Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 829

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Н.Онон,

шүүгдэгч ... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ...т холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ., ....

 

            Шүүгдэгч ... нь 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өглөө 17 цагийн орчим Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 37б байрны 17 тоотод эхнэр ...тай маргалдсаны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ... мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч ...ын өгсөн:

“...Тухайн өдөр эхнэр ... бид хоёр өглөө гэрээс хамт гарсан. Би банкнаас 5 сая төгрөгийг ...д авч өгөөд Солонгосын виз мэдүүлэхэд 5 сая төгрөг байршуулаарай гэж өгсөн. Би ажилдаа яваад гэртээ 17 цагийн үед ирсэн. Би ээжтэй утсаар ярихад ...ыг буруу дансанд мөнгөө байршуулсан байна гэж хэлсэн. Тийм болохоор би ...д хэлсэн хэрүүл үүссэн. ... над руу халбага авч шидээд хэрэлдээд байхаар нь хүүхдийн хажууд хэрүүл хийлээ гээд алгадаад авсан. ... ахыг дуудна гээд байхаар нь хүнтэй маргалдаад хэрэггүй гэж бодоод гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 27-28, 37-38/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч ...ын өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нөхөр бид хоёр Солонгос улсын визний мэдүүлэг өгөх гээд 5 сая төгрөг байршуулах байсан тэгээд би гэрээсээ гараад 5 сая төгрөгөө баруун 4 замын Богд банкинд байршуулаад 15 цаг өнгөрч байхад БГД-8 хороо 37 Б байр 17 тоотод гэртээ ирээд гэрээ цзвэрлээд хоолоо хийгээд байж байхад 17 цагийн үед нөхөр ажлаа тараад ирсэн. Мөнгө байршуулсан материалтай танилцаад буруу банкинд байршуулсан байна, Хаан банкинд байршуулах ёстой гээд хэрүүл хийгээд тухайн үедээ би чимээгүй байсан. Тэгтэл жижиг сажиг зүйлээр хэрүүл хийгээд сүүлдээ манай гэр бүлийг доромжлоод эхэлсэн. Тэгэхээр нь би чимээгүй байж чадахгүй урдаас нь хэрүүл хийсэн. Би баруун гараараа хоолоо аягалж, зүүн гартаа хүүхдээ тэвэрсэн байхад манай нөхөр шууд хажуу талаас баруун нүдрүү цохиод авсан. Би тухайн үедээ мэдээгүй толинд харсан чинь баруун нүдэнд цус хурсан хавдсан байхаар нь цагдаа дуудсан. Надад гомдол санал байхгүй, бид хоёр эвлэрсэн байгаа, нэхэмжлэх зүйл байхгүй... “ гэх мэдүүлэг /хх-н 20/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн ...тоот:

1. ...ын биед баруун доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, баруун доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн зүүн гуяны цус хуралт гэмтэл нь 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 24/,

 

            - Хохирогч ...ын хүсэлт /хх-н 48/,

 

Шүүгдэгч ...ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 29/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 30/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 41/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

            Шүүгдэгч ... эхнэр ...тай маргалдсаны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

           

            шүүгдэгч ...ын “...... над руу халбага авч шидээд хэрэлдээд байхаар нь хүүхдийн хажууд хэрүүл хийлээ гээд алгадаад авсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч ...ын “...хүүхдээ тэвэрсэн байхад манай нөхөр шууд хажуу талаас баруун нүдрүү цохиод авсан. Би тухайн үедээ мэдээгүй толинд харсан чинь баруун нүдэнд цус хурсан хавдсан байхаар нь цагдаа дуудсан... “ гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн 10871 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас ...т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч ...ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хохирогч ... нь “...эвлэрч хамт амьдарч байгаа, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 43/ өгсөн харгалзан шүүгдэгч ...ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч ...т холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос ...т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч ...т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ...ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ...ын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ...т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ