Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2019/0185/З |
Дугаар | 221/МА2019/0288 |
Огноо | 2019-05-23 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2019/0288
“М К” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч О.Номуулин, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0255 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу “М К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны алба, Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0255 дугаар шийдвэрээр: ”Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 12 дугаар зүйлийн 12.2, 16 дугаар зүйлийн 16.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3, 27.3, 27.4, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны алба, тус тендерийг зохион байгуулсан Үнэлгээний хороонд холбогдох 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр зарласан ЭМСЯ/201811029 дугаар бүхий эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/-ийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй цахим тендер сонгон шалгаруулалтыг үнэлсэн Үнэлгээний хорооны 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгах “М К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, Б.Х нар давж заалдах гомдолдоо: “Шүүх Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 14.1 (ж)-д заасны дагуу төсөвт тусгагдсан ажлын задаргааг ирүүлээгүй нь ажлын зургийн дагуу төсвийг тооцсон эсэхийг хянан үзэх боломжгүй гэж татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэсэн. Гэтэл үнэлгээний хорооны 22 дугаар шийдвэрийн үндэслэлд “Ажлын төсөвт барилгын цэвэр бохир, галын усан хангамжийн ажил тусгагдаагүй” гэж шийдвэрлэсэн.
Цэвэр, бохир, галын усан хангамжийн ажилд галын аюулгүй ажиллагааны төсвийг тооцох боломжгүй. Учир нь эдгээр нь өөр хоорондоо ялгаатай тул нэг бүлэгт төсөвлөх боломжгүй.
Шүүх Төсвийн өртгийн нэгдсэн товчоонд цэвэр, бохир усан хангамжийн ажилд галын усан хангамж гэсэн нэр бичээгүй байгаа нь энэхүү ажлыг бүхэлд нь тусгаагүй байдлаар буруу ойлгосон.
“Барилга доторх усан хангамж ариутгах татуурга”-ын 1.4-д зааснаар усан хангамж гэдэг нэршилд цэвэр, бохир, галын болон борооны усан хангамж бүгд хамаарч байдаг.
Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 14.1 (ж)-д “Ажлын зураг, ажлын тоо, хэмжээний дагуу тооцсон төсөвтэй, эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулсан байна” гэж заасны дагуу, ... өөрөөр хэлбэл, барилгын зураг төслийн баримтыг үндэслэж нэгдсэн төсвийн тооцоог гаргасан.
Тооцоолох төсөв зохиох програмын дагуу төсвийг задалж, төсвийн дүнтэй хамт хүргүүлсэн ба төсвийн шаардлагыг бүрэн хангасан нь үнэлгээний хорооны гишүүдийн тендерийг хянасан хүснэгтийн хуудсуудаар нотлогддог.
Гэтэл хариуцагч төсөв зохиох програмын дагуу төсвийг задалж явуулсныг дотор нь дахин задалж ирүүлэх ёстой байдлаар тайлбарлаж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “ ... ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, ... хариуцлагатай байх” зарчмуудыг зөрчсөн.
Шүүх шийдвэртээ төсөвт тусгагдсан эсэхэд үнэлж, дүгнэх бус төсөв нь задаргаатай байх эсэх талаар үнэлж дүгнэсэн.
Шүүхийн шийдвэрт “хариуцагч шийдвэр гаргахдаа хуулийн үндэслэлээ заагаагүй, хуульд үндэслэх, ил тод, өрсөлдөх зарчмыг зөрчсөн ч энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тендерийн үнэлгээг дахин хийхийг даалгах боломжгүй” гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасан захиргааны актад тавигдах үндсэн шаардлагыг буруу тайлбарласан.
Үнэлгээний хорооны шийдвэр хууль болон холбогдох тендерийн баримт бичигт дурдсан ямар ч үндэслэлийг шийдвэртээ тусгаагүй талаар шүүх дүгнэлт хийгээгүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0255 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “М К” ХХК-аас “Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны алба, тус тендерийг зохион байгуулсан Үнэлгээний хороонд холбогдох 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зарласан ЭМСЯ/201811029 дугаар бүхий эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/-ийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй цахим тендер сонгон шалгаруулалтыг үнэлсэн Үнэлгээний хорооны 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгах“ шаардлага гаргажээ.
Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны алба 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зарласан СХД/А/131/ЭМБ-01/ дугаар тендер шалгаруулалтад оролцсон тендерүүдийг хянаж, “тендерийн баримт бичигт заасан тусгай зөвшөөрлийн шаардлага хангаагүй” үндэслэлээр “С Э С” ХХК-ийн, “ирүүлсэн ажлын төсөвт салхивчийн автоматик ажлын ажилбарын нэр зөрүүтэй, ажлын тоо хэмжээ дутуу, ажлын төсөвт барилгын дотор цэвэр бохир, галын усан хангамжийн ажил тусгагдаагүй” үндэслэлээр “М К” ХХК-ийн ирүүлсэн тендерүүдээс тус тус татгалзжээ.
Нэхэмжлэгч “М К” ХХК-ийн гомдлын дагуу Сангийн яам 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/959 дүгээр албан бичгээр ““М К” ХХК-ийн тендерт салхивчийн автоматик ажлын төсвийг тооцохдоо тодруулгаар ирсэн ажлын зургийн дагуу тооцсон тул ажлын тоо хэмжээг дутуу тооцсон үндэслэлээр татгалзсан нь үндэслэлгүй, ажлын төсвийн нэгдсэн товчоонд “Цэвэр бохир усан хангамжийн ажил”-ын төсөв тусгагдсан боловч уг ажлын төсвийн задаргааг ирүүлээгүй нь ажлын зургийн дагуу төсвийг тооцсон эсэхийг хянан үзэх боломжгүй” гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй, тендер шалгаруулалтыг хууль, журмын дагуу цааш нь үргэлжлүүлэхийг, тендер шалгаруулалтын үйл ажиллагааг түр түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацаа дуусгавар болсныг Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд мэдэгджээ.
Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 14.1 (ж)-ийн 1-д Ажлын зураг, ажлын тоо хэмжээний дагуу тооцсон төсөвтэй, эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулсан байна. /Төсвийг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 18, 2012 оны 181 дүгээр тушаалуудаар батлагдсан төсөв зохиох дүрмийн дагуу тооцно. Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэглэгдэж буй төсөв зохиох програмаар гүйцэтгэнэ/ Эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулсан байх, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 185 дугаар тушаалын дагуу зохиогчийн хяналтын зардлын үнийг тооцож ирүүлнэ. Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэглэгдэж буй төсөв зохиох программаар гүйцэтгэх”-ээр заажээ.
Захиалагчийн хүсэлтийн дагуу гүйцэтгэсэн “К З” ХХК-ийн барилгын ажлын төсөвт барилгын дотор цэвэр бохир ус, галын усан хангамжийн нэг бүрчилсэн төсвийн төсөвт өртгийн нарийвчилсан задаргааны дагуу нэхэмжлэгч “М К” ХХК холбогдох материалыг ирүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.
Тодруулбал, нэхэмжлэгч “Дотор цэвэр бохир, галын усан хангамж” хэсэгт заасан “Цэвэр ус, Бохир ус, Галын ус, Борооны ус” болох Барилгын үндсэн ажил, түүнийг хэрхэн, ямар үе шатаар хэрэгжүүлэхээр буюу “Ажиллах хүчний зардал, Материал, Механизм, Тээвэр, Нэмэгдэл зардал, Ашиг”-ийн задаргааг үнийн саналдаа ирүүлээгүй байжээ.
Энэ тохиолдолд хариуцагч ажлын зургийн дагуу төсвийг тооцсон эсэхийг хянан үзэх боломжгүй бөгөөд “тухайн ажил хийгдэхгүй нөхцөл байдал үүснэ” гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч компани нэгэнт захиалагчаас боловсруулсан тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагын дагуу тендерийн баримт бичгийг бүрдүүлж ирүүлээгүй тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгч компанийн тендерээс татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 /тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага/, 27.3 /Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ/-д заасанд нийцжээ.
Нөгөөтэйгүүр, хариуцагч тухайн тендер шалгаруулалтад оролцогч “С Э С” ХХК-ийн тендерээс татгалзсанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30 дугаар зүйлийн 30.1.1 /шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй/-д заасан шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй гэх үндэслэл болох бөгөөд тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.
Хариуцагч дээрх байдлаар бүх тендерээс татгалзсан тохиолдолд нэхэмжлэгчийн “хариуцагчид тендерийн үнэлгээг дахин хийлгэхийг даалгах” шаардлагыг хангах боломжгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар албан бичигтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хянан шийдвэрлээгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0255 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР