Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 816

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Н.Дамбадаржаа,

шүүгдэгч ... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ...д холбогдох эрүүгийн ... тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ., ....

 

Шүүгдэгч ... нь 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол зоог” хоолны газарт иргэн ...ын биед хамар, дээд уруулд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ... мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч ...ий өгсөн:

“...2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны эгч Батцэцэгийн урд талын саадан дотор согтуу сууж байсан чинь нэг залуу ирээд надтай танилцсан. Өөрийгөө ... гэж танилцуулсан. Тухайн залуутай танилцаад би эгч Батцэцэгийн гэрт дагуулан орж нэг шил архи хуваан уусан. Бид 2 дахин архи уухын тулд гараад Монгол зоог нэртэй хоолны газарт орон хоол идэж архи уусан. Тухайн өдөр миний ажлын цалин орох байсан боловч ороогүй. Би нилээн согтсон. Тэгтэл ... гэх залуу намайг гарч бай гэж хэлэхээр нь би гэртээ хариад унтсан. Шөнө хэдэн цаг болж байсныг мэдэхгүй манай гэрийн хаалгыг тогшихоор нь би тайлсан чинь ... гэх залуу Монгол зоогийн газрын ажилтан залууг дагуулчихсан орж ирэхээр нь би юу болсон тухай асуусан чинь тооцоо гэхээр нь би цалин ороогүй байгаа тухайгаа хэлээд эгчийнхээ 7 хос гутлыг барьцаанд өгөн маргааш нь авахаар тохирсон. ... гэх залуугаас чи тооцоог нь хийхгүй яасан юм бэ гэж асуусан чинь маргааш 2-лаа хуваагаад хийе гэж хэлсэн. Тэгээд ... гэх залуу гараад явсан. Маргааш нь буюу 2018 оны 8 дугаар сарын 11-ний өглөөний 10 цагийн орчим хаалга нүдэхээр нь тайлсан нөгөө ... гэж танилцуулсан залуу гэрт орж ирэн надад мөнгө олдохгүй байна чиний цалин буусан уу шартаад үхлээ гэж орж ирсэн. Би картаа шалгасан чинь цалин 225.000 төгрөг орсон байсан. Бид 2 гэртээ шараа тайлан 0,75 литрийн архи уучихаад Монгол зоог орон эгчийнхээ гутлыг авахаар гарсан. Тухайн үед 13 цаг болж байсан. Монгол зоогийн газар хохирогч ... зөөгч охины хамт байсан. Би тооцоо болох 77000 төгрөгийг төлчихөөд гутлаа аваад явах гэсэн чинь гуталны дотор байсан үнэртэй ус байхгүй болохоор нь би барьцаанд давхар өгсөн үнэртэй ус торонд байхгүй талаар хохирогч ...д хэлэхэд би аваагүй мэдэхгүй гэснээс болон маргаан үүссэн. Үүний улмаас хохирогч ... гар утсаараа цагдаа дуудах гээд байхаар нь би яриулахгүй гэж оролдсон. Тэгэхээр нь би хохирогч ...ын нүүрэн тус газар нь толгойгоороо нэг удаа мөргөсөн. Тэгтэл хамраас нь цус гарсан чинь ... доошоо тонгойхоор нь би өвдөг хэсгээрээ дахин нүүрэн тус газар нь өвдөглөчихөөд гараад явсан. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31, 45-46/ ,

 

Мөрдөн байцаалтад хохирогч ...ын өгсөн:

“...2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 14-15 цагийн орчим би ажил дээрээ байсан чинь урьд өдөр тооцоо хийгээгүй гутал барьцаанд тавьсан 2 согтуу залуу орж ирэн тооцоо болох 77000 төгрөгийг хийгээд над руу нэрийг нь мэдэхгүй 25-30 орчим насны өндөр туранхай хар царайтай залуу нь чи барьцаанд авсан гутлаа манай гэрт аваачиж тавь гэхээр нь би ажилтай байна орой танай гэрт хүргэж өгье гэж хэлсэн чинь үгүй яг одоо авчирсан шигээ хүргэж өг гэж хэлэхээр нь би үгүй гэж хэлсэн чинь над руу дайраад цохих гээд далайгаад байсан бөгөөд би цагдаа дуудна гэж хэлэн пабын заал руу гаран 2 дугаар ширээн дээр суугаад өөрийн гар утсаараа 102 дугаарт залгаад дуудлага өгөх гэсэн юм гэж хэлсэн чинь Өндөр хар залуутай явсан махлаг намхан залуу нь миний гар утсыг булааж авах гэхээр нь би өгөхгүй байсан чинь туранхай хар залуу нь миний нүүрэн тус газар луу нэг удаа толгойгоороо мөргөсөн. Тэгтэл миний хамраас цус гаран доош тонгойсон чинь миний нүүрэн тус газар луу гуталтай хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Энэ хооронд махлаг залуу нь барьцаанд тавьсан гутлаа аваад зугатсан. Харин намайг зодсон туранхай хар залуу нь миний нүүрэн тус газар луу дахин гараараа нэг удаа цохисон. Би эмчилгээний зардал болох 350.000 төгрөг хүлээн авсан. Энхтүвшинтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 15-18/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн ... тоот: 

1. ...ын биед хамар, дээд уруулд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 27/,

            - Хохирогч ...ын хүсэлт /хх-н 65/,

 

Шүүгдэгч ...ий хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 39/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 51/

-оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 52/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч ... нь 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол зоог” хоолны газарт иргэн ...ын биед хамар, дээд уруулд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч ...ий “...би хохирогч ...ын нүүрэн тус газар нь толгойгоороо нэг удаа мөргөсөн. Тэгтэл хамраас нь цус гарсан чинь ... доошоо тонгойхоор нь би өвдөг хэсгээрээ дахин нүүрэн тус газар нь өвдөглөчихөөд гараад явсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч ...ын “...туранхай хар залуу нь миний нүүрэн тус газар луу нэг удаа толгойгоороо мөргөсөн. Тэгтэл миний хамраас цус гаран доош тонгойсон чинь миний нүүрэн тус газар луу гуталтай хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Энэ хооронд махлаг залуу нь барьцаанд тавьсан гутлаа аваад зугатсан. Харин намайг зодсон туранхай хар залуу нь миний нүүрэн тус газар луу дахин гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн ... тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас ...д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч ...г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар

            Хавтаст хэргийн 18, 65 дугаар талд хохирогч ...а нь “...Би эмчилгээний зардал болох 350.000 төгрөг хүлээн авсан. Энхтүвшинтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч ...г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч ...д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос ...д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч ...д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ...ий торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ...д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ