| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0009/Э |
| Дугаар | 14 |
| Огноо | 2018-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Д-т холбогдох эрүүгийн 18100 2530 0767 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Далай буянт” дэлгүүрийн урд иргэн Я.Н-тай “хүн дайрлаа” гэж маргалдан улмаар зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан,
- мөн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Ундарга” зоогийн газрын гадна иргэн Р.Ч-ыг зодож биед нь хөнгөн гэмтэл тус тус учруулж энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Д нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцож, “өөрөө өөрийгөө өмгөөлнө” гэх хүсэлтээ тус шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг шүүх хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Манай эхнэр ажил хийдэггүй, гэртээ байдаг. Би сарын 700.000 төгрөгийн цалинтай. Хохирогч Я.Н-ыг урьд өмнө нь таньдаггүй байсан. Тухайн өдөр хэрэг болсон газарт хохирогч Я.Н машинтайгаа ухарч байгаад намайг харалгүй мөргөөд унагаасан.
Я.Н намайг машинаараа мөргөсний улмаас миний биед тохой хавдаж, өвдөг шалбарсан байсан. Энэ тухайгаа би мөрдөгчид харуулахад “та Замын цагдаад өргөдөл бичиж өгөөд шалгуулж болно” гэсэн боловч би очоогүй. Тэгээд хохирогчийг “чи хүн дайрлаа ш дээ” гэж хэлээд бидний хооронд маргаан болсон. Я.Н-ын биед учирсан гэмтлийг би нүүр рүү нь гараараа 4 удаа цохиж учруулсан. Мөн Р.Ч-ын биед учирсан гэмтлийг би учруулсан. Би тухайн үед архи ууж хүн зодсон байсан. Хүний биед гэмтэл учруулахгүйгээр асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. Би хохирогч Я.Н-д 170.000 төгрөг төлсөн, хохирогч Р.Ч хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, урьд өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж байгаа. Би хохирогч нараас уучлалт гуйсан. Би улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Би дахин ийм асуудал гаргахгүй.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 18100 2530 0767 дугаартай хэргээс:
1. Хохирогч Я.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 16 цаг өнгөрч байхад би өөрийн 00-00 ааа улсын дугаартай зил 130 маркийн автомашинаар Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо “Далай буянт” нэртэй дэлгүүрт нүүрс буулгахаар болоод тэр хашааны яг урд байрлах гудамжны хороолол дундах цементэн зам дээр машинаа ухраагаад, хашаа руу машины бөгс хэсгээр орох гээд машинаасаа бууж шалгахад хүн, амьтан байгаагүй. Тэгээд би машиндаа суугаад ухрах хөдөлгөөн хийтэл толинд хүн гүйх шиг болохоор нь тормос гишгээд зогссон юм.
Тэгтэл нэг залуу миний машины жолоочийн хаалгыг гаднаас онгойлгоод “чи хүн дайрлаа” гээд намайг заамдаж байгаад нүүрэнд 4 удаа цохисон. Тэр үед дэлгүүрийн эзэн ирж салгасан. Тэгээд тэр залуу яваад өгсөн. Би тухайн өдөр нь нүүрсээ буулгачихаад, маргааш нь цагдаад өргөдөл гаргасан. ...12781 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Миний биед учирсан гэмтлүүдийг тэр өндөр бор залуу намайг цохиж учруулсан. Миний биеийн байдал зүгээр байгаа. Би томографик зураг авхуулсан 120.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөгөө авчих юм бол гомдол санал байхгүй. ...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би эмчилгээний зардлаа төлүүлсэн. Би шүүх хуралд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 07-08х, 10-11х/,
2. Хохирогч Р.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр би группээ сунгуулах гээд шинжилгээгээ өгчихөөд цуг групп сунгуулдаг А гэх залуутай хамт “О” бааранд ороод 1 шил 0,5 литрийн хэмжээтэй архи аваад хувааж уугаад сууж байхад Агийн нэг найз нь ирээд мөн хажуу талд сууж байсан 2 зүс таних залуутай хамт нийлээд архиа уугаад сууж байсан. Тэр үед Д /Б.Д/ гаднаас орж ирээд бид нартай хамт цуг суусан.
Д /Б.Д/ нэмж нэг шил архи аваад хамт хувааж ууж байгаад Аг болон хамт сууж байсан залуучуудыг зодно гээд байхаар нь би тэд нарыг хөөж явуулсан. Тэгээд Д /Б.Д/-тай хамт “Ундарга” пабад ороод нэг шил архи захиалж хувааж уучихаад, тооцоогоо хийгээд гараад явж байхад Д /Б.Д/ “Од” бааранд байсан хүмүүсийг зодуулахгүй байсан гэж уурлаад намайг цохисон.
Д /Б.Д/ миний зүүн талын нүд рүү гараараа 1 удаа, эрүү хэсэг рүү гараагаа 1 удаа, толгойны дагз руу гараараа 1 удаа цохисон, зүүн хөлийн шилбэ рүү 1 удаа өшиглөснөөс өөрөөр намайг цохиж зодсон зүйл байхгүй. Миний зүүн нүд хавдаж, амаа ангайж чадахгүй эрүү өвдөөд байхаар нь цагдаа дээр ирж өргөдөл өгсөн. Би Б.Д-ийг цохиж зодсон асуудал байхгүй. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийг Д /Б.Д/ намайг гараараа цохиж учруулсан. Надад гомдол санал байхгүй, хэргийг хурдан шийдүүлмээр байна. Д /Б.Д/ бид хоёр бие биенийгээ зүс мэднэ. Мэндийн зөрүүтэй явдаг хүмүүс байгаа юм. Би шүүх хуралд суухгүй. Бид хоёрыг маргалдаж байхыг харсан хүн байхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 53-55х/,
3. Хохирогч Я.Н-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 18-20х/,
4. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 12781 дугаартай дүгнэлтэд:
1. Я.Н-н биед баруун хацарт зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхи, хүзүүнд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 22х/,
5. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 5633 дугаартай дүгнэлтэд:
1. Р.Ч-ын биед зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод эрүү, зүүн дал, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 4 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус бүрдээ дээрх журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 64х/,
6. Шүүгдэгч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ажлаа тарчихаад Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд байдаг найз Гийн хашаанд нь нүүрсийг нь буулгалцаж өгчихөөд түүнтэй хамт нэг шил 0,5 литрийн савлагаатай Хараа архийг гэрт нь хувааж уучихаад харих санаатай Яармагийн 6 дугаар гудамж буюу хойшоо явсан автомашины зам дагуу замын зүүн талаар алхаад явж байтал нүүрс ачсан зил 130 маркийн автомашин зам дээр хөндлөн ухарч байх үед нь би хойгуур нь явтал миний мөрийг ачааны хэсгээрээ шүргэчихсэн. Тэгэхээр нь би машиныг нь тойрч жолоочийн хаалгыг нь онгойлгоод “чи хүн дайрлаа шүү дээ” гэж хэлтэл намайг тоосон шинжгүй, машинаа ухраагаад байхаар нь заамдаж татаад машинаас нь буулгаад нүүрэнд нь 2 удаа гараараа цохичихоод яваад өгсөн. Тухайн үед би бага зэрэг л согтолттой байсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна.” гэсэн,
Мөн шүүгдэгчийн: “...2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр найз Эын хамтаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрладаг “Ундарга” пабад юм ярьж сууж байгаад Э “гэр рүүгээ харьлаа” гээд явсан. Би ганцаараа пабаас гараад ойролцоо байдаг “О” бааранд ороход Р.Ч нэг найзтайгаа хамт сууж байсан. Би нэг шил архи захиалж аваад гурвуулаа хамт хувааж уусан. Бид гурав архиа уучихаад “Од” баарнаас гарсан. Р.Ч-тай хамт явж байсан залуу “харилаа гээд бид хоёроос салаад явсан.
Р.Ч бид хоёр “Ундарга” паб руу ороод дахиж нэг шил архи авч хувааж уусан. Архиа дуусаад пабаас гараад явж байгаад, хоорондоо маргалдаад би Р.Ч-ыг гараараа 2-3 удаа цохичихсон. Тэгээд бид 2 салаад явсан. Р.Ч дараа нь надтай тааралдаад “томографикийн зураг авхуулсан, цагдаад өргөдөл өгсөн” гэж хэлж байсан.
Би шүүх эмнэлгийн 5633 дугаартай дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Дүгнэлт дээр тусгагдсан гэмтлүүдийг би Р.Ч-ын нүүр рүү 2-3 удаа цохиж учруулсан. ...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 28-31х, 71-73х, 86-88х/ болон түүний хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 78х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 76х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 77х/, Хан-Уул дүүргийн Прокурорын газарт шүүгдэгч Б.Д-ийн “өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 89х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн эмч гаргасан байх тул эдгээр баримтуудыг шүүх хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг /хэргийн 89х/ прокурорт гаргаснаар 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 130 дугаартай прокурорын тогтоолоор шийдвэрлэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтож, прокуророос шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрснөөр /хэргийн 95х/ Прокуророос Б.Д-т холбогдох эрүүгийн 18100 2530 0767 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна. Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Далай буянт” дэлгүүрийн урд иргэн Я.Н-ыг “машинтай ухрах хөдөлгөөн хийхдээ харсангүй, хүн дайрлаа” гэсэн шалтгаанаар түүний нүүрэн тус газарт цохиж, түүний биед “баруун хацарт зөөлөн эдийн няцралбаруун доод ковхи, хүзүүнд цус хуралт, зүүн хацарт зулгаралт” бүхий эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл,
Мөн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “У” зоогийн газрын гадна иргэн Р.Ч-тай маргалдан, нүүрэн тус газарт нь гараараа цохих, өшиглөх зэргээр зодож түүний биед “зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод эрүү, зүүн дал, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл тус тус учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн:
- хохирогч Я.Н-ын: “...2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 16 цаг өнгөрч байхад би өөрийн 00-00 ааа улсын дугаартай зил 130 маркийн автомашинаар Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо “Далай буянт” нэртэй дэлгүүрт нүүрс буулгахаар болоод тэр хашааны яг урд байрлах гудамжны хороолол дундах цементэн зам дээр машинаа ухраагаад хашаа руу машины бөгс хэсгээр орох гээд машинаасаа бууж шалгахад хүн, амьтан байгаагүй. Тэгээд би машиндаа суугаад ухрах хөдөлгөөн хийтэл толинд хүн гүйх шиг болохоор нь тормос гишгээд зогссон юм. Тэгтэл нэг залуу миний машины жолоочийн хаалгыг гаднаас онгойлгоод “чи хүн дайрлаа” гээд намайг заамдаж байгаад нүүрэнд 4 удаа цохисон. ...Би 12781 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан гэмтлүүдийг тэр өндөр бор залуу намайг цохиж учруулсан. Миний биеийн байдал зүгээр байгаа. Би томографик зураг авхуулсан 120.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөгөө авчих юм бол надад гомдол санал байхгүй. ...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би эмчилгээний зардлаа төлүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 07-08х, 10-11х/,
- хохирогч Р.Ч-ын: “...2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ...Д /Б.Д/-тай хамт “Ундарга” пабад ороод нэг шил архи захиалж, хувааж уучихаад тооцоо хийгээд гарч явж байх үед Д /Б.Д/ “Од” бааранд байсан хүмүүсийг зодуулахгүй байсан гэж уурлан, намайг цохисон. Д /Б.Д/ миний зүүн талын нүд рүү гараараа 1 удаа, эрүү хэсэг рүү гараагаа 1 удаа, толгойны дагз руу гараараа 1 удаа цохисон, зүүн хөлийн шилбэ рүү 1 удаа өшиглөснөөс өөрөөр намайг цохиж зодсон зүйл байхгүй. Миний зүүн нүд хавдаж, амаа ангайж чадахгүй эрүү өвдөөд байхаар нь Цагдаа дээр ирж өргөдөл өгсөн. Би Б.Дийг цохиж зодсон асуудал байхгүй. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийг Д /Б.Д/ намайг гараараа цохиж учруулсан. Надад гомдол санал байхгүй, хэргийг хурдан шийдүүлмээр байна. Д /Б.Д/ бид хоёр бие биенийгээ зүс мэднэ. Мэндийн зөрүүтэй явдаг хүмүүс байгаа юм. Би шүүх хуралд суухгүй. Бид хоёрыг маргалдаж байхыг харсан хүн байхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 53-55х/,
- хохирогч Я.Нын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 18-20х/,
- ШШҮХ-ийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12781 дугаартай: “...Я.Н-н биед баруун хацарт зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхи, хүзүүнд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 22х/,
- ШШҮХ-ийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 5633 дугаартай: “...Р.Чын биед зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод эрүү, зүүн дал, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 4 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, дээрх зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус бүрдээ дээрх журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 64х/ болон шүүгдэгч Б.Дийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэг үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч хоёр иргэний эрүүл мэндэд тус тус хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Д нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч Р.Ч Я.Н нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд “хоёр, түүнээс олон” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох юм.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Б.Дийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Д нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Хэргийн хохирогч Я.Н, Р.Ч нарын биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Хэргийн хохирогч Р.Ч нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хэрэгт хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэгт болон тус прокурорын хяналтын шатанд бичгээр гаргасан хүсэлтэд “...гомдол санал байхгүй, Б.Дтэй эвлэрсэн...” гэдгээ илэрхийлэн /хэргийн 53-55, 89х/ гэм хорын хохирол, төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр тооцсон нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй байна.
Мөн хэргийн хохирогч Я.Нд гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 170.000 төгрөгийг шүүгдэгч нь нөхөн төлсөн нь хохирогч Я.Нын “...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би эмчилгээний зардлаа төлүүлсэн. Би шүүх хуралд оролцохгүй.” гэж мэдүүлсэн /хэргийн 10-11х/ баримттай.
Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч Б.Дээс гаргуулах төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Д нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 78х/ тогтоогдсон байна.
Дээрх үндэслэлээр шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэн, энэхүү нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.
Шүүх, шүүгдэгч Б.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Я.Н, Р.Ч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б.Дийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Дийг 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Д нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Б.Д цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Я.Н, Р.Ч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД