Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 20

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Үд холбогдох эрүүгийн 1810012030479 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Нарангэрэл, шүүгдэгч Б.Ү нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

  

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.Ү нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 000 тоот хашааны гадна байсан иргэн С.Бы эзэмшлийн 00-00 БББ улсын дугаартай “Тоёото клугер” загварын цагаан өнгийн автомашины 2 ширхэг толийг хууль бусаар, нууцаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Үын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Цаашид ажил хөдөлмөр эрхэлж, зөв шударгаар амьдарна. Би Б ХХК-д арматурчин ажил хийдэг. Би сард 700.000-800.000 төгрөгийн цалин авдаг. Тус компанид ажиллаад 3 жил гаран болж байна. Би тухайн өдөр архи уучихсан, мөнгөгүй байсан болохоор хулгай хийсэн. Би ажил хийж хохирлын мөнгийг төлсөн, мөн толийг нь биет байдлаар буцааж өгсөн. О.Н бид хоёр урьд нь цуг ажиллаж байсан. Бусдын эд хөрөнгө хулгайлах үйлдэлд О.Н оролцоогүй. Бид хоёр 0.75 литрийн 2 шил архи хувааж уусан, би болсон үйл явдлыг санаж байгаа. Би ..............оршин суух хаягтай ч одоо Чингэлтэй дүүргийн ,,,,,,,,,,,,,хамаатны дүүгийндээ түр оршин сууж байгаа, албан янб хаягийг нь хэлж мэдэхгүй байна. Би цаашид Хөвсгөл аймаг руугаа буцаж ажил хийж амьдарна. Би хохирогчийг урьд нь таньдаггүй байсан. 2015 онд зам тээврийн осолд орж,  хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувиар группэд орж байсан боловч одоо цуцлагдаж сунгагдаагүй байгаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу.” гэсэн мэдүүлэг

 

Эрүүгийн 18100 1203 0479 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч С.Бы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 000 тоотод байх эгч Цын хашааны гадна талд өөрийн эзэмшлийн 00-00 БББ улсын дугаартай Тоёото клугер загварын тээврийн хэрэгсэлээ тавьсан байсан. Машины маань жанаам нь бага зэрэг эвдрэлтэй байсан учир янзлах гээд тавьсан. Хашаа руу нь оруулах гэхээр багтаагүй юм. Тэгтэл 2018 оны 05 дугаар сарын 13-ны шөнө машины 2 талын толийг хугалаад аваад явсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Миний машин 2003 онд үйлдвэрлэгдсэн Монгол улсад 2012 онд орж ирсэн. Би өөрөө 2017 оны 09 дүгээр сард хувь хүнээс худалдан авсан. Машинаа худалдан авах үед толь нь дагалдаж ирсэн бөгөөд 1 ширхэг толио 250.000 төгрөгөөр үнэлнэ. Машин одоо Тайкун нэртэй авто ломбардны барьцаанд түр тавьсан байгаа. Зээл нь удахгүй дуусна.

Хэрвээ миний машины лавлагааг авах юм бол дээрх авто ломбардны өмнө эзэмшигч дээр миний нэр бичээстэй байгаа. Хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцлаа. Санал хүсэлт байхгүй. Хүлээн зөвшөөрч байна. Миний машинаас өөр алдагдсан эд зүйл байхгүй. Толийг сууриар нь хугалаад авсан байсан. Толио шинээр нь суурьтай нь авахад 250.000 төгрөг болдог юм. Толь нь угаасаа суурьтай хамт байдаг. Да хүрээ зах дээр өөрийн биеэр очиж үнийг нь асуусан. ...Би өөрт учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн. Хохирлын 500.000 төгрөгөө бүрэн хүлээн авсан учир одоо ямар нэгэн санал гомдолгүй. Би ямар нэгэн гомдолгүй учир шүүх хуралд оролцохгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18х, 19х/,

 

2. Гэрч О.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Манай аймгийн нутгийн залуу болох Б.Ү бид хоёр ажил амарсан болохоор барилга дээр хамт ажилладаг гэр нь Яармагт байдаг М гэх залуутай уулзахаар ирээд Яармагт Од нэртэй зочид буудалд орж гурвуулаа 0.5 литрийн Ерөөл нэртэй архи аваад хувааж уусан. Тэгээд М би ажилтай гээд яваад өгсөн. Харин Б.Ү бид хоёр буудалд унтаж байгаад орой 23 цагийн үед гараад дэлгүүрээс Хараа нэртэй 0.5 литрийн архи аваад гудамжинд хувааж уусан. Тэгээд буцаад буудал руугаа орж амръя гээд би түрүүлээд алхтал Б.Ү араас ирээд надад машины толь өгсөн.

Тэгэхээр нь “чи энүүгээр яах гэж байгаа юм бэ, хаяач ээ” гэсэн чинь “зүгээрээ” гэж надад өгөхөөр нь би авчихсан. Буцаж яваад нөгөө машины дахиад нэг ширхэг толийг нь цохиод салгаад аваад ирсэн. Тэр машины загварыг нь мэдэхгүй байна. Ямар ч гэсэн цагаан өнгөтэй дунд оврын жийп машин байсан. Гадаа харанхуй байсан болохоор Б.Ү машины толийг юугаар цохиж авсаныг сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн цохиод салгаж авсан. Бид хоёр хулгай хийх талаар урьдчилан хоорондоо ярилцаагүй. Машины 2 ширхэг толийг Б.Ү салгаж авсан. Машинаас өөр юм аваагүй. Наадах чинь болохгүй шүү дээ гэсэн чинь зүгээрээ гэхээр нь хоёулаа хоёр толио бариад буудал руу ортол удалгүй араас цагдаа нар ороод ирсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 16х/,

 

3. Гэрч А.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Гадуур эргүүл хийгээд явж байтал Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Од баарны ойролцоо 30 орчим насны хоёр эрэгтэй архи уучихсан хоёулаа гартаа нэг нэг ширхэг машины толь барьчихсан явж байсан. Саатуулж шалгахад бид нарын өөрсдийн толь байгаа юм аа гэхэд О.Н гэдэг залуу нь хамт явж байгаа залуудаа уурлаад би чамд хэрэггүй гэж хэлээ биз дээ гэхээр нь хулгайн юм байна гэдгийг нь мэдээд хаанаас авсан бэ гэхэд ойрхон гудамжинд байсан цагаан өнгийн Тоёото клугер машиныг зааж өгсөн. Тэр машинд үзлэг хийхэд хоёр талын толь нь байхгүй байсан. Тэгээд О.Н, Б.Ү гэх хоёр хүнийг цагдаагийн хэлтэст авчирч жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Замдаа Б.Ү би эхлээд хагалаад дараа нь О.Над аваачиж өгсөн гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 44х/,

 

4. Дамно хөрөнгийн үнэлгээний газрын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ХУ2-18-336 дугаартай:

“00-00 БББ улсын дугаартай “Тоёото клугер” загварын цагаан өнгийн автомашины 2 ширхэг толь нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 05 сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 22-24х/,

 

5. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 04-06х/,

 

6. Алдагдсан гэх хоёр ширхэг толинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 07-09х/,

 

7. Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 10-11х/,

 

8. Шүүгдэгч Б.Үын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна.

...2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Яармагт байх Од нэртэй буудалд О.Н бид хоёр байрлаж байгаад гарч архи уух гээд Яармагийн эцэс рүү орох гээд явж байх үед замд цагаан өнгийн клугер маркийн автомашин гудамжинд ертөнцийн баруун зүг рүү харчихсан зогсож байсан. Би тухайн үед архи уучихсан, согтуу  байсан болохоор тухайн машины хоёр ширхэг толийг нь тайлах гэсэн чинь авч болохгүй байхаар нь нугалаад хугалаад авчихсан юм.

Ингээд толийг нь авчихаад “Од” нэртэй буудалд байж байхад цагдаа нар ирээд бариад авсан. ...Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн. Хэн нэгэнтэй хамтарч үйлдсэн зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 48-49х/ болон түүний хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 27х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Үын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Ү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 000 тоот хашааны гадна байсан иргэн С.Бы эзэмшлийн 00-00 БББ улсын дугаартай “Тоёото клугер” загварын цагаан өнгийн автомашины хоёр ширхэг толийг хууль бусаар, нууцаар авч С.Бд 500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн:

- хохирогч С.Бы: “...Би 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 000 тоотод байх эгч Цын хашааны гадна талд өөрийн эзэмшлийн 00-00 БББ улсын дугаартай Тоёото клугер загварын тээврийн хэрэгсэлээ тавьсан байсан. Машины маань жанаам нь бага зэрэг эвдрэлтэй байсан учир янзлах гээд тавьсан. Хашаа руу нь оруулах гэхээр багтаагүй юм. Тэгтэл 2018 оны 05 дугаар сарын 13-ны шөнө машины 2 талын толийг хугалаад аваад явсан байхаар нь Цагдаагийн байгууллагад хандсан. Миний машин 2003 онд үйлдвэрлэгдсэн Монгол улсад 2012 онд орж ирсэн. Би өөрөө 2017 оны 09 дүгээр сард хувь хүнээс худалдан авсан. Машинаа худалдан авах үед толь нь дагалдаж ирсэн бөгөөд 1 ширхэг толио 250.000 төгрөгөөр үнэлнэ. ...Хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцлаа. Санал хүсэлт байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Миний машинаас өөр алдагдсан эд зүйл байхгүй. Толийг сууриар нь хугалаад авсан байсан. Толио шинээр нь суурьтай нь авахад 250.000 төгрөг болдог юм.

...Би өөрт учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн. Хохирлын 500.000 төгрөгөө бүрэн хүлээн авсан учир одоо ямар нэгэн санал гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18х, 19х/,

- гэрч О.Нын: “...Манай аймгийн нутгийн залуу болох Б.Ү бид хоёр ажил амарсан болохоор барилга дээр хамт ажилладаг, гэр нь Яармагт байдаг М гэх залуутай уулзахаар ирээд Яармагт “Од” нэртэй зочид буудалд орж гурвуулаа 0.5 литрийн Ерөөл нэртэй архи аваад хувааж уусан. Тэгээд М би ажилтай гээд яваад өгсөн. Харин Б.Ү бид хоёр буудалд унтаж байгаад орой 23 цагийн үед гараад дэлгүүрээс Хараа нэртэй 0.5 литрийн архи аваад гудамжинд хувааж уусан. Тэгээд амрахаар буцаад буудал руугаа орох гээд, би түрүүлээд алхаж байтал Б.Ү араас ирээд надад машины толь өгсөн. Тэгэхээр нь “чи энүүгээр яах гэж байгаа юм бэ хаяач ээ” гэсэн чинь “зүгээрээ” гэж надад өгөхөөр нь би авчихсан.

Тэгээд буцаж яваад нөгөө машины дахиад нэг ширхэг толийг нь цохиод салгаад аваад ирсэн. Би тэр машины загварыг нь мэдэхгүй байна. Ямар ч гэсэн цагаан өнгөтэй дунд оврын жийп машин байсан. Гадаа харанхуй байсан болохоор Б.Ү машины толийг юугаар цохиж авсаныг сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн цохиод салгаж авсан. Бид хоёр хулгай хийх талаар урьдчилан хоорондоо ярилцаагүй. Машины 2 ширхэг толийг Б.Ү салгаж авсан. Машинаас өөр юм аваагүй. Би “наадах чинь болохгүй шүү дээ” гэсэн чинь “зүгээрээ” гэхээр нь хоёулаа хоёр толио бариад буудал руу ортол удалгүй араас цагдаа нар ороод ирсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 16х/,

- гэрч А.Агийн: “...Гадуур эргүүл хийгээд явж байтал Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Од баарны ойролцоо 30 орчим насны хоёр эрэгтэй архи уучихсан, хоёулаа гартаа нэг нэг ширхэг машины толь барьчихсан явж байсан. Саатуулж шалгахад “бид нарын өөрсдийн толь байгаа юм аа” гэхэд О.Н гэдэг залуу нь хамт явж байгаа залуудаа уурлаад “би чамд хэрэггүй гэж хэлээ биз дээ” гэхээр нь “хулгайн юм байна” гэдгийг нь мэдээд “хаанаас авсан бэ” гэхэд ойрхон гудамжинд байсан цагаан өнгийн Тоёото клугер машиныг зааж өгсөн.

Тэр машинд үзлэг хийхэд хоёр талын толь нь байхгүй байсан. Тэгээд О.Н, Б.Ү гэх хоёр хүнийг Цагдаагийн хэлтэст авчирч жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Замдаа Б.Ү би эхлээд хагалаад дараа нь О.Над аваачиж өгсөн гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 44х/,

- Дамно хөрөнгийн үнэлгээний газрын: “...00-00 БББ улсын дугаартай “Тоёото клугер” загварын цагаан өнгийн автомашины 2 ширхэг толь нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 05 сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ХУ2-18-336 дугаартай үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 22-24х/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 04-06х/,

- Алдагдсан гэх хоёр ширхэг толинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 07-09х/,

- Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 10-11х/ болон шүүгдэгч Б.Үын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Ү нь архи согтуурлах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 000 тоот хашааны гадна байсан иргэн С.Бы эзэмшлийн 00-00 БББ улсын дугаартай “Тоёото клугер” загварын цагаан өнгийн автомашины хоёр ширхэг толийг хууль бусаар, нууцаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн хэмээн ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно.

 

Хохирогч С.Бы хулгайд алдагдсан 00-00 БББ улсын дугаартай “Тоёото клугер” загварын цагаан өнгийн автомашины 2 ширхэг толийг 500.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан баримтууд /хэргийн 22-24х/ хэрэгт авагдсан тул уг үнэлгээний тайланг шүүх үнэн зөвд тооцож, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлыг нийт 500.000 /таван зуун мянга/ төгрөг гэж тогтоосон үндэслэлтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн шүүгдэгч Б.Ү нь хохирогч С.Б автомашины 2 ширхэг толийг буцаан өгсөн нь эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл баримт /хэргийн 10-11х/, хохирогч С.Бы “...Би өөрт учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн. Хохирлын 500.000 төгрөгөө бүрэн хүлээн авсан учир одоо ямар нэгэн санал гомдолгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 19х/ баримтаар тус тус нотлогдсон тул шүүгдэгч Б.Үын хувьд энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.    

 

Шүүгдэгч Б.Ү нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 27х/ хэрэгт авагдснаас дүгнэхэд шүүгдэгч нь анх удаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасны дагуу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.  

 

Шүүх, шүүгдэгч Б.Үад ял шийтгэл оногдуулахдаа тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсныг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.  

 

Хэргийн шүүгдэгч Б.Ү нь тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 сарын 12-ны өдрийн 1673 дугаартай захирамжаар 2018 оны 12 дугаар сарын 12-нөөс 2018 оны 12 сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 16 хоног /хэргийн 89х/ цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Үын цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож /16 хоног х 8 цаг= 128 цаг/ 128 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг  оногдуулсан 350 /гурван зуун тавь/ нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцон, эдлэх ялыг бүгд нийт 222 /хоёр зуун хорин хоёр/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь зүйтэй.  

 

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Б нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б.Ү-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 500.000 /таван зуун  мянга/ төгрөгийн хохирол учруулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ү-ыг 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Ү-ын цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 128 цагийн /16 хоног х 8 цаг= 128 цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ялыг  түүнд оногдуулсан 350 /гурван зуун тавь/ нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцон, Б.Ү-ын биечлэн эдлэх ялыг бүгд нийт 222 /хоёр зуун хорин хоёр/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ү нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Ү-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээ авахаар тогтсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД