Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 0005

 

       Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Бугат сумын иргэн Б.Үүрийнцолмонгийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Булган аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдох

            “Бугат сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/31 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий 158/2017/0002/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Үүрийнцолмон, хариуцагч  Бугат сумын Засаг дарга Х.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Б.Үүрийнцолмон шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Булган аймгийн Бугат сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Б/19 дүгээр захирамжаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/31 дүгээр захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлсөн дээрх захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж гарсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ захирамжийн үндэслэл болгосон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтад “Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасан нийтлэг зохицуулалт бүхий хуулийн зохицуулалтаас үзвэл энэхүү хуулийн шаардлага нь албан тушаалтныг ажлаас халах, чөлөөлөх тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан заалт бус нийтлэг харилцааг зохицуулсан ерөнхий хэм хэмжээ юм. Харин тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтанд Засаг даргын орлогчийг тухайн хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилж, чөлөөлнө гэсэн байхад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулан хэлэлцүүлээгүй, ажлаас чөлөөлөх тухай санал, дүгнэлтээ танилцуулан зөвшилцөлгүйгээр хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул уг шийдвэрийг хүчингүй болгож, намайг Бугат сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болон 1.363.048 төгрөгийг гаргуулан өгнө үү. Засаг даргын орлогчид улс төрийн нэмэгдэл гэж үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг цалин дээр нэмж олгодог.” гэв. 

     Хариуцагч Булган аймгийн Бугат сумын Засаг дарга Х.Ууганбаяр шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бугат сумын Засаг даргын орлогч Х.Золзаяа нь 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/18 дугаар захирамжаар жирэмсний амралтаа авч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн ба Б.Үүрийнцолмон нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Б/19 дүгээр захирамжаар Засаг даргын орлогчоор томилогдон ажилласан бөгөөд тус захирамжийн хуулийн үндэслэл дээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтыг үндэслэл болгосон атлаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд нэхэмжлэгчийг сумын Засаг даргын орлогчоор томилох тухай санал хүргүүлээгүй, зөвшилцөлгүйгээр томилсон байдаг. Мөн жирэмсний амралт авсан хүний оронд томилогдон ажиллаж байгаа Б.Үүрийнцолмонг түр томилох ёстой байтал шууд томилсон. Хуваарийн дагуу Засаг дарга, түүний Тамгын газраас гаргасан эрхийн актуудыг аймгийн Хууль зүйн хэлтэст хүргүүлэн хянуулдаг. Үүний дагуу аймгийн Хууль зүйн хэлтэсээс ирүүлсэн зөвлөмжид Б.Үүрийнцолмонг томилсон захирамж нь хууль зүйн үндэслэл бүрэн хангагдаагүй тул хүчингүй болго гэсэн зөвлөмж ирсэн зэргээс үзвэл нэхэмжлэгчийг анх ажилд томилсон захирамж нь хууль зүйн үндэслэл бүрэн хангагдаагүй шийдвэр гэж үзэж байгаа. Иймд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх, зөвшилцөх шаардлагагүй гэж үзсэн. Мөн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан, орон нутгийн сонгуулийн дүнгээр гарсан Засаг дарга өөрийн ажлын алба болон орлогчоо сольдог. Урьд өмнө ийм тохиолдол гарч байсныг би мэдэхгүй байна. Засаг даргын орлогчийн албан тушаал бол улс төрийн албан тушаал учраас байнга хадгалагдах албан тушаал биш байдаг. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Булган аймгийн Бугат сумын иргэн Б.Үүрийнцолмонгоос Бугат сумын Засаг даргад холбогдуулан “тус сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/31 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

     Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “сумын Засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлөхдөө тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэлгүй чөлөөлсөн нь хууль зөрчсөн” гэж тодорхойлсон ба

   Хариуцагчаас “нэхэмжлэгчийг анх ажилд томилохдоо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөөгүй, түр томилгоо хийлгүй шууд томилсон нь үндэслэлгүй байсан учир Тэргүүлэгчидтэй зөвшилцөх шаардлагагүй” гэж маргажээ.

     Нэхэмжлэгч Б.Үүрийнцолмон нь Бугат сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд ажиллаж байгаад  2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/31 дүгээр захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна.[1]

       Нэг. “Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, Бугат сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн томилуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Бугат сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд ажиллаж байсан  Х.Золзаяа нь жирэмсний амралт эдлэх болж үүрэгт ажлаасаа 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/18 дугаар захирамжаар чөлөөлөгдөж, түүний оронд нэхэмжлэгч Б.Үүрийнцолмон 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Б/19 дүгээр захирамжаар сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд томилогдсон болох нь сумын Засаг даргын захирамжуудаар тогтоогджээ.[2]

       Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т “Бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч нь төрийн улс төрийн албан тушаалд хамаарна” гэж заасны дагуу сумын Засаг даргын орлогч нь улс төрийн албан тушаалтан байх ба түүнийг томилж, чөлөөлөх эрх нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 /Сум, дүүргийн Засаг дарга нь сум, дүүргийн Засаг даргын орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй/-т зааснаар шинээр томилогдсон Засаг даргын бүрэн эрхэд хамаарах асуудал байна.

     Хэдийгээр сумын Засаг дарга хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх үүднээс Засаг даргын орлогчийн албан тушаалд өөр хүн томилох, эсхүл хуучин энэ албан тушаалд ажиллаж байсан хүнийг үргэлжлүүлэн ажиллуулах талаар шийдвэр гаргах эрхтэй боловч уг шийдвэрээ хуульд нийцүүлэн үндэслэлтэй гаргахаас гадна Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан ерөнхий шаардлагыг хангасан байх шаардлагатай юм.

     Хариуцагчаас анх Б.Үүрийнцолмонг сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд томилохдоо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлээгүй нь хууль зөрчсөн, алдаатай шийдвэр байсан гэж тайлбарлаж байх ба энэ нь Булган аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/03 тоот албан бичгээр нотлогджээ.[3]

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 /Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга ...өөрчлөх буюу хүчингүй болгоно/-т сумын Засаг дарга өөрийн гаргасан захирамжийг өөрчлөх эсхүл хүчингүй болгох эрхийг тодорхой заасан байхад хуулиар олгогдсон дээрх эрхийг эдлээгүй байна. Харин шинээр захиргааны акт гаргаж нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө хуульд заасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөх хуулийн шаардлагыг хангаагүй нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Иймд маргаан бүхий захиргааны акт болох Бугат сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/31 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Үүрийнцолмонг Бугат сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

      Хоёр. “Ажилгүй байсан хугацааны цалин болох 1,363,048 /нэг сая гурван зуун жаран гурван мянга дөчин найман/ төгрөгийг Бугат сумын Засаг дарга Х.Ууганбаяраас гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: нэхэмжлэгч Б.Үүрийнцолмон нь Бугат сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд ажиллаж байхдаа албан тушаалын үндсэн цалинг тус сумын Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Б/19 дүгээр захирамжаар 562509 /таван зуун жаран хоёр мянга туван зуун ёс/ төгрөг байхаар тогтоож, үндсэн цалин дээр Монгол Улсын Их хурлын 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Улс төрийн албан тушаалын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 73 дугаар тогтоолын 1-д “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг албан тушаалын сарын цалингийн 30 хувиар тогтоосугай.” гэж заасны дагуу үндсэн цалингийн 30 хувь болох 168753 /нэг зуун жаран найман мянга долоон зуун тавин гурав/ төгрөгийг нэмж, нийт 731262 /долоон зуун гучин нэгэн мянга хоёр зуун жаран хоёр/ төгрөгийн цалинтай ажиллаж байсан нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цалингийн картаар тогтоогдож байна.[4]

        Нэхэмжлэгч нь сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/31 дүгээр захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн ба шүүхэд нэхэмжлэл гарган шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэх хүртэл нийт ажлын 40 хоногийн хугацаанд захиргааны байгууллага, албан тушаалтны хууль зөрчсөн шийдвэрийн улмаас ажилгүй байсан байх тул энэ хугацааны нөхөн олговор болох 1363048 /нэг сая гурван зуун жаран гурван мянга дөчин найман/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгах үндэслэлтэй.

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Засаг даргын Тамгын газар нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба байна” гэж заасан байх ба сумын Засаг дарга буюу хариуцагч Х.Ууганбаяр нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 6 дугаар зүйлийн 6.1.12-т хамаарах төрийн улс төрийн албан тушаалтан бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7 /хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах/-д заасан зарчмын дагуу түүний шийдвэрийн улмаас бусдад учирсан хохирлыг Засаг даргын Тамгын газар хариуцаж арилгах нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасныг баримтлан Бугат сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/31 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Б.Үүрийнцолмонг Бугат сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
  2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг тус тус баримтлан Б.Үүрийнцолмонгийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 40 өдрийн цалинтай тэнцэх олговор 1.363.048 /нэг сая гурван зуун жаран гурван мянга дөчин найман/ төгрөгийг Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч /Х.Ууганбаяр/-аас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Үүрийнцолмонд олгосугай.
  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4 -т заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар 14 хоногийн дараа шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХЖАРГАЛ

 


[1] Хавтаст хэргийн 17 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 15, 16 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 13 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 20, 22, 25 дугаар тал