| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0003/Э |
| Дугаар | 21 |
| Огноо | 2018-12-28 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа, |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ц-д холбогдох эрүүгийн 17100 1032 0546 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Д.Ц нь 2017 оны 06 дугаар сарын 26-наас 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл “АӨ” ХК-тай хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Яармаг худалдааны төвд байрлах бөөний цэгт нь худалдагчаар ажиллаж байхдаа 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тооллогоор орлогын мөнгөнөөс 1.627.000 төгрөгийг дутааж, хувьдаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Ц нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн ”өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа, маргах зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 17100 1032 0546 дугаартай хэргээс:
1. Хохирогч “Атар Өргөө” ХК-ийн төлөөлөгч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Иргэн Д.Ц нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр манай компанид худалдагчаар ажилд орсон. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Д.Цд хүлээлгэн өгсөн барааны тооцоо хийхээр тооллого хийх үед 2017 оны 2.627.000 төгрөгний бараа дутсан. Ингээд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлыг нь болиулаад дээрх мөнгө яасан талаар учрыг нь асуутал “хүүхдийн сургалтын төлбөрт өгчихсөн” гэж тайлбарласан. Д.Ц надтай уулзаад би гаргасан өрөө энэ долоо хоногт төлнө гэж хэлсэн. ...2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр компанийн дансанд 1.000.000 төгрөг тушаасан, 2017 оны 08 дугаар сарын сүүлийн цалин болох 205.128 төгрөг, барьцааны мөнгө 400.000 төгрөг, 8 дугаар сард хүлээн авсан барааны буцаалт 62.267 төгрөг байсан.
Ингээд нийт үүсгэсэн өрнөөс дээрх төлбөрийг хасаж тооцоход одоо 959.604 төгрөгний төлбөр төлөх ёстой. Уг мөнгө нь одоог хүртэл төлөгдөөгүй. Д.Цд дээрх мөнгийг удаа дараа төлөх талаар утсаар хэлж байсан. Манай нөхөр 2017 оны 10 дугаар сарын 06-нд ээлжийн амралтаа авна тэр үед мөнгөө төлнө гэсэн боловч тэр хугацаандаа төлөөгүй. Би нөхөртэй нь ярихад эхлээд амралтаа аваад төлнө гэж хэлж байсан боловч дээрх хугацаа өнгөрөх үед нөхөр нь надтай яриад “би ээлжийн амралтаа биеэрээ эдлээгүй учраас мөнгө өгөхгүй гэнэ, тэгэхээр танай мөнгийг төлөх боломжгүй боллоо” гэж хэлсэн. Ингээд удаа дараа шаардлага тавихад төлбөрөө төлөөгүй учраас 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргасан. Д.Ц нь 2017 оны 07 дугаар сарын үлдэгдэл нь 3.037.570 төгрөг, 8 сард 9.400.590 төгрөг. Үүнээс компанид 8.001.760 төгрөг тушаасан байна. Үлдэгдэл 2.627.000 төгрөг болно. Д.Ц нь 2.627.000 төгрөгний бараа дутаасан гэх шаардлагатай баримтууд байгаа. Энэ талаар аудитын дүгнэлт гаргуулсан байгаа. Д.Ц нь дээрх хэмжээний бараа дутааснаа өөрөө хүлээн зөвшөөрөөд, дутаасан шалтгаанаа ч тайлбарлаж хэлсэн.
“...2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр бараа ирсэн байхад тооллого явуулахад Д.Ц дээр 580.720 төгрөгний барааны үлдэгдэлтэй байсан. Тухайн өдөр болохоор 580.720 төгрөгний барааны үлдэгдэлтэй байсан ба 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн барааны нийлүүлэлт нь 445.950 төгрөг, 134.770 төгрөг нь 445.950 төгрөгийн бараа Д.Цд өгөхөөс өмнөх өдрийнх нь үлдэгдэл буюу 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн бараа болж таарч байгаа юм. Ингээд нийт 580.720 төгрөгийн барааны үлдэгдэлтэй болж байгаа юм. Тооллогоор бэлнээр байх ёстой байсан 2.618.720 төгрөг дутсан бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 05-ныг хүртэлх барааны эцсийн буюу бараа бүтээгдэхүүний 657.170 төгрөгийн барааг Д.Цын дараагийн ажилтан нь хүлээж авсан.
Энэхүү мөнгөн дүн нь барааны үлдэгдлээс гадна 2.618.720 төгрөгнөөс тусдаа ойлголт байгаа юм. Одоогийн байдлаар Д.Цтай өр төлбөрийн асуудал бүрэн дууссан. Цаашид шалгуулах ямар нэгэн зүйлгүй болсон. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25-26х, 90-91х/,
2. Гэрч Н.Жийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Би Атар Өргөө ХК-нд ахлах нягтлан бодогчоор ажилладаг. 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн тооллогыг миний бие өөрөө хийсэн юм. Тухайн үед тооллогын нягтлан нь ээлжийн амралттай байж таарсан юм. Тэгээд би тухайн үед тооллого хийхэд Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Яармаг худалдааны төвд байрлах нэрийн барааны дэлгүүрт тухайн үед ажиллаж байсан Д.Цын ажиллаж байсан салбарт 2.627.000 төгрөг дутсан. Тэгэхээр нь хуулийн зөвлөхдөө болсон асуудлын талаар Д.Ц дээрх мөнгөн дүнгийн дутагдал илэрлээ гэж хэлсэн. Тэгээд хуулийн зөвлөх нөөц хоног гэж байдаг тэр хоногоо өгөөд энэ мөнгийг төлөхийг шаардсан. 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр дахиад тооллого хийхэд 1.627.000 төгрөг болсон. Энэ мөнгөнөөс нь 8 дугаар сарын сүүлийн цалин буюу 205.129 төгрөгийг хассан. Тэгээд бэлэн мөнгөтэй харьцдаг хүнээс барьцаа авдаг бөгөөд 400.000 төгрөг хасагдсан. Нийт өрнөөс нь 605.129 төгрөгийг хасахаар 1.021.900 төгрөг үлдсэн бөгөөд энэ мөнгөнөөс нь 2017 оны 09 дүгээр сард 5 хоног ажилласны 62.627 төгрөгийг хасахаар 959.600 төгрөгний нийт үлдэгдэлтэй болсон. Ингээд хуулийн зөвлөх Эрдэмтэлэх Д.Ц руу хэлсэн. Дээрх 959.600 төгрөгийг Д.Ц удаан хугацаанд төлж барагдуулсан бөгөөд эхлээд 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 480.000 төгрөгийг “Атар Өргөө” ХК-ийн данс руу хийсэн байсан. Үлдэгдэл мөнгө нь 479.604 төгрөг үлдсэн. Энэ мөнгөө саяхан буюу 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Д.Ц нь өөрийн биеэр компанийн кассанд 480.000 төгрөгийг төлж барагдуулсан. Манай компанитай өр зээлийн асуудал нь дууссан байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 69-70х/,
3. “Фискал Аудит” ХХК-ийн “Хяналт шалгалтаар илэрсэн дутагдлыг баталгаажуулах тухай” харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хэргийн 08-10х/,
4. 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Д.Ц Атар Өргөө ХК-тай байгуулсан Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хэргийн 11х/,
5. 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Атар Өргөө” ХК-ийн ажиллагсадтай байгуулах хөдөлмөрийн гэрээ /хэргийн 12-14х/,
6. “Атар Өргөө” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 173 тоот “Ажилд томилох тухай” тушаал /хэргийн 17х/,
7. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 305 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал /хэргийн 18х/,
8. Өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан /хэргийн 73х/,
9. Тооллогын бүртгэл, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хэргийн 80-85х/,
10. Төлбөр барагдуулсан тухай хохирогч “Атар Өргөө” ХК-ийн 2018 оны 11 сарын 08-ны өдрийн 333 дугаартай тодорхойлолт /хэргийн 86х/,
11. Гэрч Г.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Тухайн үед манай ээж Д.Ц надад бэлнээр 1.880.000 төгрөгийг өгөөд тушаачихаад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр үед ахаас төлбөрийн мөнгө ирэх ёстой байсан учраас тэр мөнгийг нь орж ирж байна гэж бодоод өөрийнхөө сургуулийн сургалтын төлбөрт тушаачихсан. Тэгсэн чинь дараа нь ээж компанидаа өр зээлэнд орчихсон гэж хэлсэн. Тухайн үед миний буруу ойлгосон байдлаас болоод ээж өрөнд орчихсон юм. Би ээжийг тухайн өр зээлийг яаж төлж барагдуулсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 71х/,
12. Шүүгдэгч Д.Цын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Атар Өргөө ХК-д 2017 оны 06 дугаар сарын 30-нд Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд байрлах Яармаг худалдааны төвийн “Атар Өргөө” бөөний цэгт худалдагчаар ажилд орсон. Өдөр бүр урд өдөр нь “Атар Өргөө” ХК-д бараа захиалж маргааш нь бараагаа хүлээн авдаг байсан. Тэгээд 2-3 хоногийн дараа төлбөрийг дансаар шилжүүлдэг. Сарын эцэст нягтлантай тооцоо нийлдэг байсан. Зарим үед сард нэг удаа “Атар Өргөө ХК”-аас гэнэтийн тооллого орж ирдэг. 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тооллого хийхэд 2.627.000 төгрөг дутсан.
Тухайн үед орлогоо тушааж амжаагүй байтал гэнэтийн шалгалт орж ирээд тэгээд тэр мөнгөө өөрийнхөө охинд өгч тушаагаад явуулаарай гэсэн чинь төлбөрийн мөнгө байна гэж бодоод төлбөрийнхөө мөнгөнд 1.880.000 төгрөг өгч тушаачихсан байсан. Тухайн үед миний хувьд охиндоо 1.880.000 төгрөг өгсөн бөгөөд үлдэгдэл нь 747.000 төгрөг нь бэлнээр бараа тоологдсон байсан. Үүнээс хойш тухайн орлогын мөнгийг Атар Өргөөгөөс байнга шаардаж байсан бөгөөд яг тухайн үед ажлаас халчихсан байсан болохоор шууд тэр хэмжээний мөнгийг төлөх боломжгүй байсан учраас увуулж цувуулж өгсөн юм.
Ингээд 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөгийг бэлнээр аваачиж кассанд тушаасан. Анх ажилд ороход барьцаа болгон хуримтлагдсан байсан 400.000 төгрөгийг нь хасуулсан, тэгээд цалин 205.129 төгрөгийг мөн хасаад, дээрээс нь буцаалтанд 62.267 төгрөгийг хасаад үлдэгдэл 959.604 төгрөгийн үлдэгдэл байсан. 2017 оны 12 дугаар сард 480.000 төгрөгийг Атар Өргөөгийн данс руу шилжүүлсэн. Ингээд эцсийн үлдэгдлийг тооцож үзэхээр 479.604 төгрөгийг 2018 ны 08 дугаар сарын 22-ны өдөр бэлнээр “Атар Өргөө” ХК-ийн кассанд аваачиж төлсөн. Одоогийн байдлаар “Атар Өргөө ХК”-тай ямар нэгэн өр зээлийн асуудалгүй болсон. Би дээрх үйлдэлдээ гэмшиж байна. ...Өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 65-66х/ болон түүний хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 36х/, мөн шүүгдэгчийн бакалаврын дипломны хуулбар /хэргийн 33-35х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Цын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Ц нь 2017 оны 06 дугаар сарын 26-наас 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл “АӨ” ХК-тай хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Яармаг худалдааны төвд байрлах бөөний цэгт худалдагчаар ажиллаж байхдаа өөрт нь итгэмжлэн хариуцуулсан тус компанийн бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлогоос 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тооллогоор 1.627.000 төгрөгийг авч, хүүхдийнхээ сургалтын төлбөрт тушааж ашигласан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн хохирогч “АӨ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ийн мэдүүлэг /хэргийн 25-26х, 90-91х/, гэрч Н.Жийн мэдүүлэг /хэргийн 69-70х/, “ФА” ХХК-ийн “Хяналт шалгалтаар илэрсэн дутагдлыг баталгаажуулах тухай” харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хэргийн 08-10х/, Өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан /хэргийн 73х/, Тооллогын бүртгэл, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хэргийн 80-85х/, төлбөр барагдуулсан тухай хохирогч “АӨ” ХК-ны 2018 оны 11 сарын 08-ны өдрийн 333 дугаартай тодорхойлолт /хэргийн 86х/ баримт тоот албан бичиг /хэргийн 86х/, 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Д.Ц “АӨ” ХК-тай байгуулсан Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хэргийн 11х/, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “АӨ” ХК-ийн ажиллагсадтай байгуулах хөдөлмөрийн гэрээ /хэргийн 12-14х/, “АӨ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 173 тоот “Ажилд томилох тухай” тушаал /хэргийн 17х/, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 305 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал /хэргийн 18х/, гэрч Г.Д-гийн мэдүүлэг /хэргийн 71х/, шүүгдэгч Д.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Ц нь 2017 оны 06 дугаар сарын 26-наас 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл “АӨ” ХК-тай хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Яармаг худалдааны төвд байрлах бөөний цэгт худалдагчаар ажиллаж байхдаа өөрт нь итгэмжлэн хариуцуулсан тус компанийн бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлогоос 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тооллогоор 1.627.000 төгрөгийг авч охин Г.Д-гийн сургалтын төлбөрт шилжүүлэн төлж, ашигласан үйлдэл нь “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Д.Ц-ын гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Д.Ц-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
Хэргийн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар тус тус маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эд хөрөнгөд ...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.
Шүүгдэгч Д.Ц-ын үйлдсэн хөрөнгө завших гэмт хэргийн улмаас хохирогч “АӨ” ХК-ийн эд хөрөнгөд нийт 1.627.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсныг шүүгдэгч нь нөхөн төлж барагдуулсан, хохирогч байгууллагын төлөөлөгчөөс хохирол бүрэн нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлж, шүүхэд бичгээр гаргасан /хэргийн 86х, 91х, 110х/ хүсэлтэд мөн илэрхийлсэн баримттай тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Д.Ц нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 36 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон ба тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.
Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Д.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт Д.Ц нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч “АӨ” ХК-ийн төлөөлөгч Б.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдах зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Д.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ц-д 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Д.Ц нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч “АӨ” ХК-ийн төлөөлөгч Б.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Д.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД