| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0014/Э |
| Дугаар | 22 |
| Огноо | 2018-12-28 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Э-д холбогдох эрүүгийн 18100 0000 0837 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Д.Мөнхцэцэг, шүүгдэгч А.Э нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
Яллагдагч А.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 09 цаг 30 минутын орчим Б.Бийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн давааны гудамжинд гээгдүүлсэн 350.000 төгрөгийн үнэ бүхий Ай фон-6 эс маркийн гар утсыг олж авч завшсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч А.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би сард 300.000 төгрөгийн цалин авдаг, дээрээс нь урамшуулал авдаг. Манай эхнэр одоогоор ажлаасаа түр гарсан байгаа. Би утсыг олж аваад Цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой гэдгийг мэдээгүй. Би гар утсыг нь 2018 оны 11 дүгээр сард буцааж өгсөн. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна, дахин ийм асуудал гаргахгүй, дахин гээгдэл эд хөрөнгө олвол Цагдаагийн байгууллагад хандаж, эзэнд нь буцааж өгнө. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 18100 0000 0837 дугаартай хэргээс:
1. Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Би 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 23 цагийн үед согтуурсан үедээ гэртээ харих гэж явж байгаад Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн давааны гудамжинд өөрийн эзэмшлийн Ай фон-6 S загварын гар утсыг гээсэн. Тэгээд маргааш нь өөрийн 0000000 дугаар руу залгахад холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би өөрийн айди мэйл рүүгээ утсан дээр байгаа дугаар руу залгаад, “миний утсыг өгчихөөрэй шагналтай шүү” гэж бичиж үлдээсэн. Тэгээд би зуны турш хөдөөгүүр ажилтай явж байгаад 11 дүгээр сарын 15-нд ирээд утасныхаа айди кодоор интернэтээр хайлгаж үзэхэд миний утсыг хүн ашиглаж байсан учир Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.
Би утасныхаа айдийг цоожилсон. Тэгсэн чинь 11 дүгээр сарын 16-ны өдөр манай эхнэрийн утас руу танихгүй дугаараас залгаад “утсыг чинь би олсон” гэж хэлсэн. Надтай ярьсан хүн “утасныхаа кодыг тайлчих тэгээд 100.000 төгрөг өгөөд утсаа ав” гэсэн. Тэгэхээр нь би “за” гэж хэлээд “уулзая” гэхэд эхлээд утасныхаа кодыг тайлчих гэсэн. Би эхлээд “уулзая” гэхэд “зайл даа” гэж мессеж бичээд утсыг унтраасан.
...Би өөрийн гар утсыг буцааж авсан. Надад одоо гомдол санал байхгүй, нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Утсаа олсондоо баяртай байна. Нэмж шалгуулах зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой санал хүсэлт байхгүй. Би шүүх хуралд суухгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 05х/,
2. Хөрөнгө, даатгалын хохирлын “Ашид Билгүүн” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ХУД-004 дугаартай үнэлгээний тайланд:
“Iphone 6s загварын гар утасны өнөөгийн зах зээлийн дундаж үнэлгээг 2018 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн дүгнэлт /хэргийн 11-12х/,
3. Шүүгдэгч А.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна.
2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг төрсөн дүү Дгийн гэрт хоночихоод маргааш өглөө нь 09 цаг 30 минутын үед гэрээс нь гараад явж байхдаа Морингийн гэр хорооллын гудамжнаас Ай фон 6 S загварын гар утас олсон.
Тэгээд гар утсыг гэртээ авч очоод өөрийнхөө 11111111 дугаарыг хийгээд ашигласан. Би өөр хүний утас гэж мэдэж байсан ч эзэн нь олдохгүй байх гэж бодсон. Мөн утас олох үед ойр хавьд хүн байгаагүй учир намайг хэн ч хараагүй юм чинь өөртөө ашиглая гэж бодсон.
Хууль журам мэдэхгүйгээсээ болоод буруу зүйл хийсэн байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин хүний юм олвол шууд Цагдаагийн байгууллагад авчирч өгнө. Надад хийсэн өөр гэмт хэрэг байхгүй. Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 29х/ болон түүний хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 35х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Түүнчлэн тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Эгийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч А.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 09 цаг 30 минутын үед иргэн Б.Б-ийн гээгдүүлсэн 350.000 төгрөгийн үнэ бүхий Ай фон-6 эс маркийн гар утсыг Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн давааны гудамжнаас олж аван өөрийн 11111111 дугаарыг хийж ашиглаж байсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн:
- хохирогч Б.Б-ийн: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 20-нд 23 цагийн үед согтуурсан үедээ гэртээ харих гэж явж байгаад Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн давааны гудамжинд өөрийн эзэмшлийн Ай фон-6 эс загварын гар утсыг гээсэн.
Тэгээд маргааш нь өөрийн 0000000 дугаар руу залгахад холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би өөрийн айди мэйл рүүгээ утсан дээр байгаа дугаар руу залгаад “миний утсыг өгчихөөрэй шагналтай шүү” гэж бичиж үлдээсэн. Тэгээд би зуны турш хөдөөгүүр ажилтай явж байгаад 11 дүгээр сарын 15-нд ирээд утасныхаа айди кодоор интернэтээр хайлгаж үзэхэд, миний утсыг хүн ашиглаж байсан. Би утасныхаа айдийг цоожилсон. Тэгсэн чинь 11 дүгээр сарын 16-ны өдөр манай эхнэрийн утас руу танихгүй дугаараас залгаад, “утсыг чинь би олсон” гэж хэлсэн. Надтай ярьсан хүн “утасныхаа кодыг тайлчих, тэгээд 100.000 төгрөг өгөөд утсаа ав” гэсэн. Тэгэхээр нь би за гэж хэлээд уулзая гэхэд эхлээд утасныхаа кодыг тайлчих гэсэн. Би эхлээд уулзая гэхэд зайл даа гэж мессеж бичээд утсаа унтраасан.
...Би өөрийн гар утсыг буцааж авсан. Надад одоо гомдол санал нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Утсаа олсондоо баяртай байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 05х/,
- Хөрөнгө, даатгалын хохирлын “АБ” ХХК-ийн “Iphone 6s загварын гар утасыг өнөөгийн зах зээлийн дундаж үнэлгээг 2018 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ХУД-004 дугаартай дүгнэлт /хэргийн 11-12х/ болон шүүгдэгч А.Э-гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч А.Э нь бусдын гээгдүүлсэн эд хөрөнгө буюу утасыг өөрийнх биш, бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж авч ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завших” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилан тогтоож тодорхойлсон.
Хэргийн шүүгдэгч А.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 09 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн давааны гудамжнаас иргэн Б.Б-ийн гээгдүүлсэн 350.000 төгрөгийн үнэ бүхий Ай фон-6 эс маркийн гар утсыг гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн үеийн байдлаар 350.000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт хэргийн 11 дүгээр талд авагдсан, уг үнэлгээний дүгнэлтээр тогтоосон хэмжээгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 350.000 төгрөг гэж тогтоосон нь үндэслэлтэй бөгөөд нь энэ нь Эрүүгийн хуулиар тогтоосон бага хэмжээний хохирлоос дээш хэмжээнд хамаарах юм.
Хэргийн шүүгдэгч А.Э нь гээгдэл эд хөрөнгө нь бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримтын талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгний хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч А.Э-г гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ... эд хөрөнгөд шууд учирсан үр дагавар гэмт хэргийн хохиролд тооцох бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, үүрэг бүхий этгээд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Хэргийн шүүгдэгч А.Э нь хохирогч Б.Б-ийн гээгдүүлсэн 350.000 төгрөгийн үнэ бүхий Ай фон-6 эс маркийн гар утсыг нь биет байдлаар хүлээлгэн өгч, хохирлыг нөхөн төлсөн талаар хохирогч “...өөрийн гар утсыг буцааж авсан, гомдол саналгүй, нэхэмжилж зүйлгүй...” талаар мэдүүлсэн /хэргийн 05х/ тул шүүгдэгч А.Э-гээс гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол уршигт тооцон гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.Э нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 35х/ зэрэг тогтоогдож байна.
Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг биет байдлаар нөхөн төлснийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналыг харгалзан А.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт А.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, мөн хохирогч Б.Б нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А.Э-г гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгний хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Э-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.Э нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт А.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан А.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД