Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 805

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч ... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ...д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...

 

Шүүгдэгч ... нь 2018 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 30/б байрны 108 тоотод ...тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ... мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч ...гийн өгсөн:

“...Би 2018 оны 10 дугаар сарын 06-ны орой 22 цагийн үед өөрийн нөхөр ...ын хамтаар найз ...ын гэрт 21-р хороололд усанд ороод хонох гэж очсон байсан. Тэгэхэд манай найз ... залгаад гараад ир уулзацгаая гэхээр нь гарахгүй гээд утсаа салгасан. Тэгээд ...руу залгаад бид нарыг гараад ир гээд утасдаад бид нар гарахгүй гэсэн. Тэгэхэд ...ын утасруу ...ийн утаснаас найз чинь аваарт орсон байна Гэмтлийн эмнэлэг дээр байна гэсэн мессеж ирсэн. Тэгээд бид нар сандраад ...ын нөхөр бид 4 Гэмтлийн эмнэлэг рүү очоод асуухад тийм хүн ирээгүй гээд бид хэд хүлээгээд байж байсан. Тэгээд удалгүй ... гаднаас зүгээр орж ирээд найз нь та нарыг гарч ирэхгүй болохоор тоглосон юм гэж хэлсэн. Тухайн үед ... гаднаас халамцуу орж ирсэн. Тэгээд ... нөхөр рүүгээ уурлаад гэрлүүгээ явсан. ... манай нөхөр бид хэд түүний дүүгийнх гэрт очсон. Тэднийд хүн байхгүй бид нар 1 шил 0,75 литрийн архи хувааж уусан. Тэгээд ... бид 2-луу агсраад чи ...ыг өмөөрлөө гээд надруу уурлаад манай нөхрийг ...тай холбоод байхаар нь би тэр өнгөрсөн амьдрал хамаагүй гээд бид 2-н хооронд хэрүүл болсон. Тэгээд нөхөр бид 2 гарах гээд гутлаа өмсөх гэж байхад намайг үсдэхээр нь би зөрүүлээд үсдэхэд манай нөхөр ...аа бид 2-г салгахад дахиад гүйж ирээд миний 2 гарыг бариад хананд шахахаар нь би уруулнаас нь хазсан. Тэгээд шуугилдаад байж байхад хажуу айлын 2 залуу орж ирээд салгаад бид 2 гарах гэтэл араас дахиж ирээд орилж чарлаад 1 давхарт буугаад намайг дахиад үсдээд бие биенийгээ үсдсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 29-30, 34-35/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч ...ийн өгсөн:

“...Би 2018 оны 10 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед өөрийн найз ..., түүний нөхөр ... нарлуу утсаар залгаж Гэмтэл дээр бэртсэн байна гэж тоглож дуудсан. Тэгээд удалгүй ..., ... нартай Гэмтлийн эмнэлэг дээр уулзаж уучлалт гуйгаад бид 3 БГД-н 11-р хороо 306-108 тоот манай гэрлүү явсан. Бид 3 замаараа дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн архи ундаа ус аваад манайд ороод тэрийгээ хувааж уусан. Тэгээд ... бид 2 юм ярьж сууж байгаад урьдныхаа болсон асуудлыг ярьж хоорондоо хэрэлдэж маргалдсан. Тэгээд ... бид 2 хоорондоо зууралдаж, барьцалдаад бие биенийгээ цохиод би ...гийн 2 гарыг бариад дараад авахад ... миний уруулыг хазсан. Тэгэхэд нөхөр нь салгаад тэр 2 гараад явахад би араас нь гараад хамт лифтээр доошоо буусан. Тэгээд доод давхарт ирээд дахиад маргалдаад ... миний гуяруу 1 удаа өшиглөсөн. Тэгээд би 102 руу дуудлага өгч удалгүй цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан... “ гэх мэдүүлэг /хх-н 12-13/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т....ын өгсөн:

“...Би 2018 оны 10 дугаар сарын 06-ны 22 цагийн үед өөрийн эхнэр ...гийн хамтаар найз ...ын гэрт 1-р хороололд байсан. Тэгэхэд эхнэрийн найз ... эхнэрлүү залгаад уулзая гээд дуудаад байсан. Тэгээд бид 4 гараад Гэмтэл дээр очоод ...тэй уулзахад утсаар тоглож өөрийгөө гэмтсэн гэж хэлсэн гэсэн. Тэгээд уулзахад ... нөхөртэйгээ харьсан. ... манайхруу явъя гээд Гандангийн замын хойд талын буудлын ард шинэ баригдсан байранд очсон. Орохдоо бид 3 гаднаас 1 шил 0,75 литрийн архи авч хувааж уусан. Тэр архинаас эхнэр, ... 2 ихэнхийг нь хувааж уугаад би 3 удаа татсан. Тэгээд тэр 2 юм ярьж байгаад хоорондоо хэрэлдээд ... надруу дайрч намайг түлхээд байсан. Тэгээд бид 2 гарах гэтэл ... эхнэрийг үсдээд, тэр 2 бие биенийгээ үсдээд авсан. Тэгэхээр нь голоор нь ороод салгахад дахиад зууралдаад бие биенийгээ цохиод маажаад орилж чарлаад байсан. Тэгэхэд хажуу айлын 2 залуу орж ирээд хамт салгасан. Тэгээд бид 2 лифтэнд суухад ... араас 1 давхарт буугаад дахиад хоорондоо зодолдоод байсан. Тэгээд жижүүр ах цагдаа дуудаад удалгүй цагдаа ирээд бид нарыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн ... тоот:

1. ...ийн биед зүүн гарын эрхий хурууны алганы төвгөр хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гуя, шилбэ, зүүн гуя, дээд уруулд цус хуралт, дух, хамар, дээд уруул, амны зүүн доор зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /хх-н 26/,

 

- Хохирогч ...ийн хүсэлт /хх-н 47/,

 

Шүүгдэгч ...гийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 39х/,

- байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 41/,

-ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 43/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

шүүгдэгч ... нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 30/б байрны 108 тоотод ...тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч ...гийн “...Би 2018 оны 10 дугаар сарын 06-ны орой 22 цагийн үед ...... манай нөхөр бид нар түүний дүүгийнх нь гэрт очсон. Тэднийд хүн байхгүй бид нар 1 шил 0,75 литрийн архи хувааж уусан. Тэгээд ... бид 2-луу агсраад чи ...ыг өмөөрлөө гээд надруу уурлаад манай нөхрийг ...тай холбоод байхаар нь би тэр өнгөрсөн амьдрал хамаагүй гээд бид 2-н хооронд хэрүүл болсон. Тэгээд нөхөр бид 2 гарах гээд гутлаа өмсөх гэж байхад намайг үсдэхээр нь би зөрүүлээд үсдэхэд манай нөхөр ...аа бид 2-г салгахад дахиад гүйж ирээд миний 2 гарыг бариад хананд шахахаар нь би уруулнаас нь хазсан. Тэгээд шуугилдаад байж байхад хажуу айлын 2 залуу орж ирээд салгаад бид 2 гарах гэтэл араас дахиж ирээд орилж чарлаад 1 давхарт буугаад намайг дахиад үсдээд бие биенийгээ үсдсэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч ...ийн “...Би 2018 оны 10 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед өөрийн найз ..., түүний нөхөр ... нарлуу утсаар залгаж Гэмтэл дээр бэртсэн байна гэж тоглож дуудсан. ... ... бид 2 юм ярьж сууж байгаад урьдныхаа болсон асуудлыг ярьж хоорондоо хэрэлдэж маргалдсан. Тэгээд ... бид 2 хоорондоо зууралдаж, барьцалдаад бие биенийгээ цохиод би ...гийн 2 гарыг бариад дараад авахад ... миний уруулыг хазсан. Тэгэхэд нөхөр нь салгаад тэр 2 гараад явахад би араас нь гараад хамт лифтээр доошоо буусан. Тэгээд доод давхарт ирээд дахиад маргалдаад ... миний гуяруу 1 удаа өшиглөсөн... “ гэх мэдүүлэг,

 

гэрч Т....ын “...... надруу дайрч намайг түлхээд байсан. Тэгээд бид 2 гарах гэтэл ... эхнэрийг үсдээд, тэр 2 бие биенийгээ үсдээд авсан. Тэгэхээр нь голоор нь ороод салгахад дахиад зууралдаад бие биенийээ цохиод маажаад орилж чарлаад байсан. Тэгэхэд хажуу айлын 2 залуу орж ирээд хамт салгасан. Тэгээд бид 2 лифтэнд суухад араас ... араас 1 давхарт буугаад дахиад хоорондоо зодолдоод байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 12114 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас ...д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, гэмт хэргийн зүйлчлэл тохирсон Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч ...г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

 

Хохирлын талаар

Хохирогч ... нь “......тай сайн дураар эвлэрсэн байгаа тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... “ гэх мэдүүлэг /хх-н 47/ өгсөн байх тул шүүгдэгч ...г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч ...д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос ...д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч ...д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан ...гийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ...д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ