Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 837

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

хохирогч ... нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас ...ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ., ....

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Н нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “+25” нэртэй бааранд иргэн ...ий хөл рүү хавсарч унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ... мэдүүлэхдээ:

“...2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “+25” нэртэй бааранд би согтууруулах ундааны зүйл уугаагүй, үзүүлбэр үзэх гээд орсон. ... намайг хавсарч унагаасан, би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Нын өгсөн:

“...Би 2018 оны 8 дугаар сарын 24-ний орой би ажлаа хийж байгаад 02 цагийн үед стриптиз үзүүлбэрийн цаг болоод би дотор хамгаалалт хийгээд байж байсан. Тэгээд нэг залуу манай зөөгчийг барьж аваад зогсож байсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод салгахад “чи яах гээд байгаа юм” гээд намайг барьж аваад хоолойруу тохойгоороо тулаад дайрсан. Тэр үед би 2 гарыг нь салгаад өөрөөсөө зайлуулаад мушигаж унагаасан. Тэгээд босож чадахгүй хөл нь хугарчихсан байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ үйлдлийг хийсэндээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-н 22/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч ...ий өгсөн:

“...Би 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 23 цагийн үед ... гэх найзтайгаа уулзаад ...гийн найз гэх нэг танихгүй залууг Жуковт хүргэж өгөөд 01 цагийн үед найз ...гийн хамт +25 гэдэг бааранд орсон. Уг бааранд ...гийн найз З болон нэг үл таних эмэгтэйтэй цуг бааранд орсон. Уг 2 эмэгтэйг Зайсангаас авсан. Тэгээд бааранд ороод уух юмаа захиалаад 02 цагийн үед тайчих үзүүлбэр болно гэхээр нь тэрийг нь сонирхох гээд очсон. Тэгэхэд миний хойно 2 залуу бичлэг хийж байсан залуугийн бичлэгийг устгуулсан. Тэгээд удалгүй намайг бичлэг хийсэн гэж нэг зөөгч надад хандаж хэлсэн. Тэгээд би чамд бичлэгээ үзүүлье хийсэн бол яах юм бэ хоёулаа санасандаа баръя гэсэн. Тэгсэн чинь утас булааж авах гээд байсан. Тэгээд удалгүй нэг хамгаалагч ирээд чи яагаад бичлэг хийгээд байгаа юм бэ гээд маргалдаж эхэлсэн. Тэгээд намайг хавирсан уу яасан мэдэхгүй намайг газар унагаасан тэгээд тэндээсээ шууд гэмтлийн эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-н 8-9, 39-40/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Э-ы өгсөн:

“...2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ажлаа хийж байгаад шөнө 02 цагийн үед стриптиз үзүүлбэр эхэлсэн тэр үед би хүмүүсийг бичлэг хийж байгаа эсэхийг шалгаж байтал утасны гэрэл хальт гараад алга болчихоор нь бичлэг хийж байна гэж бодоод очиж нөгөө хүний утсыг шалгах гээд очоод “Ахаа та утсаа шалгуул” гэсэн чинь “Би чамд утсаа шалгуулахгүй би бичлэг хийгээгүй 2-лаа мөрийцөх үү? гээд байхаар нь би шаардлага тавьсан биелүүлэхгүй байсан. Тэгээд намайг гарнаас татаад чи юу гээд байгаа юм бэ наашаа гараад ир гээд татсан. Тэгэхээр нь би хойноос нь очиход чи яах гээд байгаа юм шалгуулагүй би яахаараа чамд утсаа шалгуулах ёстой юм бэ гээд түлхээд заамдаад авахаар нь би 2 гарыг нь бариад авсан чинь хамгаалагч голоор ороод салгасан. Салгах үед манай хамгаалагчруу дайраад чи яах гээд байгаа юм гээд түлхээд дайрч байгаад тохойгоороо эрүү рүү нь цохих шиг болсон тэр үед хамгаалагч 2 гарыг нь бариад мушгиж унагаасан. Тэгээд л босгох гэсэн чинь хөл нь хугарчихсан байсан..” гэх мэдүүлэг /хх-н 10/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Сийн өгсөн:

“...Би 2018 оны 8 дугаар сарын 31-ний оройн 18 цагийн үед ажилдаа ирээд шөнийн үзүүлбэр эхлээд би зөөгч хийж байсан. Тэгээд Н, Ээгий 2 нэг хүнтэй маргалдаж байсан ба Н руу уг хүн заамдаж дайраад байхаар нь Н хажуу тийшээ зайлсан чинь нөгөө хүн уначихсан. Тэгээд босч чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 14/,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн ... тоот:

               1. ...-н биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

          4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /хх-н 19/,

 

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

            - ХААИС-н тодорхойлолт /хх-н 23/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 26/,

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 27/,

            - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 29/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Н нь иргэн ...ий хөл рүү хавсарч унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Д.Нын “...нэг залуу манай зөөгчийг барьж аваад зогсож байсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод салгахад “чи яах гээд байгаа юм” гээд намайг барьж аваад хоолойруу тохойгоороо тулаад дайрсан. Тэр үед би 2 гарыг нь салгаад өөрөөсөө зайлуулаад мушгиж унагаасан. Тэгээд босож чадахгүй хөл нь хугарчихсан байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч ...ий “...намайг бичлэг хийсэн гэж нэг зөөгч надад хандаж хэлсэн. ...хамгаалагч ирээд чи яагаад бичлэг хийгээд байгаа юм бэ гээд маргалдаж эхэлсэн. Тэгээд намайг хавирсан уу яасан мэдэхгүй намайг газар унагаасан тэгээд тэндээсээ шууд гэмтлийн эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Э-ы “...2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ажлаа хийж байгаад шөнө 02 цагийн үед стриптиз үзүүлбэр эхэлсэн тэр үед би хүмүүсийг бичлэг хийж байгаа эсэхийг шалгаж байтал утасны гэрэл хальт гараад алга болчихоор нь бичлэг хийж байна гэж бодоод очиж нөгөө хүний утсыг шалгах гээд очоод “Ахаа та утсаа шалгуул” гэсэн чинь “Би чамд утсаа шалгуулахгүй би бичлэг хийгээгүй 2-лаа мөрийцөх үү? гээд байхаар нь би шаардлага тавьсан биелүүлэхгүй байсан. ...манай хамгаалагч руу дайраад чи яах гээд байгаа юм гээд түлхээд дайрч байгаад тохойгоороо эрүү рүү нь цохих шиг болсон тэр үед хамгаалагч 2 гарыг нь бариад мушгиж унагаасан. Тэгээд л босгох гэсэн чинь хөл нь хугарчихсан байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Т.Сийн “...Би 2018 оны 8 дугаар сарын 31-ний оройн 18 цагийн үед ажилдаа ирээд шөнийн үзүүлбэр эхлээд би зөөгч хийж байсан. Тэгээд Н, Ээгий 2 нэг хүнтэй маргалдаж байсан ба Н руу уг хүн заамдаж дайраад байхаар нь Н хажуу тийшээ зайлсан чинь нөгөө хүн уначихсан. Тэгээд босож чадахгүй байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн ... тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Над холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.Ныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

   Хавтаст хэрэгт баримтаар тогтоогдсон хохирлын 355.500 төгрөгийг шүүгдэгч Д.Наас гаргуулж хохирогч ...д олгож, хохирогч ... нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байх тул гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Д.Над 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн хор уршигийн хэмжээ, гэмт хэргийн хор уршиг арилаагүй нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.Над улсын яллагчийн санал болгосон 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Над 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нын торгох ялыг биелүүлэх хугацааг 6 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Наас нийт 355.500 төгрөг гаргуулж хохирогч ...д олгож, хохирогч ... нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Над авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ