Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2018/0259

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 09 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2018/0259

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

Д.З нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Д.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 128/ШШ2019/0146 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р давж заалдах гомдлоор, Д.З нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Д.З 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ажлаар хангаагүй нь хууль бус болохыг тогтоолгож, ажлаар хангахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх бичилт хийлгэх”-ийг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 128/ШШ2019/0146 дугаар шийдвэрээр:

“Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Д.З ажлаар хангаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, бололцооны дагуу өөр ажлаар хангахыг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин ..... /........../ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ”, 54 дүгээр зүйлийн 54.1,1-т “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан байна. Гэтэл анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтыг буруу тайлбар хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Шүүх хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэж, үүнийгээ захиргааны акт тул захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан гэж үзсэн. Ингэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж захиргааны актын шинжийг дурдаж заасныг анхаараагүйгээс алдаа гаргасан гэж үзэж байна.

Төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ тухайн актын шинжүүдээс “нийтийн эрх зүйн хүрээнд” байх шинжээр нь ердийн харьяаллын шүүх шийдэх үү, захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх үү гэдэг нь тодорхойлогдож, шүүх жишиг тогтоосон байна. Шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл буюу нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ баримталсан хуулиас үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг баримтлаж талуудын хооронд үүссэн харилцааг нийтийн эрх зүйн харилцаатай огт хамааралгүй байдлаар шийдсэн.

Дээрхээс үзвэл талуудын буюу ажилтан, ажил олгогчийн хооронд үүсч буй харилцаа байх бөгөөд нийтийн эрх зүйн хүрээнд харилцаа үүссэн болохыг шүүх ямар нэгэн үндэслэлээр тогтоогоогүй. Иймээс бид уг маргааныг нийтийн эрх зүйн маргаан гэхээс илүү ердийн харьяаллын шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар харьяалуулсан маргаан гэж үзнэ.

2.Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасныг шүүх баримталсан нь төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлээ өөрийг нь буруу халсан гэсэн үндэслэлээр гаргаагүй бөгөөд бололцооны дагуу ажлын байраар хангуулах агуулгаар гарсан. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн маргаагүй буюу “...шинээр ажилд орсон нэхэмжлэгчийг ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн дүгнэлт хийсэн. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчсөн.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг энэ тохиолдолд хэрэглэх боломжгүй бөгөөд хуулийн нөхцөл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан нөхцөлөөр ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосонтой холбоотой эрх зүйн үр дагаврыг зохицуулсан заалт юм. Үүнийг Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхим хэрэг хянан шийдвэрлэхдээ /миний оролцсон 2 удаагийн тохиолдолд/ албан ёсоор тайлбарлаж хэрэглэсэн. Гэтэл шүүхүүд адил маргаанд хуулийг өөр өөр тайлбарлан хэрэглэж, эрх зүйн тодорхойгүй байдал үүсгэхүйц нөхцөлийг үүсгэчихлээ.

Дээрх тохиолдлуудад “ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар ажилтанд бололцооны дагуу өөр ажил олж өгөх ажиллагаа явуулаагүй тохиолдолд ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор олгох тухай зохицуулалт хуульд байхгүй байна” гэж дүгнэсэн юм.

Өөрөөр хэлбэл боломжтой бол хэрэгжүүлэх буюу альтернатив шинжтэй үүргийн эрх зүйн үр дагаврыг зайлшгүй биелэх үүргийн үр дагавраас үүсэх хохирол, нөхөн олговрын зохицуулалттай адилтгах боломжгүй болохыг нэгэнт шийдсэн билээ.

Яамны хувьд хуулийн дээрх заалт буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан альтернатив шинжтэй үүргийг л нэхэмжлэгчийн өмнө хүлээж байгаа болно. Энэ талаар захиргааны хэргийн шүүх ямар ч нотлох баримт цуглуулаагүй, дүгнээгүй тухай дараагийн гомдлын үндэслэлд тодорхой дурдана.

3.Нэхэмжлэгчийн эрх зүйн байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдолтой.

Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна”, 9 дүгээр зүйлийн 9.1.2-д “Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал нь төрийн үйлчилгээний албан хаагч болохыг хуулиар тогтоосон.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-т “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан бөгөөд Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” 354 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын 4 дэх хэсэгт политехник коллежийн захирал нь /ТҮМБ-7/ зэрэглэлд хамаарах төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарахыг тус тус заасан. Энэ нь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн хуулиар зохицуулахыг заасан зохицуулалтууд юм.

Нэхэмжлэгчийг захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо хууль тогтоомж зөрчиж томилсон байсан юм. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлыг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13-т заасны дагуу сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилж, чөлөөлдөг. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын сонгон шалгаруулалтыг явуулах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 128 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 2.4.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол яам, агентлагийн харъяа болон Сайдын эрхлэх асуудлын хүрээний улсын төсвийн байгууллагын дарга /төсвийн шууд захирагч/-ын албан тушаалд томилогдох нэг ажилтныг Төрийн албаны зөвлөлөөс баталсан журам, зааврын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий этгээдэд өгөх” гэж заасны дагуу Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тусгайлсан чиг үүргийн хүрээнд эрхлэн явуулдаг. Гэтэл өмнө нь нэхэмжлэгчийг томилохдоо дээрх Төрийн албаны тухай хууль тогтоомж, Төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журмын дагуу сонгон шалгаруулалт явуулалгүйгээр шууд түр орлон гүйцэтгэгч гэх хууль бус албан тушаалд томилсон байдаг.

Түүнчлэн эзгүй байгаа төрийн үйлчилгээний албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн буюу бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх, өөрийн байгууллагад өөр ажил хослон гүйцэтгэх болон ажил олгогч ажилтантай тохиролцсоноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх буюу түүний ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулж болно” гэж заасан хүрээнд тухайн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчаар албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх боломжтой байтал хууль тогтоомж зөрчин гаднаас буюу тухайн байгууллагад ажилладаггүй хүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Иймээс бодит байдалд дээрх хууль бус томилгоог шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаагаар залруулсан ажиллагаа юм.

4.Захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй.

Захиргааны хэргийн шүүх нь хариуцагчийн гол татгалзал буюу гомдлын 3 дахь хэсгийг үгүйсгэж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримтлах ёстой байсан үйл баримтыг тогтоох ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “...бололцооны дагуу өөр ажилд олж өгнө” гэсэн нь хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж байгаа шинээр томилогдсон ажилтны зөвшөөрлөөр, хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцэд ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой. Энэ талаар ямар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй бөгөөд ажлын байр бололцоотой байсан уу, үгүй юу гэдгийг шүүх тогтоогоогүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Энэхүү маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаарах бөгөөд гомдолд дурдсан “харьяаллын бус” гэсэн үндэслэлээр бус харин дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

Маргаан бүхий захиргааны акт гарах хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Д.З нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр мөн оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байсан, иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэсний дагуу нэхэмжлэгчид бололцооны ажил олж өгөхийг шүүхийн журмаар хариуцагчид даалгах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр заавал биелэгддэг, мөн биелэгдэх бодит боломжтой байх ёстой. Гэтэл энэ тохиолдолд чухам ямар ажлаар хангахыг даалгах боломжгүйгээс шүүхийн шийдвэр үл биелэгдэх магадлалтай, түүнчлэн нэхэмжлэгч эрх зүйн байдлын хувьд тухайн албан тушаалд жинхлээгүй буюу түр томилогдсон, мөн нэхэмжлэлийн үндэслэл болгосон дээрх хуулийн заалтыг хариуцагчид “үүрэг” болгосон зохицуулалт гэж тайлбарлах боломжгүй.  

“Бололцооны ажил олж өгөх” гэдэг нь сул эсхүл шинээр тоо гарсан тохиолдолд хэрэгжих ойлголт бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э гаргасан “…яамны зүгээс нэхэмжлэгчийг ажлын байраар хангах үүрэгтэй гэдгээ ойлгож байгаа, гэвч одоогоор орон тоо байхгүй…” гэсэн тайлбарыг үгүйсгэхээргүй байна.   

Бодит байдалд Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байсан П.О халж, оронд нь Д.З түр томилсон, гэвч П.О халсан тушаалыг хүчингүй болгож, үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан нэхэмжлэгчийг чөлөөлсөн байгаагаас үзэхэд “…анхнаасаа сонгон шалгаруулалтгүйгээр Д.З МСҮТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон хууль бус тушаалыг шүүхийн шийдвэрийг биелүүлэх байдлаар залруулсан…” гэх гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ч, хариуцагчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу орон тоо гарсан тохиолдолд Д.З бололцооны ажлаар хангах шаардлагатай болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг үндэслэл болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 128/ШШ2019/0146 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.З Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдуулан гаргасан “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ажлаар хангаагүй нь хууль бус болохыг тогтоолгож, ажлаар хангахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН