Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 808

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,  

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Н.Энхболд,

иргэдийн төлөөлөгч Ш.Отгон-Өлзий,

шүүгдэгч ..., түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас ...т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, . ....

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ... нь 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чандмань-Эрдэнэ” нэртэй шашны эдлэлийн дэлгүүрийн гадна иргэн ...ыг “гандан хийд рүү шээж, намайг зодлоо” гэх шалтгаанаар хутгалж биед нь цээжний зүүн талын суганы хэсгээс цээжний хөндий рүү нэвтэрэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн хий, цус хуралдалт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ... мэдүүлэхдээ:

“...Камер хараад сууж байхад шээж байхаар нь гарч очоод энэ чинь бурхан шашны газар шээж болохгүй гэж хэлэхэд намайг 2 удаа цохисон. Тэгээд бид хоёр маргалдаад би овоолсон чулуунаас чулуу авах гэж байгаад ийм зүйл болсон. Тухайн үед ... гэж хүн байгаагүй, би түргэн дуудаад цагдаа дээр очсон...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч ...ийн өгсөн:

“...Би 2017 оны 7 дугаар сарын 05-ны оройн 19-20 цагийн орчим Гандангийн хашааны буланд нэг согтуу хүн ирээд шээхээр нь чи яагаад бурхан номын газар шээгээд байгаа талаар хэлээд хөөсөн. Тэгтэл нөгөө согтуу явахгүй зогсоод байсан. Тэгэхээр нь би яв гэж хэлсэн чинь нөгөө согтуу чамд хамаагүй гэж хэлэхээр нь би энэ газрын манаач байна гэж хэлэн уурласны улмаас маргалдсан. Би мөн ...ын авч явсан нэг шил архийг гараас нь аван хага шидсэн. Тэгтэл ... над руу уурлан намайг барьж авсан. ... миний шанаа хэсэг рүү нэг цохисон. Тэгэхээр нь би газраас чулуу хайсан чинь овоолсон шороон дээр хутга байхаар нь аван ...ыг нэг удаа хутгалсан. Тухайн үед хаана нь хутгалсан эсэхээ мэдэхгүй байна. Тэгтэл ... намайг хутгалчихлаа шүү дээ гэхээр нь би өөрийнхөө ... дугаараас 103 дуудсан чинь эргүүлийн цагдаа ирсэн. Би намайг зодлоо бурхан шашны газар шээсэн гэх шалтгаанаар нэг удаа хутгалсан нь үнэн...” гэх мэдүүлэг /1хх-н 103-108, 117-118/,

            Мөрдөн байцаалтад хохирогч ...ын өгсөн:

            “...Би 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр өөрийн дүү ...ы хамт дэлгүүрээс архи аваад Гандангийн урд гэр хорооллын тэнд явж байгаад авсан архиа задлаад уух гээд сууж байхад нэг эрэгтэй хүн ирээд энд архи ууж болохгүй гэж хэлсэн. Тэгээд би тэр хүнд явлаа гэхэд тэр эрэгтэй ...ы барьж явсан архийг аваад шидээд тэгээд бид гурав маргалдсан бөгөөд би тэр үед ухаан балартсан бөгөөд нэг мэдсэн чинь тэр хамгаалагч залуу намайг зүүн суганд нэг удаа хутгалж гэмтээсэн. Тэгээд би цус алдсан бөгөөд нэг мэдсэн эмнэлэгт ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 23-27/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч ...гийн өгсөн:

“...2017 оны 7 дугаар сарын 05-ны орой 22 цагийн үед найзынхаа дэлгүүр дээр байж байсан чинь хажуу талын хашаанд 2 согтуу ах шээж байсан. Манаач нь наанаа битгий бие засаад бай гэж хэлсэн чинь нөгөө 2 согтуу хүн манаач ахтай хэрэлдээд байсан тэгж байгаад нөгөө 2 залуу нь манай найзын дэлгүүрийн шатан дээр архиа тавьсан байсныг нь манаач ах аваад өгөхгүй гэж байгаад буцаагаад өгсөн тэгсэн нөгөө 2 залуугийн арай залуухан нь манаач ахыг зодоод эхлэхээр нь би найзтайгаа очиж салгасан тэгсэн манаач ах зодуулчихаад гэрлүүгээ ороод гарч ирээд дахиад нөгөө 2 залууруу дайраад байсан чинь манаач ахыг дахиад зодохоор нь бид 2 салгаад байж байсан чинь нэг залууг нь манаач ах суга орчим руу нь хутгалах шиг болсон тэгээд би 103 дуудсан дэлгүүрлүүгээ орж мөн боох юм авах гээд байж байсан чинь эмнэлэг хүрч ирээд нөгөө ахыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 28-29/,

 

Мөрдөн байцаалтад гэрч ...гийн өгсөн:

“…Сap өдрийг нь санахгүй байна 2017 оны зун би дэлгүүрээ хаачихаад 20-23 цагийн хооронд гойдон зусланд байрлах гэр лүүгээ явж байсан чинь хийдийн харуул ажилтай ... над руу утсаар залгаад хэрэг гарчихлаа хүрээд ирж чадах уу гэхээр нь би түрээслэдэг дэлгүүрт асуудал гарсан юм байх гэж бодоод дэлгүүр дээрээ ирсэн чинь цагдаа нар ирчихсэн хийдийн харуул ...ийг гавлаад цагдаагийн машинд суулгачихсан байхаар нь би цагдаагаас юу болоод байгаа талаар асуухад ...ийг хүн хутгалчихсан байна хутгалуулсан хүнийг түргэн ирээд авч явсан гэж хэлсэн. Би хийдийн эзэн ... рүү хүрээд ир ... хүн хутгалсан байна гэж хэлэн 2-лаа цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Цагдаагийн байгууллага дээр ирсэн чинь ... 2 согтуу хүн хийд рүү шээснээс болон хэрүүл маргаан үүсгэж түүнээс болон би хутгалсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 31-32х/,

 

Мөрдөн байцаалтад гэрч О....ийн өгсөн:

“...cap өдрийг нь санахгүй байна. 2017 оны 7 дугаар сарын эхээр өглөө над руу манай дэлгүүрийг түрээслэгч ... утсаар залгаад харуул ... хүн хутгалчихсан цагдаа нар ирээд аваад явсан гэж хэлээд 2-лаа хамт явж цагдаагийн байгууллагаас батлан даалтанд авъя гэж хэлсний дагуу би цагдаагийн байгууллага дээр ирсэн ... байсан. ... нь өчигдөр орой /хэзээг нь санахгүй байна/ согтуу хүн хийд рүү шээж байхаар нь болохгүй гэсэн шаардлага тавьсан чинь намайг зодохоор нь би хутгалчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 33-34/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч ...ий өгсөн:

“...Үзлэг хэсэгт цээжний доод хэсэг, зүүн суганы урд хэсэгт 0,5х3см хүрэн улаан өнгийн зүсэгдсэн шарханд мэс заслын оёдол тавигдсан байна гэжээ. Үүнээс харахад нэг удаагийн ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр ...ын биед дээрх гэмтлийг учруулсан гэж үзнэ. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай үхэлд хүргэх боломжтой учраас гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-н 71-72/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн ... тоот: 

           1. ...ын цээжний зүүн талын суганы хэсгээс цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн хий, цус хуралдалт бүхий гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

           4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 38/,

 

           Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2018  оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 810 тоот:

           1. ... нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

           2. ... нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

           3. ... нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

           4. ... нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрэхгүй байна гэх дүгнэлт /хх-н 141-142/,

 

           - Хохирогч ...ын өвчний түүхийн хуулбар /хх-н 62-70/,

           - Хохирогч ...ын хүсэлт /хх-н 138/,

 

            Шүүгдэгч ...ийн хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 78, 86, 87/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 88/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч ... нь 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хохирогч ...ыг хутгалж биед нь цээжний зүүн талын суганы хэсгээс цээжний хөндий рүү нэвтэрэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн хий, цус хуралдалт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч ...ийн “...намайг зодлоо бурхан шашны газар шээсэн гэх шалтгаанаар нэг удаа хутгалсан нь үнэн...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч ...ын “...Би 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ... тэр хамгаалагч залуу намайг зүүн суганд нэг удаа хутгалж гэмтээсэн. Тэгээд би цус алдсан бөгөөд нэг мэдсэн эмнэлэгт ирсэн байсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч ...гийн “...2017 оны 7 дугаар сарын 05-ны орой ... манаач ахыг дахиад зодохоор нь бид 2 салгаад байж байсан чинь нэг залууг нь манаач ах суга орчим руу нь хутгалах шиг болсон тэгээд би 103 дуудсан дэлгүүрлүүгээ орж мөн боох юм авах гээд байж байсан чинь эмнэлэг хүрч ирээд нөгөө ахыг аваад явсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч ...гийн “…Цагдаагийн байгууллага дээр ирсэн чинь ... 2 согтуу хийд рүү шээснээс болон хэрүүл маргаан үүсгэж түүнээс болон би хутгалсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч О....ийн “...... нь өчигдөр орой /хэзээг нь санахгүй байна/ согтуу хүн хийд рүү шээж байхаар нь болохгүй гэсэн шаардлага тавьсан чинь намайг зодохоор нь би хутгалчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

шинжээч эмч ...ий “...Үзлэг хэсэгт цээжний доод хэсэг, зүүн суганы урд хэсэгт 0,5х3см хүрэн улаан өнгийн зүсэгдсэн шарханд мэс заслын оёдол тавигдсан байна гэжээ. Үүнээс харахад нэг удаагийн ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр ...ын биед дээрх гэмтлийг учруулсан гэж үзнэ. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай үхэлд хүргэх боломжтой учраас гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн 8737 тоот дүгнэлт, хохирогч ...ын өвчний түүхийн хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас ...т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч ...ийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хавтаст хэрэгт хохирогч ... “...эмчилгээний зардал болох 600.000 төгрөгийг өгсөн, ... гомдолгүй...” гэх мэдүүлж /хх-н 138/ байх тул шүүгдэгч ...ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч ...т 5 жил хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан ба гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг гарахад хохирогч ...ын согтуурсан үедээ олон нийтийн газар бие засч байсан зүй бус үйлдэл шалтгаалсан мөн шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан шүүгдэгч ...ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг мөнгөлөг саарал өнгийн хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ...ийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 06 /зургаан/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар ...т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч ... нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг мөнгөлөг саарал өнгийн хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч ...т авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ...т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ