завшсан хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж явсан бөгөөд Зайсан дахь барилгын ажил үндсэндээ зогссон.

2005-2010 онуудад буюу 5 жилийн хугацаанд баригдаж байгаад дутуу орхигдсон барилгыг гүйцэд барих боломжгүй, одоо нурахаас өөр арга замгүй болсон. Хийн зүгээс уг барилгад оруулсан хөрөнгийг хамтран ажиллах гэрээний оролцогч гэх дээрх нэр бүхий хүмүүст буюу талуудад бүрэн төлж барагдуулсан. Ийм ч учраас гэрээний талууд бүгдээрээ гэрээнээс татгалзаж сайн дураараа гарч явсан.

ХХХтой байгуулсан гэрээний хугацаа дууссан ба хамтран ажиллах гэрээнээс өөрөө гарч явсан. Түүнийг хамтран ажиллах гэрээнээс гарч явсныг өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлэг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр зэрэг баримтууд нотлоно.

Газар ашиглахтай холбоотой асуудалд бид газрыг чөлөөлүүлэх хүсэл сонирхолтой юм. Хариуцагч ХХХ, ХХ, мөн бие даасан шаардлага гарган гуравдагч этгээдээр оролцож байгаа ХХХХ нарын хэн нь ч маргаан бүхий газрыг ашиглах, эзэмших эрхгүй бөгөөд уг эрхийг зохих эрх бүхий этгээдээс олж аваагүй. Хариуцагч нар газрыг хамтран эзэмшихээр сөрөг нэхэмжлэл гаргаж, газар дээр барьсан барилгын сууриудаар дамжуулаад газар эзэмших, ашиглах эрхийг олж авах гэж байгаа бол энэ нь боломжгүй. ХХын хувьд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр газар дээр баригдсан барилгыг л эзэмших эрхтэй. Түүнд одоо ямар боломж байна гэвэл уг газар дээр дутуу баригдсан эд хөрөнгөө үнэлүүлээд мөнгийг нь нэхэмжлэх л боломж байгаа. Энэ л арга зам түүнд үлдээд байгаа. Тийм учраас ХХд газрын эрхтэй холбоотой шаардах эрхийг энэ дутуу барьсан барилга байшин бий болгохгүй гэдэг үндэслэлээр газрыг чөлөөлүүлэх шаардлага гаргаж байгаа ийм байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

Цаашлаад энэ хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасан хугацаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХХХ нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагаасаа татгалзсан, энэ талаарх баримтаа шүүхэд өгсөн байгаа.

Улсын Дээд шүүх болон давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан шалтгаан нь зөвхөн хууль хэрэглээтэй холбоотой. Иргэний хуулийн 92, 106 дугаар зүйлийг хамтад нь хэрэглэсэн нь хоорондоо зөрчигдсөн гэсэн үндэслэлээр хэргийг буцаасан өөрөөр хэлбэл хэргийг шийдвэрлэсэн байдлыг буруутгаагүй. Иргэний хуулийн 92 дугаар зүйл маань хамтран өмчлөгчтэй холбоотой асуудал, харин Иргэний хуулийн 106 дугаар зүйл нь өмчлөгчтэй холбоотой асуудал байгаа юм. Энэ хуулиудын аль нэгийг нь хэрэглэх боломжтой гэж шүүхийн магадлал, тогтоол гарсан гэж ойлгож байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад процессын хувьд гаргасан зөрчил одоо арилсан гэж үзэж байгаа. Энэхүү хэрэг маргааныг өөр шүүхийн хэрэгтэй нэгтгэх шаардлага байхгүй болсон. Учир нь нөгөө хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхээс хэрэгсэхгүй болгосон байгааг бүгд мэдэж байгаа.

Хариуцагч нарын хүсэлтээр хэрэгсэхгүй болсон хэргийг татаж авчирсан бөгөөд шаардлагатай бүх нотлох баримтыг хариуцагч нар авч хэрэгт хавсаргасан гэж үзэж байна. Мөн хэрэгт СД, дуу бичлэг, бусад баримтуудыг шинжлэн судлахтай холбоотойгоор тодорхойгүй зүйлүүд байсан. Үүнийг өмнөх шүүх хуралдаан хойшилсны дараа СД дээр бичигдсэн яриаг бичгээр буулгасныг тулгаж сонсоод, асуудлыг шийдсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй ХХХ, ХХ нарын хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлж, барилгуудыг нураахыг даалгах шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Х нь бидэнтэй тооцоо дууссан, одоо газар дээр дутуу баригдсан барилгыг буулгах ёстой гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна. Х нь ХХХтой тооцоо дуусаагүй буюу хамтран ажиллах гэрээний харилцаа дуусаагүй болохыг ХХХын өмч маргаан бүхий газарт байгаа болохыг баталж дараах тайлбарыг гаргаж байна. Х нь 2014 оны 7 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна. ХХХ, ХХХХ, ХХ,

ХХХХХ нар тооцоо дуусаад ямар нэгэн өргүй болсон гэж тайлбар бичсэн байна. Гэхдээ ХХ, ХХХ, ХХХХ нар тооцоо хийсэн зүйл байхгүй. Бид анх хамтран ажиллах гэрээ байгуулж, Эко хотхоныг Х 6 хүний хамт нийлж барихаар төлөвлөсөн юм. Хүн бүрийн 6 250 000 төгрөг буюу 6 хүний нийт 37 500 000 төгрөгийг Хид гэрээний дагуу өгсөн. Гэрээгээр зам талбай, цахилгаан дэд бүтцийн асуудлыг Х өөрөө хариуцна гэсэн байдаг. Бид бол зөвхөн хөрөнгө оруулсан. Гэхдээ бид барилгаа өөрийн хөрөнгөөрөө хөрөнгө оруулалт хийж барьсан. Х өөрөө хөрөнгө мөнгөгүй, бидний мөнгөөр газраа хадгалж авч үлдэхийн тулд барилга бариулчихаад хүний мөнгөөр бариулсан барилгын хүчинд 10 гаруй жил тухайн газраа хадгалж авч үлдчихээд одоо ганцхан миний газар, миний байшин гэж ярьж болохгүй. Тухайн барилгын эзэд бид амьд байна. Хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр , хугацаа нь дуусаагүй байгаа нь дараах байдлаар нотлогдоно. Үүнд:

1. ХХХ нь мөнгөө авч, тооцоогоо дуусган гэрээнээс гарсан юм бол нэхэмжлэгч Х нь яагаад дахин дахин ХХХод 2 өрөө байрыг бэлэглэх санал тавиад байгааг гайхаж байна.

2. Маргаан бүхий газар дээрх байшин Хийн өмч байсан юм бол яагаад шүүхээс зөвшөөрөл авч байшинг нураах гээд байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлдээ хариуцагч ХХХ, ХХ нарын байшинг нурааж өгнө үү гэж бичсэн нь өөрөө маргаан бүхий газар дээр баригдсан барилга нь Хийн өмч биш гэдгийг нотолж байна.

3. Х нь ХХХ, ХХХХ нарын байшингийн 11 цонхыг хагалж, байшинг нураасан. Энэ байдлыг цагдаагийн байгууллагад мэдэгдсэний дагуу шинжээчид ирж хэргийн газарт үзлэг хийсэн. Гэтэл Х ирээгүй, түүнээс мэдүүлэг авахаар цагдаад дуудахад очоогүй. Мөн Х нь миний өмчийг сүйтгэлээ гэж цагдаад гомдол гаргаагүй. Х өөрийн байшинг нураахгүй нь ойлгомжтой тул энэ нотолгоо болж байгаа юм.

4. Хэрвээ барилга Хийн байшин байсан бол байшинг буруу баригдсан, шаардлага хангахгүй гэж техникийн дүгнэлт гаргахгүй байсан.

5. Хийн байшин юм бол энэ хугацаанд хаана ч, хэнд ч гомдол гаргаагүй.

6. ХХХ мөнгөө олж авахын төлөө 2 жилийн хугацаанд 3 шатны шүүхээр явсан байдаг. 2010 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Улсын дээд шүүхийн тогтоолд Хийн нэр ч байдаггүй.

7. ХХХ нь эвлэрэх саналыг хүлээж аваагүйн төлөө Х хүний өмчид хүч хэрэглэн эвдэж нураасан талаар бүхий л аргаа хэрэглэсэн. Сүүлд нь гэрээнээс татгалзсан гэх шүүхийн шийдвэр гарсан нь Хийг энэ барилгын талаар маргах гарцгүй болгосон юм. Үнэхээр барилга Хийн өмч юм бол шүүхээр барилгыг нураалгах шийдвэр гаргуулахгүй байсан. Өмнөх шүүхийн шийдвэрт ХХХ, ХХХХ, ХХ нарын байшинг нураахыг даалгасан нь Хийн байшиан биш болохыг нотолж байгаа юм. Хамтын ажиллагааны гэрээний талаар Х нь 12 жилийн хугацаанд 3 удаагийн гэрээ 2 удаа хэлцэл хийсэн байгаа юм. Хамтын ажиллагааны гэрээний дагуу 6 оролцогч оролцож өөр өөрсдийн хөрөнгөөр барилгыг барьсан. Барилгын ажлын хөлсөд 2005 онд буюу 11 жилийн өмнө 37 500 000 төгрөгийг Х олж авсан нь гэрээг хүчин төгөлдөр болохыг гэрчилж байна. Тэрээр мөнгөө аваад 12 жилийн хугацаанд юу ч хийгээгүй. 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хэлцлээр гэрээ дуусгавар болж, ХХХ мөнгөө авсан тухай нэг үсэг ч байхгүй юм. Үүнд ХХ, ХХХ нарын тухай, гэрчилгээг Хийн нэр дээр шилжүүлэхийг хүссэн ХХХХХХХХХгийн хүсэлтийг шүүгч нягталж үзнэ үү.

Анхан шатны шүүхээр 2 удаа, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд 2 удаа, Улсын дээд шүүхээр 2 удаа нийт 6 удаагийн шүүх хурлаар хамтын ажиллагааны гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр болохыг тогтоосон ба Х энэ гэрээг хууль бус гэж нэг ч удаа шүүх хурал дээр гомдол гаргаж байгаагүй. Энэ хамтын ажиллагааны гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа юм. Гэрээнээс татгалзах тухай аль нэг тал хүсэлт тавьж байгаагүй,

ХХХ нь хүнлэг ёсоор хандаж гэрчилгээг Хийн нэр дээр шилжүүлж тусалсны эцэст гэрчилгээ 2 удаа Хийн нэр дээр сэргээгдсэн. Байгаль орчны яамнаас гэрчилгээг 2 удаа сунгахад Х бидний барьсан 3 барилгыг үзүүлж гэрчилгээгээ сунгаж байсан. ХХХ, ХХ нарын барьсан барилга нь 10 жил хураагдаагүй нь үнэн болно гэсэн бичиг байгаа. Байшингийн өмчлөгч учир газрыг ашиглах давуу эрхтэй гэж үзэж байна. Х биднийг байшингаа нураа гэж дур зоргоороо аашлах эрх байхгүй. Х нь барьцгүй учир бид нар олон удаа гэрээ хийсэн. Ийм учраас бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч ХХХын өмгөөлөгч ХХХХХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х, түүний өмгөөлөгч, төлөөлөгч нар энэхүү хамтын үйл ажиллагааны гэрээтэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх явцад анхан шатны шүүхүүд болон давж заалдах болон хяналтын шатны шүүхүүд дээр зөрүүтэй тайлбаруудыг өгөөд яваад байна. Тухайлбал, нэхэмжлэгч нь анх “би барилгын өмчлөгч юм, байшингаа авмаар байна” гэж тайлбарлаж байсан. Харин 2010 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа “энэ хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж тайлбарлаж байсан. Өнөөдөр ХХХ нь хамтран ажиллах гэрээнээс татгалзсан гэж тайлбарлаж байна. Анх Сүхбаатар дүүргийн шүүхэд 2014 оны 3 дугаар сард Хид холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан. Талууд 2005 онд анх Хтой хамтран ажиллах гэрээ байгуулж байсан бөгөөд түүнээс хойш 10 жилийн хугацаанд Х өөрөө ХХХын байр, ХХХХгийн байр, ХХын байр гэдгиг бичсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагадаа ингэж бичсэн байж янз бүрийн арга заль зохиож биднийг болон шүүхийг төөрөгдүүлэх гэж байгаад гайхаж байна. Энэ нь өөрөө талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа байсан, дуусаагүй болохыг нотолж байна.

2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тооцоо дууссан актын талаар нэхэмжлэгч тал ярьж байна. Энэ бол тооцоо дууссан талаарх баримт биш. Хийн хувьд энэ хүнийг ямар нэгэн өглөг авлагагүй гэж тайлбарласан тайлбар байгаа юм. Тухайн газар дээр байгаа барилгыг нэхэмжлэгч тал худалдаж авсан, эсхүл өмчлөгч, эзэмшигч болох нь хавтаст хэрэгт байгаа ямар нэгэн баримтаар нотлогдохгүй.

Нэхэмжлэгч талыг хамтран ажиллах гэрээ байгуулсан талаараа маргахгүй байгаа гэж ойлгож байна. Хэрэв тухайн гэрээнээс татгалзсан гэж үзэх юм бол гэрээнээс хэзээ татгалзсан юм, татгалзах үндэслэлийг тогтоосон баримт байх ёстой. Гэтэл эдгээрийн нотолсон баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байгаа. 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Улсын дээд шүүхийн тогтоолоор хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаахдаа Иргэний хуулийн 92 болон 106 дугаар зүйлийн аль нэг заалтыг нь хэрэглэх ёстой гэдэг утгаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаагаагүй. Ер нь хууль хэрэглээнд 92 болон 106 дугаар заалтуудыг хамтад нь хэрэглэх боломжтой. 92 дугаар зүйлд өмчлөгчтэй адил эзэмшигчийн шаардах эрхийн талаар заасан. Шүүх бол хууль бус өмчлөлд байгаа эсэхэд дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Анх  гэрээ амаар байгуулагдсан, улмаар гэрээг цаасан дээр буулгасан, энэ талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр ч байгаа.

Хариуцагч ХХХтой холбоотойь хамтран ажиллах гэрээтэй холбоотой ямар нэгэн шаардлага, татгалзалыг нэхэмжлэгч гаргаж байгаагүй. Шүүх энэ нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү, нэхэмжлэгч гэрээг дуусгавар болсон гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй юм.

Улсын дээд шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтаар СД-нд яаж үзлэг хийсэн нь тодорхойгүй байна гэдгийг дурдсан. СД-нд юу бичигдсэн талаар бид бүгд мэдэж байгаа. Тухайн СД-нд гаргасан тайлбаруудыг бичгээр хавтас хэрэгт өгсөн байдаг. Энэ бичлэгт нэхэмжлэгч Х, ХХХХХХХХ нар нь анхнаасаа хариуцагч нарын эд хөрөнгийг хүлээн зөвшөөрч байсан юм гэдэг нь харагдана. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү гэжээ.

 

Хариуцагч ХХ, түүний өмгөөлөгч ХХХХХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид анх 2004 онд Хтой маргаан бүхий 1.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 50:50 хувиар ашиглахаар болж, дэд бүтцийн асуудлыг бүгдийг нь Х хариуцахаар тохирсон. Өөрөөр хэлбэл хамтран ажиллах гэрээ байгуулсан ба 2007 оны 4 дүгээр сард албан ёсоор нотариатаар батлуулсан. Х би олон хүнтэй зэрэг харилцаж чадахгүй, та нарын нэг нь бусдыгаа төлөөл гэсэн хүсэлт тавьсны дагуу н.ХХХХХХХХХ биднийг төлөөлж гэрээ хийсэн.

Бид анхнаасаа л газрынхаа төлбөрийг хийж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж явсан боловч Х 2009 онд миний барилгын материалаас авч өөрийн барьж буй байшиндаа хэрэглэх зэргээр намайг дээрэлхэж байсан учир би цагдаад хандаж үйлдлийг нь зогсоолгож байсан. Үүний дараа би иргэний шүүхэд хандаж, гэрээний оролцогч мөн, хамтын үйл ажиллагааны гэрээгээр барилгын эзэмшигч мөн гэдгээ албан ёсоор тогтоолгосон. Бид хүний эд зүйлд улайрч шунаагүй. Харин Х биднийг маш их сэтгэлийн болон эдийн засгийн хүнд байдалд оруулж байгаад гомдолтой байна. ХХ, н.ХХХХХХХХХ нар маш их дарамттай байсан учир зөвхөн байшинд оруулсан хөрөнгөө дутуу аваад явсан. Бидний зүгээс хамтран ажилласан нь үнэн, гэрээний оролцогч мөн, байшинг өмчлөх эрхтэй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, биднийг газар хамтран эзэмших эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэж хүсч байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХХХ шүүхэд ирүүлсэн тайлбар болон хүсэлтдээ:Би өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХХХгаас татгалзаж байна. Түүнчлэн нэхэмжлэгч Хтой харилцан тохиролцсон тул бие даасан шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч ХХ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2004 онд Хтой ХХХ. ХХХХХ, ХХХ, ХХХХХХХХХ, ХХХХ бид уулзан, Зайсангийн аманд байгаа түүний 1.5 га газар дээр аялал жуулчлалын цогцолбор барихаар ярилцаж тохирсон. Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1238 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар хариуцагч маргахгүй байна гэж бичсэн. Аялал жуулчлалын цогцолбор барих зөвшөөрөл авах, гүний худаг, цахилгаан дамжуулах шугам, дэд өртөө, хашаа хайс, зам, дулаан болон усны шугам зэрэг ажлыг хийж гүйцэтгэх үүргийг бид хүлээсэн ч уг зардалд зориулан хүн тус бүр 6 250 000 төгрөг буюу 37 500 000 төгрөгийг Хид 2004 онд өгсөн. Тухайн газрын 50 хувийг Х, үлдсэн хувийг бид ашиглахаар тохирч энэ тухай гэрээг 2006 оны 8 дугаар сарын 24-ний өдөр байгуулан, өөрсдийгөө төлөөлүүлж ХХХгээр гарын үсэг зуруулсан. Уг газар дээр миний бие байшин барьж эхэлсэн ба хөрөнгө мөнгөний боломжоос шалтгаалан 2007 онд зогссон. Гэтэл газар дээр буулгаж орхисон материалыг маань бусдад өгөх, байшингийн эд зүйлийг эвдлэх зэргээр Х нь дураар авирлах болсон тул Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст 2016 оны 9 дүгээр сард гомдол гаргаснаар түүний үйлдэл зогссон.

“Талууд гэрээг нөхөн байгуулсан бөгөөд хамтран ажиллаж байснаа 2007 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр баталгаажуулсан, энэ гэрээнд ХХХ гарын үсэг зурсан нь ХХ … хариуцагчтай хамтран ажиллаагүй гэж үзэх үндэслэл болохгүй” гэж Хан-Уул дүүргийн 1238 дугаар шийдвэрт ч дурдсан байгаа. Иймд өөрийн эрхийг хамгаалахын тулд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: 1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас олгосон газар ашиглах 2004 оны 1/104 дугаартай гэрчилгээний хавсралтад заагдсан газрыг Хийн хамт хамтран ашиглах эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ХХХ миний бие 2005 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ХХ, ХХХХ, Ч.ХХХХХХХХХ, ХХХХХ, ХХ нарын хамт Хан-Уул дүүргийн нутаг, Зайсангийн аманд байрлах Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын хотхон барих, хамтран ашиглах зорилгоор Хтой хамтран ажиллахаар тохирсон. Хамтын ажиллагааны хүрээнд Х газрын 50 хувьд барилга байгууламж барих, газрын дэд бүтэц буюу гүний худаг, зам, цахилгаан, хашаа хайс, дулаан болон цэвэр усны шугамыг Х барьж байгуулах бусад талууд оногдох төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон.

Тохиролцсоны дагуу талууд тус бүр 6 250 000 төгрөгийг Хид шилжүүлсэн. Мөн Х нь газар эзэмших эрх, хамтын ажиллагаанд шаардлагатай зөвшөөрөл, техникийн нөхцлүүд авах үүрэгтэй байсан. Эдгээр эрх, үүргийг баталгаажуулж 2005 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ХХХ би Хтой №1 дугаартай “хамтран ажиллах гэрээ”, 2006 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Ч.ХХХХХХХХХ бусад 5 оролцогч нарыг төлөөлж Хтой №1 дугаартай “хамтын үйл ажиллагааны гэрээ”, 2006 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ХХХ би Хтой №2 дугаартай “хамтран ажиллах гэрээ”-г тус тус байгуулсан.

Гэрээ байгуулснаас хойш Х нь талуудын оруулсан хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй, тухайн газарт дэд бүтэц бариагүй, зарим оролцогчид барилга баригдах явцад хамтын ажиллагаанаас гарсан, хөрөнгө мөнгө саатсан, талууд маргалдсан зэргээр өнөөдрийг хүрлээ. ХХХ миний бие 2005 оны 6 дугаар сарын эхлэн 100 хувь өөрийн хөрөнгөөр барилгаа санхүүжүүлж гэрээгээ зөрчилгүй өнөөдрийг хүртэл явж ирсэн төдийгүй тус газрын харуул хамгаалалтын төлбөрийг хувиасаа төлж ирсэн, энэ хугацаанд банкны зээл авч барилгад хөрөнгө оруулсан, баригдсан барилга дэд бүтэцгүй, газар Хийн нэр дээр байсан учир барьцаалах боломжгүй зэргээс шалтгаалж их хэмжээний хөрөнгийг үхмэл болгон түгжиж, зээл зээлийн хүүгээ төлөхөд хүндрэлтэй болж банкны зээлийн хугацаа хэтэрснээс болж өөрийн орон сууцаа хүртэл зарж өр ширээ дарж байсан. Гэтэл Х нь гэрээний үүргээ зөрчин бидэнд мэдэгдэлгүйгээр газрыг гуравдагч этгээдэд зарахаар тохиролцож, өнөөдрийг хүртэл гаргасан хүчин чармайлтыг үгүй хийж итгэл эвдлээ. Иймд дараах шаардлагуудыг гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Үүнд:

1. Хийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Зайсангийн аман дахь тусгай хамгаалалтын нутаг дэвсгэрт ашиглах эрх бүхий 1/104 дугаартай гэрчилгээ бүхий газарт гүний худаг, цахилгаан дамжуулах шугам, дэд өртөө, зам, бохирын худаг, дулааны болон цэвэр усны шугам татахыг даалгаж өгнө үү.

2. Хийн ашиглах эрх бүхий газраас өөрт ногдох хэсгийг ашиглах эрхтэй болохыг тогтоож өгнө үү.

3. Хийн ашиглах эрх бүхий газар дээр барьсан барилгын захиалагч, хөрөнгө оруулагчийн хувьд эзэмших, ашиглах эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн шүүхэд гаргасан Байгаль орчны яамны сайдын олгосон 104 тоот ашиглах эрхийн гэрчилгээг Хийн хамт хамтран ашиглах эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гаргасан байдаг. Тухайн газар ашиглах эрхийн гэрчилгээ нь Байгаль орчны яамны сайдын зөвшөөрлөөр олгогддог бөгөөд гэрчилгээг олгохдоо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу олгодог юм. Энэ болзол журмын дагуу Х тухайн газрыг өөрийнхөө нэр дээр авсан юм. Үүнтэй холбоотойгоор захиргааны хэргийн шүүхэд асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд захиргааны хэргийн шүүхийн 556 тоот шийдвэрийн тогтоох хэсэг, үндэслэх хэсэгт маш тодорхой зааж өгсөн байгаа. Байшин барилгыг эзэмших эрхтэй гэдгийг иргэний шүүхээр тогтоосон. Түүнээс биш газар ашиглах эрхтэй гэж тогтоож өгөөгүй. Газар ашиглах эрх нь Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулиар хориглогдсон байгаа. Ийм учир ХХын сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

ХХХын сөрөг нэхэмжлэлийг мөн зөвшөөрөхгүй. Учир нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр буюу Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1238 дугаар шийдвэрээр түүнийг талуудын байгуулсан гэрээний оролцогч биш, гэрээнээс гарч явсан гэдгийг маш тодорхой дурдсан байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Хийн ашиглаж буй аялал жуулчлалын зориулалт бүхий 1.4 га талбайтай Байгаль Орчны яамны 1/104 дугаар газар ашиглах эрх бүхий газрыг чөлөөлж, дутуу баригдсан барилгыг буулгахыг хариуцагч ХХ, ХХХ нарт даалгах тухай үндсэн, ХХ, ХХХ нарын газар хамтран ашиглах эрхтэй болохыг тогтоолгох, ХХХын гэрээний үүргээ биелүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХХХ газар хамтран ашиглах эрхтэй болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Х, хариуцагч ХХХ, ХХ, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХХХ нараас улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХХХ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Өмгөөлөгч ХХХХХХ миний бие Хийн нэхэмжлэлтэй ХХ, ХХХ нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаагийн хувьд тус хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2016 оны 4 сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/03142 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Иргэн Х нь ХХ, ХХХ нарт холбогдуулж өөрийн ашиглах эрх бүхий газрыг чөлөөлүүлэх, тухайн газар дээр хууль зөрчин баригдсан ХХХ, ХХ нарын дутуу барьсан барилгыг буулгахыг даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Тус хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүгч Н.Хангал хянан 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх шүүх шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитоор судалж, үйл баримтыг зөв үнэлж дүгнэлгүйгээр өнгөц үндэслэл муутай дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Тухайлбал, шийдвэр үндэслэх хэсэгт “ ...анх Х өөрийн зүгээс ашиглах эрх бүхий газрыг, ХХ, ХХХХХ, ХХХХ, ХХ нарын хүмүүс тодорхой хөрөнгө буюу мөнгийг нийлүүлэн Зайсангийн аманд байрлах Хийн ашиглах эрх бүхи 1.5 га газар дээр аялал жуулчлалын Эко хотхон цогцолбор барьж, хамтран ажиллахаар тохиролцсон талууд 2006 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хамтын ажиллагааны тухай №01 тоот гэрээг нөхөн байгуулсныг 2007 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр нотариатаар баталгаажуулсан, хамтран ажиллах гэрээ үргэлжлэх явцад ХХ, ХХХ, ХХХХХ нар гэрээнээс гарч явсан талаар зохигчид маргаагүй байхаас гадна энэ талаар дүгнэлт хийсэн Хан-Уул дүүргийн 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1238 дугаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна” гэж, дээрх шийдвэрийг үндэслэн ХХыг уг газрыг хамтран ашиглах эрхтэй мэтээр алдаатай дүгнэлт хийж, газрыг чөлөөлүүлэх тухай манай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.

Угтаа дээрх Хан-Уул дүүргийн 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1238 дугаар шүүхийн шийдвэрээр ХХыг тухайн газар дээр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, өөрийн хөрөнгөөр барьсан орон сууцаа эзэмших эрхтэй гэж дүгнэснээс тухайн маргаж буй 1.5 га газрыг ашиглах эрхтэй гэж дүгнэсэн хэрэг биш юмаа.

Эндээс үзэхэд нэхэмжлэгчийн гаргаж буй өөрийн ашиглах эрх бүхий газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байх бөгөөд ХХ нь хамтран ажиллах зорилгоор оруулсан хөрөнгө буюу мөнгийг жичид нь Хоос нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа билээ.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2016 оны 4 сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/03142 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХын өмгөөлөгч ХХХХХХХХ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хийн нэхэмжлэлтэй ХХХ, ХХ нарт холбогдох бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХХХ нарын иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд №102/ШШ2016/03142 дугаар шүүхийн шийдвэр гаргасныг хариуцагч ХХХын өмгөөлөгч ХХХХХХХХ би эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх энэхүү шийдвэрээр үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийн зөвхөн ХХХын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргаж байгаагаа тодруулах нь зүйтэй.

Шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн үндэслэх хэсэгт хууль тогтоомж хэрэглэлгүй шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэдэгт зохигчид маргаагүй. Гэхдээ нэхэмжлэгчийн зүгээс энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлага гаргаагүй, гэрээ цуцлагдаагүй, гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болоогүй. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан 3 баримт нь нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шууд нотлох ач холбогдолгүй баримтууд юм. Учир нь шүүх ХХХын миний оруулсан хөрөнгийн хохирлыг бүрэн барагдуулсан, төлбөр тооцоогоо дуусгаж ажлаа зогсоосон гэж 5 жилийн өмнөх баримтуудыг үндэслэн гэрээний оролцогч биш гэж үзэж байгаа бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л явцад хохирол барагдуулаагүй, гэрээ дуусгавар болгоогүй, төлбөр тооцоо хийж байгаагүй гэсэн татгалзлуудад ч анхаарал хандуулах ёстой. Яагаад гэвэл ХХХ төлбөр тооцоо хохирол барагдуулах гэрээ дуусгавар болгоход чиглэсэн үйлдэл хийж байгаагүй, тухайн үед Хийн шахалтаар хийсэн тайлбар гэдгийг ХХХ хүлээн зөвшөөрдөг. Төлбөр тооцоо төлж буюу харилцан тохиролцож гэрээг дуусгавар болгосон гэж нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар бол энэ талаар (ядаж төлбөр төлсөн тухай) нотлох баримтыг дурдаж байж дүгнэлт хийх шаардлагатай.

Хариуцагч ХХХын сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа үндсэн шалтгаан болон нэхэмжлэгч Хийн “ХХХын эзэмшлийн дутуу баригдсан барилгыг буулгах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудаас харвал гэрээний харилцаа дуусгавар болоогүй байгаа гэдэг нь ойлгомжтой. Хариуцагч нар нь тухайн барилгуудыг өөрийн эзэмшилдээ байлгаж, харуул хамгаалалттай байлгасны үр дүнд нэхэмжлэгч тухайн газрыг эзэмшиж, нэхэмжлэл гаргах эрх нь хадгалагдаж байгаа.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд №102/ШШ2016/03142 дугаар шийдвэрийн ХХХын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 03142 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын өөрт холбогдох хэсгийг дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байх тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул түүнийг үндэслэн газар хамтран эзэмших эрхтэй болохыг тогтоолгох шаардлага гаргасан байхад дахин нотлогдохгүй гэсэн үндэслэл зааж, урьд шүүхэд хэлэлцэгдээгүй үйл баримтыг хэлэлцэгдсэн мэтээр дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.

Хэрэв сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг урьд шүүх хэлэлцэж, шийдвэрлэсэн хэмээн дүгнэх юм бол уг газрыг ХХ хамтран эзэмших боломжтой гэсэн үг. Гэтэл тийм боломж байхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийн үйл баримтыг зөв тодорхойлсон боловч, зохигчдын хоорондын харилцаанд хамааралтай Иргэний хуулийн зохицуулалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглээгүй, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлээгүй орхидуулсан байгааг залруулан өөрчлөх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХ, ХХХ нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд байрлах 1.5 га, өөрийн аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй газар дээр хариуцагч нартай хамтран ажиллах гэрээний дагуу баригдсан дутуу барилгыг буулгуулж, тэдний хууль бус эзэмшлээс өөрийн ашиглах эрх бүхий газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, ХХ нь 2004 оны 1/104 дугаартай гэрчилгээний хавсралтад заасан газрыг Хийн хамт ашиглах эрхтэй болохыг тогтоолгох, ХХХ нь Хид хамтран ажиллах гэрээний дагуу гүний худаг, цахилгаан дамжуулах шугам, дэд өртөө, зам, бохирын худаг, дулааны болон цэвэр усны шугам татахыг даалгах, газраас өөрт ногдох хэсгийг ашиглах эрхтэй болон барилгын захиалагч, хөрөнгө оруулагчийн хувьд эзэмших, ашиглах эрхтэй болохыг тус тус тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ. /хэргийн 35, 38 дугаар тал/

 

Гуравдагч этгээд ХХХХ нь газар хамтран ашиглах эрхтэй болохыг тогтоолгох бие даасан шаардлагаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан байна.

 

Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл, ХХ, ХХХ, ХХХ, ХХХХХ, ХХХХ, ХХ нарын хүмүүс тодорхой хөрөнгө нийлүүлэн Зайсангийн аманд байрлах нэхэмжлэгч Хийн аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх бүхий 1.5 га газар дээр аялал жуулчлалын “Эко хотхон” цогцолбор барьж, хамтран ажиллахаар тохиролцсон, талууд 2006 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хамтын үйл ажиллагааны тухай №01 тоот гэрээг нөхөн байгуулж, хамтран ажиллах гэрээ үргэлжлэх явцад ХХ, ХХХ, ХХХХХ нар гэрээнээс гарсан талаарх үйл баримт нь гэрээ, Хан-уул дүүргийн шүүхийн 2011 оны 1238 дугаартай шийдвэр, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг Байгаль орчны сайдын тушаалын дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгогдсон 2004 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1/104 тоот гэрчилгээгээр 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ашиглах эрхтэй талаар талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь уг газар хууль зөрчиж баригдсан барилгыг нураалгаж, газрыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

 

Дээрх Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1238 дугаар шийдвэрээр талууд “Хамтран ажиллах гэрээ”-ний үндсэн дээр Хийн ашиглах эрхтэй газар дээр байшин барьж, хамтран ажилласан, хариуцагч ХХ дутуу баригдсан барилгыг хамтран эзэмших эрхтэй болсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгчид шаардах эрх үүсэхгүй байна. /хэргийн 18-20 дугаар тал/

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч ХХ маргаан бүхий барилгыг хамтран эзэмшиж байгаа нь хууль бус болохыг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлоогүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болно.

 

Талууд 2006 оны 8 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан “Хамтын үйл ажиллагааны тухай” №01 тоот гэрээний 1.1-т заасан “аялал жуулчлалын зориулалтын “ЭКО Хотхон” цогцолбор барих” зорилгоо санхүүгийн боломжгүйгээс биелүүлж, гэрээгээр тохиролцсон үр дүнд хүрч чадаагүй нь талуудын тайлбараар нотлогдож байх боловч, гэрээг хуульд заасан журмын цуцласан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул мөн гэрээний 2.3-т “Талууд нийтийн ашиглалтын зориулалттай зам талбай, орц гарцыг бусдын адил ашиглах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч нар нь уг маргаан бүхий газрыг ашиглах эрхийг нэхэмжлэгчээс шаардах эрх үүсэхгүй юм.

 

Түүнчлэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.” гэж тус тус зохицуулсан ба нэхэмжлэгч газар ашиглах эрхийг хариуцагчид олгох эрхгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй.

 /хэргийн 42 дугаар тал/

 

Түүнчлэн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад холбогдох Хийн ашиглах эрхтэй 1.5 га газрыг хамтран ашиглагчаар бүртгээгүй сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах 2004 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1/104 дугаар бүхий гэрчилгээнд газар хамтран ашиглагчаар бүртгэхийг даалгуулах тухай нэхэмжлэгч ХХын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 556 дугаар шийдвэр, мөн оны Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 90 дүгээр магадлал хэрэгт авагдсан, уг шийдвэрүүд хүчин төгөлдөр болох талаар талууд маргаагүй тул Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.9 дэх хэсэгт “Гэрээний тал бүр аливаа оролцогч талаас гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардаж болно” гэж зааснаар хариуцагч ХХ нь нэхэмжлэгчээс газрыг хамтран ашиглах эрхтэйг тогтоолгохыг шаардах эрхгүй юм. /хэргийн 183-189 дүгээр тал/

 

Хариуцагч ХХХ нь нэхэмжлэгч Хид хамтран ажиллах гэрээний дагуу гүний худаг, цахилгаан дамжуулах шугам, дэд өртөө, зам, бохирын худаг, дулааны болон цэвэр усны шугам татахыг даалгах, газраас өөрт ногдох хэсгийг ашиглах эрхтэй болон барилгын захиалагч, хөрөнгө оруулагчийн хувьд эзэмших, ашиглах эрхтэй болохыг тус тус тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч тэрээр барилгын материалыг ашиглахаар өөрийн хэсгийг буулгаж, ХХХХХХХХХХХ нь түүний оруулсан хөрөнгийн хохирлыг барагдуулсан талаар 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бичгийн баримт үйлдэж гарын үсэг зурсан болохоо үгүйсгэсэн баримтыг гаргаагүй, Хан-уул дүүргийн шүүхийн 2011 оны 1238 дугаартай шийдвэрт түүнийг хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгөө татан авсан талаар зааснаас үзвэл, нэхэмжлэгчтэй байгуулсан 2006 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “Хамтын үйл ажиллагааны гэрээ”, 2006 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2 тоот “Хамтран ажиллах гэрээ”-нээс тус тус гарч, гэрээний тал биш гэж шүүх дүгнэсэн нь зөв бөгөөд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж зааснаар хариуцагч ХХХын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй болно.

 /хэргийн 191, 194, 20 дугаар тал/

 

Харин шүүх хариуцагч ХХХын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас барилгыг захиалагч, хөрөнгө оруулагчийн хувьд эзэмших, ашиглах эрхтэй болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүх залруулахаас гадна, хариуцагчийн өөр хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлгийг энэ хэргийг шийдвэрлэхэд нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь буруу болохыг тэмдэглэх нь зүйтэй болно.

 

Мөн шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “Хамтран ажиллах гэрээ”-ний харилцааг зохицуулсан талуудын шаардах эрхэд хамааралгүй Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь буруу байна.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын хувьд өөрчлөлт оруулж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/03142 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 478 дугаар зүйлийн 478.9, 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Хийн ашиглаж буй аялал жуулчлалын зориулалт бүхий 1.4 га талбайтай Байгаль Орчны яамны 1/104 дугаар газар ашиглах эрх бүхий газрыг чөлөөлж, дутуу баригдсан барилгыг буулгахыг хариуцагч ХХ, ХХХ нарт даалгах тухай үндсэн, ХХын газар хамтран ашиглах эрхтэй болохыг тогтоолгох, ХХХын Хид хамтран ажиллах гэрээний дагуу гүний худаг, цахилгаан дамжуулах шугам, дэд өртөө, зам, бохирын худаг, дулааны болон цэвэр усны шугам татахыг даалгах, газраас өөрт ногдох хэсгийг ашиглах эрхтэй болон барилгын захиалагч, хөрөнгө оруулагчийн хувьд эзэмших, ашиглах эрхтэй болохыг тус тус тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч Хийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагч ХХХын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагч ХХын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                            ШҮҮГЧИД                            А.МӨНХЗУЛ

 

                                                                                     С.ЭНХТӨР