Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00912

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 01 210/МА2023/00912

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2023          05            01                                         210/МА2023/00912

 

 

 

Б.Р-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2023/00834 дугаар шийдвэртэй,

Б.Р-ын нэхэмжлэлтэй, Н.Ч-т холбогдох,

Зээлийн хүүд  төлсөн 1,000,000 төгрөг, торгууль 500,000 төгрөг, гэрээний дагуу шилжүүлсэн 5,000,000 төгрөг, нийт 6,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, хариуцагч Н.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие хариуцагч Н.Ч-той 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр автомашин авсан бөгөөд машины төлбөрт 2 удаагийн гүйлгээгээр нийт 5,000,000 төгрөгийг төлсөн. Гэтэл уг машин нь эвдрэлтэй байсан учир 10 хоног ашиглаад хариуцагчид буцааж өгсөн. Үүний дараа талууд өмнөх үүргийг солихоор тохиролцож, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Япон улс руу зуучлуулахаар зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээг 4 сарын хугацаатай байгуулсан. Дээрх гэрээгээр зуучлалын хөлсөнд авто машины төлбөрийг авахаар тохиролцсон.

1.2. Хариуцагч зуучлалын гэрээний үүргээ биелүүлээгүй тул аав, ээж нь тэтгэврийн зээл авч өгсөн мөнгөний хүүгийн төлбөрт 1,000,000 төгрөг, гэрээний торгууль 500,000 төгрөг, зуучлалын гэрээнд заасан төлбөр 5,000,000 төгрөг, нийт 6,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Зуучлалын гэрээний үүргээ хариуцагч биелүүлсэн гэж татгалзаж байгаа боловч энэ талаар ямар сургалтанд суулгасан, ямар сурах бичиг авч өгснөө баримтаар нотолж чадахгүй байна. Нэхэмжлэгч ямар ч сургалтанд суугаагүй, Япон улс руу явуулдаг байгууллага, сургалтын төвд очиж уулзаагүй. Гэрээний үүргээ биелүүлж чадахгүй байгаа учир хариуцагчаас 6,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Миний бие 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Б.Р-тай харилцан тохиролцож автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний төлбөрт 5,000,000 төгрөгийг надад хоёр хувааж шилжүүлсэн. Бидний дунд зуучлалын гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний нэгдүгээр шатанд сургалтад хамруулах, ном сурах бичгээр хангах, зуучлалын төвийг сонгон шалгаруулах байсан. Би дээрх гэрээний үүргээ биелүүлсэн. Зуучлалын гэрээний хариуцлага гэсэн хэсэгт зуучлагчаас үл шалтгаалан гэрээнээс татгалзсан бол зуучлагч хариуцлага хүлээхгүй гэж заасан бөгөөд авто машины үнэд төлсөн 5,000,000 төгрөгийг зуучлалын гэрээний нэгдүгээр шатны үүргээ биелүүлсэн тохиолдолд ажлын хөлсөнд авахаар тохиролцсон. Нэхэмжлэгч нь өөрөө цалин мөнгө нь бага юм байна, би явахаа болилоо гээд татгалзсан тул гэрээний хоёрдугаар шатны ажил хийгдээгүй. Гэрээний дагуу би нэг ч төгрөг өгөхгүй байх эрхтэй. Нэхэмжлэгч нь надаас 400,000 төгрөгийг буцааж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар хариуцагч Н.Ч-оос 6,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Р-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Талууд 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчаас авто машин авсан. Машины төлбөрт 2 удаагийн гүйлгээгээр нийт 5,000,000 төгрөгийг төлсөн. Харин машин нь эвдрэлтэй байсан учир 10 хоног ашиглаад хариуцагчид буцаан өгсөн. Талууд анх хийсэн гэрээгээ 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өөрчилж зуучлалын гэрээ байгуулсан. Дээрх гэрээний хөлсөнд авто машины төлбөрийг авахаар тохирсон. Зуучлалын гэрээний үүргээ хариуцагч биелүүлсэн гэж татгалзаж байгаа боловч баримтаар нотолж чадахгүй байгаа. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул 5,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Талууд 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэгчээс 5,000,000 төгрөгийг 2 хувааж шилжүүлсэн. Авто машин эвдрэлтэй байгаагүй. Нэхэмжлэгч үлдэгдэл мөнгөө өгч чадахгүй байсан тул тухайн машиныг манай найзын хашаанд орхисон байсан. Нэхэмжлэгч надаас Япон улс руу зорчиход туслахыг хүссэн тул би “Хаан оргил” ХХК-д Б.Р-г бүртгүүлэн сургалт болон ном, сурах бичгийн төлбөрийг өөрт нь өгсөн. Нэхэмжлэгч Япон улс руу явахаас татгалзаж, машинаа авъя гэсэн тул би зөвшөөрсөн боловч нэхэмжлэгч үлдэгдэл мөнгөө төлөөгүй. Хариуцагчийн зүгээс 2,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Харин тухайн автомашиныг 10 гаруй хоног ашигласан бөгөөд түрээсийн зардлыг тооцоход 2,000,000 төгрөг болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.  

 

2. Нэхэмжлэгч Б.Р нь хариуцагч Н.Ч-т холбогдуулан  зээлийн хүүд төлсөн 1,000,000 төгрөг, торгууль 500,000 төгрөг, гэрээний дагуу шилжүүлсэн 5,000,000 төгрөг, нийт 6,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талууд 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” гэх гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Н.Ч нь лексус жи эс 450 эйч /lexus GS 450h/ маркийн авто машины өмчлөх эрхийг шилжүүлэх, худалдан авагч Б.Р нь гэрээ байгуулагдсан өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2,500,000 төгрөг, үлдэх 6,500,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөх буюу нийт 12,000,000 төгрөгийг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 16-17/

 

3.1. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулагдсан өдөр 2,500,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2,500,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5320030784 тоот данснаас хариуцагчийн Хаан банкны 5034410229 тоот дансны шилжүүлсэн болох нь депозит дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогджээ

 

3.2. Хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшилд авто машиныг шилжүүлсэн боловч тухайн эд хөрөнгө нь доголдолтой байсан тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, авто машиныг хариуцагчид буцаан өгсөн үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна.

 

4. 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ” гэх гэрээг 4 сарын хугацаатай байгуулж, уг гэрээгээр зуучлагч Н.Ч нь гэрээний үүргийг хоёр үе шаттайгаар биелүүлэх буюу эхлээд Япон улсад ажиллах эрх бүхий төв сонгох, сургалтанд хамруулах, дараа нь зуучлуулагчийг Япон улс руу явах хүртэл дэмжлэг үзүүлэх, харин зуучлуулагч Б.Рнь тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрийг ажлын хөлсөнд тооцох, үлдэх хөлсийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлмэгц төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 6-9/

 

4.1. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг дараах байдлаар залруулан дүгнэх боломжтой. Үүнд хэрэгт авагдсан талуудын тайлбар болон тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээгээр тохиролцсон нөхцлийг харьцуулан дүгнэвэл зохигчид нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт зааснаар  “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргийг  “Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний үүргээр  сольж дуусгавар болгосон гэж үзэх үндэслэлтэй

 

5. Хариуцагч “гэрээний нэгдүгээр шатны үйлчилгээг бүрэн үзүүлсэн боловч нэхэмжлэгч Япон улс руу явахаас татгалзсан учраас төлбөрийг буцаан төлөхгүй” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

5.1. Нэхэмжлэгч Б.Р нь гэрээнээс татгалзсан тул хариуцагч Н.Ч гэрээний дагуу шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

6. Нэхэмжлэгч нь тэтгэврийн зээлийн хүүгийн төлбөрт 1,000,000 төгрөг, торгууль 500,000 төгрөг, гэрээний дагуу шилжүүлсэн 5,000,000 төгрөг, нийт 6,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан боловч давж заалдах шатны шүүхэд хариуцагчаас 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байх тул тэтгэврийн зээлийн хүүгийн төлбөрт 1,000,000 төгрөг, торгууль 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан болохыг дурдав.

 

6.1. Харин хариуцагч нь нэхэмжлэгчид 400,000 төгрөгийн ном, сурах бичиг өгснийг нэхэмжлэгч зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тул үнийг дүнгээс хасч тооцно.

 

7. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг дараах байдлаар зөвтгөж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 4,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2023/00834 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Ч-оос 4,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Р-т олгосуай.” гэж өөрчлөн найруулж, 

2 дахь заалтыг “...56.1” гэсний дараа “...56.2” гэж нэмж, “үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Н.Чоос 88,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Раднаабазарт олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Р-ындавж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.    

 

 

 

                 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.БАДРАХ

 

                                               ШҮҮГЧИД                               Н.БАТЗОРИГ

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ