Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/00964

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 08 210/МА2023/00964

 

 

 

 

 

 

 

 

 

    2023          05           08                                         210/МА2023/00964

 

 

  М ББСБ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 23-ны өдрийн 183/ШШ2023/00016 дугаар шийдвэртэй,

М ББСБ-ийн нэхэмжлэлтэй, Д.М-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 84,009,753 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагч Д.М, хариуцагчийн өмгөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 14/30 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг сарын 4,2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээл авсан ба зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 82 дугаар гудамж, 15 тоотод байрлах, хувийн орон сууц, гаражийн зориулалттай, 263,62 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, нэгж талбарын 18629310621975 дугаартай, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан.

1.2. 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 14/38 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг сарын 4,2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, барьцаанд эргэлтийн бүх хөрөнгө буюу тоног төхөөрөмж, гэрийн эд хогшил, 08-02 улсын дугаартай Хьюндай Санта Фи маркийн, 2012 онд үйлдвэрлэгдсэн автомашин зэргийг тус тус барьцаалсан.

1.3. Зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрт 49,999,998 төгрөг, хүү 12,934,003 төгрөгийг тус тус төлсөн.

1.4. Зээлдэгч нь манайд хүсэлт гаргасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр болон 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хоёр гэрээний үндсэн төлбөрийг бүрэн төлсөн бөгөөд хамгийн сүүлийн төлөлт 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар бодогдсон байсан хүүгийн төлбөрөө одоо болтол төлж барагдуулаагүй байна.

Тухайлбал, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 20,000,000 төгрөгийн зээлийн үндсэн төлбөр 1 төгрөг, хүүгийн төлбөр 20,493,891 төгрөг байсан бол одоо 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1 төгрөг, хүүгийн төлбөр 20,493,892 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4,142,791 төгрөг буюу нийт 24,636,684 төгрөг байна. Харин 30,000,000 төгрөгийг зээлийн төлбөрийн үлдэгдэл 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 1 төгрөг, хүүгийн төлбөр 49,657,276 төгрөг байсан бол одоо 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1 төгрөг, хүүгийн төлбөр 49,657,277 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 9,715,791 төгрөг буюу нийт 59,373,069 төгрөг болсон байна.

1.5. Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, 2014 оны 14/30 тоот зээлийн гэрээний үүрэг 24,636,684 төгрөг, 2014 оны 14/38 тоот зээлийн гэрээний үүрэг 59,373,069 төгрөг, нийт 84,009,753 төгрөгийг хариуцагч Д.М-аас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

          2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

          2.1. Миний бие М ББСБ-тай 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 20,000,000 төгрөгийг зээлж, үл хөдлөх эд хөрөнгө болон газар барьцаалсан. Мөн 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөгийг зээлж, өөрийн эзэмшлийн 08-02 улсын дугаартай автомашинаа барьцаалсан.

          2.2. Гэрээнд заасан үүргээ биелүүлж, зээлийн төлбөрийг цаг хугацаанд нь төлж байсан. Гэтэл давагдашгүй хүчин зүйл тохиолдож, мөн өөрийн болон хүүхдийн эрүүл мэндийн нөхцөл байдлаас үүдэн зээлийн үндсэн төлбөрийг төлөх хүсэлтийг гаргаж, төлбөрөө төлсөн. Тус байгууллагын захиралтай холбоотой байж, энэ асуудлаа дуусгавар болгох талаар идэвхи санаачилга гаргаж хүсэлт тавьж өөрийн санхүүгийн талаарх бүх зүйлээ хэлдэг байсан.

          2.3. М ББСБ-ийн нэхэмжилж байгаа хаагдсан зээлийн гэрээний үүрэг болох хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх боломжгүй байгаа бөгөөд миний барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 1, 3, 24 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.М-аас 2014 оны 14/30 тоот зээлийн гэрээний үүрэгт 10,341,102.6 төгрөг, 2014 оны 14/38 тоот зээлийн гэрээний үүрэгт 29,519,220.6 төгрөг, нийт 39,860,323.2 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40,443,179.8 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.М-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 82 дугаар гудамж, 15 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201019164 дугаартай, 263,62 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201006318, нэгж талбарын 18629310621975 дугаартай, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 08-02 УНП улсын дугаартай, Хьюндай Санта Фи маркийн, аралын KMHSU81CDDU087557 дугаартай, 2012 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн тээврийн хэрэгсэл болон эргэлтийн хөрөнгө, бараа материал, тоног төхөөрөмж, гэрийн эд хогшил зэргээс тус тус үүргийн гүйцэтгэл хангуулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М ББСБ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 648,199 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Маас 427,452 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ББСБ-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хариуцагч Д.М-д тохиолдсон давагдашгүй хүчин зүйл буюу түүний хүү М.Тайванбатын эмчилгээний төлбөр төлсөн баримт, Д.М-ын эх Д.Доржпалам нь 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан тухай баримтуудыг үнэлээд шүүх зээлийн гэрээний үүргээс 50 хувийг хасаж зарим хэсгийг хангасан болно гэсэн дүгнэлт хийж зээлийн гэрээний үүрэгт 39,860,323 төгрөг гаргуулж, шаардлагаас 40,443,179.8 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, мөн шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах зарчимд нийцээгүй.

Зээлийн хүүгийн төлбөрийг багасгаж шийдвэрлэх хууль зүйн боломж зөвхөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-д хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан байдаг боловч энэ нь зээлдэгчийн хүсэлтээр багасгахаас гадна зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн дээр эрхлэх этгээдээс олгох зээлээс бусад зээлийн харилцаанд хэрэглэгдэхээр зохицуулсан байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3-д зааснаар эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулиар зохицуулдаг бөгөөд тус хуулинд зээлийн төлбөрийг багасгаж шийдвэрлэж болох талаар зохицуулаагүй. Мөн хариуцагч нь зээлийн төлбөрөө бүрэн төлсөн тул төлбөр төлөх үүрэггүй гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан бөгөөд шүүхэд хандан төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэж өгөх талаар хүсэл зориг илэрхийлээгүй байхад шүүх ийнхүү өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн шаардлагыг 50 хувь багасгаж шийдвэрлэх нь хуульд заагаагүй буюу олгоогүй эрхийг эдэлж шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний үүрэгт 80,303,503 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Зээлийн зориулалт гэдэг нь зээлээ эргэн төлөх болон боломжтой үйлдэлд зээл олгох гэх утгатай байсан. Хариуцагчийн төрсөн эх, дүү хоёр нь хүнд өвдсөн учраас хүсэл зоригоо илэрхийлж, хүлээн зөвшөөрсөн. Тухайн нөхцөл байдлыг анхан шатны шүүхэд татгалзал, тайлбараа гаргасан гэв.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Хариуцагч нь зээл авснаас хойш зээлийн гэрээний үндсэн үүрэгт 2014 оны 10 сарын 25 өдөр 5,005,735 төгрөгийг, 2015 онд 2,300,000 төгрөгийг мөн 2,000,000 төгрөгийг, 916,025 төгрөгийг 2018 оны 11 сарын 13 өдөр 5,000,000 төгрөгийг, 2019 оны 4,709,388 төгрөгийг, 2015 оны 11 сарын 07 өдөр 1,980,000 төгрөгийг, 2015 оны 12 сарын 14 өдөр 4,000,000 төгрөгийг, 2016 оны 01 сарын 20 өдөр 800,000 төгрөгийг, 2017 оны 10 сарын 18 өдөр 600,000 төгрөгийг, 2017 оны 12 сарын 27 өдөр 400,000 төгрөгийг, 2018 оны 11 сарын 06 өдөр 1,500,000 төгрөгийг, 2018 оны 11 сарын 11 өдөр 15,000,000 төгрөгийг, 2019 оны 11 сарын 1 өдөр 5,719,933 төгрөгийг, хүүнд нийт 13,434,003 төгрөгийг, нийт 63,434,001 төгрөгийг төлж дуусгавар болгосон бөгөөд энэхүү хугацаанаас хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох тохиолдолд тухайн гэрээний үүргийг шаардахтай холбоотой хэлцэлцэх хугацаа өнгөрсөн. Тухайлбал, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар зохицуулсан ба мөн хуулийн 78, 79 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлцэлцэх хугацаа түр зогсоогүй, тасалдаагүй учир үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

6.2. 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 20,000,000 төгрөг, 2014 оны 08 сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөгийг зээлэх болсон шалтгаан нь хариуцагчийн төрсөн хүү М.Тайванбат, төрсөн эх Д.Доржпалам нь нар хүнд өвдсөн, эмчилгээний төлбөрт зориулах санхүүжилт авах зорилгоор нэхэмжлэгчид хүсэл зоригоо илэрхийлж нэхэмжлэгч уг нөхцөл байдлыг ойлгож зээл олгосон. Улмаар нэхэмжлэгч нь “та энэ зээлийг бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулж ашиг орлого олж чадахгүй юм байна, таны зээлд хүүг бараг тооцохгуй та одоо 10,000,000 төгрөг өгөөд л болоо гэх санал тавьсныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Талуудын хооронд үүссэн бодитой харилцааг дүгнэхэд нэхэмжлэгчийн зээл олгож буй үндэслэл, зориулалт нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хууль тогтоомж, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж заасан зээлийн үйл ажиллагааны зорилтод нийцэхгүй байна.

6.3. М ХХК нь 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1/346 тоот шийдвэрээр зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хавсралтын хамт авсан байх бөгөөд тусгай зөвшөөрөлд дурдсанаар зөвшөөрөл нь хавсралтын хамт хүчинтэй байх гэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тусгай зөвшөөрөл нь хүчинтэй эсэхийг нотолсон бичгийн баримтаа гаргаж өгөөгүй буюу нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байхад тусгай зөвшөөрөл нь хүчинтэй мэтээр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр 44.2-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан ба тусгай зөвшөөрөл нь сунгагдсан эсэх, хүчин төгөлдөр эсэх нь хэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нотлох үүргээ өөрөө хэрэгжүүлээгүй байхад тусгай зөвшөөрөл нь эргэлзээгүй хүчинтэй мэтээр дүгнэж шийдвэрлэсэн учир дутагдалтай. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

7.1. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй бөгөөд 2019 онд зээл олгогдсон байдаг. Зээл хаасан эсэх асуудлаар хариуцагч талын удаа дараагийн хүсэлтийг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн. Гэтэл зээл хаагдсан талаар ямар нэгэн үйл баримт тогтоогдоогүй. Хариуцагч төлөх боломжгүй байсан гэх байдлаар хандаж байгаа нь хууль болон шударга ёсны зарчимд нийцэхгүй. Мөн анхан шатны шүүх хуралдааны явцад тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал үүссэн. Манай зүгээс тусгай зөвшөөрөлтэй хавсралтыг гаргаж өгсөн боловч хэрэгт авагдаагүй байна. Иймд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч М ББСБ нь хариуцагч Д.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 84,009,753 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. М ББСБ нь Д.М-тай 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 20,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, сарын 4.2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэх, зээлдэгч нь зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, хугацаа хэтрүүлбэл үндсэн хүүгийн  20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор  харилцан тохиролцжээ. /хх8-9/

 

3.а. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр зохигчид барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2201 дугаарт бүртгэлтэй, Д.Мын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 82 дугаар гудамж, 15 тоотод байрлах, 263.62 м.кв талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай, 263,62 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2201006318 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 1862 дугаартай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх 10/

 

3.б. Үүний дараа талууд дахин 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 30,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, сарын 4.2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэх, зээлдэгч нь зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, хугацаа хэтрүүлбэл үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцжээ. /хх11-12/

 

3.в. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, тус гэрээгээр эргэлтийн бүх хөрөнгө, бараа материал, тоног төхөөрөмж, гэрийн эд хогшил, 08-02 улсын дугаартай, арлын KMHSU81CDDU087557 дугаартай, Хьюндай Санта Фи /Hyundai santa fe/ маркийн 2012 онд үйлдвэрлэгдсэн авто машин зэргийг тус тус барьцаалсан. /хх13/

 

4. М ББСБ нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, “Хас банк” ХХК дахь Д.Мын эзэмшлийн 5000437619 тоот дансанд 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 19,800,000 төгрөг, мөн оны 08 дугаар сарын 21-ний өдөр 29,700,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. /хх14-15/

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан  хүчин төгөлдөр  банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, барьцааны гэрээ тус тус байгуулагдсан талаар зөв дүгнэжээ. 

 

5. Хариуцагч Д.М нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн №14/30 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,709,388 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүү 500,000 төгрөг төлж зээлийн үлдэгдэл 1 төгрөг, хүү 17,235,170 төгрөг , 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №14/38 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,719,933 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүү 500,000 төгрөг төлж зээлийн үлдэгдэл 1 төгрөг, хүү 49,198,700 төгрөг үлдсэн талаарх үйл баримтыг шүүх зөв тогтоосон байна. /хх102-106/

6. Шүүх талуудын хооронд байгуулсан 14/30 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн хүүгийн төлбөр 8,617,585.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,723,517.1 төгрөг, 14/38 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн хүүгийн төлбөр 24,599,350.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,919,870.1 төгрөг, нийт 39,860,323.2 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хуульд заагаагүй үндэслэлээр зээлийн гэрээний үүргээс 50 хувийг хасаж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсныг дараах байдлаар зөвтгөнө.

 

6.а. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүү 67,517,523 төгрөгийг хариуцагч Д.Маас гаргуулж нэхэмжлэгч М ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,492,230 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

  

6.б. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан байхад шийдвэрт Иргэний хуулийн 452 дугаар 452.1, 452.2 дахь хэсэгт заасныг баримталсныг хасна.

 

6.в. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргээс 50 хувийг хасаж зээлийн гэрээний үүрэгт 39,860,323 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 40,443,179.8 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангав.

 

7. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж зохицуулсан. Мөн талуудын байгуулсан гэрээний 4.9-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх хугацааны эцсийн өдрийн дараах ажлын өдрөөс төлбөр дутуу гүйцэтгэсэн зээлийн өрийн үлдэгдлээс үндсэн хүүг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү авна гэж тохиролцжээ.

 

7.1. Хариуцагч нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үндсэн зээлийн төлөлт хийсэн боловч нэхэмжлэгч түүнээс хойш  шүүхэд хандаж шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг ихэсгэх нөхцөл байдал үүсгэсэн буруутай байх тул нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангана.

 

8. Анхан шатны шүүх хариуцагч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

9. Шүүх “хариуцагч Д.М-аас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хамгийн сүүлийн төлөлт хийсэн нь баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан” гэж дүгнэсэн зөв байна. Иймд энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй.

 

10. Нэхэмжлэгч М ББСБ нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээдүүдийн жагсаалтад 2014 оноос хойш бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн санхүүгийн тайлан зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. Түүнчлэн, нийтэд илэрхий үйл баримт тул тусгай зөвшөөрлийн хавсралт шаардагдахгүй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2023/00016 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.М-аас зээлийн хүүнд 67,517,523 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,492,230 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтын ...427,452 гэснийг ...495,538 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М” ХХК“-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 360,166 төгрөг, хариуцагч Д.М-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр урьдчилан төлсөн 357,260 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.БАДРАХ

 

                         ШҮҮГЧИД                                 М.БАЯСГАЛАН

 

                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ