Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2021/0079

 

 

 

 

“С н к” ХХК, “Айникс-

Инженеринг” ХХК, “Хч” ХХК-иудын

нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Засаг дарга,

Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн

өмчийн газрын тендерийн үнэлгээний хороонд

тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч, шүүгч:                Б.Мөнхтуяа

       Танхимын тэргүүн, шүүгч:   Ч.Тунгалаг

       Шүүгчид:                               Г.Банзрагч

                                                     Д.Мөнхтуяа

       Илтгэгч шүүгч:                      Х.Батсүрэн

       Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал    

     Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч “С н к” ХХК, “А-И” ХХК-иудын Хэнтий аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газрын Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Орон нутгийн өмчийн газраас зарласан барилга 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ БСШУСЯ/202001209/ дугаартай нээлттэй тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, хариуцагчийн 2020 оны 05 сарын 28-ны өдрийн гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг хүчингүй болгох, нэхэмжлэгч шалгарсан болохыг тогтоож хариуцагчийг нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгах”, 

   Нэхэмжлэгч “Хч” ХХК-ийн Засаг даргын Тамгын газар болон Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газрын үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газрын Сургуулийн барилга 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ ажлын гүйцэтгэгчээр “М к” ХХК-ийг шалгаруулж “Хч” ХХК-ийг хассан шийдвэрийг хүчингүй болгуулах, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар болон “М к” ХХК-ийн хооронд байгуулсан сургуулийн барилга 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ ажлын хууль бус гэрээг хүчингүй болгох, Сургуулийн барилга 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт ирүүлсэн материалаар дахин үнэлгээ хийлгэхийг даалгах”,

      Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 122/ШШ2020/0023 дугаар шийдвэр,

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 31 дүгээр магадлалтай,  

      Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч “С н к” ХХК-ийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгч “С н к” ХХК, “А-И” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С /онлайнаар/, Ч.З, нэхэмжлэгч “С н к” ХХК-ийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагч Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газрын тендерийн үнэлгээний хорооны дарга Г.Х, гуравдагч этгээд “М к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Б., өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулж,

       Нэхэмжлэгч “С н к” ХХК-ийн өмгөөлөгч, хариуцагч Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газрын тендерийн үнэлгээний хорооны төлөөлөгч, гуравдагч этгээд “М к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

        Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

  1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 122/ШШ2020/0023 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С н к” ХХК, “А-И” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж “Хэнтий аймгийн Засаг даргын Орон нутгийн өмчийн газраас зарласан “Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/” БСШУСЯ/202001209 дугаартай нээлттэй тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үнэлгээний хорооны 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэр, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар болон “М к” ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/” ажлын гэрээг хүчингүй болгож, “нэхэмжлэгч шалгарсан болохыг тогтоож, хариуцагчийг нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
  2. Нэхэмжлэгч “Хч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан “Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/” БСШУСЯ/202001209 дугаартай нээлттэй тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Хч” ХХК-ийг хассан шийдвэр, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “М к” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрүүд, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар болон “М к” ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/” ажлын гэрээг тус тус хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, “Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/” ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт ирүүлсэн материалаар дахин үнэлгээ хийлгэхийг даалгаж,
  3. 2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “С н к” ХХК, “А-И” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг, “Хч” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, “С н к” ХХК, “А-И” ХХК-иудын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн тавин хувь буюу 35100 төгрөгийг хариуцагч нараас адил тэнцүү гаргуулж “С н к” ХХК, “А-И” ХХК-иудад, нэхэмжлэгч “Хч” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагч нараас адил тэнцүү гаргуулж тус компанид олгож тус тус шийдвэрлэжээ.
  4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 31 дүгээр магадлалаар: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 23 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С н к” ХХК болон “А-И” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, “Хч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/” БСШУСЯ/202001209 дугаартай нээлттэй тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “М к” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, Хэнтий аймгийн Засаг дарга болон “М к” ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/” ажлын гэрээг тус тус хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож,
  5. Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан “Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/” БСШУСЯ/202001209 дугаартай нээлттэй тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Хч” ХХК-ийг хассан шийдвэрийг хүчингүй болгож, “Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/” ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт ирүүлсэн материалаар дахин үнэлгээ хийхийг даалгаж,
  6. Нэхэмжлэгч “С н к” ХХК болон “А-И” ХХК-ийн нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “нэхэмжлэгч шалгарсан болохыг тогтоож, хариуцагчийг нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “С н к” ХХК-ийн төлөөлөгч Б.Баттулга, нэхэмжлэгч “С н к” ХХК, “А-И” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Золжаргал, нэхэмжлэгч “С н к” ХХК-ийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагч Хэнтий аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оюунсувд, гуравдагч этгээд “М к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батаа, Б.Энхжин нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

               Хяналтын журмаар гаргасан гомдол:      

  1. Нэхэмжлэгч “С н к” ХХК-ийн өмгөөлөгч Т.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалууд нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйн зэрэгцээ нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж, дараах үндэслэлүүдээр гомдол гаргаж байна.
  2. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...захиалагчаас тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ийн 14.1-д сургуулийн барилгын техникийн шаардлагыг тогтоохдоо сургуулийн барилгын цахилгааны дэд станцын хүчин чадлыг 6 кВт байхаар тогтоосон байхад “М к” ХХК, “С н к” ХХК, “Айникс инженоринг” ХХК-иудын түншлэлийн ирүүлсэн тендерт уг дэд станцын хүчин чадлыг 10 кВт-аар ирүүлсэн ...Хэнтий аймгийн төв нь өөрөө “өндөр талдаа” 6 кВт-ын хүчдэлтэй цахилгаан шугам сүлжээтэй бол сургуулийн барилгын дэд станцын хүчин чадал 10 кВт байгаад хэвийн ажиллах боломжгүй...” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлж дүгнэн, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй.
  3. Учир нь нэхэмжлэгч “С н к” ХХК, “А-И” ХХК-иудын түншлэл болон гуравдагч этгээд “М к” ХХК-иудын хувьд ТОӨЗ-ийн 14.1-д заасан “...6 кВт-ийн хүчин чадал бүхий цахилгааны дэд станц барих...” талаар заасныг зөрчөөгүй ба 10 кВт-ийн хүчин чадалтай цахилгааны дэд станц барихаар тендерийн баримт бичигтээ тусгасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.10-т "энэ хуулийн 28 4-т заасан шалгуур үзүүлэлтэд тендерт оролцогчийн чадавхын үзүүлэлтүүдийг хамааруулахгүй бөгөөд энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасны дагуу захиалагчийн тогтоосон доод шаардлагыг давуулан хангаж байгаа нь түүний тендерийг шалгаруулах үндэслэл болохгүй” гэж заасныг зөрчөөгүй буюу энэ хуульд зааснаар 6 кВт гэдэг бол захиалагчийн тогтоосон доод хэмжээ ба түүнийг нэхэмжлэгчийн түншлэл болон гуравдагч этгээдүүд давуулан хангаж байгаа нь тендерээс татгалзах үндэслэл болохгүйн зэрэгцээ үзүүлэлт өндөртэй буюу өртөг өндөртэй 10 кВт-ын дэд станц нийлүүлэх санал гаргасан боловч суурилуулах боломжгүй бол үзүүлэлт багатай, өртөг арай багатай 6 кВт-ын дэд станцыг сольж суурилуулахад нэхэмжлэгч “С н к” ХХК болон хариуцагч буюу улсад ямар нэгэн хохирол учрах нөхцөл байдал үүсэхгүй, бөгөөд хамгийн гол нь хуульд заасан худалдан авах ажиллагааны зарчим, зорилгод харшлах зүйл байхгүй тул шүүхээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.10-т заасныг буруу тайлбарлан, хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т заасныг хэрэглээгүй нь үндэслэлгүй.  
  4. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “С н к” ХХК, “А-И” ХХК-иудын түншлэл нь тендерийн баримт бичигт заасан доод үзүүлэлтүүдийг давуулан хангасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасан “...захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага...”-ыг хангаагүй мэтээр дүгнэсэн нь хуулийн энэхүү заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.
  5. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэг болон анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...үнэлгээний хороо 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Хч” ХХК-ийн тендерийг шаардлага хангаагүй гэж үзэн хасахдаа “жижиг ажлууд олны орхигдуулсан” гэх байдлаар тодорхойгүй дүгнэлт хийсэн ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан “худалдан авах ажиллагаанд ил тод байх” зарчимд нийцээгүй, Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалаар баталсан “Тендерийн үнэлгээний заавар” баримт бичгийн 6.5-д “Тендер хянан үзсэн дүнг 6 дугаар маягтад бөглөж... хавсаргана. Мөн энэ маягтад шаардлага нийцэхгүй гэж тодорхойлогдсон тендерийн талаар дэлгэрэнгүй тайлбар, шалтгааныг хавсаргах...” гэж заасанд нийцэхгүй ... Дээрх шалгаруулалтаар “Хч” ХХК-ийг хасахдаа тус компанийн тендер ямар шаардлага хангахгүй байгааг хэлэлцээгүй, харин тендерээс хассан мэдэгдэлдээ тус компанийг ТОӨЗ 14.1 /ж/-д заасныг зөрчин “Ажлын тоо хэмжээг хийхдээ Б блокийн дээврийн фонар угсрах, будах орхигдуулсан, металл рамтай вакум хаалга угсрах ажлуудыг хасаж ирүүлсэн, Г блокийн хулдаасан шал 10 м.кв дутуу гэж дүгнэснийг нэхэмжлэгч “Хч” ХХК нь магадалшгүй ажлын зардалд нийт 200 сая төгрөгийг төсөвлөсөн байгаа тул хэрэв үнэлгээний хороо энэ ажлыг орхигдуулсан гэж үзэж байгаа бол уг зардлаас хийх боломжтой, иймд төсөвт тусгаагүй гэж үзэхгүй гэж тайлбарласныг шүүх буруутгах үндэслэлгүй.
  6. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Хч” ХХК-ийн гаргасан “...үнэлгээний хорооны 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Хч” ХХК-ийн ирүүлсэн тендер ерөнхий шаардлагад нийцээгүй гэж үзэн үнэлгээнээс хасаж шийдвэрлэсэн шийдвэрийг хууль бус гэж үзэн, хүчингүй болгох шаардлагыг хангаж шийдвэрлэв” гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, хуульд нийцэхгүй.
  7. Учир нь нэхэмжлэгч “Хч” ХХК нь Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 9/1058 дугаартай мэдэгдэлд дурдсан “...ажлын тоо хэмжээг хийхдээ Б блокийн дээврийн фонар угсрах, будах ажлыг орхигдуулсан, метал рамтай вакум хаалга угсрах ажлуудыг хасаж ирүүлсэн, Г блокийн хулдаасан шал 10 м.кв дутуу, жижиг ажлууд нэлээдгүй орхигдуулсан” гэдэг үндэслэлүүдийг няцаасан нэг ч баримтууд хэрэгт авагдаагүй бөгөөд гагцхүү амаар л тайлбар гаргадаг бөгөөд тендерийн үнэлгээний хорооны хурлаар хэлэлцээгүй зөвхөн мэдэгдэлд тусгасан гэх боловч 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн болон 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хурлуудаар хэлэлцэж, хорооны гишүүн Б.Гантөгс нь дээрх мэдэгдэлд дурдагдсан бүх үндэслэлүүдийг хорооны хуралд танилцуулан шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаас бүрэн харагдаж байхад дээрх байдлаар дүгнэлт хийж байгаа нь нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсний зэрэгцээ шүүхүүдээс хэрэглэвэл зохих Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Тендер нээсний дараа тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.3-т “...тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-т заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж тус тус заасан заалтуудыг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй.
  8. Түүнчлэн аливаа тендерт оролцогч нь тухайн тендерийн баримт бичигт заасныг нэг бүрчлэн хангасан тохиолдолд хянах шатнаас үнэлэх шат руу ордог байхад нэхэмжлэгч “Хч” ХХК-ийн хувьд дээр дурдсан зөрчлүүдтэй байна гэж үзэж тендерийн үнэлгээний хороо хянах шатнаас хасаж, тендерийг үнээр нь үнэлэх шат руу оруулаагүйг хууль бус гэж тогтоосон баримтгүй, түүнийг няцааж чадаагүй ба тус компанийн зүгээс тодорхойгүй хэсэгт тодорхойгүй гэдгээрээ маргаж болно, харин тодорхой дурдсан байгаа дээрх үндэслэлүүдийг няцаасан нэг ч баримт гаргаж өгөөгүй, баримтгүй байхад дахин үнэлгээ хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь буруу. Мөн хариуцагч тендерийн үнэлгээний хорооноос шүүх хуралдаанд гаргасан тайлбартай холбоотойгоор шүүх хуралдааны нотлох баримтыг судлах шатанд судлаад бүхэл бүтэн хүзүүвчин барилгын төсвийг орхигдуулсан болох нь тогтоогдсон /хэргийн бүх оролцогчид нотлох баримт судлахад харж байсан/, энэ барилга нь өөрөө хамгийн бага үнийн санал ирүүлсэн манай компанийн төсвөөс үзэхэд л 100 гаруй сая төгрөгийн төсөвт өртөг бүхий барилга тул түүнийг магадалшгүй ажлын зардлаас санхүүжүүлэх боломжгүйн байхад энэ бүгдийг харгалзан үзэлгүйгээр тендерийг дахин үнэлгээг хийхээр шийдвэрлэж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасныг зөрчихийн зэрэгцээ шүүхүүдээс хэрэглэвэл зохих хуулийн энэхүү заалтыг хэрэглээгүй нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Тодруулбал 10 м.кв байна уу, 1 м.кв байна уу тендерийн баримт бичигт заасан доод үзүүлэлтийг бууруулах эрх тендерт оролцогчдод байхгүй, хэрэв нэг л нэгжээр бууруулсан энэ нь тендерийн баримт бичигт заасныг зөрчсөн зөрчил болох байтал бууруулсан, дутуу орхигдуулсан шалтгаанаа баримттайгаар, үндэслэлтэйгээр няцааж чадаагүй
  9. Давж заалдах болон анхан шатны шүүхүүдээс нэхэмжлэгч “С н к” ХХК, “А-И” ХХК-иудын “...нэхэмжлэгч шалгарсан болохыг тогтоож, хариуцагчийг нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ “...Үнэлгээний хороо нь хамтын зарчмаар шийдвэр гаргадаг байгууллага тул түүний дотоод бүрэн эрхэд шүүхээс халдах шаардлагагүй...”, “...“Хч” ХХК-ийг хассан 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосон тул тухай компанийг оролцуулалгүйгээр хийгдсэн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрийн дагуу гэрээ байгуулахыг даалгах боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ба хэрэглэвэл зохих Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасныг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй. Мөн тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн болон 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хурлуудаар нэхэмжлэгч “С н к” ХХК, “А-И” ХХК-иудын түншлэлийг 2 удаа шалгаруулсан шийдвэрийг гаргаж, Хэнтий аймгийн Засаг даргад гаргасан шийдвэрээ болон уг шийдвэрийн дагуу гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн бөгөөд үүнтэй холбоотой баримтууд хэрэгт авагдсан, мөн энэхүү үйл баримттай холбогдуулан хэргийн оролцогчид нь огт маргаагүй ба энэхүү гомдлыг 2 дахь хэсэгт зааснаар уг тендерийн үнэлгээг дахин хийх боломжгүй, шаардлагагүй тул нэхэмжлэгч “С н к” ХХК болон “А-И” ХХК-иудын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх бүрэн боломжтой.
  10. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Захиалагч нь энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрд шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч “С н к” ХХК, “А-И” ХХК-иудын түншлэлийг 2 удаа хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, хамгийн сайн гэж үнэлэгдсэн болохыг үнэлгээний хороо хурлаараа шийдвэрлэж, түүний дагуу гэрээ байгуулахыг зөвлөсөн тул захиалагч буюу Хэнтий аймгийн Засаг дарга гэрээ байгуулах үүрэгтэй болохыг хуулиар хуульчилсан тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх нь хууль зөрчихгүй бөгөөд хэн нэгэн төрийн байгууллага албан тушаалтны эрх хэмжээнд хөндлөнгөөс халдсан зүйл байхгүй.
  11. Өөрөөр хэлбэл 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн тендерийн үнэлгээний хорооны хурлын шийдвэр буюу тэмдэглэлд үнэлгээний хорооны дарга гарын үсэг зураагүй байдаг боловч энэхүү асуудал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8-д “Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна” гэж заасныг хариуцагчийн зүгээс зөрчсөн үйлдэл болох ба нэхэмжлэгч нарыг буруутгах боломжгүйн зэрэгцээ мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т тендерийн үнэлгээний хороо нь тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэж заасны дагуу захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан болох Хэнтий аймгийн Засаг дарга нь хууль бусаар өөрчлөх эрхгүй, зөвхөн тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах үүрэгтэй болохыг хуулиас харж болохоор байна.
  12. Гэтэл хариуцагч нарын зүгээс дээрх хуулийн дагуу болж өнгөрсөн 2 удаагийн тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэргүй, эсхүл тендерийн үнэлгээг дахин хийхийг үүрэг болгосон хэн нэгний шийдвэргүй байхад ямар ч шалтгаангүйгээр дахин 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж, уг тендерт хамгийн бага үнийн санал ирүүлсэн нэхэмжлэгчийг шалгаруулсан байсан шийдвэрээсээ буцаж, эсрэгээрээ хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн, уг анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанчлан тендерт ирүүлсэн материал нь ТОӨЗ-т нийцэхгүй “М к” ХХК-ийг шалгаруулан гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасныг ноцтой зөрчихийн зэрэгцээ мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”, 28.7.4-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж тус тус заасныг ноцтой зөрчсөн.
  13. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсгүүдийг баримталсан байх боловч 2 дахь хэсэгт ...тендерт ирүүлсэн материалаар дахин үнэлгээ хийхийг даалгаж ... гэж мөн хуулийн 28 дугаар зүйлд заасан Тендерийг үнэлэх ажиллагааг гүйцэтгэхийг даалгасан нь хуулийн дээрх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн, зөрчилтэй шийдвэрийг гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
  14. Өөрөөр хэлбэл тендерийг хянан үзэхтэй холбоотой заалтуудыг баримтлан тендерийг үнэлэх ажиллагаа хийхийг даалгаж шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд хэрэв үнэлэх ажиллагааг явуулсан тохиолдолд үнээр нь жагсааж хамгийн бага үнийн санал ирүүлснийг сонгох хуулийг зохицуулалттай тул дахин үнэлгээг хийх ямар ч шаардлагагүй, шууд сонгож гэрээ байгуулах боломжтой байна. Иймд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 122/ШШ2020/0023 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 31 дүгээр магадлалд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасны дагуу өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч “С н к” XXК, “А-И” ХХК-иудын түншлэлтэй гэрээ байгуулахыг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
  15. Хариуцагч Үнэлгээний хорооны дарга Г.Хэрлэнчулуун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “С н к” ХХК, “А-И” ХХК, “Хч” ХХК-иудын нэхэмжлэлтэй “С н к” ХХК, “А-И” ХХК, “Хч” ХХК-иудын Хэнтий аймгийн Засаг дарга, Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газрын Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Орон нутгийн өмчийн газраас зарласан барилга 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ БСШУЯ/20201209/ дугаартай нээлттэй тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, хариуцагчийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг хүчингүй болгох, “нэхэмжлэгч шалгарсан болохыг тогтоож, хариуцагчийг нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг” даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох” тухай Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 122/ШШ2020/0023 дугаар шийдвэрийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 31 дүгээр магадлалыг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шуудангаар ирснийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргаж байна.
  16. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу үнэлгээний хороо нь хууль зөрчөөгүй бөгөөд шүүхээс үнэлгээний хорооны 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн “Хч” ХХК-ийг хассан шийдвэрийг хүчингүй болгож, “Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт ирүүлсэн материалаар дахин үнэлгээ хийхийг даалгаж”... ба “Хч” ХХК тендерт ирүүлсэн материал нь холбогдох хууль журамд заасны дагуу тендерт ирүүлсэн ажлын төсөвт ....5 блок барилга, хүзүүвчийн барилга, усан хангамж, компьютерийн сүлжээ, гадаад тохижилтын ажлуудын төсвийг хянах явцад эхнээсээ А, Б, В блокууд дээр дээврийн панар угсрах, будах, металл рамтай вакум хаалга угсрах, Г блокийн хулдаасан шал 10 м2 дутуу зэрэг олон ажлуудыг орхигдуулсан байсан тул үнэлгээний хорооны дарга, гишүүдийн зүгээс үнэлгээний хорооны гишүүн, аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын Барилгын хэлтсийн дарга, аймгийн ерөнхий архитектур Гантөгсөөс энэ компанийн төсөвт  орхигдуулсан эдгээр ажлууд барилгын хийцэд нөлөөлөх үү тендерийн шаардлага хангаж байна уу гэж асуухад мэргэжлийн хүний зүгээс барилгын хийцэд нөлөөлнө, шаардлага хангахгүй хэмээн хариулсан.
  17. Өөрөөр хэлбэл “Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрэм” /БНбД 81-94-12/-д Барилгын эдийн засгийн норматив бичиг баримт /цогцолбор. 81/-д шифр 46/БНбД 81-53-05/ шалны ажил, шифр 47 /БНбД 81-54-05/ дээврийн ажлыг төсөвт заавал тусгахаар заасан байдаг нь төсөвт ноцтой зөрчил гаргасан гэдгийг дээрх дүрмээр батлагдаж байна. Тиймээс үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар цааш үзэх шаардлагагүй хэмээн хассан. Энэ талаар тендер шалгаруулалтаас хассан тухай шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлахад танилцуулсан ба нотлох баримтууд хэргийн материалд авагдсан болно.
  18. Захиалагчийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах”... хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд дахин хянаж нягтлуулахаар цохолт хийгдсэн албан бичиг хэргийн материалд нотлох баримтаар авагдсан. Мөн “...“Хч” ХХК-ийг хассан Үнэлгээний хорооны 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанд ус хангамж, компьютерийн сүлжээ, гадаад тохижилтын ажил зэрэг нь огт яригдаагүй байна. Иймд энэхүү зөрчлийг байгаа гэж үзэж буй бол дахин үнэлэхдээ бодитойгоор хэлэлцэн, тэмдэглэлд тусгах нь зүйтэй. Үнэлгээний хороо огт хэлэлцээгүй асуудлыг шүүхийн шатанд нэмж гаргаж буйг хүлээн авах боломжгүй” гэжээ.
  19. Энэхүү гомдол гарсантай холбогдуулан нэхэмжлэгч талын компаниудын тендерийн материалыг цааш үргэлжлүүлэн дахин хянах үед “Хч” ХХК нь дээрх зөрчлөөс гадна дэд өртөөний барилгын хаалга цонхны ажил, гадна заслыг бүтнээр нь, түүгээр ч барахгүй сургуулийн үндсэн хичээлийн байрыг спорт заалтай холбосон 104,5 сая төгрөгийн өртөгтэй Г хэлбэрийн хүзүүвчийн ажил огт байхгүй бас орхигдуулсан. Мөн гадна тохижилт, дотор гэрэлтүүлгийн ажил дээр хяналтын төсвөөс ажлын тоо хэмжээг бууруулж орж ирсэн.
  20. Тиймээс энэ талаар Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хуралдаанаас өмнө 2020 оны 11 дүгээр сарын 1-нд нэмэлт тайлбар хүргүүлэн дараа нь шүүх хуралдаанд оролцох явцад түүнийгээ баталгаажуулах үүднээс нотлох баримтыг судлан шинжлэх үе шатанд /шүүхэд нотлох баримтын шаардлага ханган /сиди/-ээр ирүүлсэн нотлох баримт/ буюу /“Хч” ХХК-ийн тендерт ирүүлсэн ажлын төсөв/-ийг шинжлэн судлуулж 5 блок барилга, ус хангамж, компьютерын сүлжээ, гадаад тохижилтын ажил дээр 17 ажил орхигдуулсан, сургуулийн барилгын хүзүүвчийн ажлыг төсөвт тусгаагүй гэдгийг хэргийн оролцогч болон шүүх хуралдаан даргалагчид нэг бүрчлэн тайлбарлаж харуулсан болно. Гэтэл шүүхэд нотлох баримтын шаардлага ханган /сиди/-ээр ирүүлсэн нотлох баримт/ буюу /“Хч” ХХК-ийн тендерт ирүүлсэн ажлын төсөв/ байсаар байтал бичгийн нотлох баримт байхгүй байгаа гэж үзэх нь шүүгч нотлох баримтыг дутуу үнэлсэн бөгөөд нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.5 дахь хэсэгт /... шийдвэр, магадлал, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох/ заасны дагуу захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 31 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
  21. Гуравдагч этгээд “М к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батаа, Б.Энхжин нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Нэхэмжлэгч “С н к” ХХК, “А-И” ХХК нь хариуцагч Хэнтий аймгийн Засаг дарга, Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газар, сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ БСШУСЯ/202001209 дугаартай тендерийн Үнэлгээний хороонд (Цаашид “Үнэлгээний хороо” гэх) холбогдуулан  “Орон нутгийн өмчийн газраас зарласан сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ БСШУСЯ/202001209 дугаартай нээлттэй тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Хариуцагчийн 2020 оны 05 сарын 28-ны өдрийн гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг хүчингүй болгох, нэхэмжлэгч шалгарсан болохыг тогтоож хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан
  22. Мөн нэхэмжлэгч “Хч” ХХК нь хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар, Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газрын Үнэлгээний хороонд холбогдуулан “Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газрын Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ ажлын гүйцэтгэгчээр “М к” ХХК-ийг шалгаруулж, “Хч” ХХК-ийг хассан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар болон “М к” ХХК-ын хооронд байгуулсан Сургуулийн барилга, 1500 /Хэнтий, Хэрлэн сум/ ажлын хууль бус гэрээг хүчингүй болгох, Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт ирүүлсэн материалаар дахин үнэлгээ хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.
  23. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь дээрх нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 122/ШШ2020/0023 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч түншлэлээр орж буй “С н к” ХХК, “А-И” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хэнтий аймгийн Засаг даргын Орон нутгийн өмчийн газраас зарласан Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ БСШУСЯ/202001209 дугаартай нээлттэй тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэр, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар болон “М к” ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ ажлын гэрээг хүчингүй болгож, нэхэмжлэгч шалгарсан болохыг тогтоож, хариуцагчийг нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
  24. Мөн тус шүүх нь нэхэмжлэгч “Хч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ БСШУСЯ/202001209 дугаартай нээлттэй тендерийг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Хч” ХХК-ийг хассан шийдвэр, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “М к” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрүүд, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар болон “М к” ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ ажлын гэрээг тус тус хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгох, Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт ирүүлсэн материалаар дахин үнэлгээ хийлгэхийг даалгасугай гэж шийдвэрлэсэн болно.
  25. Нэхэмжлэгч “С н к” ХХК, “А-И” ХХК, хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар, гуравдагч этгээд “М к” ХХК нар нь Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 122/ШШ2020/0023 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан ба Захиргааны хэргийн давж заалдах шатны 2021 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн дугаар 31 тоот магадлалаар тус тус гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
  26. Гуравдагч этгээд “М к” ХХК нь Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 122/ШШ2020/0023 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны 2021 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн дугаар 31 тоот магадлалыг тус тус эс зөвшөөрч шийдвэр, магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.2.1-д заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн тус хуулийн 123.2.2-д зааснаар шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д заасны дагуу дараах хяналтын журмаар гомдлыг гаргаж байна.
  27. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 31 дүгээр магадлалд “Нэхэмжлэгч “С н к” ХХК, “А-И” ХХК-иуд аймгийн Засаг даргыг гэрээний нэг тал гэж үзээд хариуцагчаар тодорхойлсон, харин нэхэмжлэгч “Хч” ХХК аймгийн Засаг даргын Тамгын газрыг гэрээний нэг тал гэж үзэж хариуцагчаар тодорхойлж, хэн аль нь “М к” ХХК-тай байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ ажлын гэрээг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх гэрээг аймгийн Засаг даргын Тамгын газар байгуулсан гэж дүгнээд гэрээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Харин давж заалдах шатны шүүхээс гэрээг аймгийн Засаг даргатай байгуулсан гэж үзэв” гэжээ.
  28. Гэтэл 31 дүгээр магадлалд гэрээ байгуулсан нэг талыг аймгийн Засаг дарга гэж тодорхойлсноор 122/ШШ2020/0023 дугаартай шүүхийн шийдвэр засагдахгүй юм. Учир нь нэхэмжлэгч “С н к” ХХК, “А-И” ХХК-иуд нь “М к” ХХК болон Хэнтий аймгийн Засаг дарга нарын хооронд байгуулсан гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэл, нэхэмжлэгч “Хч” ХХК нь “М к” ХХК болон Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг тус тус гаргасан байдаг. Улмаар нэхэмжлэгч “С н к” ХХК, “А-И” ХХК-иуд хариуцагчаар Хэнтий аймгийн Засаг дарга, нэхэмжлэгч “Хч” ХХК нь хариуцагчаар Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрыг тус тус татсан.
  29. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талууд гэрээний нэг талыг ялгаатай хоёр өөр эрх зүйн субьектыг тодорхойлсон ба нэхэмжлэгч нарын аль нэгний нэхэмжлэлийн шаардлага л хангагдах боломжтой. 122/ШШ2020/0023 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгч “С н к” ХХК, “А-И” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, шүүхийн санаачилгаар хамтран хариуцагчаар Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар болгож шийдвэрлэсэн. Энэ нь нэхэмжлэлийн шаардлага өөрөө тодорхойлох нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчихийн зэрэгцээ талуудын шүүх хуралдаанд ЗХШХШтХуулийн 4.1-д заасан “шүүхийн өмнө эрх байх зарчим”, мөн тус хуулийн 6.1-д заасан “мэтгэлцэх зарчим”-уудыг тус тус илтэд зөрчсөн үйлдэл болсон.
  30. Харин давж заалдах шатны шүүх 31 тоот магадлалаар дээрх шүүхийн алдааг засахдаа Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар гэдэг үгийг Хэнтий аймгийн Засаг дарга болгож өөрчилсөн боловч “Хч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар болон “Монкон   констракшн” ХХК нарын хооронд байгуулах гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “...үндэслэл бүхий” магадлал болж чадаагүй. Давж заалдах шатны шүүх нэгэнт “М к” ХХК болон Хэнтий аймгийн Засаг дарга нарын хооронд байгуулсан гэрээ гэж үзэж байгаа бол хариуцагч буруу тодорхойлсон “Хч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох “М к” ХХК болон Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхих ёстой юм.
  31. “М к” ХХК-ийн хувьд: нэгдүгээрт, энэ асуудлаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй; хоёрдугаарт, шүүх “М к” ХХК-ийн тендерийн баримт бичиг нь зөрчилтэй эсэх асуудлаар голлон дүгнэх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгч “С н к” ХХК, “А-И” ХХК, “Хч” ХХК-иуд Сангийн яаманд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд “М к” ХХК-ийг тендерийн баримт бичиг нь зөрчилтэй гэж гомдол гаргасан. Тус гомдлын хүрээнд маргах ёстой ба нэхэмжлэгч талууд шүүх хуралдааны явцад Үнэлгээний хороог 3 удаа хуралдсан нь хууль бус гэж маргадаг. Нэгэнт урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч талууд 3 удаа хуралдсан асуудлаар маргаагүй байдаг тул шүүх энэ талаар дүгнэх шаардлагагүй юм.
  32. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 31 тоот магадлалд “Мөн гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо Г.Хэрлэнчулуун гэж хүний эрх зүйн байдлыг тодотгон тайлбарлаж, заавал итгэмжлэлтэй байх ёстой гэж дурджээ. Нэхэмжлэгч “С н к” ХХК, “Айникс инжөнөринг” ХХК болон "Хч ХХК нь хариуцагчаар Үнэлгээний хороог тодорхойлсон бөгөөд тус хороог дарга нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй юм” гэжээ. Шүүх нь ямар нэгэн хуулийн заалтыг үндэслээгүй байх ба Үнэлгээний хорооны даргыг ямар хуулийн заалтыг үндэслэж итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гэж үзэж байгааг тодорхой тусгаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-д заасан “...хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” магадлал болж чадаагүй байна.
  33. Гуравдагч этгээд “М к” ХХК-ийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр дээрх асуудлаар Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаан эхэлж, ирцтэй холбоотой санал, мөн шүүх хуралдааны төгсгөлд нэмэлт тайлбар хэлэх үед ч удаа дараа Үнэлгээний хорооны дарга Г.Хэрлэнчулууны итгэмжлэлгүй шүүх хуралдаанд оролцуулж байгааг буруутгаж байсан. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд ирцтэй холбоотой хэлсэн өмгөөлөгч Б.Эрхэмбаярын саналыг хассан байсан зөрчлийг илрүүлж, шүүх хуралдааны тэмдэглэлд өөрчлөлт оруулж чадсан. Мөн шүүх хуралдааны төгсгөлд өмгөөлөгч Б.Эрхэмбаярыг “...Шүүх хуралдаан эхлэхэд буюу хэргийн оролцогчийн ирцийг шалгахад үнэлгээний хорооны дарга шүүх хуралдаанд ямар эрх зүйн статустай оролцож байгаа вэ, олгосон итгэмжлэл байна уу гэж асуусан” гэдгийг шүүх хуралдааны тэмдэглэлээс шүүхийн санаачлагаар хассан ч, шүүхийн шийдвэр дээр тусгагдсан байдаг.
  34. Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газрын Үнэлгээний хорооны дарга Г.Хэрлэнчулуунд итгэмжлэл олгогдсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй ба итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш юм. Үнэлгээний хороо нь Захиалагчид зөвлөмж хүргүүлснээр татан буугдаж, Захиалагч нь эрх зүйн үр дагаврыг хариуцахаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т тус тус тодорхой заасан. Хэрэв үнэлгээний хорооны дарга нь Үнэлгээний хороо татан буугдсан ч итгэмжлэлгүйгээр шүүх хуралдаанд оролцож болдог байсан бол бусад үнэлгээний хорооны гишүүд ч шүүх хуралдаанд итгэмжлэлгүйгээр оролцох боломжтой болох юм.
  35. Учир нь Үнэлгээний хорооны дарга нь бусад үнэлгээний хорооны гишүүдтэй харьцуулахад үнэлгээний хорооны хурлыг л удирдаж явуулах давуу эрхтэй ба бусад асуудал дээр адил эрх, үүрэг хүлээж, хамтын шийдвэр гаргадаг. Гэтэл шүүх тухайн хороог төлөөлөх итгэмжлэлгүй, хуульд зааснаар шууд төлөөлөх эрхгүй этгээдийг оролцуулж, нэхэмжлэлийг гардуулсан, хариу тайлбар авч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд удаа дараа оролцуулсан, мөн тухайн үнэлгээний хороонд холбогдуулан үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэхийг даалгах зэрэг шийдвэрүүд гаргасан байдаг. Шүүх ийнхүү Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заагдаагүй этгээдийг шүүх хуралдаанд оролцуулж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль бус бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдаан явагдсан гэж үзэх үндэслэл болох бөгөөд энэ нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүх дээр засагдах боломжгүй ноцтой алдаа гаргасан.
  36. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 31 дүгээр магадлалд “...Шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзэхэд нэхэмжлэгч “С н к” ХХК, “А-И” ХХК-иуд нэхэмжлэлийн шаардлагаа: а/Орон нутгийн өмчийн газраас зарласан Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ БСШУСЯ/202001209 дугаартай нээлттэй тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэр хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, хариуцагчийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг хүчингүй болгох, Нэхэмжлэгч шалгарсан болохыг тогтоож, хариуцагчийг нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгах”, нэхэмжлэгч “Хч” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “/Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газрын Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ ажлын гүйцэтгэгчээр “М к” ХХК-ийг шалгаруулж, “Хч” ХХК-ийг хассан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгох, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар болон “М к” ХХК-ийн хооронд байгуулсан Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ ажлын хууль бус гэрээг хүчингүй болгох, Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт ирүүлсэн материалаар дахин үнэлгээ хийлгэхийг даалгах” гэж тус тус тодорхойлсон байна. Үүнд тодорхойгүй зүйл алга байна...” гэжээ.
  37. Дээрх нэхэмжлэлийн шаардлагад тодорхойгүй зүйл маш олон бий. Тухайлбал, нэхэмжлэгч “С н к” ХХК, “А-И” ХХК-иуд нэхэмжлэлийн шаардлагын хувьд дараах зүйл тодорхойгүй байх бөгөөд үүнд Орон нутгийн өмчийн газраас зарласан Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ БСШУСЯ/202001209 дугаартай нээлттэй тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэр хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох гэсэн байгаа.
  38. Үнэлгээний хорооны шийдвэр гэдэг нь 2020 оны 04 дүгээр сарын 19-ний үнэлгээний хорооны тэмдэглэл, 2020 оны 05 дугаар сарын 05-ны үнэлгээний хорооны тэмдэглэл, 2020 оны 05 дугаар сарын 19-ний үнэлгээний хорооны тэмдэглэлийн аль нь вэ? Энэ нэхэмжлэлийн шаардлагыг Хэнтий аймгийн Засаг даргад холбогдуулж эсхүл Үнэлгээний хороонд холбогдуулж гаргаж байна уу, Хууль бус болохыг тогтоолгох эсхүл хүчингүй болгуулах юм уу, гүйцэтгэгч гэдэг нь ямар байгууллага вэ, хариуцагчийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг хүчингүй болгох, хариуцагч гэдэг нь Хэнтий аймгийн Засаг дарга уу, эсхүл Үнэлгээний хороо юу, гүйцэтгэгч гэдэг нь ямар байгууллага вэ? Нэхэмжлэгч шалгарсан болохыг тогтоож, хариуцагчийг нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгах энэ нэхэмжлэлийн шаардлага Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасан шүүхээс гарах шийдвэрийн аль заалтад хамаарах, хариуцагч гэдэг нь Хэнтий аймгийн Засаг дарга уу, эсхүл Үнэлгээний хороо юу, энэ нэхэмжлэлийн шаардлагыг Хэнтий аймгийн Засаг даргад холбогдуулж гаргаж байна уу? Эсхүл Үнэлгээний хороонд холбогдуулж гаргаж байна уу гэдэг нь тодорхойгүй.
  39. Шийдвэр гэдэг нь Үнэлгээний хорооны 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн үнэлгээний хорооны тэмдэглэл, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн үнэлгээний хорооны тэмдэглэл, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээний хорооны тэмдэглэлийн аль нь вэ? Мөн үүнд гэрээ байгуулсан эрх олгох тухай шийдвэр хамаарах уу? Нэхэмжлэгч “Хч” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахаар удаа дараа асуусан боловч аль үнэлгээний хорооны тэмдэглэлийг хүчингүй болгох тухай хариулт өгөөгүй нь шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдана.
  40. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулж гаргаж байна уу, эсхүл Үнэлгээний хороонд холбогдуулж гаргаж байна уу? Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар болон “М к” ХХК-ийн хооронд байгуулсан Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ ажлын хууль бус гэрээг хүчингүй болгох, энэ нэхэмжлэлийг шаардлагыг Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулж гаргаж байна уу, эсхүл Үнэлгээний хороонд холбогдуулж гаргаж байна уу? Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт ирүүлсэн материалаар дахин үнэлгээ хийлгэхийг даалгах гэж тус тус тодорхойлсон байна. Энэ нэхэмжлэлийг шаардлагыг Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулж гаргаж байна уу, эсхүл Үнэлгээний хороонд холбогдуулж гаргаж байна уу гэдэг нь тодорхойгүй.
  41. Шүүх ийнхүү нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахаар удаа дараа асуусан ч нэхэмжлэгч тал хариулахгүй гэснээр тодорхой болоогүй нэхэмжлэлийн шаардлага бий. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 31 дүгээр магадлалд “...Хэрвээ “М к” ХХК-тай байгуулсан хэд хэдэн гэрээ байгаа, “М к” ХХК-ийг шалгаруулсан хэд хэдэн удаагийн шийдвэр байгаа бол чухам аль захиргааны акттай маргаж байгааг шүүх тодруулах нь зүйн хэрэг юм. Гэтэл энэ тохиолдолд тодруулах, шүүх төөрөлдөх олон захиргааны акт байхгүй байна” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 106.2-т заасан “... хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” магадлал болж чадаагүй байна. Захиргааны хэргийн шүүх хэдийгээр дэмжин туслах чиг үүргийг хэрэгжүүлдэг ч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох эрх хэмжээ олгогдоогүй юм. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчихийн зэрэгцээ талуудын шүүх хуралдаанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “шүүхийн өмнө эрх байх зарчим”, мөн тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “мэтгэлцэх зарчим”-уудыг тус тус илтэд зөрчсөн үйлдэл болох юм.
  42. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 31 дүгээр магадлалд "... “Хч” XXК шууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй, энэ тохиолдолд “урьдчилан шийдвэрлэх гомдолдоо нэхэмжлэлийн шаардлагаа бүгдийг бичээгүй байна зэргээр нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм. Иймд барилгын цахилгаан дэд станцын хүчин чадлын талаар урьдчилан гомдсон эсэх нь ач холбогдолгүй” гэжээ. Нэхэмжлэгч “Хч” ХХК-ийн хувьд хамгийн анхны үнэлгээний хорооны хурал буюу 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хувьд эрх ашиг нь хөндөгдсөн байдаг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан 5 хоногийн хугацаанд гомдол гаргаагүй байдаг. Мөн нэхэмжлэгч “Хч” ХХК, “С н к” ХХК, “А-И” ХХК-иуд цахимаар тендер шалгарсан компанийн тендерийн баримт бичигтэй танилцаж, Сангийн яаманд гомдол гаргасан.
  43. Тендерт шалгарсан “М к” ХХК-ийн тендерийн баримт бичигтэй танилцах бүрэн боломжтой байсан учир нэхэмжлэгч “Хч” ХХК-ийн дэд станцын хүчин чадлыг 10кВт-аар ирүүлсэн гэх шинэ үндэслэлийн тухайд шүүх хууль зүйн үнэлэлт өгөх шаардлагагүй байсан юм. Талуудын урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд гомдоогүй асуудлыг шүүхийн шатанд шинээр гаргаж ирэхийг зөвтгөх нь цаашид урьдчилан шийдвэрлэх ажиллагааны ач холбогдлыг бууруулах, талууд тендерт шалгарсан тендерийн баримт бичгийг ил тод байхад нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхой тусгахгүй байх, шүүх дэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хүндрүүлэх нөхцөл байдалд хүргэх юм. Иймд дэд станцын хүчин чадлыг 10кВт-аар ирүүлсэн гэх асуудлын тухайд “Хч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ дэд станцын хүчин чадлын талаар Сангийн яаманд гаргасан гомдолд тусгасан эсэх талаар асуухад хариулт өгөөгүй.
  44. Нотлох баримт шинжлэн судлахад “Хч” ХХК-ийн Сангийн яаманд гаргасан гомдолд дэд станцын асуудлаар гомдол гаргаагүй нь нотлогдсон. Мөн “С н к” ХХК, “А-И” ХХК-иудын түншлэлээр оролцсон нэхэмжлэгчдээс Сангийн яаманд гаргасан 2020 оны 05 сарын 25-ны өдрийн 2020/71 тоот гомдолд 10кВт ирүүлснээр хасагдсан үндэслэлтэй маргахгүй гэсэн. Өөрөөр хэлбэл дэд станцын хүчин чадлыг 10кВт болгож сайжруулсан асуудлаар нэхэмжлэгч “Хч” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргаагүй, “С н к” ХХК, “А-И” ХХК-иуд энэ талаар маргахгүй гэсэн байхад шүүх шийдвэртээ дүгнэсэн, магадлалд зөвтгөсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн заалтыг илтэд зөрчсөн байна.
  45. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 31 дүгээр магадлалд “Тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ийн 5.2(в), 5.3(г) заасан шаардлагад “диплом”-ыг ирүүлэх тухай агуулга байхаас ямар нэгэн байдлаар захирлын тушаал ирүүлэх тухай заагаагүй байна гэжээ. Манай компани нь Тендерийн баримт бичигт Ус хангамж, ариутгах татуургын инженерээр Дашдондог овогтой Ганзоригийн /РД:Х061042770/ Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архиваас 1989 оны 6-р сарын 20-ны өдрийн Политехникийн дээд сургуулийн ректорын тушаал, тус тушаалын хавсралт №2, Оюутнаар батлах тухай Ректорын тушаал зэрэг материалыг хүргүүлсэн. Тэрээр өдгөө 60 настай, улсад 24 жил тасралтгүй ажиллаж нийгмийн даатгал төлсөн бөгөөд манай компанид 2017 оноос хойш ажиллаж байгаа Монгол улсын ууган инженерүүдийн нэг, Монгол Улсын Зөвлөх инженер бөгөөд ар гэрт нь золгүй явдал тохиолдолд галд өртсөн байдаг.
  46. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь шүүх хуралдааны явцад дипломыг галд шатсан гэдгийг галын ослын актаар нотлох ёстой гэсэн тайлбар хэлж, галын ослын акт нотлох баримтаар байгаа эсэхийг “М к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас асууж байсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бодлоор тухайн дипломыг тендерийн баримт бичигт гаргаж өгдөг нь тухайн хүнийг тендерийн баримт бичигт заасан мэргэжил эзэмшсэн эсэхийг тодорхойлох зорилготой гэж ойлгож байна. Тийм учраас Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архиваас гаргаж өгсөн сургуулийн тушаал, дүнгийн хавсралт болон бусад бичиг баримтууд нь Д.Ганзоригийг тухайн мэргэжлээр сурч төгссөн гэдгийг нотолно гэж үзэж байна. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь “Хч” ХХК-ийн ажилтан хуурамч диплом ашигласан, “М к” ХХК-ийн ажилтны диплом эх хувиар байхгүй, архивын лавлагаа авсан байгаа нь ямар ялгаа байна вэ гэж асуусан. Шүүх нь энэхүү хоёр зүйлийг ялгаж үзэхгүй байгаа нь Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас 1989 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Политехникийн дээд сургуулийн ректорын тушаал, тус тушаалын хавсралт №2, Оюутнаар батлах тухай Ректорын тушаал зэргийг нотлох баримтаар тооцохгүй болсон шалтгаан боллоо гэж үзэж байна.
  47. Хуурамч диплом ашиглах болон диплом үрэгдүүлж, оронд нь архивын лавлагааг ашиглах нь үр дагаврын хувьд хоорондоо асар ялгаатай. Тендерийн баримт бичигт заасан диплом нь тухайн мэргэжлээр суралцаж төгссөн эсэхийг нотлох зорилготой байдаг. Тийм болохоор хуурамч диплом ашиглах нь тухайн мэргэжлээр суралцаж төгссөнийг нотлохгүй. Харин дипломоо үрэгдүүлж, оронд нь архивын лавлагаа ашиглах нь тухайн мэргэжлээр суралцаж төгссөнийг бүрэн нотлох юм. Мөн түүнчлэн Д.Ганзориг инженер нь одоогийн Шинжлэх ухаан, технологийн их сургууль, тухайн үед Политехникийн дээд сургууль гэх нэртэй байх үед нь 1989 онд суралцаж төгссөн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс архивын лавлагаанаас захирлын тушаал бус дипломын хуулбар байх ёстой гэж үзсэн. 1989 онд Политехникийн дээд сургууль нь одоогийнх шиг канонгүй байсан учраас бүх суралцагчдынхаа дипломыг хуулбарлан улсын архивт хүлээлгэн өгөх нөхцөл боломж байгаагүй тул архиваас дипломын хуулбарыг авч чадаагүй болно. Улс орны хөгжил буурай байсан цаг үе шүүх дээр буруутан болгохгүй байх гэж найдаж байна.
  48. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 122/ШШ2020/0023 дугаартай шийдвэрт “Нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр албан бичгээр “М к” ХХК-ийн өр төлбөрийн талаарх лавлагааг гаргахдаа өрийг 04 дүгээр сарын 08-ны өдөр төлж барагдуулсан гэсэн нь он, сар, цаг хугацааны хувьд түрүүлж гарсан байх тул эргэлзээтэй” гэжээ. Нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр манай байгууллагад ямар нэгэн тодорхойлолт гаргаж өгөөгүй. Манай байгууллагад Нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр тодорхойлолт гаргасан ба энэ талаарх баримт тендерийн баримт бичигт авагдсан. Шүүх хэргийн үйл баримтыг буруу ташаа дүгнэсэн ба энэ талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 31 дүгээр магадлалд ямар нэгэн дүгнэлт тусгагдаагүй. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 122/ШШ2020/0023 дугаартай шийдвэрт “тендерийн баримт бичгийн ТОӨ34.4(б)-д Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байна гэж шалгуур үзүүлэлт тогтоосон байх тул “М к” ХХК-ийг тендер нээсэн өдрөөр нийгмийн даатгалын шимтгэл төлөх өргүй байсан гэж үзэх үндэслэлгүй болно” гэжээ. Тендер нээсэн өдөр нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр болно. Тендер нээсэн өдрөөс өмнө татвар, хураамжийг бүрэн төлсөн нь яагаад нийгмийн даатгалын шимтгэл төлөх өргүй байсан гэж үзэх үндэслэл болсонгүйг бид ойлгоогүй бөгөөд шүүх тендер нээсэн огноог буруу тооцож дүгнэсэн гэж үзлээ.
  49. Нийгмийн даатгалын өр төлбөргүй тухайд Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 03/2464 тоот албан бичигт нотлох баримтыг ирүүлсэн. Энэхүү албан бичгийн хамт 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын мэдээлэлд “...“М к” ХХК 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн үлдэгдэл 0,00 төгрөг” гэжээ. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл 3,200,000 төгрөгийг Баянгол дүүрэг, Нийгмийн даатгалын хэлтсийн төвлөрсөн санд “Нийгмийн даатгалын  төлбөр” утгаар шилжүүлсэн баримт, 112,000,000 төгрөгийг Баянгол дүүрэг, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст “Нийгмийн даатгалын шимтгэл төлбөр” утгаар шилжүүлсэн баримтуудыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн. Иймд манай байгууллага нь тендер нээсэн өдөр ямар нэгэн татвар, хураамжийн өр төлбөргүй байхад шүүх өр төлбөртэй гэж дүгнэсэн нь тендер нээсэн огноог андуурч тооцсон учир ингэж дүгнэсэн байх гэж үзлээ. Энэ талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 31 дүгээр магадлалд ямар нэгэн дүгнэлт хийгдээгүй.
  50. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад процессын хууль зөрчсөн үйлдлүүдийн тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дэх хэсэгт зааснаар итгэмжлэл нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч “С н к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр нь энэхүү хуульд заасан хэлбэрийн шаардлага хангахгүй буюу өнгөтөөр хувилсан итгэмжлэлтэй урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон. Энэ талаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батаа миний бие урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох үед “энэхүү итгэмжлэл нь эх хувиараа биш юм уу? гэхэд Мэйл хаягаар сканердаад ирүүлсэн. Шуудангаар эх хувь ирж байгаа” гэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1-д зааснаар хуулийн этгээдийн итгэмжлэлд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх хууль зүйн шаардлага тавигдсан байхад цахимаар итгэмжлэл авах, хуулбар хувиар итгэмжлэл авах зэргээр тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан хүчин төгөлдөр бус итгэмжлэлээр урьдчилсан хэлэлцүүлгийн хуралд оролцож, хүсэлтээ хангуулж шийдвэрлүүлсэн.
  51. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.3-д зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг гурваас доошгүй хоногийн өмнө хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ гэж заасан. Шүүх 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байхаар товлосон. 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хэргийн оролцогч нарт хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оюунсувдаас шүүгчийн 77 дугаар захирамжид өөрчлөлт оруулах тухай гомдол гаргасан учир 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг болохгүй, хойшлогдсон тухай утсаар мэдэгдсэн. Гэтэл 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 10 цагийн үед шүүхээс гэнэт утсаар залгаж, өнөөдөр 15 цагт урьдчилсан хэлэлцүүлэг болохоор болсон тухай мэдэгдсэн дуу бичлэгтэй. Ийнхүү урьдчилсан хэлэлцүүлгийг 5 цагийн өмнө мэдэгдэж, 330 километрийн зайнаас шүүх хуралдаанд хоцорч ирсэн. Дараа нь шүүх энэ асуудлаар урьдчилсан хэлэлцүүлэг дээр “Шүүгч: Миний бие шүүхийн тамгын газрын даргад шүүгчийн туслахаас албан ёсоор асуулга авах хүсэлт гаргах гэж байгаа. Яагаад гэхээр 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр бид нар хуралдаад 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 15 цаг 00 минутад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар бүгд тохиролцсон байсан. Тэгсэн манай шүүгчийн туслах буруу ойлгоод надаас зөвшөөрөл авахгүйгээр бүгдэд нь зарласан байсан” гэсэн.
  52. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн тухайд: Хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оюунсувд шүүгчийн 77 дугаар захирамжид өөрчлөлт оруулах гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан. Шүүгч 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 84 дүгээр шүүгчийн захирамж өөрчлөх тухай захирамжаар Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оюунсувдаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Хэнтий аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газарт шүүгч захирамжаас гадуур албан тоотоор шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагаа явуулахыг даалгасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүгчийн 86 тоот актын биелэлтийг түдгэлзүүлэх захирамжид заагдаагүй барилга угсралтын үйл ажиллагааг зогсоох тухай 2020 оны 07 дугаар сарын сарын 24-ний өдрийн 54 дугаартай албан бичгийг үндэслэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь маргаан дагуулж байгаа билээ.
  53. Тухайлбал, манай байгууллагад тус бичгийг үндэслэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зөрчлийн акт тавьсан ба тус зөрчлийг актыг Хэнтий аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон. Мөн тус албан тооттой холбоотойгоор барилга угсралтын үйл ажиллагааг зогсоож, манай байгууллагын цахилгааныг тасдаж лацадсан, барилгын талбай руу нэвтрэхийг хориглосон үйлдлийг хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэдэг нэхэмжлэлийн шаардлагаар Хэнтий аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байна.
  54. Цаашид шүүх нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шүүхийн шийдвэрээс гадуур албан тоотоор шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагааг хэрэгжүүлэхийг даалгах байдал хэвээр үргэлжилбэл Монгол Улсад шүүхийн дарангуйлал тогтож, эрх мэдлийн хуваарилалт алдагдаж, эрх зүйт төр үгүй болох үндэс суурь болно. Шүүх хэргийн материалтай танилцуулаагүй асуудлын тухайд: Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.5-д заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж нотлох баримттай танилцуулахгүй, нотлох баримтаас хуулбарлаж өгөхгүй гэсэн тул 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр, 08 дугаар сарын 12-ны өдөр, 08 дугаар сарын 13-ны өдөр нотлох баримттай танилцах, нотлох баримтаас хуулбарлаж өгөх хүсэлтийг удаа дараа гаргасан. 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн дугаар 59 тоот “М к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батаад “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр хэргийн оролцогч нарыг байлцуулан нотлох баримттай танилцуулах /аль нэг талд давуу байдал олгохгүйгээр/, хариуцагч аймгийн Засаг дарга өөрчлөгдсөн. Шинээр томилогдсон Засаг дарга Ц.Идэрбатад эрх үүргийг тайлбарлах шаардлагатай байсан тул тухайн нотлох баримтыг шүүх хуралдаан товлох урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийн оролцогч нарт танилцуулсан болно гэсэн тайлбар өгсөн. Шүүхийн дээрх хэргийн материалтай танилцуулахгүй гэсэнтэй холбоотой тайлбарыг ойлгоогүй ба хүсэлтийг шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй.
  55. Шүүх хуралдаан удаашрахад хүргэсэн асуудлын тухайд: Шүүх хуралдааны явцад манай байгууллагаас шалтгаалж шүүх хуралдаан удааширсан гэсэн тайлбарыг нэхэмжлэгч тал хэлэхээс гадна шүүгч мөн удаа дараа хэлж байсан. Манай байгууллагаас нэг удаа  өмгөөлөгч авах хүсэлт гаргаж хойшлуулсан. Шүүх нь захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн захирамж 69 тоот захирамж, дараа нь тус захирамжаа хүчингүй болгоод 77 тоот захирамж хүчингүй болгосон захирамждаа өөрчлөлт оруулахдаа 84 тоот захирамж, дахин шинээр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн захирамж 86 тоот гаргадаг. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлагатай нотлох баримт цугларсан гэж шүүх хуралдаан хийх гэхэд шүүгч нь нэхэмжлэгч компанитай төрөл садангийн хамааралтай гэсэн шалтгаанаар өөрөө татгалзаж, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн шүүхээс Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн шүүх рүү хэрэг шилжиж 2 сар гаруй хугацаагаар шүүх хуралдаан хойшилсон билээ. Эцэст нь Хэнтий аймгийн 1-р сургууль нь зоорьтой 3 давхар 5 блок барилга ба нийт 9438 мкв, 2 спорт заал, 1 урлаг заалтай, 1 ангид 36 хүүхэд байхаар тооцоолсон 42 анги 1512 хүүхдийн суудалтай сургууль юм.
  56. Тус сургуульд 2 ээлжээр 2650 хүүхэд хичээллэдэг бөгөөд сургуулийн барилгыг баригдаж дуусах хүртэлх хугацаанд тэдгээр хүүхдүүд бусад сургуулиудад хуваагдаж өдрийн 3 ээлжээр, үдийн цай хөтөлбөрөө хасаж шөнө дөл хүртэл хичээллэж байна. Хэдийгээр Хэнтий аймгийн удирдлагууд Хэнтий аймгийн 1-р сургуулийн суралцагч хүүхдүүдийг бусад сургуулиудад хуваарилсан боловч Хэнтий аймагт байгаа 4 сургуулийн хүчин чадал хэтэрснээс 500 гаруй хүүхэд 2020 онд суралцаж чадаагүй Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 7-д заасан сурч боловсрох эрх нь зөрчигдсөн, эцэг эхийн гомдолтой харамсалтай үйл явдал болсон. Энэ жил дэлхий нийтээр тархаад буй цар тахалт өвчиж болох Ковид-19 өвчний улмаас хөл хориог удаа дараа тогтоож, улсын болон хувийн хэвшлийн байгууллагуудын нийгмийн даатгалын шимтгэл, улсад төлөх татварын хэмжээ буурсны улмаас улсын төсвийн хөрөнгийн эх үүсвэр бүрдээгүй 2020 онд төсөвт тодотгол хийж бүх улсын төсвийн хөрөнгө оруулалттай тендерийн төсвийг танасан. Хэдийгээр улс орон даяар хэцүү хүнд бэрхшээлтэй цаг хугацааг туулж байгаа боловч бид хүүхдүүдийг төлөвлөгөөт хугацаандаа шинэ сургуульдаа суралцаасай гэсэн хүсэл мөрөөдлөөр өөрсдийн нөхцөл боломжоор бид хөрөнгө оруулалтыг хийж барилга угсралтын ажлыг хэвийн явуулж 40 хувийн гүйцэтгэлд хүрээд байна. Цаашид энэ хэвээр бүтээн байгуулалтыг үргэлжлүүлбэл БСШУСЯ/ 202001209 тендерийн дугаартай 1500 суудалтай сургуулийн барилга нь төлөвлөгөөт хугацаа болох 2021 оны 8 дугаар сард бүрэн ашиглалтад орж, хичээлийн шинэ жил эхлэхэд тус нутгийн 2650 хүүхэд шинэ сургуульдаа суралцах боломж нээгдэх юм.
  57. Тендерт оролцогч компаниудын хоорондын маргаан, өш хонзон, нэгнээ шантаачилж тендерийн наймаа хийх гэсэн зорилго, зөвхөн өөрсдийгөө бодсон хувийн ашиг сонирхлоо дээгүүр тавьсан аминчхан үзлийн улмаас эдгээр хүүхдүүдийн шинэ сургуулиа хүлээх хүлээлтийн хугацаа сунжирч байгаад харамсалтай байна. Манай компанийн зүгээс өөрсдийн тендерт илгээсэн баримт бичгийн үнэн зөвийг удаа дараа нотолсон боловч давах болон хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгч нарын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж өөрсдийн санаачлагаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэж шийдвэрүүдээ гаргаж байгаад гомдолтой байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 1.5-д заасны дагуу Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 122/ШШ2020/0023 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар 31 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
  58. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 122/ШШ2020/0023 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 31 дугаар магадлалыг тус тус бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Өмгөөлөгч Б.Эрхэмбаяр би “Содон номин констракшин” ХХК, “А-И” ХХК болон “Хч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газрын Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд “Монкон констракшин” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс гаргасан шийдвэр нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцэхгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.4-д заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.
  59. Нэхэмжлэгчийн тодорхойлоогүй хариуцагчийг хариуцагчаар татсан тухайд: Давж заалдах шатны шүүхээс “... Анхан шатны шүүх гэрээг аймгийн Засаг даргын Тамгын газар байгуулсан гэж дүгнээд гэрээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Харин давж заалдах шатны шүүхээс гэрээг аймгийн Засаг даргатай байгуулсан гэж дүгнэв... нэгэнт ийнхүү өөрчлөлт оруулсан тул “М к” ХХК-ийн давж заалдах гомдолд дурдаж буй ... үндэслэлүүдийг хүлээн авах боломжгүй байна” хэмээн гомдлын үндэслэлийг хүлээж аваагүй үндэслэлийг тайлбарлажээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д зааснаас үзэхэд “хариуцагч” гэж нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байгууллага, албан тушаалтныг ойлгох билээ. “Хч” ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрыг нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох үйл ажиллагааг хэрэгжүүлсэн гэж үзэж “хариуцагч”-аар нэрлэсэн байхад уг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дурдагдаагүй этгээд болох Хэнтий аймгийн Засаг даргад холбогдуулж тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус болсон гэж үзэж байна.
  60. Анхан болон давж заалдах шатны шүүх энэ нөхцөл байдлыг зөвөөр үнэлж дүгнэлгүйгээр “Хч” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу явагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч бус этгээдэд холбогдуулан, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмаар үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг ноцтой зөрчжээ. Хариуцагчаар татагдсан Хэнтий аймгийн Засаг дарга нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь ийнхүү тогтоогдсон, нэхэмжлэгч “Хч” ХХК-иас хариуцагчийн солих хүсэлтийг гаргаагүй, хариуцагчаар солихыг зөвшөөрөх болон шүүхийн санаачилгаар хамтран хариуцагчаар татах ажиллагаа хийгдээгүй байхад тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлээр зохицуулсан “хариуцагчийг солих” журмыг ноцтой зөрчжээ.
  61. Үнэлгээний хороо 3 дахин хуралдсан тухайд: Давж заалдах шатны шүүх “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйл үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлд Үнэлгээний хорооны тухай заасан бөгөөд уг хорооны гишүүдэд 3 дахь үнэлгээг өөрийн санаачилгаар хийх эрх хэмжээ олгогдоогүй... ” гэж дүгнэснийг бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Үнэлгээний хорооны хурлаар “С н к” ХХК, “А-И” ХХК-ийг шалгаруулсан боловч уг түншлэгч нь тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.3 (г)-д заасан “Хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер нь гурав ба түүнээс дээш жил ажилласан байх” шаардлагыг хангаагүй зөрчил байсан тул Захиалагч гэрээ байгуулах боломжгүй болсон байдаг. Уг шаардлагыг хангаагүй бусад оролцогч тендерээс хасагдсан байхад адилхан шаардлага хангаагүй оролцогчийг яагаад Үнэлгээний хороо шалгаруулсан болох нь маргаан үүсгэсэн талаар хариуцагч нар тайлбарладаг.
  62. Хэнтий аймгийн Засаг дарга ийнхүү гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдал илэрсэн, зөрчлийг арилгуулах шаардлага үүссэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд “зөрүүтэй мэдээллүүдийг нягталж, дахин үнэлэх, хууль журмын дагуу ажиллах” гэх цохолтыг хийн буцаасан. 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Үнэлгээний хороо дахин хуралдсан боловч дахин илтэд шаардлага хангаагүй уг түншлэгчийг шалгаруулсан, өмнө гаргасан зөрчлийг давтсан, арилгаагүй тул Үнэлгээний хороо дахин хуралдсан тул энэ нөхцөл байдлыг үнэлж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай болжээ.
  63. Үнэлгээний хороог төлөөлж буй Үнэлгээний хорооны дарга итгэмжлэлгүй тухайд: Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч болох Үнэлгээний хороог төлөөлж оролцсон Г.Хэрлэнчулууныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гэх байдлаар дүгнэснийг үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.24-т заасан үндэслэл, журмын дагуу Үнэлгээний хороо нь эрх зүйн харилцаанд оролцогч болохын хувьд байнгын бус ажиллагаатай буюу Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газрын Үнэлгээний хороо сонгон шалгаруулалтыг явуулж, зөвлөмжөө гаргаснаар татан буугдсан буюу эрх зүйн чадамжгүй болсон билээ. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна” гэж зааснаас үзэхэд Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газрын Үнэлгээний хорооны гаргасан шийдвэрийн үр дагаврыг Захиалагч болох Хэнтийн аймгийн Засаг дарга хариуцах учиртай байна. Үнэлгээний хороо татан буугдсан захиргааны байгууллагыг төлөөлөх боломжгүй тул энэ тохиолдолд Г.Хэрлэнчулуун захиалагч Хэнтий аймгийн Засаг даргаас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох учиртай байсан гэж үзэж байна.
  64. Нэхэмжлэлийн шаардлагын тодорхойгүй байдал: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, нэхэмжлэгч нь энэ талаар хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, энэ талаарх гомдлын үндэслэлд давж заалдах шатны шүүх “...үүнд тодорхойгүй зүйл алга байна...” гэж дүгнэснийг үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Уг тендерийг сонгон шалгаруулахтай холбоотой, маргааны үйл баримтад хамаарал бүхий дараах захиргааны акт, гэрээ гарсан:

Огноо

Актын нэр

Байгууллага

Тайлбар

2020.04.19

Үнэлгээний хорооны тэмдэглэл

Үнэлгээний хороо

“Хч” ХХК-ийг хассан

2020.05.05

Үнэлгээний хорооны тэмдэглэл

“С н к” ХХК-ийг журам зөрчиж шалгаруулсан

2020.05.19

Үнэлгээний хорооны тэмдэглэл

“М к” ХХК-ийг шалгаруулсан

2020.05.19

Үнэлгээний хорооны даргын зөвлөмж

-

2020.05.19

9/1060 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэр

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар

Энэ актыг шүүхээс хүчингүйд тооцоогүй

2020.05.19

УТХО-2020/31 дугаар “1500 суудалтай сургуулиын ажлын гэрээ”

Хэнтий аймгийн Засаг дарга

 

  1. Нэхэмжлэгч нарын өөрсдийн тодорхойлсон нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас эдгээр захиргааны актын алинтай маргаж буй үндэслэл тодорхойгүй, огноо дугаар тэмдэглээгүй, аль хэсэгтэй маргаж байгаа болох нь мэдэгдэхгүй, ямар субъектийг захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн гэж тодорхойлж байгаа нь ойлгомжгүй байсан. Тухайлбал, “Хч” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг нь “...тус компанийг хассан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох...” гэх шаардлага байсан бөгөөд тэгш эрхтэйгээр мэтгэлцэх зорилгоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэгээс анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө болоод шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж асуусан боловч “...үйл баримттай маргаж байна...” гэх байдлаар тодорхойлсныг үндэслэн хуралдаан үргэлжилсэн байдаг. Улмаар шүүхээс шийдвэр гарахдаа “...2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгосугай...” гэх шийдвэрийг танилцуулсан бөгөөд бусад хэргийн оролцогч нар нэхэмжлэгч талыг хэзээ, хаанаас гаргасан ямар акттай маргаж буйг мэдэхгүй байсаар хуралдаан дууссан бөгөөд энэхүү тодорхойгүй нөхцөл байдал нь ч нэхэмжлэлд дурдаагүй этгээдэд холбогдуулан шийдвэр гаргах үндэслэл болгосон.
  2. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчснөөс гарсан шийдвэр, магадлал нь “хууль ёсны бөгөөд үндэслэл” бүхий байх шаардлагад нийцэхгүй, гаргасан зөрчлийг залруулах боломжгүй байх тул Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 122/ШШ2020/0023 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 31 дүгээр магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

  1. Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч “С н к” ХХК, “А-И” ХХК нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан  өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
  2. Нэг. Нэхэмжлэгч “Хч” ХХК-иас гаргасан “Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газрын Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ ажлын гүйцэтгэгчээр “М к” ХХК-ийг шалгаруулж, “Хч” ХХК-ийг хассан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар болон “М к” ХХК-ийн хооронд байгуулсан Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ ажлын хууль бус гэрээг хүчингүй болгох, Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт ирүүлсэн материалаар дахин үнэлгээ хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 122/ШШ2020/0023 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 31 дүгээр магадлалаар бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
  3. “С н к” ХХК-ийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагч Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газрын тендерийн үнэлгээний хорооны дарга Г.Хэрлэнчулуун, гуравдагч этгээд “М к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид, түүний өмгөөлөгч Б.Эрхэмбаяр нараас дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасны дараа нэхэмжлэгч “Хч” ХХК-ийн төлөөлөгч Д.Баянцагаан, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах[1] хүсэлтийг бичгээр ирүүлсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 123 дугаар зүйлийн 123.6-д “Хяналтын журмаар гомдол гаргасны дараа ... нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ...бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно ... ” гэж тус тус заасан байх тул Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 122/ШШ2020/0023 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 31 дүгээр магадлалын нэхэмжлэгч “Хч” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Хч” ХХК нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
  4. Хоёр. Нэхэмжлэгч “С н к” ХХК, “А-И” ХХК нараас “Орон нутгийн өмчийн газраас зарласан Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ БСШУСЯ/202001209 дугаартай нээлттэй тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, хариуцагчийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг хүчингүй болгох, нэхэмжлэгч “С н к” ХХК шалгарсан болохыг тогтоож, хариуцагчийг нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгах” шаардлага гаргаж, үндэслэлээ ... “М к” ХХК-ийн санал болгосон ХАБЭА инженер мэргэжлээрээ 3 буюу түүнээс дээш жил ажилласан байх хугацаа хүрээгүй, манай инженерээс 1 сараар дутуу, “Бамбай секъюрити сервис” ХХК нь харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг, сургалт аюулгүй ажиллагааны менежерээр ажилласан байдлыг ХАБЭА инженерээр ажилласан гэж үзэхгүй, нийгмийн даатгалын дэвтрийн 26-29 хуудаст дарагдсан нотариатын тамга, баталгааны тэмдэгний өнгө зөрүүтэй, 2019 оны 4 сар болон 2020 оны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд шаардлага хангаагүй, ТОӨЗ 14.1 /ж/-д 10кв чадалтай нь 6кв гэсэн шаардлагад нийцээгүй гэж буруу тайлбарласан, “М к” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй, Тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ийн 5.2. (в), 5.3 (г)-д заасанд нийцээгүй баримтуудыг ирүүлсэн, Үнэлгээний хороог хуралдуулах эрхгүй этгээд хуралдуулж хууль бус шийдвэр гаргасан  ...” гэж маргажээ.
  5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, ... Хэнтий аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/100 дугаар тушаалаар Хэнтий аймгийн, Хэрлэн суманд Сургуулийн барилга, 1500 суудал ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог 6 гишүүнтэй байгуулж, тендерийн Үнэлгээний хороо 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерийн материалыг хянаж, “С н к” ХХК, “А-И” ХХК-ийн түншлэл болон “М к” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлага хангасан гэж дүгнэн, эдгээр тендерийг үнэлгээнд оруулж, гүйцэтгэгчээр “С н к” ХХК, “А-И” ХХК-ийн түншлэлийг шалгаруулж, захиалагч аймгийн Засаг даргад тендер шалгаруулалтын дүнг танилцуулж, шалгарсан компанитай гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн, тендерт “С н к” ХХК, “А-И” ХХК-ийн түншлэл нь хамгийн бага буюу 11,312,308,381 төгрөгийн үнийн саналыг ирүүлсэн, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Үнэлгээний хорооны дарга Г.Х нь “аймгийн Засаг дарга дахин үнэлэхийг даалгасан” гэж тайлбарлан Үнэлгээний хороог дахин хуралдуулж, уг тендерт дахин үнэлгээ хийсэн бөгөөд уг үнэлгээгээр “С н к” ХХК, “А-И” ХХК-иудын түншлэлийг дахин шалгаруулсан болох нь мөн өдрийн хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.
  6. Өөрөөр хэлбэл, хоёр удаа үнэлгээ хийж хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр ““С н к” ХХК, “А-И” ХХК-иудын түншлэлийг шалгаруулж шийдвэрлэсэн байхад Үнэлгээний хорооны дарга Г.Хэрлэнчулуун тус хороог 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дахин хуралдуулж, гуравдагч этгээд “М к” ХХК-ийг тендерийн баримт бичигт заасан шаардлага хангасан гэж дүгнэн, гүйцэтгэгчээр шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасныг зөрчсөн, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн “...Үнэлгээний хорооны даргын зүгээс Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээгүй, хууль ёсны үндэслэлгүйгээр өөрчлөх эрхгүй, дахин үнэлгээ хийх эрхгүй” гэх дүгнэлтүүд зөв байна. Нэгэнт эрх хэмжээ олгогдоогүй этгээдээс Үнэлгээний хороог дахин хуралдуулсан нь хууль бус тул захиалагчаас баталсан тендерийн баримт бичигт заасан шаардлага хангаагүй гуравдагч этгээд “М к” ХХК-ийг шалгаруулсныг хуульд нийцээгүй гэж үзнэ.
  7. Төийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т ““тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг” хэлнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч компаниуд нь хамгийн сайн тендерээр үнэлэгдэж, Үнэлгээний хорооны шийдвэрээр хоёр дахь удаагаа дахин үнэлэгдэн шалгарсан байхад тендерийн ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгож, гэрээ байгуулах ажиллагаа явуулаагүй нь буруу болно.
  8. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ”,  захиалагчийн Тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ийн 5.2. (в), 5.3 (г)-д “бүх инженер, техникийн ажилтны иргэний үнэмлэх, дипломын өнгөт хуулбарыг ирүүлэх шаардлага” тогтоосон байх уг шаардлагыг гуравдагч этгээд болох “М к” ХХК нь хангаагүй, анхан шатны шүүхийн “... “М к” ХХК-ийн ... Г.Түвшинбат нь Уул уурхайн цахилгааны тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер гэх дипломын хуулбар ирүүлсэн ч үүнийг барилгын цахилгааны инженер гэж үзэхгүй, н.Ганзоригийн дипломын хуулбар ирүүлээгүй, Политехникийн дээд сургуулийн Ректорын 1989 оны тушаалыг ирүүлсэн нь ... шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
  9. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг зөв дүгнэж, хуулийг зөв тайлбарлан маргаан бүхий актуудыг хууль бус болохыг тогтоосон үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэгч “Хч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбоотой нэхэмжлэгч “С н к” ХХК, “А-И” ХХК-ийн түншлэлийн “нэхэмжлэгч шалгарсан болохыг тогтоож, хариуцагч нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон боловч нэхэмжлэгч “Хч” ХХК нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсантай холбоотойгоор дээрх түншлэгч нэхэмжлэгч компаниудын үлдэх шаардлагыг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэр, магадлалд оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
  10. Иймд хариуцагч Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газрын тендерийн үнэлгээний хорооны дарга Г.Х, гуравдагч этгээд “М к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Б.Э, өмгөөлөгч Б.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.6, 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 122/ШШ2020/0023 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 31 дүгээр магадлалын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг  “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С н к” ХХК, “А-И” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ БСШУСЯ/202001209 дугаартай нээлттэй тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, хариуцагчийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг шалгарсан болохыг тогтоож, хариуцагчийг нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгасугай.” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч “С н к” ХХК, “А-И” ХХК-ийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас 70200 төгрөгийг  гаргуулж “С н к” ХХК, “А-И” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 122/ШШ2020/0023 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 31 дүгээр магадлалын “Хч” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч “Хч” ХХК нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, “Хч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газрын тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Хч” ХХК нь маргаж буй асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

     3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д тус тус зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, нэхэмжлэгч “Хч” ХХК-иас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөг болон нэхэмжлэгч “С н к” ХХК, “А-И” ХХК, гуравдагч этгээд “М к” ХХК нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Б.МӨНХТУЯА

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ                                 Ч.ТУНГАЛАГ

                       ШҮҮГЧИД                                                                   Г.БАНЗРАГЧ

                                                                                                           Д.МӨНХТУЯА

                                                                                                           Х.БАТСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 5 дахь хавтасны 105-106 дахь тал.