Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 798

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч М.Мөнхцэцэг,

шүүгдэгч ..., түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас ...д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ............... дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ., ....

 

Шүүгдэгч ... нь “2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 13 дугаар байрны 4 тоотод ...гийн долоовор хурууны нэгдүгээр үеийг тас хазаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ... мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч ...гийн өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 03-ны 21 цаг өнгөрч байхад би согтуу гэртээ орсон. Учир нь барилгачдын баяр болоод би архи уусан байсан юм. Би гэртээ орсноо санаж байна. Би гэртээ орсон чинь эхнэр ..., охин ..., охин ... байсан бөгөөд ... эгчийн гэрт орно гээд гарсан. ... эгчийн гэрт ороход ... эгч, төрсөн эгчийнхээ хамт байсан бөгөөд зүс мэдэх ..., танихгүй эрэгтэй эмэгтэй нийлсэн 5 хүн архи ууж байсан. Намайг ороход 1 хундага архи өгчихөөд нэг шил архи аваад ир гээд гаргасан. ... нь намайг дагаад ... эгчийн гэрээс гарсан чинь юу болсон мэдэхгүй байна нэг мэдсэн чинь үүдний довжоон дээр дээш харан газар унаснаа санаж байна. Яагаад унасан эсэхээ мэдэхгүй байна. Миний толгойн ар хэсгээс цус гарсан. Түүнээс хойш юу болсон эсэхийг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 40-42, 49-50/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч ...гийн өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 03-ны орой 19 цагийн орчим төрлүүд болох ..., ... нарын хамт гурвуулаа нагац эгч ...ын гэрт очиход төрсөн эгч Цэрэндолгорын хамт хоёулаа байсан. ... эгч бид нарт хоол цай хийж өгсөн. Бид нар 22 цагийн орчим хоол болонгуут авч очсон нэг шил 0,75 литрийн архийг задлаад тавуулаа ууж байсан. Бид нарыг ... эгчийн гэрт байхад хашаанд амьдардаг ... гэх залуу согтуу хэд хэдэн удаа орж ирээд гарсан. Хамгийн сүүлд 22 цагийн орчим ... орж ирэн ширээнд суухаар нь би 1-2 хундага архи хийж өгсөн. Тэгтэл ...гийн согтуу яриа нь олширсон байсан. ... эгч ...г гэртээ орж амар бид нар амарлаа гэж 2-3 удаа хэлсэн. Тэгтэл ... гарахгүй суугаад байхаар нь би ...г чи гар гэртээ харьж амар эгч нь гаргаж өгье гээд хамт гарах явцдаа ... рүү би баруун гараараа эгчийн дүү хурдан гар бид нар амрах гэж байна гэж хэлсэн чинь ямар нэгэн үг хэлэхгүй баруун гарын долоовор хурууны үзүүр хэсгээс хазчихсан. Би тавиач өвдөж байна гэж хэлэн маш чангаар хашгирсан. Миний гар дагаад цус гарч эхэлсэн энэ үед ... хүрч ирээд болиоч гарыг нь тавиач гэж хэлсэн боловч миний гарыг тавихгүй улам чанга хазаад байсан. Энэ үед ... хүүе гарыг нь тавь гээд миний баруун гарнаас хойш хүчтэй татсан чинь хуруу тавигдсан. Энэ үед ... ... нар давхралдаад арагш унаж байсан. Яг ямар байдалтай унасан эсэхийг мэдэхгүй учир нь миний гар маш их өвдөж цус их гарч байсан. Би эргээд том өрөөнд орсон чинь юу болсон талаар бүгд асуухаар нь миний хурууг ... хазчихлаа гэж хашгирсан. Энэ үед ... ... нар хурууг чинь тас хазчихсан байна гэж хэлсэн. Манай охин Баярмаа, хүү ... нарыг ... эгч дуудсан. Мөн цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллага хэн мэдэхгүй байна дуудсан. Манай хүү, охин хоёр ирээд ...гээс яагаад манай ээжийн гарыг хазсан талаар асуухад хүүхдүүд нь манай аав хазаагүй хаалганд хавчсан байх гэж худлаа ярьсан. Миний хурууны үзүүрийг цагдаа залуу ... эгчийн гэрийн үүд хэсгээс олсон гэсэн.

Миний баруун гарын долоовор хурууны нэгдүгээр үеийг ... тас хазсны дараа бүх биеийн яс янгинаж өвддөг байсан. Хэрэг гарсан өдөр Гэмтлийн эмнэлэг дээр хуруунд битүүлэн оёо тавьсан боловч гар лугшиж өвдөн улайлт өгөн үзүүр оёдол хэсгээс харлан үхжилт өгч эхэлсэн. Би дахин Гэмтлийн эмнэлэгт хандахад хуруунд тавьсан оёдлыг аван хурууны харлаж үхжсэн хэсгийг 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр дахин хайчлуулан авхуулсан. Би эмчилгээнд гарсан зардал болох 1.040.000 төгрөгийг хүлээн авсан. ... надаас уучлалт гуйсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 12-14, 54-58/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч....ын өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 03-ны оройн 21-22 цагийн орчим би гэртээ төрсөн эгч Цэрэндэжидийн хамт байсан чинь танил ..., ..., ... нар нэг шил 0,75 литрийн архи барьчихсан орж ирсэн. Учир нь манай гэрт зочлон ирээгүй удсан болохоор надтай уулзах гэж ирсэн юм. Бид нар архи ууж байсан чинь гаднаас ... орж ирсэн. Тэгтэл ... эгчийн дүү гэртээ харьж амар бид нар амрах гэж байна одоо унтлаа гэж хэлсэн. Бид нар байшингийнхаа зочны өрөөнд сууж байсан. Манайх дамждаг хоёр өрөө байшинтай айл байгаа юм. ... зочны өрөөнөөс ...г дагуулаад гарсан. Удаагүй ... миний гарыг ... тас хазчихлаа гэж хашгирсаар гүйгээд ороод ирсэн. Би яагаад ...гийн гарыг хазчихваа гэж гараад байшингийнхаа үүд хэсэг рүү харсан чинь ... гэрийнхээ үүд хэсэгт суучихсан эхнэр хүүхэд нь гарч ирсэн байсан бөгөөд ...гийн нүүр толгой хэсгээс цус гарсан байсан. ...гээс юу болсон талаар асуугаагүй. Цагдаагийн байгууллага дуудсан...” гэх мэдүүлэг /хх-н 25-26/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н....ийн өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 03-ны оройн 19 цагийн орчим найзууд болох ... ... нартай нэг шил архи аваад хуурай эгч ...ын гэрт нь очин хоол унд хийж идэн дайлуулж байгаад авчирсан архиа задлан хуваан уусан. Бид нар ... эгчийн гэрт нь хонохоор тохирсон. Оройн 21-22 цагийн орчим ... эгчийн хашаанд байдаг ... гэх залуу ирэн бид нарын сууж байсан ширээний хажууд суусан. Ууж байсан архинаасаа ... 2-3 хундагыг хийж өгч байгаа харагдсан. Бид нар баярлан дуулж байсан бөгөөд ... ...г чи одоо харь бид нар найзуудаараа баймаар байна гэж хэлэн гаргахаар аваад гарсан. Удаагүй ... маш чанга дуугаар ёо ёо гэж хашгирсан бөгөөд удалгүй гаднаас ... баруун гарынхаа долоовор хурууг гозойлгон цусаа гоожуулан орж ирэхээр нь юу болсон талаар асуусан чинь ... миний хурууг хазчихлаа гэж хашгирч байсан бөгөөд ... миний хуруу тасарсан байна гэж хашгирсан...” гэх мэдүүлэг /хх-н 28-30/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д....гийн өгсөн:

“... 2018 оны 9 дүгээр сарын 03-ны 21-22 цагийн орчим ээж ...ын хамт байсан чинь аав ... гаднаас согтуу орж ирсэн. Учир нь барилгачдын баяр болж байгаа болохоор найзуудтайгаа уулзсан байсан. Манай хашааны эзэн эмээ болох ...ын байшингаас хүмүүс дуулж байгаа сонсогдсон чинь аав ... ... эмээгийн гэрт ямар хүмүүс байгаа талаар асуухаар нь би мэдэхгүй дүү нар нь бололтой ах эгч нар ирсэн гэж хэлсэн. Аав ... ... эмээгийн гэрт орно гэхээр нь би энэ хүмүүс их согтуу байгаа талаар хэлсэн чинь үгэнд орохгүй ... эмээгийн гэрт орсон. Ойролцоогоор 5-10 минутын дараа эмэгтэй хүн хашаанд хашгирах сонсогдохоор нь би ээж ..., эгч ... нарын хамт гарсан чинь манай аав ... ... эмээгийн довжоон дээр дээш хараад унасан дээр нь эмэгтэй хүн унасан байсан. цагдаа дээр ирээд нэрийг нь асуухад ... гэж байсан. Бид гурав гүйгээд очсон чинь ... нь аавын дээрээс босоод ... эмээгийн гэр лүү орсон. Харин аав ...гийн толгойн ар хэсгээс цус гарч байсан. ... эмээгийн байшингаас миний хуруунаас цус гараад байна гээд хашгираад байсан. Би эгч ..., ээж ...гийнхээ хамт аав ...г газраас босгоод гэрийнхээ үүд хэсэгт аваачсан. Толгойн ар хэсгээс гарч байсан цус тогтохгүй байсан. Би өөрийн ......... дугаартай утаснаас 102, 103 дугаарт манай аав цус алдаад байна гэсэн дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирсэн. Тэгээд цагдаа ирсний дараа байшингийн довжооны урд хэсэгт байрласан машины хажуугаас ... эгчийн хурууны тасархай, бөгжийг олж авсан...” гэх мэдүүлэг /хх-н 31-33/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж....ын өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр би найзууд болох ..., ... нартай тааралдаж 19-20 цагийн орчим хуурай эгч болох ...ын гэрт нь очсон. Би гаднаас нэг шил 0,75 литрийн Соёрхол архи авч орсон бөгөөд ...ын эгч хоол цай хийж өгөн дайлсан. Бид нар хоол унд идэж авчирсан 1 шил архийг задлан ууцгаасан. Бид гурвыг очиход ... эгчийн гэрт нь төрсөн эгч нь гэх хөгшин эмээ байсан. Гаднаас хашаанд амьдардаг гэх согтуу залуу болох ... орж ирэхээр нь би архинаасаа хоёр хундага хийж өгөн танилцсан. Тэгтэл ... цөмөөрөө унтаж амръя ...г харь гэж хэлсэн. Тэгээд ... босоод ...г гаргаж өгье гээд гарсан. Удалгүй ... ёо ёо гээд хашгирах чимээ гарахаар би сандраад гарсан чинь байшингийн үүдний довжоо хэсэг дээр ...гийн баруун гарыг нь даган цус урсаж байсан. Би юу болж байна болиоч гэж хэлэн ..., ... нарын дундуур орон ...гийн амнаас ...гийн хурууг татаж авсан тэр хүчиндээ би доор нь ороод ... миний дээр унасан. ... унахдаа миний дээрээс нуруугаа харуулан унасан. Би газраас босонгуутаа ...гийн долоовор хурууг бариад гэрлүү дагуулаад орсон. Тэгтэл ...гийн хуруу тасарчихсан цус маш ихээр гарч байсан. Тэгээд цагдаа дуудсан бөгөөд ...гийн хүүхдүүдэд хэлсэн. Би дундуур нь орж байж ...гийн амнаас ...гийн хурууг сугалж авсан. Тэгтэл хурууг нь тас хазсан байсан бөгөөд хурууны үзүүр олдохгүй, цагдаа нар ирсний дараа цагдаа миний машины хажуу талаас олж авсан...” гэх мэдүүлэг /хх-н 34-36/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д....гийн өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 03-ны оройн 21-22 цагийн орчим би охидууд болох ..., ...ын хамт байсан чинь нөхөр ... гаднаас согтуу орж ирсэн. Учир нь барилгачдын баяр болж байгаа болохоор найзуудтайгаа уулзсан байсан. Манай хашааны эзэн эмээ болох ...ын байшинд хүмүүс дуулж байсан бөгөөд нөхөр ... яагаад дуулалдаад байна гэж асуухаар нь би мэдэхгүй дүү нар нь бололтой ах эгч нар ирсэн гэж хэлсэн. Тэгтэл нөхөр ... ... эмээгийн гэрт орно гэхээр нь би амар гэж хэлсэн боловч үгэнд ороогүй 2 хөгшин дээр орчихоод ирье гээд гараад явсан. Ойролцоогоор 5-10 минутын дараа эмэгтэй хүн хашаанд хашгирах сонсогдохоор нь би 2 охины хамт гарсан чинь ... эмээгийн байшингийн довжоон дээр 2 хүн давхраараа унасан би ямар хүмүүс байсныг харанхуй байсан болохоор сайн хараагүй очсон чинь ... газар унасан эмэгтэй ёо ёо гээд хашгираад байсан. ...гийн толгойн ар хэсгээс цус гарсан болохоор нөгөө хүмүүсрүү анхаарал тавиагүй байсан чинь ...ын гэрээс нэг эмэгтэй буюу ... миний хурууг тас хазчихсан байна шүү дээ гээд хашгираад гараад ирсэн. Би юу болсон талаар асуухад ... ...г миний хурууг тас хазчихлаа гээд хашгираад байсан.. Цагдаа, түргэн ирээд ... болон ...г гэмтлийн эмнэлэг авч явсан...” гэх мэдүүлэг /хх-н 37-39/,

 

Мөрдөн байцаалтад гэрч ...ийн өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 03-ны 23 цагийн орчим манай ээж ...гийн 99934469 дугаартай утаснаас дуудлага ирэхээр нь авсан чинь ээж ... уйлаад ээжийнх нь хурууг хүн тастчихлаа цус нь тогтохгүй байна гээд хашгираад уйлаад миний охин хүрээд ир гэж хэлсэн. Би хаана байгаа талаар асуухад ... эгчийн гэрт байна гэж хэлсэн. Би маш хурдан гэрээсээ гаран ах ... руу утсаар хэлэн ганданд байрлах гэрээс нь аван ... эгчийн гэрт очсон. Ээж ... уйлаад баруун гарынхаа долоовор хурууг доош нь унжуулан цусыг нь гоожуулчихсан сууж байсан. Хурууны үзүүр хэсэгт нөжирсөн байдалтай, газар их хэмжээний цус гарсан байсан. Гэрт ..., ... эгч, нэг танихгүй хөгшин ах нар байсан. Би ээжээсээ хэнд гараа тас хазуулсан талаар асуухад ... эгчийн хашаанд гэр түрээслэн суудаг ... гэх хүн ямар нэгэн шалтгаангүй хурууг нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хазсан тухай хэлсэн. Би ... эгчийн гэрээс гаран ... гэх хүнтэй уулзахад хашаанд байрлах гэрийн гадна цээж нүцгэн жижиг сандал дээр сууж байсан. ...гийн хүзүү хэсгээс цус гарсан түүнийгээ даавуугаар дарчихсан өөдөөс нь 2 охин хараад газар сууж байсан. Би ...гээс яагаад миний ээжийн гарыг хазсан талаар асуусан чинь би хазаагүй гээд хараалын үг хэлээд үглээд байсан. Тухайн хүн маш их согтуу хүний үг сонсох чадваргүй байсан. Харин 2 охин нь бид 2 ажлаа таран хашааны хаалгаар орж ирсэн чинь ээж чинь манай аавын аманд гараа хийгээд газар унасан гэж худлаа хэлсэн. Би хуруу нь тасарсан байна гэж хэлсэн чинь тухайн 2 охин хохьчинь гэж хэлсэн. Би уурандаа цагдаа дуудсан. Цагдаа удалгүй ирээд юу болсон талаар асуухад ... цагдааг хараалын үг урсган загнаад байсан. Харин нэг цагдаа нь манай ээжийн тасарсан хурууг хашаанд хайж байгаад олсон...” гэх мэдүүлэг /хх-н 59-61/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн №.... тоот:

1. ...-н биед баруун долоовор хурууны үзүүрийн шивнүүрийн ойрын 1/3 хэсгийн гэмтлийн тайрагдал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.  Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 87-1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид 10% нөлөөлнө. гэх дүгнэлт /хх-н 17/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 74 /,

- иргэний үнэмлэхий лавлагаа /хх-н 71/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 72/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч ... нь согтуурсан үедээ Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  13 дугаар байрны 4 тоотод ...гийн долоовор хурууны нэгдүгээр үеийг тас хазаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн болох нь:

 

хохирогч ...гийн “...... рүү би баруун гараараа эгчийн дүү хурдан гар бид нар амрах гэж байна гэж хэлсэн чинь ямар нэгэн үг хэлэхгүй баруун гарын долоовор хурууны үзүүр хэсгээс хазчихсан. Би тавиач өвдөж байна гэж хэлэн маш чангаар хашгирсан. Миний гар дагаад цус гарч эхэлсэн энэ үед ... хүрч ирээд болиоч гарыг нь тавиач гэж хэлсэн боловч миний гарыг тавихгүй улам чанга хазаад байсан. Энэ үед ... хүүе гарыг тавь гээд миний баруун гарнаас хойш хүчтэй татсан чинь хуруу тавигдсан. Энэ үед ... ... нар давхралдаад арагш унаж байсан. Миний баруун гарын долоовор хурууны нэгдүгээр үеийг ... тас хазсаны дараа бүх биений яс янгинаж өвддөг байсан. Хэрэг гарсан өдөр Гэмтлийн эмнэлэг дээр хуруунд битүүлэн оёо тавьсан боловч гар лугшиж өвдөн улайлт өгөн үзүүр оёдол хэсгээс харлан үхжилт өгч эхэлсэн. Би дахин Гэмтлийн эмнэлэгт хандахад хуруунд тавьсан оёдлыг аван хурууны харлаж үхжсэн хэсгийг 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр дахин хайчлуулан авхуулсан. Би эмчилгээнд гарсан зардал болох 1.040.000 төгрөгийг хүлээн авсан. ... надаас уучлалт гуйсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ч....ын “...... зочны өрөөнөөс ...г дагуулаад гарсан. Удаагүй ... миний гарыг ... тас хазчихлаа гэж хашгирсаар гүйгээд ороод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 25-26/,

 

гэрч Н....ийн “...... ...г чи одоо харь бид нар найзуудаараа баймаар байна гэж хэлэн гаргахаар аваад гарсан. Удаагүй ... маш чанга дуугаар ёо ёо гэж хашгирсан бөгөөд удалгүй гаднаас ... баруун гарынхаа долоовор хурууг гозойлгон цусаа гоожуулан орж ирэхээр нь юу болсон талаар асуусан чинь ... миний хурууг хазчихлаа гэж хашгирч байсан бөгөөд ... миний хуруу тасарсан байна гэж хашгирсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д....гийн “...эмэгтэй хүн хашаанд хашгирах сонсогдохоор нь би ээж ..., эгч ... нарын хамт гарсан чинь манай аав ... ... эмээгийн довжоон дээр дээш хараад унасан дээр нь эмэгтэй хүн унасан байсан. ...цагдаа ирсний дараа байшингийн довжооны урд хэсэгт байрласан машины хажуугаас ... эгчийн хурууны тасархай, бөгжийг олж авсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ж....ын “...Удалгүй ... ёо ёо гээд хашгирах чимээ гарахаар би сандраад гарсан чинь байшингийн үүдний довжоо хэсэг дээр ...гийн баруун гарыг нь даган цус урсаж байсан. Би юу болж байна болиоч гэж хэлэн ..., ... нарын дундуур орон ...гийн амнаас ...гийн хурууг татаж авсан тэр хүчиндээ би доор нь ороод ... миний дээр унасан. Би газраас босонгуутаа ...гийн долоовор хурууг бариад гэрлүү дагуулаад орсон. Тэгтэл ...гийн хуруу тасарчихсан цус маш ихээр гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-н 34-36/,

гэрч Д....гийн “...... эмээгийн байшингийн довжоон дээр 2 хүн давхраараа унасан би ямар хүмүүс байсныг харанхуй байсан болохоор сайн хараагүй очсон чинь ... газар унасан эмэгтэй ёо ёо гээд хашгираад байсан. ......ын гэрээс нэг эмэгтэй буюу ... миний хурууг тас хазчихсан байна шүү дээ гээд хашгираад гараад ирсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч ...ийн “...Ээж ... уйлаад баруун гарынхаа долоовор хурууг доош нь унжуулан цусыг нь гоожуулчихсан сууж байсан. Хурууны үзүүр хэсэгт нөжирсөн байдалтай, газар их хэмжээний цус гарсан байсан. Гэрт ..., ... эгч, нэг танихгүй хөгшин ах нар байсан. Би ээжээсээ хэнд гараа тас хазуулсан талаар асуухад ... эгчийн хашаанд гэр түрээслэн суудаг ... гэх хүн ямар нэгэн шалтгаангүй хурууг нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хазсан тухай хэлсэн. ... цагдаа нь манай ээжийн тасарсан хурууг хашаанд хайж байгаад олсон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн №10836 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас ...д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч ...г бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

          Хохирлын талаар

Хохирогч ... нь “...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 12-14, 54-58/ өгсөн байх тул шүүгдэгч ...г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан бөгөөд шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй шүүгдэгч ... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хэрэгт хавсаргагдаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ...д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ