Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 1351

 

Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/03462 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Хын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 5 190 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч ХХгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ХХтай 3 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, нотариатаар баталгаажуулсан гэрээ хийсэн. Үүнээс хойш зээлсэн мөнгөө өгөхгүй хугацаа хэтрүүлсэн. Тиймээс үндсэн зээл болон хүү алданги тооцоод нийт 5 190 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ хийхдээ ХХ гарын үсэг зурж, ХХХХХ зээлсэн мөнгийг авсан байсан. Тиймээс үндсэн зээлийн хүүг багасгах, эсвэл алданги болох 690 000 төгрөгийг хасаад нийтдээ 4 500 000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар ХХас үндсэн зээл 3 000 000 төгрөг, хүү 1 500 000 төгрөг, алданги 690 000 төгрөг нийт 5 190 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хт олгож,

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХас улсын тэмдэгтийн хураамжид 100 289 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Хт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100 289 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч ХХ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

ХХ миний бие Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар “зээлдэгчийн өмчлөлд мөнгө… шилжүүлэх” гэсэн хуулийн заалтын дагуу мөнгийг тоолж аваагүй. Мөнгийг миний бие ХХ биш ХХХХХ тоолж авсан болохыг нэхэмжлэгч Х өөрөө сайн мэдэж байгаа.

Хэрэв намайг зээлдэгч гэж үзвэл Иргэний хуулийн 284 дүгээр зүйлд зааснаар зээл олгогч “зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтвол нэн даруй шаардах” эрхтэй болохыг хуульчилсан байна. Х нь зээлдэгч мөнгөө төлөхгүй бол нэн даруй шүүхэд өгөх үүрэгтэй байсан байна. Өөрөөр хэлбэл ХХХХХд бэлэн мөнгө тоолж өгсөн Х нь гэрээ зөрчигдсөн даруй шүүхэд өгсөн бол миний бие өнөөдөр их хэмжээний хүү алданги төлөх шийдвэр гаргуулахгүй байсан.

Тус зээлийн гэрээ нь өдрийн зээл бөгөөд зээлийн гэрээний 2.6-д “өдөр бүр төлнө” гэсэн байх бөгөөд энэхүү гэрээгээр ХХХХХ өдөр бүр мөнгөө төлсөн байх учиртай болж байна. Иймд зээлдэгчийн буруутай үйлдэл байгаа эсэхийг шүүх анхаарах учиртай байсан.

Тус зээлийн гэрээ нь өдөр бүр төлөх нөхцөлтэй байх бөгөөд өдөр бүр төлөх зээлэнд алданги бодох нь хэр хууль зүйн үндэстэй болохыг шүүх анхаарах учиртай гэж үзэж байна. Мөн шүүхэд олгогдсон онцгой эрх болох Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-д заагдсан илт хохиролтой бол хүүг багасгах боломжтой байтал шүүх өдрийн зээл гэгч илт хохиролтой хэлцлийг 100% ханган шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл 10%-ийн хүүг хариуцагчийн хүсэлтээр багасгаж өгөөгүйд гомдолтой байна.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/03462 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 5 190 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “үндсэн зээлийн хүүг багасгах, эсхүл алданги 690 000 төгрөгийг хасаад, 4 500 000 төгрөгийг төлнө” гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж хариуцагч ХХ нь нэхэмжлэгч Хаас 3 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлсэн ба уг зээлийг 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан болох нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, Хаан банкны зарлагын мэдүүлэг болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

/хэргийн 4, 5 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас зээл, хүү, алданги шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нэхэмжлэгчээс авсан зээлийг бусдад шилжүүлэн өгсөн нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн хүүний хэмжээ хэт өндөр тул багасгуулах, эсхүл алдангиас чөлөөлүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг 4 500 000 төгрөг болгуулах талаар тайлбар гарган маргасан байхад Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар хүүгийн хэмжээг багасгаж болох эсэх талаар дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болжээ.

 

Нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж, алданги 690 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагчийн зөвшөөрсөн 4 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжтой гэж тайлбарлаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд харшлахгүй юм.

 

Иймд хариуцагчийн давж давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/03462 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ХХас нийт 4 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 690 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “...ХХас улсын тэмдэгтийн хураамжид 100 289 төгрөг гаргуулан” гэснийг “...ХХас улсын тэмдэгтийн хураамжид 86 950 төгрөг гаргуулан” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ХХас төлсөн 99 595 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                       ШҮҮГЧИД                         А.МӨНХЗУЛ  

               

                                                                                                С.ЭНХТӨР