| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0628/Э |
| Дугаар | 18 |
| Огноо | 2018-12-28 |
| Зүйл хэсэг | 21.7.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.А-д холбогдох эрүүгийн 18100 2277 0701 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Пүрэвтогтох, гэрч Э.Б, шүүгдэгч Ө.А, түүний өмгөөлөгч М.И нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Ядмаа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Ө.А нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 7-139 тоотод байсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17291010/05 дугаартай тогтоолоор битүүмжилсэн ухмал сийлбэртэй 6 ханатай гэрийн модыг дур мэдэн захиран зарцуулж, шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрийг төлж барагдуулалгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Ө.А-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...2017 оны 5 дугаар сард Б гэдэг эгчээс 5 ханатай хуучин гэрийн мод 15 ширхэгийг, нэг гэрийн модыг 550.000 төгрөгөөр бодож аваад, засаж янзлаад зарж өгнө гэж тохиролцсон. Үнэхээр засагдах боломжгүйг нь хаяаад шинээр хийж зарах гэсээр байтал 2-3 сарын хугацаа өнгөрсөн. Гэтэл 2017 оны 7-8 дугаар сарын үед авсан гэрийн модноос нэг нь ч зарагдахгүйбайсан болохоор нь ченж дуудаж, нэг гэрийн модыг 350.000 төгрөгөөр бодож зарсан. Тэр мөнгөнийхөө талыг нь Бд өгөөд, тал мөнгөөр нь модон материал авч, сийлбэртэй гэр хийж хохирлоо төлөх гээд ажлаа хийж байхдаа хүнд зодуулаад тархиндаа гэмтэл авсан.
Түүнээс хойш 1 жил гарангийн хугацаанд ажил хийж чадаагүй, төлбөрөө төлж чадаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч дуусаагүй дутуу сийлбэртэй гэрийг битүүмжилсэн байсан. 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 2.000.000 төгрөгөөр БА гэдэг хүнтэй тохирч, 1.000.000 төгрөгийг урьдчилж аваад үлдсэн 1.000.000 төгрөгт нэг үхэр, нэг адуу авахаар тохирч, зарсан. Дуусаагүй сийлбэртэй гэр байсан учраас авсан 1.0 сая төгрөгөөс 400.000 төгрөгөөр лак, будаг аваад, мөн хамт ажилласан хүнийхээ ажлын хөлсийг нь өгчихсөн юм.
Гэрийн мужааны ажлыг манай аав гүйцэтгэсэн байсан учир 600.000 төгрөгийг ажлын хөлсөнд өгсөн. Ингээд Э.Б-т мэдэгдэх гэсэн боловч ээлжийн амралтаа аваад явсан, утас нь холбогдохгүй байсан. Гэхдээ гэрийг зарахаас өмнө утсаар шийдвэр гүйцэтгэгчид хэлж мэдэгдсэн юм. Тэгээд Э.Б-ийг ажилд орох үед нь лак, будаг аваад нөгөө мөнгийг дуусгасан байсан бөгөөд ийм юм болсон гэж тайлбарлахад “мөнгөө хурдан өгөхгүй бол хорих ялаар шийтгэгдэнэ” гэж хэлсэн. Тэгээд Б-ээс гэрийн модны үлдэгдэлээ авах гэсэн боловч хөдөө байдаг болохоор утас нь холбогдохгүй байсан.
Би тухайн гэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас битүүмжилсэн байсныг мэдэж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг гэрийг зарж борлуулж болохгүй талаар анхааруулж хэлж байсан. Б-т гэдэг хүнд тухайн гэрийн модыг зарахдаа шийдвэр гүйцэлтгэлийн ажиллагаагаар битүүмжилсэн байсан тухай хэлээгүй. Би гэр зарсан мөнгөөнөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын банкин дахь дансанд хийгээгүй. Би Б эгчид 9.600.000 төгрөгийн өр төлбөртэй байсан болохоор миний эд хөрөнгийг битүүмжилсэн. Уг гэрийг зарах үед Б-д төлөгдсөн төлбөр байгаагүй. Анх би гэрийг зарахаас өмнө шийдвэр гүйцэтгэгч Э.Б-тэй уулзаад” Б-А гэдэг хүн гэрийг авна” гэж байна гэхэд Э.Б нь төлбөр авагч Бтэй утсаар холбогдож “та гэрийг авах уу, 2.000.000 төгрөгөөр гэрийг хүн авна гэсэн байна” гэхэд Б нь “бэлэн мөнгө авна” гэж хэлсэн. Би мужааны ажил хийж орлого олдог. Би хууль эрх зүйн мэдлэггүйгээс болж ийм асуудалд холбогдсондоо гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,
2. Гэрч Э.Б-ээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 139 дүгээр тойрог хариуцсан шийдвэр гүйцэтгэгч ажилтай, ахмад цолтой. Ө.А-аас 9.453.000 төгрөг гаргуулж С.Б-д олгохоор шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 183/ШЗ2017/10306 дугаартай шийдвэрт бичигдсэн гүйцэтгэх бичиг баримтыг хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн, ажиллагаа явуулж байсан.
Уг ажиллагааны явцад төлбөр төлөгч Ө.А-ын эд хөрөнгийн талаарх мэдүүлгийг авч, түүний өөрийн хөрөнгө өмч гэх ухмал сийлбэртэй, 6 ханатай монгол гэрийн модыг 2018 оны 01 сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгийн өөрийнх нь эрхлэн хамгаалалтад хариуцуулж, битүүмжилсэн эд хөрөнгийг захиран зарцуулах, үрэгдүүлэх, бусдад шилжүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг анхааруулан сануулж, тэмдэглэн гарын үсэг зуруулсан байсан. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хойш төлбөр төлөгч Ө.А алга болсон. Эрэн сурвалжлах ажиллагаа явагдаагүй. Шүүхийн шийдвэрт дурьдагдсан хаяг болох Морингийн даваанд очиж Ө.А-ын аавд нь зарлан дуудах хуудас хүргэсэн. Төлбөр төлөгч алга болчихоор бид нар эд хөрөнгө хаана байгаа талаарх мэдээлэлгүй болдог. Учир нь Ө.А-ын өөрт нь хадгалуулсан хөдлөх хөрөнгө байсан. Зарлан дуудах ажиллагаанаас өөр ажиллагаа хийгдээгүй. Хуульд эд хөрөнгийг битүүмжилсэнээс хойш төлбөр төлөгдөөгүй тохиолдолд хураахаар заасан боловч энэ ажиллагааг ямар хугацаанд гүйцэтгэх талаар тухайлсан хугацаа заасан зохицуулалт байхгүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах талаар тодорхой зохицуулсан байдаг. Эд хөрөнгө битүүмжлэнэ гэдэг нь тухайн эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарлахыг ойлгоно. Эд хөрөнгийн өмчлөлийн асуудал дээр төлбөр төлөгч ямар нэгэн маргаагүй, миний өөрийн өмч гэж мэдүүлж гарын үсэг зурсан байдаг ба эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаатай холбоотой ямар нэгэн гомдол санал гаргаагүй байдаг.
2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Ө.А мэдүүлэг тайлбар гаргахдаа гэрийг зарсан гэсэн байна. Тэмдэглэлээр авсан тайлбар дээрх хаягаар зарлан дуудаад ирдэггүй, Ө.А-ын аавд нь болон гэр бүлийн гишүүдэд заасан хаягаар мэдэгдэл хүргүүлээд ирэхгүй байсан. 2018 оны 7 дугаар сарын 5–ны өдрийн үеэр 2.000.000 төгрөгөөр зарсан гэсэн тайлбар өгсөн.
Тухайн гэрийг зарж борлуулахдаа Ө.А надаас зөвшөөрөл аваагүй. Худалдаж авах гэж байгаа хүнийг над дээр нэг удаа дагуулж ирэхэд нь “худалдан авч байгаа хүнээс авах мөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд урьдчилан байршуулсан тохиолдолд гэрийг зарж борлуулж болно” гэж өөрт хэлж тайлбарлаад явуулсан юм. Гэтэл Ө.А манай байгууллагын дансанд мөнгө байршуулаагүй, өөрөө төлбөрт битүүмжилсэн байсан ухмал сийлбэртэй 6 ханатай гэрийг бусдад худалдан борлуулж мөнгийг нь шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрт тооцуулалгүйгээр захиран зарцуулж үрэгдүүлсэн байсан учир хуулийн байгууллагад шалгуулахаар хандсан юм.
Уг битүүмжлэгдсэн гэр нь төлбөр төлөгч Ө.А-ын өөрийнх нь өмч, өөрөө хийж байгаа гэрийн мод гэж танилцуулж, гэрийн модыг зараад төлбөр барагдуулна гэсэн тайлбар хэлдэг. Битүүмжилсэн эд хөрөнгөд эд зүйлийн үнэлгээ хийх, хураан авах ажиллагаа хийгдээгүй байсан. Эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр битүүмжилсэн, дараа нь эд хөрөнгийг хурааж, үнэлгээ тогтоолгоно гэсэн хуульд заасан шат дараалалтайгаар ажиллагаа явагдах ёстой байсан. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл өр төлбөр барагдуулахаар хугацаа тогтоосон байсан.
Одоогийн байдлаар Ө.Ад холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.4-т заасан “төлбөр төлөгч, төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан” үндэслэлээр дуусгавар болсон байгаа.
Талууд харилцан тохиролцож, төлбөр төлөгч Ө.А нь шүүхийн шийдвэрт заагдсан 9.453.000 төгрөгөөс төлбөр авагч Бд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 4.500.000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг 2019 оны 03 сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулснаар төлбөр авагчаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт ирүүлсэн учир хуулийн дагуу дуусгавар болгож шийдвэрлэсэн байгаа. ” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 18100 2277 0701 дугаартай хэргээс:
1. 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/Ш32017/10306 дугаартай захирамж, уг захирамжийн дагуу бичигдсэн шүүхийн гүйцэтгэх хуудас /хэргийн 5-6х/,
2. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол 17291053 дугаартай тогтоол /хэргийн 07х/,
3. 2018 оны 01 сарын 25-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 26-32х/,
4. Гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуулын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШЗ2017/10306 дугаар захирамжаар Ө.Ааас 9.453.000 төгрөгийг гаргуулж С.Бд олгохоор болсон бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17291053 тогтоолоор үүсгэсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Ө.Ааас 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эд хөрөнгийн мэдүүлэг авахад 2 ширхэг сийлбэртэй гэрийн мод хийж байгаа талаар мэдүүлсэн бөгөөд уг 2 ширхэг гэрийн модыг хийж дуусаад өрөндөө өгч барагдуулах талаарх хүсэлт гаргаж байсан. Түүний дараагаар 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 7 дугаар гудамжинд байрлах “Хөх чоно” ХХК-ийн байранд байрлах Ө.Аын хийж буй 6 ханатай ухмал сийлбэртэй гэрийн мод байсныг 17291010/05 дугаар тогтоолоор ШШГТХ-ийн 49 дүгээр зүйлийг баримтлан битүүмжлэн Ө.Ад зарж борлуулж болохгүй талаар хэлж мэдэгдэж тэмдэглэлд гарын үсэг зуруулан хадгалалт хамгаалалтыг өөрт нь хариуцуулж өгсөн. 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Ө.Атай уулзаж тайлбар авахад дээрх битүүмжилсэн гэрийн модыг БА гэдэг хүнд 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 2.000.000 төгрөгөөр зарсан мөнгөө аваагүй байгаа талаар тайлбар өгч, “2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн дотор гэр зарсан мөнгөө авч, НШШГГ-ын дансанд хийж барагдуулна” гэж хэлсэн боловч, одоог болтол хийж барагдуулаагүй байгаа.
Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлд заасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зайлсхийх гэмт хэргийн шинжтэй байх тул цагдаагийн байгууллагад хандсан. ...Ө.А нь иргэн С.Бд нийт 9.453.000 төгрөг төлөхөөс одоог болтол нэг ч төгрөг төлөгдөөгүй байгаа. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 40-41х/,
5. Гэрч В.БАийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2018 оны 07 дугаар сарын 10-нд Ө.А гэх залуугаас сийлбэртэй 5 ханатай гэр 2.000.000 төгрөгөөр худалдаж аваад 1.000.000 төгрөгийг нь бэлэн өгсөн. Үлдсэн 1.000.000 төгрөгөнд нь идэшний адуу, үхэр авна гэж тохирсон. Би авсан гэрээ шүүхийн шийдвэрийн байгууллагад бүртгэлтэй гэр байсан гэдгийг огт мэдээгүй байсан чинь Ө.А над руу залгаад “наад гэр чинь шүүхийн шийдвэрийн байгууллагын мэдэлд байгаа гэр юмаа, намайг цагдаагаас дуудаад байна, та үнэн байдлыг хэлээд өгөөрэй” гэсэн.
Би одоо 1.000.000 төгрөг өгөх ёстой. Ө.А уг гэрийг шүүхийн шийдвэрээс битүүмжилсэн эсэхийг надад огт хэлээгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 46-47х/,
6. Гэрч Ч.Өын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Манай хүү Ө.А,бид хоёр хоёулаа сийлбэр хийдэг юм. Миний хувьд Ө.Атай хамтран гэрийн мод сийлсэн. Уг гэрийн модоо 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр БА гэдэг хүнд 2.000.000 төгрөгөөр зарсан бөгөөд 1.000.000 төгрөгийг нь урьдчилгаа болгоод авчихсан. Уг 1.000.000 төгрөгнөөс 600.000 төгрөгийг нь би өөрөө авч үлдсэн 400.000 төгрөгийг нь Ө.Ад өгсөн. Энэхүү мөнгөөр Ө.А мод, лак болон бусад багаж хэрэгсэл авсан. Харин үлдэгдэл мөнгөний оронд БА нь “адуу, үхэр өгнө” гэж тохирсон байгаа. Удахгүй идэшний цагаар өгөх байх гэж бодож байна. Уг гэрийн модыг Ө.А бид хоёр хамт хийсэн боловч Ө.Аынх юм. Би уг гэрийн модыг шүүхийн шийдвэрийн газраас битүүмжилсэн гэж огт мэдээгүй. Тэгээд ч гэрийн модыг Ө.А өөрөө хүнээ олж зарсан байгаа. Бидний зүгээс төлбөрийг нь төлөх гээд л яваад байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 48-49х/,
7. Шүүгдэгч Ө.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. ...Би Б эгчид мөнгийг нь заавал өгнө. Би бодохдоо шүүхийн шийдвэр дээр мөнгөө авч очихгүй бол цаашаа хоригдох юм байна гэж бодсон. Нэг мөр мөнгийг нь аваад очье гэж бодож явсаар өдийг хүрлээ. Би гэр зараад олсон 1.000.000 төгрөгөө шүүхийн шийдвэрийн дансанд хийх ёстой байсныг, уг гэрийг битүүмжилсэн гэдгийг мэдэж байсан. Битүүмжилсэн байсан гэрийг зарж борлуулсан нь үнэн. Гэрийг зараад мөнгийг нь шүүхийн шийдвэрийн дансанд хийгээгүй нь миний буруу. Гэхдээ л би мөнгийг нь заавал төлөх болно.” гэсэн мэдүүлэг /хэргийн 81-82х/ болон түүний хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 53х/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /хэргийн 56-59х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийг яллагдагчаар болон гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ө.Аын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн “Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай” 183/ШЗ2017/10306 дугаартай Шүүгчийн захирамжаар Ө.Ааас 9.453.000 төгрөг гаргуулж, С.Бд олгохоор шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 02-ны өдрийн 183/ШЗ2017/01136 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирснээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17291053 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч Ө.Ад холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрхлэн гүйцэтгэхийг 139 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Э.Бт зөвшөөрсөн болох нь шүүх хуралдаанд шинжлэгдсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/Ш32017/10306 дугаартай захирамж, уг захирамжийн дагуу бичигдсэн шүүхийн гүйцэтгэх хуудас /хэргийн 5-6х/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай ахлах гүйцэтгэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17291053 дугаартай тогтоол /хэргийн 7х/, гэрч Э.Бийн мэдүүлэг зэрэг баримтаар тус тус тогтоогдсон байна.
Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгч буюу шүүгдэгч Ө.Аын эд хөрөнгийн талаарх мэдүүлэг болон төлбөр төлөгчөөс төлбөртөө тооцон шилжүүлэх боломжтой эд хөрөнгийн талаарх мэдээллийг авч, улмаар 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 17291010/05 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор төлбөр төлөгч Ө.Аын “6 ханатай, ухмал сийлбэртэй, гэрийн мод /хаалга, унь, тооно, багана/-ыг битүүмжлэн, битүүмжилсэн ажиллагааны тэмдэглэлийг хөтөлж, төлбөр төлөгчид өөрт нь эд хөрөнгийн эрхлэн хамгаалалтыг хариуцуулан хадгалуулж, “битүүмжилсэн эд хөрөнгийг захиран зарцуулсан, үрэгдүүлсэн, шилжүүлсэн тохиолдолд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг Ө.Ад сануулж, тэрээр танилцаж гарын үсэг зурсан баримттай байна. /хэргийн 26-31х/
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх хуулийн зохицуулалттай /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл/ бөгөөд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг /шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, магадлал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж/ санаатай биелүүлээгүй, биелүүлэхэд нь зориуд саад учруулах зорилгоор шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий этгээд /төлбөр төлөгч/ хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргасан, эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн, үрэгдүүлсэн, оршин суух хаягаа өөрчилсөн, дүр эсгэн биелүүлсэн, битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан, дүр эсгэсэн гэрээ байгуулсныг тус тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх гэмт хэрэгт тооцох талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан.
“Төлбөр төлөгчийн тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах ажиллагаа гэнэ” гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд тодорхойлж, хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, худалдан борлуулах, эсхүл хөрөнгийг хамгаалах зорилгоор төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг гүйцэтгэх ба битүүмжилсэн барьцаалсан хөрөнгийг захиран зарцуулахыг хориглосон, эсхүл түүнийг эзэмших ашиглах эрхийг хязгаарлах тухай шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг төлбөр төлөгч зөрчсөн бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэхээр мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.8 дахь хэсэгт заасан.
Тухайн хэргийн хувьд 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 17291010/05 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор төлбөр төлөгч Ө.Аын “6 ханатай, ухмал сийлбэртэй, гэрийн мод /хаалга, унь, тооно, багана/-ыг битүүмжлэн, битүүмжилсэн ажиллагааны тэмдэглэлийг хөтөлж, төлбөр төлөгчид өөрт нь эд хөрөнгийн эрхлэн хамгаалалтыг хариуцуулан хадгалуулж, “битүүмжилсэн эд хөрөнгийг захиран зарцуулсан, үрэгдүүлсэн, шилжүүлсэн тохиолдолд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг Ө.Ад сануулж, тэрээр эрх, үүрэгтэйгээ танилцаж гарын үсэг зурсан атлаа эрх бүхий байгууллагын ажилтан шийдвэр гүйцэтгэгчээс шүүхийн шийдвэрийг албан гүйцэтгэх ажиллагаа явуулж, уг ажиллагааны явцад битүүмжлэгдсэн, өөрийнх нь хадгалалт хамгаалалтад хариуцуулсан 6 ханатай ухмал сийлбэртэй гэрийн модыг, эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлсөн шийдвэр гараагүй байхад эд хөрөнгийг 2018 оны 07 сарын 10-ны өдөр дур мэдэн захиран зарцуулж, В.БА гэгчид /хэрэгт гэрчээр асуугдсан/ 2.0 сая төгрөгөөр худалдан борлуулж, улмаар худалдан борлуулснаас олсон орлогыг шүүхийн шийдвэрийн дагуу төлбөл зохих төлбөртөө тооцон шилжүүлэлгүй ашигласан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/Ш32017/10306 дугаартай захирамж, уг захирамжийн дагуу бичигдсэн шүүхийн гүйцэтгэх хуудас /хэргийн 5-6х/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай ахлах гүйцэтгэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17291053 дугаартай тогтоол /хэргийн 7х/, 2018 оны 01 сарын 25-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 26-32х/, гэрч Э.Б /хэргийн 40-41х/, гэрч В.БА /хэргийн 46-47х/, Ч.Ө /хэргийн 48-49х/ нарын мэдүүлэг болон шүүгдэгч Ө.Аын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож, тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ө.А нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 7-139 тоотод байсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, уг ажиллагааны явцад 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17291010/05 дугаартай тогтоолоор битүүмжилсэн ухмал сийлбэртэй 6 ханатай гэрийн модыг дур мэдэн захиран зарцуулж, бусдад худалдан борлуулж, улмаар худалдан борлуулснаас олсон орлогыг шүүхийн шийдвэрийн дагуу төлбөл зохих өр төлбөртөө тооцон шилжүүлэлгүй, ашигласан үйлдэл нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Хэргийн шүүгдэгч Ө.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хан-Уул дүүргийн прокуророос шүүгдэгч Ө.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон байна.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.4-т заасан “төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан” үндэслэлээр шүүдэгч /төлбөр төлөгч/ Ө.Ад холбогдох 17291053 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуульд заасан үндэслэл болохгүй юм.
Иймд дээр дурьдсан үндэслэлээр, шүүгдэгч Ө.Аыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор битүүмжилсэн эд хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэн үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Мөн шүүгдэгч Ө.А нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 663 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, хяналт тогтоож шийдвэрлэсэн, тэнссэн хугацаанд буюу 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн Хорин нэгдүгээр бүлэгт заасан “Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг” гэмт хэрэг шинээр үйлдсэн нь хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 663 дугаар шийтгэх тогтоол /хэргийн 56-59х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 53х/ зэргээр тогтоогдсон байна.
Иймээс “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүгдэгч Ө.Ад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 663 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг 6 сарын хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Ингэхдээ шүүх “хэд хэдэн гэмт үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоож” шийдвэрлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмыг баримтлан шүүгдэгч Ө.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Ө.Ад оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 3250 /гурван мянга хоёр зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.250.000 /гурван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож, уг ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэсэн болно.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ө.А-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор битүүмжилсэн эд хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.А-ыг 2.800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Ө.А-д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 663 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг 6 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.А-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Ө.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялд, мөн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 3.250 /гурван мянга хоёр зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.250.000 /гурван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ө.А-д шүүхээс оногдуулсан 3.250 /гурван мянга хоёр зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.250.000 /гурван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт Ө.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ө.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД