Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 831

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч ... нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас ...д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ., ....

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ... нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин худалдааны төвийн гадна иргэн ...тэй маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ... мэдүүлэхдээ:

“...гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч ...гийн өгсөн:

“...2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр би ажлынхаа Галмандах гэх залуугийн хамт 16 цагийн орчим Яармагийн гол дээр 0.5 граммтай Хараа нэртэй архи уусан. Ингээд Хар хорин захын дэргэд байдаг пиво бааранд сууж тус бүр 2 шил 0,5 граммтай пиво уусан. Тухайн өдөр самранд явж байсан ... гэх найзтайгаа тааралдсан. Ингээд бид гурав баарнаас гараад гадаа 0,5 граммтай архи авч уусан. Би ганцаараа Хар хорин зах руу ороод явж байх үедээ нэг машины урдуур ороод явж байсан чинь нэг ах эгч хоёр ирээд надтай хэрэлдээд барилцаж аваад байсан маань надад их бүдэг санагдаад байгаа юм. Би тухайн үед их согтсон байсан учир яг яаж байснаа сайн санахгүй байгаа. Нэг мэдсэн чинь би эрүүлжүүлэхэд хүргэгдэн ирсэн байсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг уншсан, энэ гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 23-24, 47-48/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч ...ийн өгсөн:

“...2018 оны 5 дугаар сарын 31-ний орой 20 цагийн орчим Хар хорин захаас нөхөр Мягмарсүрэнгийн хамт машин гарах хаалгаар машины түгжрэлд орсон зогсож байсан. Тэгтэл урд талын машинууд хөдлөөд явах гэтэл урд зогсоод явахгүй байсан ба би машинаас буугаад тэр залууг согтуу байна гэж бодоод очоод миний дүү машин явах гэсэн юмаа. Чи замаас гараад зогсчих гэж хэлээд гараас нь хөтлөөд замаас гаргачихаад эргэж алхаад машиндаа суух гээд явж байтал тэр залуу араас хүрч ирээд гартаа барьж явсан машины түлхүүрээр толгойны орой хэсэгт цохиж хагалсан. Эхлээд би гартаа барьж явсан гар утсаараа толгой руу цохилоо гэж бодсон тэгтэл толгойноос цус урсаад ирэхээр нь гайхаад зогсож байтал нөхөр Мягмарсүрэн нөгөө залууг барьж авсан. Тэр үед манай нөхөр ар талын машинууд нь явах гээд сигнал өгөөд байхаар нь нөхөр машинаа холдуулах хооронд нөгөө хүүхдийг би бариад зогсож байтал нөгөө залуу зугатаах гээд миний нүүр лүү гараараа цохисон, би өмдний тэлээнээс бариад явуулахгүй байтал нөгөө залуу энэ хүүхэн намайг хүчиндэх гээд байна гэж орилоод, энэ хүн миний боовыг бариад байна гэх мэтээр муу муухай зүйлээр хэлж хашгирч орилоод байсан. Тэгээд манай нөхөр иртэл нөхөр бид хоёрыг хэл амаар доромжилоод байсан тэгээд цагдаагийн байгууллага дуудаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 10-11/,

 

Мөрдөн байцаалтад гэрч ...гийн өгсөн:

“...Би 2018 оны 5 дугаар сарын 31-ний орой эхнэр Эрдэнэцэцэг бид хоёр Хар хорин зах дээр цай тараачихаад ажлаа тараад 20 цагийн орчим би өөрийнхөө хувийн Камри маркийн машинтайгаа хаалгаар нь гарах гээд хүлээгээд зогсож байтал машины урд согтуу намхан залуу зогсоод байсан. Би хажуугаар гарах гэж байгаа машиныг гаргаад зам гарах гэж байна гээд хүлээгээд зогсож байтал араас нь машин сигналдаад байхаар нь би нөгөө залууг хартал нилээд согтуу байх шиг болохоор нь би машинаас буугаад очих гэтэл эхнэр Эрдэнэцэцэг яах юм бэ согтуу юм байна би буугаад холдуулъя гэж хэлээд машинаас буусан. Тэгээд эхнэр Эрдэнэцэцэг нөгөө залуу дээр очоод машины зам дээрээс хөтлөж гаргаад эргэж хараад алхаад явтал нөгөө залуу араас нь үсэрч ирээд толгой руу нь цохих шиг болсон. Тэгэхээр нь би гүйж очоод нөгөө залууг бариад автал баруун гарын долоовор дунд хуруу хоёрын завсар хар бариултай машины түлхүүр цус болсон барьсан байсан. Би эхнэрээс чи зүгээр үү гэхэд харин гартаа барьсан гар утсаараа цохьчихвуу даа гэж хэлээд цохисон хэсэгт нь гараараа тэмтрээд бариад үзтэл гар нь цус болоод толгой нь хагарсан байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд байж байтал нөгөө залуу намайг янз бүрээр хэлээд маргаан гаргах гээд өдөөд байсан тэгтэл эхнэр намайг хол очоод зогсож бай гээд цагдаа ирэхийг хүлээгээд зогсож байтал нөгөө залуу эхнэрийн гараас мултарч зугтах гээд гарыг нь мушгих шиг болсон би наанаас нь явж очтол эхнэрийг янз бүрээр хэлээд байхаар нь замд явж байсан хүмүүсийг гуйж байгаад цагдаад хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 16-18/,

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн ... тоот:

1. ...ийн биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язрал, баруун бугалга, шуу, зүүн  бугалганы цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо ба мохоо ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-н 20/,

 

            Шүүгдэгч ...гийн хувийн байдалтай холбоотой:

            - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 32/,

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 38/

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 41/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч ... нь согтуурсан үедээ иргэн ...тэй маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч ...гийн “...Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг уншсан, энэ гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг,

 

хохирогч ...ийн “...2018 оны 5 дугаар сарын 31-ний орой 20 цагийн орчим Хар хорин захаас нөхөр Мягмарсүрэнгийн хамт машин гарах хаалгаар машины түгжрэлд орсон зогсож байсан. Тэгтэл урд талын машинууд хөдлөөд явах гэтэл урд зогсоод явахгүй байсан ба би машинаас буугаад тэр залууг согтуу байна гэж бодоод очоод миний дүү машин явах гэсэн юмаа. Чи замаас гараад зогсчих гэж хэлээд гараас нь хөтлөөд замаас гаргачихаад эргэж алхаад машиндаа суух гээд явж байтал тэр залуу араас хүрч ирээд гартаа барьж явсан машины түлхүүрээр толгойны орой хэсэгт цохиж хагалсан. Эхлээд би гартаа барьж явсан гар утсаараа толгой руу цохилоо гэж бодсон тэгтэл толгойноос цус урсаад ирэхээр нь гайхаад зогсож байтал нөхөр Мягмарсүрэн нөгөө залууг барьж авсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч ...гийн “...эхнэр Эрдэнэцэцэг нөгөө залуу дээр очоод машины зам дээрээс хөтлөж гаргаад эргэж хараад алхаад явтал нөгөө залуу араас нь үсэрч ирээд толгой руу нь цохих шиг болсон. Тэгэхээр нь би гүйж очоод нөгөө залууг бариад автал баруун гарын долоовор дунд хуруу хоёрын завсар хар бариултай машины түлхүүр цус болсон барьсан байсан. Би эхнэрээс чи зүгээр үү гэхэд харин гартаа барьсан гар утсаараа цохьчихвуу даа гэж хэлээд цохисон хэсэгт нь гараараа тэмтрээд бариад үзтэл гар нь цус болоод толгой нь хагарсан байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 7004 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ...д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч ...г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

   Шүүх хуралдаанд шүүгдэгч ... хавтаст хэрэгт авагдсан баримттай хохирлыг төлсөн гэж мэдүүлсэн, мөн хохирогч ... нь шүүх хуралдааны өмнө “...хохирлыг авсан, цаашид гарах зардлаа нэхэмжилнэ...” гэж шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн тул шүүгдэгч ...г бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч ... нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байх тул гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч шүүгдэгч ...д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн хор уршигийн хэмжээ, хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч ...д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ... нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...гийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ... нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ...д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ