| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигдэнгийн Батттогтох |
| Хэргийн индекс | 140/2023/00097/И |
| Дугаар | 205/МА2023/00019 |
| Огноо | 2023-05-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 205/МА2023/00019
******* ******* ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 140/ШШ2023/00166 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ХХК-нд холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 2022 оны 10, 11, 12 дугаар сард зээлээр авсан бараа бүтээгдэхүүний үнэ болох 44.531.199 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, И.*******, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.*******үү, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.*******уяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК хариуцагч ******* ХХК-нд холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 2022 оны 10, 11, 12 дугаар сард зээлээр авсан бараа бүтээгдэхүүний үнэ болох 44.531.199 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн үндэслэл: Би нэхэмжлэгч компанийн Завхан салбарыг хариуцан ажилладаг. Манай компани нь гэрээ байгуулсан харилцагч нартаа зээлээр бараа бүтээгдэхүүн нийлүүлж ажилладаг. ******* ХХК-тай гэрээ байгуулаад зээлээр бараа бүтээгдэхүүн нийлүүлж ажилладаг. Ингэхдээ манай компани сар бүрийн 20-нд төлбөрөө барагдуулж харилцагч нараасаа зээлээр нийлүүлсэн барааны төлбөрөө авдаг. ******* ХХК-иас 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр авах авлага нь манай компанид төлөгдөөгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргах болсон. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. ...Манай компанийн хувьд төлбөр тооцоогоо бэлнээр авдаггүй. 100 хувь дансаар авдаг. Харин зайлшгүй тохиолдолд бэлнээр тооцоогоо авах тохиолдол байгаа. Гэхдээ хариуцагч байгууллагын хувьд манай компанитай 2012 оноос хойш хамтран ажиллаж байсан. Өмнө нь манай компанийн гэрээт борлуулагчаар ажиллаж байсан учраас манай компанийн дүрэм журам болон төлбөр тооцоогоо яаж тушаахыг сайн мэддэг харилцагч. Төлбөр тооцоогоо ямар нэгэн баримтгүйгээр болон хувь хүний дансаар хийх талаарх сануулга санхүүгийн падан дээр бичигдсэн байдаг учраас энэ талаар бүгдийг мэдэж байгаа гэж үзэж байна. ******* ХХК нь манай компанитай байгуулсан гэрээний дагуу сар бүрийн 20-ны өдөр төлбөрөө төлөх ёстой байтал 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлээр худалдан авсан барааныхаа төлбөрийг төлөөгүй учраас нэхэмжлэл гаргасан гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: ******* ******* ХХК, манай компаниас 2022 оны 11 дүгээр сарын тооцооны үлдэгдэл 4.249.000 төгрөг, 2022 оны 12 сарын тооцооны үлдэгдэл 40.245.200 төгрөг гээд нийлүүлээд 44.513.199 төгрөгийг нэхэмжилсэн. Дээрх саруудын төлбөрийг нэхэмжлэгч компанийн худалдааны төлөөлөгч ын *******а гэдэг залуутай тооцоо хийгдээд тооцоо нь дуусчихсан асуудал байгаа. Н.*******а нь зөвхөн манай дэлгүүрийн биш нийт 7, 8 дэлгүүрийн 100.000.000 гаруй сая төгрөгийн мөнгийг үрэгдүүлсэн. Ингэхдээ Н.*******а нь төлбөр тооцооны мөнгийг өөрийнхөө дансаар болон бэлнээр авсан байдаг. Н.*******а нь бооцоот тоглоом дээр мөнгөө тавьж үрэгдүүлсэн асуудал нь одоо цагдаа прокуророор шалгагдаад явж байгаа. ******* ******* ХХК-ийн зүгээс Н.*******аас 44.351.199 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Энэ асуудлаар би цагдаад мэдүүлэг өгсөн. Н.*******а нь манай компанитай төлбөр тооцоо байхгүй, бүх төлбөр тооцоогоо авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Н.*******атай тооцоо хийж байсан талаараа би өөрийнхөө хөтөлдөг хар дэвтэр дээрээ бичиж тэмдэглэдэг байсан. Тэр дэвтрийн хуулбараа хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. 2022 оны 11 дүгээр сарын тооцооны үлдэгдэл 4.249.000 төгрөг 2022 оны 11 сард хийгдээд дууссан мөнгө. Н.*******а нь тухайн мөнгийг компанийнхаа дансанд тушаалгүй үрэгдүүлсэн. Н.*******а нь тэр болгон бэлэн мөнгөний орлого зарлагыг үйлддэггүй. 2022 оны 7 сард манайх борлуулалт өндөртэй байсан. Түүнээс нэлээн хэмжээний төлбөр тооцоог бэлэн мөнгөөр өгч явуулж байсан. Н.*******а нь өөрөө тооцоо нийлдэг, тооцоогоо авч өөрийн компанидаа тушаадаг байсан учраас би 2022 оны 11 сарын үлдэгдэл төлбөр болон 12 дугаар сарын 20-ны өдрийн үлдэгдэл төлбөрөө өгөөд явуулсан. Н.*******а нь манайхаас аваад явсан мөнгөөрөө тоглоом тоглоно уу, компанидаа тушаана уу яах ийх нь манай хариуцлагын асуудал биш. Манай компани өгөх ёстой хүнд нь мөнгөө өгөөд төлбөр тооцоогоо хийсэн. Тийм учраас манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, төлбөр тооцоогоо дууссан гэжээ.
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 140/ШШ2023/00166 дугаар шийдвэрээр
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 211 дүгээр зүйлийн 211.2-т тус тус зааснаар хариуцагч ******* ХХК-иас 44.531.199 /дөчин дөрвөн сая таван зуун гучин нэгэн мянга нэг зуун ерөн есөн/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 380.606 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 380.606 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...шүүхийн бодит байдалд нийцэхгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж нэхэмжлэгч компаний ажилтны буруутай үйл ажиллагаанаас ажил олгогчид учирсан хохирлыг манай ******* ХХК-д хариуцуулж хууль бус шударга бус шийдвэр гаргалаа. ******* компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэн миний бие шүүхэд бодит үнэнийг хэлж, тайлбарлаж нэхэмжлэгч ******* ******* ХХК-ны тайлбар, гаргаж өгсөн баримтад үндэслэж гэрээний үүргээ биелүүлсэн манай компанид дахин төлөх үүрэг хүлээлгэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай ******* ХХК нь 2007 оноос хойш олон, аж ахуй нэгж, компанитай харилцаж ирсэн бөгөөд бизнесийн үйл ажиллагаанд баримтлах хэмжээ хэмжээ, зарчмыг хүндэтгэн мөрдөж, үйл ажиллагаагаа хууль журмын хүрээнд явуулсаар ирсэн. ******* ******* ХХК-тай 2007 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж байсан. Манай хоёр компаний хооронд өр авлага, үл ойлголцох байдал үүсч байсангүй. Н.*******а нь 2018 оноос хойш ******* ******* ХХК-ны Завхан аймаг дахь салбар худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд 5 жилийн хугацаанд ******* ХХК-ны өмнөөс манай компанид бараа нийлүүлдэг, нийлүүлсэн барааны тооцоог хийж төлбөрийг бэлнээр болон дансаар хүлээн авдаг байсан. Өнгөрсөн хугацаанд ******* ******* ХХК болон тус компаний бүс хариуцсан супервайзор Б.******* нар барааны тооцоог *******атай хийх ёсгүй, хийж болохгүй талаар мэдэгдэж байсан удаа байгаагүй. Ийнхүү 5 жилийн хугацаанд худалдааны төлөөлөгч Н.*******атай хийсэн бэлэн мөнгөний тооцоог нэг удаа ч үгүйсгэж хориглож байгаагүй атал 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Н.*******атай хийсэн 40.285.200 төгрөгийн тооцоог үгүйсгэж, компаний хөрөнгийг хувьдаа ашигласан ажилтныхаа бурууг манай компанид тохож, гэрээний үүргээ биелүүлсэн байхад дахин төлбөр төлөхийг шаардаж, бизнесийн үйл ажиллагаанд байж боломжгүй шаардлага тавьж байхад шүүх тэрхүү шаардлагыг нь хүлээн зөвшөөр, хэргийн үнэн зөвийг тогтоож чадахгүй байгаад гомдолтой байна. ******* ******* ХХК манай ******* ХХК-иас 44.531.199 төгрөг гаргуулахаар шаардсан. Үүнээс 40.285.200 төгрөгийг манай компани ******* ******* ХХК-ны худалдааны төлөөлөгч Н.*******ад бэлнээр төлж, 4.246.000 төгрөгийг манайх төлж барагдуулсан баримт болон дугаартай зарлагын падааныг гаргаж өгсөн. Гэтэл манай гаргаж өгсөн баримтыг үнэн зөв гэж үзэхгүй байгаагаа тайлбарлахгүй, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай 4.246.000 төгрөгийн зарлагын падааныг үндэслэж 4.246.000 төгрөгийг төлөөгүй байна гэж хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн. Мөн шүүх ******* ******* ХХК-ны худалдааны төлөөлөгч Н.*******а нь ажил үүргийн хувьд хариуцагч ******* ХХК-нд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийг өөрийн харилцах дансаар болон бэлэн мөнгөөр хүлээн авах эрхтэй болох нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн атал ******* ХХК нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн байна гэж баримтад тулгуурлаагүй дүгнэлт хийж анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргаж үүргээ хэрэгжүүлж чадсангүй. Шүүх бодит байдалд нийцэхгүй, баримтад үндэслээгүй дүгнэлт хийж хэт нэг талыг барьж шийдвэр гаргаж манай компаний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
...Н.*******атай шөнө оройн цагаар Завхан буудалд согтуу байхад нь өгсөн зүйл биш. Н.*******а нь манай дэлгүүрийн хажуу талын өрөөнд ирээд өөрийн биеэр тооцоогоо авсан. Нийтээр хүлээн маягт гэж Монгол орон даяар үйлддэг баримтыг л үйлдсэн. Бэлнээр байнга авдаг. Өдөр бүрийн борлуулалтаа түгээгч нь авдаг. Сар бүрийн төгсгөл зээлээр хүлээлгэж өгсөн барааны мөнгийг Н.*******а ирж тооцоо нийлдэг. Заавал дансаар авна гэдэггүй. Өнгөрсөн оны 07 дугаар сард манайхаас тортой мөнгө аваад гарсан. Байнга авдаг. Н.*******ын гарын үсэгтэй зарлагын баримтууд байгаа. Бусад газраас хүртэл бэлнээр өгдөг гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Худалдааны төлөөлөгч нь бараагаа хүргэж өгөөд, мөнгөө тоолж авдаг ажилтан биш. Түгээгч барааг түгээж, урьдчилсан захиалга авч компани мэдээлэл болон бусад тал дээр төлөөлдөг болохоос бараагаа өгдөг ажилтан биш. Мөн Н.******* манай компанид төлсөн гээд байна. Төлсөн гэдэг нь санамжийн дагуу ч тэр, гэрээний үүргийн дагуу ч тэр манай компани дансанд мөнгийг хийх ёстой байдаг. Гэтэл Н.******* хувь данс руу нь багахан хэмжээний мөнгө, бусдыг нь coin, тоглоомын эрхээр төлсөн. Түүнийгээ өөрийн баримтаар өгсөн авсан гэж буудалд тохиролцоо хийсэн асуудал яригдаж байгаа юм. Иймд манай компанид төлсөн гэж үзэхгүй байгаа учир ******* ХХК-наас барааныхаа мөнгийг нэхэмжилж байгаа юм. Эдний хадам аав, ээж нь 10 гаран жил хамтарч ажиллаж байгаа юм. Манай компанид яаж мөнгө өгч авах, компани дүрэм журмыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа юм. Иймд бид нар манай компани мөнгийг төлсөн гэдгийг хүлээн авах боломжгүй. Манай мөнгийг төлөөч гэж нэхэмжлэлийг гаргасан гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх ******* ХХК-тай салбар үүсээд 10 гаран жил, үүсэхээс өмнө гэрээт байхдаа олон жил хамтарч ажиллаж байсан. Үйл ажиллагаагаа мэдэлцдэг. Манай компани бараа бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа харилцагчид хүлээлгэж өгч тооцоо хийж бэлэн мөнгийг хүлээн авах эрх бүхий хүн нь түгээгч гэдэг хүн байдаг. Н.*******а нь харилцагчдаас захалга авдаг хүн. Ер нь бол харилцагчдаас ажилчдынхаа эрсдэл, аюулгүй байдлыг бодож бэлэн мөнгө авахыг зөвшөөрдөггүй. Ялангуяа их хэмжээний мөнгийг. Иймд компани данс руу хий гэсэн санамж бүх падаан дээр байдаг. Түгээгч бараагаа түгээж гарын үсэг зурж барааг хүлээлгэж өгдөг. Авлагыг сарын 20 дараа сарын 20-ны өдрийн хооронд авдаг. Энэ авлага 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусах ёстой авлага байсан. Манай худалдаан төлөөлөгч Н.*******а, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нар найзууд. Завхан зочид буудалд бооцоотой тоглоом тоглож байгаад дансанд байсан мөнгөө Н.*******а руу шилжүүлсэн гэсэн байдлаар өөрсдөө баримт үлдсэн байсан. Н.*******а бэлэн мөнгө авах эрхгүй этгээд. Харилцагч нар бэлэн мөнгө байна, задгай мөнгө байна ирээд аваадхаач гэхээр надад мэдэгдээд ийм харилцагч байна гэсэн тусгай дугаартай баримтыг авч очиж мөнгийг төөлж аваад нэг баримтыг харилцагчид үлдээгээд нэг хувиа мөнгөтэйгөө надад авчирч өгөөд би компанид орлого авдаг. Найзуудын хооронд, шөнө, Завхан зочид буудалд согтуу, тоглоом тоглож байгаад ийм баримт хийж өгсөн авсан байгаа юм гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.*******үү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ы давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг 3- асуудлын хүрээнд гаргаж байгаа юм байна гэж ойлгож байна. ******* ХХК-ны худалдааны төлөөлөгчөөр Н.*******а 5-н жил ажилласан. 5-н жилийн хугацаанд Н.*******атай төлбөр тооцоог хийж байсан. Энэ хугацаанд ******* ХХК-ны менежер Б.******* нь Н.*******атай тооцоо нийлж болохгүй гэж надад анхааруулаагүй гэсэн үндэслэлээр гомдлыг гаргасан байна. ******* ХХК нь архи, пиво, ундаа худалдан борлуулдаг салбар компани бөгөөд хэргийн материалын 11-19 дүгээр хуудсанд авагдсан байгаа зарлагын падан дээр та бараа бүтээгдэхүүний төлбөрийг зөвхөн компани дансанд хийнэ үү гэсэн санамж бичээстэй байгаа. Энэ компаниас хүмүүс ажилтнаараа дамжуулж бэлэн мөнгөөр битгий төлбөрийг хийгээд байгаач ээ энэ нь эрүүгийн хэргийн халдлага нөлөөнд ч автах боломжтой, мөн ажилчид бэлэн мөнгийг дундаас нь авч үрэх, маргааш нь төлөх зэрэг асуудлууд байна. Харилцагч байгууллагуудыг компани дансанд мөнгөө хийж бай гэж удаа дараа хэлж сүүлдээ хэргийн материалд авагдсан байгаа зарлагын падан дээрээ санамж бичсэн байгаа юм. Та худалдах худалдан авах гэрээний дагуу бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан бол түүнийхээ төлбөр мөнгийг зөвхөн компани дансанд хийнэ үү, Хэрэв та компани дансанд хийлгүйгээр зөвхөн ажилтан болон бусад хүнд бэлэн мөнгө өгсөн тохиолдолд хариуцлагыг та өөрөө хүлээнэ үү гэсэн санамж бичсэн падааныг бараа бүтээгдэхүүнтэйгээ хүлээлгэн өгдөг. Энэ нь тухайн компанийн бараа бүтээгдэхүүнийг хүлээж авахдаа зарлагын баримт дээр байгаа падаан дээр данс нь бичээтэй байгаа хэрэв хувь хүн бусад ажилтанд өгөх юм бол хариуцлагыг би өөрөө хүлээх юм байна гэдэг санамжийг тухай бүр өгч байсан. Өмнө нь надад бэлнээр нь төлбөрийг өгч болохгүй гэж мэдэгдэж байгаагүй гэсэн гомдлыг үндэслэлгүй байна гэж үзэж байна. 40.285.000 төгрөгийн тооцоог Н.*******ад өгсөөр байтал тухайн компаниас авсан бараа бүтээгдэхүүнийг мөнгийг өгсөөр байтал өгөөгүй гэж байна гэж тайлбарлаж байна. Хэргийн материалд бэлэн мөнгөний баримт байгаа. Энэ баримт 2 хувь байдаг. Энэ баримтыг үйлдээд нэг хувийг нь мөнгөний хамт ******* ХХК-ны менежер Б.*******д аваачиж өгдөг. Нөгөө хувийг нь харилцагч байгууллагад өгдөг. Гэхдээ энэ бэлэн мөнгийг банк хаасан ч юм уу, шилжүүлэх боломжгүй болон сарын эцэст бага хэмжээний мөнгийг бэлнээр авах тохиолдолд энэ баримт буюу ******* ХХК-н гэсэн баримт байдаг. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******ы үйлдсэн баримт нь тухайн компани бэлэн мөнгө авдаг баримт биш. Энэ компани өөрсдийн харилцагчдын дэлгүүрийн байранд очиж энэ баримтыг үйлдэж бэлэн мөнгийг авдаг болохоос биш хариуцагчийн хэлээд байгаа шиг Завхан буудалд Н.*******ыг архи уусан байхад нь оройн цагаар уулзаж бэлэн мөнгө өгч гарын үсэг зуруулсан гэдэг юм. Энэ компани хувьд бүх харилцагч байгууллагаасаа зарлагын баримтад заагдсан дансаар авахыг шаардсан санамжтай баримт байдаг. Өөрсдийн компани дансаар мөнгийг авдаг. Тэрнээс биш энэ хүмүүсийн орой үдшийн цагаар нэгнийгээ буудалд байхад нь компани мөрддөггүй, журмаар батлагдаагүй баримтаар мөнгө, төгрөг өгсөн авсан асуудлыг компани худалдах худалдан авах гэрээнийхээ дагуу харилцагч компаниас мөнгөө авсан гэж үзэхгүй. 44.531.199 төгрөгийн үлдэгдэлтэй байж 40.285.000 төгрөгийг баримтаар нотлогдсон. 4.246.000 төгрөгт бараа аваагүй байна гэж хариуцагч гомдолдоо тусгасан байна. Компанийн зүгээс шүүхэд 7-н баримт гаргаж өгсөн. 11-17 дүгээр хуу энэ 7-н баримтын 44.531.199 төгрөгийн барааг энэ компанид хүлээлгэж өгөөд тухайн компани барааг хүлээж авсан гэж гарын үсэг зурсан байдаг. Компани зүгээс энэ баримтын хүрээнд хүлээлгэж өгсөн баримтынхаа хүрээнд үнийг төлөөлөх гэж шаардлагыг тавьсан. Үүнийхээ дагуу харилцагч байгууллагад өгсөн бараа бүтээгдэхүүнийхээ баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. ******* ******* ХХК-н, ******* ХХК-тай хийсэн худалдах худалдан авах гэрээнийхээ дагуу үүргээ гүйцэтгэж бараа бүтээгдэхүүнийг тоогоор нь хүлээлгэн өгч, харилцагч байгууллагаас бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан гэж гарын үсэг зурж падааны нэг хувийг өгсөн. Манай компаниас баримтыг хэргийн материалд гаргаж өгсөн. Үүн дээр компани дансанд тушаана. Хэрэв ажилтны дансанд тушаах юм бол та нар хариуцлага хүлээн үү гэсэн санамжийг бичсэн. Компани дансаар авна гэж удаа дараа хэлдэг боловч харилцагч байгууллагуудын зүгээс бэлэн мөнгө авчих банканд өгмөөргүй байна ажиллагаа ихтэй байна гэдэг зүйлүүдийг ярьдаг учраас ингэж хий, хийхгүй бол та нар хариуцлага хүлээнэ шүү гэж удаа дараа хэлж болохгүй болохоор нь падаан дээр зориуд санамжийг бичиж харилцагч байгууллагуудад өгдөг. Өмгөөлөгчийн гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгох, төлөөлөх эрхгүй этгээд төлөөлсөн байна. Мөн эрх үүрэгтэй холбоотой гомдлыг гаргаж байна. Иргэний хуульд заагдсан хэргийн ороолцогчдын эрх үүргийг уншиж өгсөн. Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******аас тухайн өдөр та өмгөөлөгч авах уу, өмгөөлөгч авахгүйгээр шүүх хуралдаанд оролцох уу гэхэд Н.*******ы зүгээс би өмгөөлөгч авахгүй, хэргийг өмгөөлөгчгүйгээр шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн саналыг хэлсэн. Өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн байгаа. Мөн төлөөлөл гэж ярьж байна. Компани хөрөнгийг захиран зарцуулах бусдад шилжүүлэх эрхтэй холбоотой итгэмжлэл дээр компани нягтлан бодогч гарын үсэг зурна гэж заасан байгаа юм. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр компани худалдах худалдан авах гэрээгээр өгсөн бараа бүтээгдэхүүнийхээ мөнгийг харилцагч байгууллагаас гэрээнийхээ дагуу авах гээд итгэмжлэл олгогдсон. Тэрнээс ******* ХХК-н худалдан худалдах авах гэрээний дагуу авсан мөнгийг итгэмжлэгдсэн төлөөлөгч бусдад шилжүүлэх, дамжуулах захиран зарцуулах талаар энэ шүүх хуралдаан дээр маргаа үүсээгүй. Өмгөөлөгчийн гаргаж байгаа төлөөлөх эрхгүй этгээдүүдэд итгэмжлэл олгосон гэж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ шүүх хуралдаанаас гарсан нэхэмжлэлийн үнийн дүнтэй мөнгийг нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч дамжуулах, захиран зарцуулах, шилжүүлэх эрхгүйгээр оролцож байгаа зөвхөн харилцагч байгууллагаас тухайн мөнгийг авах гэж шүүх хуралдаанд оролцож байгаа юм. Энэ компани гүйцэтгэх захирал гарын үсэг зурж олгосон итгэмжлэл хуулийн хүрээнд олгогдсон итгэмжлэл юм. Хариуцагч компани итгэмжлэгдсэн төлөөлөгчийг мэтгэлцэх зарчмаар хангаагүй гэж байна. Өмнөх шүүх хуралдаан дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагдсан талуудын эрх тэгш мэтгэлцэх бололцоог бүрэн хангасан шүүх хуралдааныг хийсэн. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдэж байгаа байх талуудаас тайлбаруудыг авч, нэмэлт тайлбар авч, эрх үүргийг нь танилцуулж, өмгөөлөгч авах эрх зэрэг бүх эрх үүргийг нь танилцуулж бүх эрх үүргээ мэдсэний үүднээс хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчгүйгээр оролцоно. Эрх, үүрэг, шүүх хуралдааны дэгтэй танилцлаа гэж гарын үсэг зурсан. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгагдсан байгаа гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.*******уяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж үзэж байна. Хэд хэдэн үндэслэл байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зүйлүүд байна. Энэ талаар тайлбарлая гээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчдын тэгш эрхтэй оролцох зарчмыг хангаж чадаагүй байна гэж үзэж байна. ******* ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчид Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 1.8 буюу хуульд заасан бусад эрх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67.1.1-т зааснаар шүүх хуульд заасан бусад эрх гэдэгт ямар эрх хамаарах энэ эрхийг хэрхэн хэрэгжүүлэх талаар тайлбарлаагүй байна. Шүүх хуралдааны тэмдэглэлд зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг танилцуулсан, тайлбарласан гэдэг хэдий ч шүүх хуралдаанд оролцогчдын ирцээс харахад нэхэмжлэгч тал өмгөөлөгч авч өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ хуульд зааснаар хангуулсан байдаг. Харин хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.8-д заасан буюу Монгол улсын Үндсэн хуулийн 16.4-т заасан өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй эсэхийг тайлбарлаж өгөөгүй, уул эрхээ хангагдсан эсэхийг шалгаж тодруулах ажиллагааг хийлгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.8-т заасныг тайлбарлаж өгөөгүй эрхээ хэрэгжүүлсэн талаар шалгаагүй байна гэж үзэж байна. Улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.4-т заасан зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхтэй оролцоно гэсэн зарчим хангагдаагүй. Талуудын мэтгэлцэх нөхцөлийг тэгш хангаж бүрдүүлж чадаагүй байна гэж үзэх үндэслэлтэй болж байна. Улсын дээд шүүхийн 2002 оны 263 дугаартай тогтоол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасныг тайлбарласан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн бол шүүх хуралдааныг зарлаж болохоор хуульд заасан энэ заалтыг тайлбарлахдаа шүүгч хэргийн бодит байдлыг тогтооход зохих хэлбэрт орсон ач холбогдолтой бүхий л нотлох баримт хангалттай цугларсан гэж үзсэн үед хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэр гаргасныг ойлгоно гэж Улсын дээд шүүх тайлбарласан гэтэл шүүх 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж мөн өдөр хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх үүргийг танилцуулж 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргаж 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусаагүй байхад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхдээ хариуцагчийн хувьд хэргийн үнэн зөв шийдвэрлэхэд хангалттай гэж үзэх хэмжээний нотлох баримтаа бүрэн бүрдүүлж өгч чадсан эсэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлсэн эсэхийг шалгаж тодруулаагүй хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хэрэгт хамааралтай нотлох баримт бүрдсэн гэж үзэж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрхийг хязгаарлаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.1.1-т заасныг Улсын дээд шүүхийн тайлбарт зааснаас буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд төлөөлөлд тавигдах шаардлагын талаар хуульчилсан байдаг. 64.2.2.хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх, 64.3.Энэ хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна гэсэн заалттай. Хариуцагч ******* ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч, ******* ХХК-ны захирал , нэхэмжлэгч ******* ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, ******* нарт мөн байгууллагын итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээс итгэмжлэл олгохдоо зөвхөн байгууллагын дарга эрхлэгч нар гарын үсэг зурсан байдаг. Энэ нь Иргэний хуулийн 64.2.2, 64.3-т заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус итгэмжлэлийг үндэслэж хэргийг хянан шийдвэрлэсэн байна гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9-т заасныг хэрэглэх бодит нөхцөл би болсон байсан байна гэж үзэж байна. Шүүх ******* ХХК -ны худалдааны төлөөлөгчөөр Н.*******а нь ажил үүргийн хувьд хариуцагч ******* ХХК-нд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийг өөрийн харилцах дансаар бэлэн мөнгөөр хүлээн авсан болох нь нотлогдохгүй байна гэсэн дүгнэлтээр тодорхойлж байна. Дараагийн дүгнэлтдээ ******* ХХК-н нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн байна гэж нэг дүгнэлтээрээ нөгөө дүгнэлтээ үгүйсгэж хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой ******* ХХК -ны худалдааны төлөөлөгчөөр Н.*******ын ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ зэрэг баримт хэрэгт авагдаагүй байхад баримтад үндэслэлгүй хийсвэр дүгнэлт хийж хариуцагч байгууллагыг үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн байна гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж хариуцагч байгууллагыг илтэд буруутгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчлүүд байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн хүсэлтийг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна. Миний үйлчлүүлэгч хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. Бид хоёр ярилцаж тохиролцож байгаад дүгнэлт хэсэгтээ танилцуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чаджээ.
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-нд холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 44.531.199 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.******* гэрээний үүргийг биелүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан байна.
Зохигчид 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр хариуцагч ******* ХХК нь ******* ХХК ниас архи, архин бүтээгдэхүүнийг худалдан авч, төлбөрийг ажлын 7 хоног багтаан худалдагч талын байгууллагын дансанд бэлэн болон бэлэн бусаар төлөх үүргийг хүлээхээр харилцан тохиролцсон болох нь тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, талуудын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт Зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн эсхүл тодорхой хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүрэг ийг хүлээхээр заажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь гэрээний дагуу хариуцагч ******* ХХК-нд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ныг өдрийг хүртэл хугацаанд нийт 9 удаа 52.034.440 төгрөгний бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн боловч худалдан авагч ******* ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр 44.531.199 төгрөгийг худалдан авагчид гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байна.
Талуудын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т худалдан авагч тал бараа бүтээгдэхүүнийг...зээлээр худалдан авч төлбөрийг бараа бүтээгдэхүүн хүлээн авсан өдрөөс хойш борлогдсон эсэхээс үл хамааран... зээлийн төлбөрийг ажлын 7 хоногт багтаан худалдагч талын байгууллагын дансанд бэлэн болон бэлэн бусаар төлөх үүргийг хүлээх-ээр,
Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т Худалдан авагч тал барааны төлбөрийг бэлнээр төлөхдөө Бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн баримт хүлээн авсан гарын үсэг зуралцан бэлэн мөнгөний баримт үйлдэн хүлээлгэн өгнө. Баримт үйлдээгүй төлбөр тушаасан тохиолдолд худалдагч тал хариуцлага хүлээхгүй гэж,
Мөн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж хууль буюу гэрээнд гэрээний үүргийн талаар зохицуулжээ.
Хууль буюу гэрээний дээрх зохицуулалтаас үзэхэд үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид эсхүл хууль буюу гэрээнд...заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгөхөөр байх ба хариуцагч ******* ХХК нь гэрээний үүрэг 44.531.199 төгрөгийг ******* ******* ХХК-ны байгууллагын дансанд бэлэн ба бэлэн бусаар хийх, эсхүл бэлнээр төлбөрөө төлж байгаа нөхцөлд худалдагч байгууллагын бэлэн мөнгөний баримт үйлдэн хүлээлгэн өгөхөөр байна.
Гэтэл худалдан авагч ******* ХХК нь гэрээний үүрэг 44.531.199 төгрөгийг ******* ******* ХХК-ны худалдааны төлөөлөгч Н.*******ад хүлээлгэн өгсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байх ба хэрэгт Н.*******ыг ******* ******* ХХК-ны худалдааны төлөөлөгчөөр томилсон болон тэрээр нэхэмжлэгч компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гэдгийг нотолсон баримт байхгүй байна.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон тохиолдолд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заасан байх бөгөөд энэ нь үүрэг гүйцэтгэгч нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчийн төлөөлөгчид болон түүний туслахад хүлээлгэн өгөх нь үүрэг гүйцэтгүүлэгчид өөрт нь хүлээлгэн өгсний нэгэн адил тооцогдоно гэж ойлгогдохоор байна.
Гэтэл хариуцагч нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгөөгүйгээс гадна худалдан авагчийн зөвшөөрсөн этгээдэд өгснөө баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т заасан үндэслэлээр үүргийг гүйцэтгэсэнд тооцох боломжгүй, ******* ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэхээр байна.
Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд гэрээний үүргийн талаар хийвэл зохих дүгнэлтийг хийсэн, уг дүгнэлтийг үгүйсгэх өөр баримт байхгүй тул гэрээний үүргийг биелүүлсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөх-ийг хүссэн агуулга бүхий хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 140/ШШ2023/00166 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******ы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382.306 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Ж.БАТТОГТОХ