Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 180

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Б.Бямбадагва,

шүүгдэгч ..., түүний өмгөөлөгч Ц.Амар,

хохирогч ..., түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас ...д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ........ дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, . регистртэй, .... 

 

Шүүгдэгч ... нь 2018 оны 7 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Стелла” бааранд тодорхой шалтгаангүйгээр ...ын нүүрэн тус газарт шилээр цохиж эрүүл мэндэд нь зүүн дээд 3, 4 дүгээр шүдний ёзоор хэсэг, хоншоор ясны түүшин дайрсан зөрөөгүй хугарал, дээд уруулын булан хэсгээс дотогш хацрын салст руу үргэлжилсэн язарсан шарх, уруул зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ... мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ... мэдүүлэхдээ:

“...2018 оны 07 дугаар сарын 25-наас 26-ны шилжих шөнө ажлын байран дээрээ байж байхад шүүгдэгч надад гэмтэл учруулсан. Надад учирсан хохирлоо барагдуулмаар байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч ...ын өгсөн:

            “...2018 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө шөнийн 02 цагийн үед найз ..., ..., ... нарын хамт ороод нэг шил архи авч уусан. Тэгээд 04 цагийн үед Стелла баар хаах болоод гарах гэж байхад эмэгтэй зөөгч ирээд рунк хагалсан тэрнийхээ мөнгийг нэхээд би тэр зөөгчид нь 5000 төгрөг өгсөн. Тэгээд гарах гэж байтал дахиад өөр нэг эмэгтэй зөөгч ирээд танайх 4 рунк хагалсан байна мөнгийг нь өг гэж хэлсэн. ... найз зөөгчтэй уулзаад манай ширээн дээр дөрвөн хүн сууж байхад яахаараа тийм олон рунк өгдөг юм гэсэн тэгэхэд зөөгч нь манай зохион байгуулагч ирж байгаа гэж хэлсэн. Зохион байгуулагч гэх эмэгтэй нь ирээд ...той уулзсан. Би тал шилтэй архиа бариад гарах гэж байгаад ... дээр очоод дахиад 20,000 төгрөг зөөгчид нь зохион байгуулагчийн хажууд өгөхөд нэг нь миний архи барьсан гарнаас барьсан би гараа тавиулах гээд таттал зохион байгуулагчийн уруулруу нь цохьчихсон...” гэх мэдүүлэг /хх-н 26/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч ...ын өгсөн:

            “...2018 оны 7 дугаар сарын 25-наас 26-ныг шилжих шөнө би Стелла бааранд зохион байгуулагчийнхаа ажлаа хийгээд явж байхад үйлчлүүлэгч ... гэх залуу намайг ширээн дээрээсээ хамгаалагч ...оор дуудуулахаар би яваад очтол хариулт дутуу байна гэхээр нь би зөөгчөө дуудаад 5.000 төгрөгийг нь буцааж олгуулсан. Тэгээд би эндүүрэл гарчихлаа уучлаарай гэж хэлсэн. ... нь баярлалаа баяртай гээд гарсан. Тэгээд найзуудыгаа аваад гарахдаа ... гэх найз нь мөнгө авах уу хэдийг авах уу яах гээд байгаа юм чи гээд надруу дайрсан би үгүй асуудал байхгүй баяртай гэхэд ширээн дээрээс хоосон архины шил аваад миний нүүрлүү нэг удаа хүчтэй цохисон. Хамгаалагч нар тэр залууг гаргаагүй бариад үлдсэн. Би тэндээс жаахан холдоод хэсэгхэн зуур ухаан манараад зогссон. ... гэх залуу нь ...аа чи зүгээр гарахгүй яагаад хүн цохиж байгаа юм гэж уурлаж цохисон. ...ийн согтолт нь гайгүй бараг эрүүл шахам байсан. Тэгээд цагдаа дуудаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн.

            Миний 2 шүд хугарч нэг шүд цуурсан. Уруулан дотроо 4 оёдол, гаднаа 2 оёдол тавиулсан. Хамарын урд хэсэг баруун тийшээ мурийсан. Дээд уруул хавантай байгаа. Би ... гэх намайг цохисон залуутай юу ч яриагүй. ... нь хэдэн төгрөг авахын яахын чи гээд дайраад найз ... нь одоо асуудалгүй явъя гэсэн, тэгсэн хажууд зогсож байсан манай хамгаалагч ...ийг ... нь үл ялиг түлхээд ширээн дээрээс архины шил аваад босоод зогсож байсан юм байна лээ тэр шилээрээ нүүрлүү хүчтэй нэг цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 15-17/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч О....ын өгсөн:

            “...2018 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө ..., ..., ... бид дөрөв Стелла бааранд шөнийн 02 цагт ороод дундаа нэг Эвок архи аваад ... нь маргааш ажилтай гээд уугаагүй. ... ... бид гурав ууж байгаад тал архи үлдчихсэн байхад би 00 орчихоод ирэхэд хамгаалагч нь хаах болж байгаа шүү гэж хэлсэн. Намайг 00 орчихсон байхад рунк хагалсан гэж зөөгч хэлсэн гэсэн ... мөнгийг нь өгсөн юм шиг байгаа юм. Бид хэд гарах гээд байж байсан ... тал архиа аваад босоод байж байхад зохион байгуулагч ... гэх хүүхэн нь ...ын хажууд зогсоод байж байсан нэг харсан чинь ... нь ...ыг намайг цохьчихлоо гэж хэлж байсан. Яг цохиж байхыг нь хараагүй. ... гэх хүүхний уруул нь сэтэрчихсэн байсан. Санамсаргүй л цохисон гэж ... хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 18-19/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч О....ийн өгсөн:

            “...Тухайн өдрийг хэзээ гэдгийг мэдэхгүй байна би ... ... бид нар хамт явж байсан юм. Тэгээд Стелла бааранд ороод нөгөө хэд 1 шил архи аваад уусан би архи уугаагүй байсан. Архи 4 хундага хагалсан гээд нэг зөөгч ...аас 20,000 төгрөг аваад хариулт 5000 төгрөг авч ирж өгөхөөр нь би тийм юм байхгүй 1 хундага  хагарсан гэж хэлсэн чинь зөөгч нь би мэдэхгүй гэхээр нь манай ширээн дээр үйлчилж байсан зөөгч, зохион байгуулагч хоёроо дуудчих гэж хэлсэн. Баар хаачихсан хүнгүй байсан болохоор бид хэд гарч явах гэж байсан ... шилтэй тал архиа аваад боссон. Би зохион байгуулагч зөөгч хоёрт хундаганы талаар хэлэхэд зөөгч нь тийн тийн гээд хариулт мөнгийг надад өгсөн. Тэгтэл ... миний хойно зогсож байгаад архины шилээр зохион байгуулагчийг цохисон, би арагш хараагүй болохоор сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 44/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн ... тоот: 

1. ...ын биед зүүн дээд 3, 4-р шүдний ёзоор хэсэг, хоншоор ясны түүшин дайрсан зөрөөгүй хугарал, дээд уруулын булан хэсгээс дотогш хацрын салст руу үргэлжилсэн язарсан шарх, уруул, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /хх-н 21/,

 

- Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 11-12/,

- Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-н 25/,

 

Шүүгдэгч ...ын хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 28/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 29/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 34/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч ... нь 2018 оны 7 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө ...ын нүүрэн тус газарт шилээр цохиж эрүүл мэндэд нь зүүн дээд 3, 4 дүгээр шүдний ёзоор хэсэг, хоншоор ясны түүшин дайрсан зөрөөгүй хугарал, дээд уруулын булан хэсгээс дотогш хацрын салст руу үргэлжилсэн язарсан шарх, уруул зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч ...ын “...2018 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө ... Зохион байгуулагч гэх эмэгтэй нь ирээд ...той уулзсан. Би тал шилтэй архиа бариад гарах гэж байгаад ... дээр очоод дахиад 20,000 төгрөг зөөгчид нь зохион байгуулагчийн хажууд өгөхөд нэг нь миний архи барьсан гарнаас барьсан би гараа тавиулах гээд таттал зохион байгуулагчийн уруулруу нь цохьчихсон...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч ...ын “...2018 оны 7 дугаар сарын 25-наас 26-ныг шилжих шөнө ... ... нь баярлалаа баяртай гээд гарсан. Тэгээд найзуудыгаа аваад гарахдаа ... гэх найз нь мөнгө авах уу хэдийг авах уу яах гээд байгаа юм чи гээд надруу дайрсан би үгүй асуудал байхгүй баяртай гэхэд ширээн дээрээс хоосон архины шил аваад миний нүүрлүү нэг удаа хүчтэй цохисон...” гэх мэдүүлэг,

 

            гэрч О....ын “...2018 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө ... ... тал архиа аваад босоод байж байхад зохион байгуулагч ... гэх хүүхэн нь ...ын хажууд зогсоод байж байсан нэг харсан чинь ... нь ...ыг намайг цохичихлоо гэж хэлж байсан. ... ... гэх хүүхний уруул нь сэтэрчихсэн байсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч О....ийн “...... миний хойно зогсож байгаад архины шилээр зохион байгуулагчийг цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн 9245 тоот дүгнэлт, Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас ...д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч ...ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...аас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон 9.470.000 төгрөг гаргуулж хохирогч ...д олгож, хохирогч ... нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял онодуулж уг ялыг, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нийт 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх дээрх эрүүгийн хариуцлагын санал болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн торгох ялын нийт хэмжээг 1.200 нэгж буюу 1.200.000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч ...д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...ыг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн торгох ялын нийт хэмжээг 1200 нэгж буюу 1,200,000 төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ...ын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...аас 9.470.000 төгрөг гаргуулж хохирогч ...д олгож, хохирогч ... нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ...д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ