| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0012/Э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2018-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуроос шүүгдэгч Ө.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 18100 0740 0741 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Эсэн, шүүгдэгч Ө.И нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Ө.И нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын автобусны буудал дээр 2018 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Н.Г-г зодож түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.И нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Ө.И-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би сургуулиасаа чөлөө аваад, 6 дугаар сургуулийн хажуу талд байрладаг каток дээр үйлчилгээний ажил хийдэг. Би 400.000 төгрөгийн цалинтай. Тухайн хэрэг гардаг өдөр найзыгаа машинаас буулгах гэж байхад хажуунаас жолооч ах “чи наад найзыгаа ав, машин заваартуулчихлаа” гээд дээрэлхээд байсан. Уг нь уучлалт гуйгаад манай найз машинд нь бөөлжсөн учир таксины мөнгөн дээр нэмээд цэвэрлэгээний мөнгө өгсөн байсан. Тэгээд хохирогч Н.Г эргэж харахдаа нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон. Би П-ийг цохиж зодоогүй.
Би одоо 21 настай, өмнө 3 удаа ял шийтгүүлсэн. Би муу хүмүүстэй нийлж уруу татагдаад хэрэгт холбогдож байсандаа харамсаж явдаг юм. Цаашид ийм асуудал гаргахгүй. Би хохирол төлбөр төлөөгүй байгаа, шүүх хуралдаанаас өмнө хохирогчид төлбөр хохирлыг нь төлөхөөр авчирсан боловч хохирогчтой таарсангүй. Холбоо барих утас нь болохгүй байна. Машинаас буух үедээ хохирогчийн хүрэмийг найз П-ийнх гэж ойлгоод андуураад аваад буусан байсан. Хүрэмийг нь хохирогчид хүлээлгэн өгсөн байгаа. Би хохирогчтой уулзаж чадаагүй, утас нь холбогдохгүй байсан. Би хохирогчийн куртикийг Пийг орхиод буучихаж гэж бодоод аваад буусан байсан. Хохирогчид учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлнө. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Би сургуулиасаа чөлөө аваад ажил хөдөлмөр эрхэлж байгаа, дахиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй, цаашид ааш зан, авираа засаж, сурч хүмүүжихээ амлаж байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 18100 1791 0519 дугаартай хэргээс:
1. Хохирогч Н.Гн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Би 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн 00-00 ААА улсын дугаартай Приус-20 маркийн саарал өнгийн суудлын автомашинтай явж байхад долоон буудлын эцэс дээр автобусны буудал дээр үл таних гурван залуу гар өргөөд “10.000 төгрөг өгье, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын буудал хүргээд өгөөч” гэж хэлэхээр нь тохироод явсан. Тэгээд 19-ийн автобусны буудал дээр ирэхэд ард сууж явсан хоёр залуугийн нэг нь миний хажууд, урд талын суудал дээр сууж явсан залууг цохиж зодоод байсан.
Гэтэл зодуулж байсан залуу нь “ахаа намайг гэрт хүргээд өгөөч” гээд гуйгаад байхаар нь би машинаасаа буугаад цохиод байсан залууг нь машинаасаа татаад гаргатал тэр залуу над руу эргэж хараад шууд цохисон. Тухайн үед миний хажууд байсан залуу нь машинаас буугаад зугтаачихсан. Намайг цохисон гээд байгаа залуу одоо тэр яриад байгаа Ө. И гэх нэртэй залуу байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.
Миний хамар гэмтэж, хамрын ясны хугарал үүссэн. Шүүх эмнэлгийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Санал хүсэлт байхгүй. Машины түлхүүрийг хэн авсныг мэдэхгүй, тухайн үед газар уначихсан байсан. Тэгэхдээ миний нүүрний хэсэгт гэмтэл учирсан, нурууны хэсэгт бол ямар нэг гэмтэл байхгүй. ...Би тэр хоёр залууг Номин худалдааны төвийн зүүн талын авто замаар урагшаа чиглээд явж байхад нь цагдаагийн машинтай болон өөрийнхөө машинтай араас очоод, ...хоёр цагдаа хөөж барьж авсан. Миний хувьд гомдолтой эмчилгээний зардал 240.000 төгрөг зарцуулсан, мөн өмсөж байсан савхин куртик машины суудал дээр тохож тавьчихсан байсан куртик авч зугтаагаад урчихсан. Энэ төлбөрийг нэхэмжлэх болно. Савхин куртикийг 2009 онд Хөх хотод явж байхдаа Монгол мөнгөөр 550.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Торгон савхин гоёлын “ZARA” брендийн куртик байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-22х/,
2. Гэрч М.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2018 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 01 цагт Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн шуурхай албанаас “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Соёлын ордны автобусны буудал дээр таксины жолоочийг 2 залуу зодоод, түлхүүрийг нь булаах гээд байна” гэх дуудлага мэдээллийг хүлээн авч, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч А.Аын хамтаар очиж шалгахад 19 дүгээр хорооллын Соёлын төвийн автобусны буудал дээр уг зарлагдсан автомашин байхгүй байсан.
Тэгэхээр нь дуудлага мэдээлэл өгсөн 0000-0000дугаарын утсаар холбогдож байршлыг тодруулахад “Соёлын төвийн автобусны буудал өнгөрөөд АПУ-ийн уулзварын орчимд саарал өнгийн Приус-20 маркийн автомашин байгаа” гэсний дагуу Номингийн уулзвараар урагш эргээд харахад ямар нэг автомашин байхгүй байсан. Тэгээд ойр орчмоор нь эргүүл хийж ажиглачихаад буцаад уулзвараар ертөнцийн зүгээр зүүн зүг рүү эргээд АПУ-ийн орчимд явж байтал хажуунаас нөгөө зарлагдсан саарал өнгийн Приус-20 маркийн автомашин тулж ирэн зогсоод жолооч нь “сая намайг 2 залуу дээрэмдээд зугтаачихлаа” гэсэн. Тэгэхээр нь “тэр залуучуудыг чинь хурдан олъё, цаг алдаж болохгүй, чи түрүүлээд тэр хоёр залуугийн явсан зүг рүү яв, бид хоёр хойноос чинь дагаад явъя” гэж хэлсэн. Бид хоёр, тэр таксины жолооч гэх залууг хойноос нь даган явж байтал 19 дүгээр хорооллын үйлчилгээний төв рүү эргэдэг уулзвараар ертөнцийн зүгээр урд зүг рүү эргээд Номин худалдааны төвийн төв хаалганы урд хэсэгт зогсож байсан хоёр залуугийн урдуур орж зогсоход нөгөө хоёр залуу салаад зугтаасан.
Тэгэхээр нь А.А бид хоёр нөгөө хоёр залуугийн хойноос нь хөөгөөд, би намхан залууг нь бариад, газар дараад байж байтал цаанаас А.А нөгөө өндөр залууг нь бариад хүрээд ирсэн. Тэгээд л тэр зугтсан хоёр залууг хэлтсийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Тэр хоёр залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Тухайн үед жолоочийн хамар нь хавдаад улайчихсан, мөн алийг нь санахгүй байна, нэг хацар дээр нь цус болчихсон байсан. Зугтаасан хоёр залуугийн биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Ө. И гэх залууг хэлтэс дээр авчираад Цагдаагийн байгууллагын дотоод сангаас шүүж үзэхэд 2015 онд ЭХТА-ийн 147 дугаар зүйлд зааснаар шүүхээр орж 2 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 29-30х/,
3. Гэрч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2018 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 01 цагт Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн шуурхай албанаас “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Соёлын ордны автобусны буудал дээр таксины жолоочийг хоёр залуу зодоод түлхүүрийг нь булаах гээд байна” гэх дуудлага, мэдээллийг хүлээн авч эргүүлийн офицер, цагдаагийн ахмад М.Гийн хамтаар очиж шалгахад, автобусны буудал уг зарлагдсан автомашин нь байхгүй байсан ба ойр орчмоор нь буюу Номин худалдааны төвийн баруун болон хойд хэсгээр эргүүл хийж ажиллахад байхгүй байсан.
Тэгээд АПУ төвийн ертөнцийн зүгээр хойд замаар зүүн зүг рүү явж байтал хойд талаас саарал өнгийн Тоёота Приус-20 маркийн автомашин хажууд зэрэгцэж ирээд гараараа дохиход нь ...зогсоод “юу болсон” талаар асуухад “хоёр залуу намайг зодоод дээрэмдчихлээ, саяхан болсон асуудал, одоо энэ хавиар байгаа байх” гэж хэлэхээр нь “чи тэр хүмүүсийн явсан зүг рүү яв, бид хоёр араас чинь дагаад явья” гэж Г офицер хэлсэн. Тэгээд буцаж эргээд 19 дүгээр хорооллын үйлчилгээний төв рүү эргэдэг уулзвараар ертөнцийн зүгээр чанх урагш эргэтэл Номин дэлгүүрийн хашаа руу ордог хаалганы харалдаа нөгөө Приус-20 машинтай залуу зам дагаад алхаж байсан өндөр, нам хоёр залуугийн урдуур очиж зогсоход нөгөө хоёр залуу салаад зугтаасан. Тэгэхээр нь ахмад Г, бид хоёр нөгөө зугтсан залуучуудыг араас нь хөөж, гүйцэн хоёуланг нь барьж аваад хэлтэс дээр авчирсан.
Миний барьсан өндөр залуу нь хохирогч гэх хүний бор өнгийн савхин куртикийг нь бүсэлхийгээрээ ороочихсон, гадуур нь өөрийнхөө куртикээр халхавчилсан байсан. Тэгтэл хохирогч гэх таксины жолооч залуу уг бор өнгийн куртикийг “энэ миний куртик байна” гэж байсан. Дуудлага, мэдээлэл хүлээн авснаас хойш 2-3 орчим минутын дараа очсон. Шөнийн цаг байсан болохоор замд ямар нэг түгжээ бөглөрөл байгаагүй. Тэр хоёр залууг Приус-20 машинтай таксины жолооч мөргөж шүргэсэн эсэхийг бол хараагүй. Таксины жолооч гэх залуу замын хажуу талд, урд зүг рүү явж байсан 2 залуугийн урдуур нь орж зогсохоор нь “энэ залуус мөн байна” гэж бодоод л хөөж барьж авсан. Тэр хоёр залуу согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан. Хэлтэс дээр авчираад драйгер үлээлгэхэд өндөр залуу нь 0.62 %, жижиг туранхай залуу нь 0.44 % хувийн согтолттой байсан. Таксины жолоочийн хамар нь бага зэрэг хавдаад улайчихсан, баруун талын хацар нь цус болчихсон байсан. Тэр хоёр залууд ил харагдах шарх гэмтэл байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 33-34х/,
4. Гэрч Б.Пийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ...ямар ч байсан би таксины урд суудал дээр суучихсан Гэсэр сүмийн уулзвараар Бөмбөгөр худалдааны төв рүү чиглээд явж байсан. Баруун 4 замын орчимд явж байхад миний дотор муухай болоод би уг таксийг явж байхад нь цонхийг нь онгойлгоод бөөлжсөн. Тэгтэл А, Ө. И нар миний хойд талаас “болиоч хүний машинд явж байж” гэж хэлээд цохиод байх шиг байсан. Үүнээс хойш 19 дүгээр хорооллын автобусны буудал хүртэл би 2 найзтайгаа хэрэлдээд яваад байх шиг байсныг санаж байна.
...19 дүгээр хорооллын автобусны буудал дээр ирж зогсоод би машинаас буугаад явах гэтэл согтолт ихтэй байсан болохоор явж чадахгүй болохоор буцаад таксиныхаа хойд талын суудал дээр сууж байгаад “би явж чадахгүй нь байна, энэ таксигаараа гэр рүүгээ явлаа” гэж хэлсэн чинь Ө. И намайг “машинаас буу” гээд цамцны юүдэнгээс татаад байсан.
Тэр үед таксины жолооч машинаасаа бууж ирээд “та нар машины хаалга эвдлээ, бүгдээрээ явцгаа” гэсэн чинь Ө. И уг таксины жолоочтой маргалдсан. Тэр үеэр нь би машины нөгөө талын хаалгаар буугаад 75 дугаар цэцэрлэгийн хажуу талын баригдаж байгаа барилгын сахиулаар ажилладаг эгч Саруулынд очиж хоносон. Би Сархад архинаас 400 орчим грамм уучихсан, бага зэргийн согтолттой байсан.
Харин караокед очиж 3 шил 0.5 литрийн Нийслэл пиво уугаад юу болсноо сайн санахгүй байна. Хэнийг нь мэдэхгүй, ямар ч байсан миний хойд талаас нуруу руу цохиод байсан. Би машины цонхоор бөөлжсөнөөс болж хоёр найзтайгаа хэрэлдэж маргалдсан. Тухайн үед би юу ярьж байснаа сайн санахгүй байна. ...Намайг машинд сууж байхад зодолдсон, зодсон зүйл байхгүй. Харин таксины жолооч Ө. И нар хоорондоо маргалдаж байхаар нь би нөгөө талын хаалгаар машинаас буугаад эгчийнхрүүгээ явсан. Яг юу болсныг нь сайн санахгүй, мэдэхгүй байна. Би гадуур хувцасаа таксинд тайлаагүй. Ө. И, А нар намайг авч явж байсан болохоор гайгүй байсан байх.” гэсэн дүгнэлт /хэргийн 31-32х/,
5. Гэрч С.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ...Ө. И миний 0000-0000 дугаар руу өөрийнхөө __________ дугаараас залгаад “би гэртээ ганцаараа байна, гоймон чанаж байна хүрээд ир” гэж дуудсан. Бид хоёр тэдний гэрт гоймон чанаж идчихээд найз Птэй уулзахаар Нарантуул зах руу явж, Сандэй худалдааны төвийн гадаа уулзаад, тэр хоёр “найзынхаа караокед очъё” гээд 7-н буудал руу явсан. Уг караокенд бид гурав дуу дуулж суунгаа нэг хүний гурван шил 0.5 литрийн Боргио пиво авч уусан. Караокеноос 00 цаг өнгөрөөж гараад, АТМ орж би өөрийнхөө данснаасаа 10.000 төгрөг аваад, автобусны буудлаас таксины жолоочтой 19 дүгээр хороолол руу 10.000 төгрөгөөр явахаар тохирч суусан. 19 дүгээр хорооллын автобусны буудал дээр очиж зогсоод би машинаас бууж ТҮЦ-ээс вест тамхи авч, Ө. Иөд байсан 20.000 төгрөгийг задлуулсан. Үүнээс 15.000 төгрөгийг нь таксины жолоочид өгсөн.
Тэр үед П “таксинаас буухгүй” гээд байхаар нь Ө. И таксинаас буулгах гээд татаад хоорондоо маргалдаж байтал жолооч нь машинаасаа буугаад тойрч ирээд, заамдалцахаар нь Ө. И уурлаад нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд жолооч, Ө. И хоёр ноцолдож байгаад, салаад Ө. И бид хоёр зугтааж Номин худалдааны төвийн хашаагаар дамжин, цааш зам руу гарч Орхон их сургууль руу явсан.
Тэр үед П алга болчихсон байсан. Бид хоёрыг зам дагаад явж байтал нөгөө таксины жолооч миний зүүн талаар ирж толиороо шүргэж зогсохоор нь бид хоёр 2 тийшээгээ салаад зугтаасан. Миний хойноос цагдаа ирж барьсан. Автобусны буудал дээр маргалдаж байхад “цагдаа дуудна” гэхээр нь зугтаачихсан. ...Ө. И, П хоёр маргалдаж байхад таксины жолооч Ө. Иийн цамцны захнаас зуурахад нь Ө. И зөрүүлээд нэг удаа гараараа нүүр рүү нь цохисон. Дахин цохих гэсэн ччадахгүй байсан. ...Би таксины жолоочийг цохиж зодоогүй. ...Таксины түлхүүрийг хэн авсныг би мэдэхгүй байна. Би аваагүй. ...Куртикийг нь Ө. И Пгийн куртик гэж бодоод машины арын суудлаас авчихсан байсан. Тэгээд гэдсээрээ бүсэлчихсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 41-44х/,
6. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 3987 дугаартай:
1. Н.Гн биед 2 нүдний зовхинд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.
4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно.” гэсэн дүгнэлт /хэргийн 46х/,
7. Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ХУ1-18-101 тоот дүгнэлтэд үнэлгээний тайлан: “эрэгтэй хүний богино торгон савхин куртик нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 03 сарын 21-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 130.000 төгрөгөөр /Нэг зуун гучин мянга/ үнэлэгдэв.” гэсэн дүгнэлт /хэргийн 53-54х/,
8. Хохирогч Н.Гн хохирол нэхэмжлэхтэй холбоотой гаргасан эмчилгээний зардлын баримтууд /хэргийн 48-51х/,
9. Шүүгдэгч Ө.Иийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. ...Урьд нь би гэрчээр 2 удаа мэдүүлэг өгсөн байгаа. Одоо дахиж нэмж ярих зүйл байхгүй. Би тухайн үед нилээн согтолттой байсан. Манай найз П таксинаас буухгүй байснаас болж маргалдсан. Таксины жолоочийн савхин курткийг урсан эсэхийг мэдэхгүй байна. Машин дотор куртик байхаар нь найзынхаа куртик байна гэж бодоод авчихаад, бүсэлхийгээрээ уясан байсан чинь цагдаа нар ирээд тайлж аван таксины жолоочид өгсөн чинь “урагдсан байна” гээд байсан. Таксины жолоочид эмчилгээний зардал гаргаж өгөөгүй байгаа. Дахин ийм асуудал гаргахгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 62-63х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 90х/, 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 468 дугаартай Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийтгэх тогтоол /хэргийн 79-83х/, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1277 дугаартай Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /хэргийн 86-89/, “Ө.И нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1277 дугаартай Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 160 цагийг эдэлж, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 240 цагийн үлдэгдэлтэй байна.” гэсэн НШШГГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга, ахмад Э.И ийн гарын үсэг бүхий 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3/492 дугаартай албан бичиг /хэргийн 92х/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, дүгнэн шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ө.И-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ө.И согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын автобусны буудал дээр 2018 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө таксигаар үйлчилж байсан иргэн Н.Гтэй маргаж, түүний нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохиж, биед нь “2 нүдний зовхинд цус хуралт, хамарт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн хохирогч Н.Г-н мэдүүлэг /хэргийн 20-22х/, М.Г /хэргийн 29-30х/, А.А /хэргийн 33-34х/, Б.П-ийн /хэргийн 31-32х/, С.А /хэргийн 41-44х/ нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр асуугдсан тэмдэглэл болон
ШШҮХ-ийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 3987 дугаартай “...Н.Г-н биед 2 нүдний зовхинд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно, цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 46х/,
хөрөнгө, даатгалын үнэлгээний “Д” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ХУ1-18-101 дугаартай: “...эрэгтэй хүний богино торгон савхин куртик нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 03 сарын 21-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 130.000 /Нэг зуун гучин мянган төгрөг/-р үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 53-54х/, шүүгдэгч Ө.Иийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч Н.Гн биед учирсан “2 нүдний зовхинд цус хуралт, хамарт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ө.И-ийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох юм.
Шүүгдэгч Ө.И-ийн дээрх үйлдэлд Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд нь тохирсон байна.
Хэргийн шүүгдэгч Ө.И нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Н.Г-д учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ө.И-ийг хохирогч Н.Г-н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” тул хохирогч Н.Г-н эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг баримтаар нотлогдсон хэмжээнд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Үүнд: Шүүх эмнэлэгт үзүүлсний төлбөр 8000 төгрөг /хэргийн 45х/, толгойн КТГ-ийн шинжилгээний төлбөрийн 120.000 төгрөг, мөн урагдсан савхин куртканы үнэлгээгээр тогтоогдсон дүн 130.000 төгрөг /хэргийн 54х/, нийт баримттай хохирол төлбөрийн дүн 258.000 /хоёр зуун тавин найман мянга/ төгрөгийг хохирогч Н.Гд нөхөн төлүүлэхээр шүүгдэгчээс гаргуулж, хохирогч нь шаардлагатай гэж үзвэл цаашид хийлгэх эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой зардалд хамаарах нотлох баримтаа тухай бүрд нь бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэж шийдвэрлэв.
Шүүх, шүүгдэгчид Ө.И-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор Ө.И-д нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч нь урьд хэд, хэдэн удаа ял шийтгэгдэж байсан тухай Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 90х/, шүүхийн шийтгэх тогтоол баримтууд /хэргийн 79-83х/ хэрэгт авагдсан ба тэрээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1277 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа буюу 2018 оны 03 дугаар 21-нээс 22-нд шилжих шөнө Эрүүгийн хуульд заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг шинээр үйлдсэн, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар дээрх оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдэгдэлтэй байгаа нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1277 дугаар шийтгэх тогтоол /хэргийн 86-89х/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга, ахмад И.Эийн гарын үсэг бүхий 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3/492 дугаартай “Ө.И нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1277 дугаартай Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 160 цагийг эдэлж, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 240 цагийн үлдэгдэлтэй байна.” гэсэн албан бичиг /хэргийн 92х/ баримтаар тус тус тогтоогдсон.
Иймээс хэд хэдэн шийтгэх тогоолоор ял оногдуулах Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох” журмын дагуу Ө.И-д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1277 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг, түүнд энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын нийт хэмжээг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт Ө.И нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ө.И-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.И-ийг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.И-д оногдуулсан 300 цаг /гурван зуу/ нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1277 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, Ө.Иийн биечлэн эдлэх ялыг нийт 540 /таван зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.И нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Ө.И-өөс 258.000 /хоёр зуун тавин найман мянга/ төгрөг гаргуулж Н.Г-Д олгосугай.
6. Энэ хэрэгт Ө.И нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, хохирогч Н.Г нь шаардлагатай гэж үзвэл цаашид хийлгэх эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой зардалд хамаарах нотлох баримтаа тухай бүрд нь бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ө.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД