Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 842

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч О.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас О.Н-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ...дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ., О.Н.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Н нь 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр байрны 101 тоотод эхнэр О.Гыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Н мэдүүлэхдээ:

“...гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Нын өгсөн:

“...2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ажил дээрээ байхад эхнэр Г надруу залгаад гэрийн түлхүүр аваад ир би байрны гадаа түлхүүргүй байна гэхээр нь 15 цагийн үед түлхүүр аваачиж өгөөд эргээд явах гэтэл Г намайг хүүхдээ аваад яв гээд байсан. Би ажилруу явах учир авч явахгүй гэтэл манай хүү намайг дагаж уйлаад байхаар нь хүүхдээ тэврээд бид 2 маргалдаж явсаар гэрийнхээ үүдэнд очоод би хүүгээ газар буулгаад эргээд явах гэтэл Г явуулахгүй гээд орилоод байхаар нь би түлхүүрийг нь аваад гэрийн хаалга онгойлгоод хүүгээ аваад гэрлүүгээ ортол араас Г орж ирээд миний хувцаснуудыг торонд хийгээд үүдрүү шидээд хувцсаа аваад зайл гээд байсан. Тэгээд бид 2 хэсэг маргалдаж байтал Г миний цамцнаас зулгаагаад хувцсаа тайл гээд байхаар нь би өөрөөсөө хэсэг түлхэж холдуулж байгаад аргалаад гарах гэтэл миний төмсөгнөөс базчихаад тавихгүй байхаар нь нүүрлүү нь алгадаж гарыг нь тавиулаад хойш нь түлхээд гараад явсан. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-н 26, 36-37/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.Гын өгсөн:

“...2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хадам ээжийнхээ гэрээс 14 цагийн үед Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 11-р байранд гэртээ иртэл түлхүүрээ хадам ээжийн гэрт мартсан байсан. Би нөхөр Нлуу яриад түлхүүрээ авчраад өгөөч гэтэл за гээд 20-иод минут болоод ирсэн. Орцны үүдэнд түлхүүрээ аваад хүүтэйгээ 3-лаа гэрийн хажуу талын Голомт банкруу орж Нын цалингийн картыг авах хооронд 3 настай хүү Ирмүүн нь банкан дотор гүйгээд байсан чинь Н намайг хүүхдээ ав гэхээр нь би өөрөө ав гэтэл очиж хүүхдээ аваад шууд банкнаас гараад байрны урд ирээд хүүхдээ орхиод явах гэтэл Ирмүүн аавыгаа дагаж уйлаад араас нь гүйгээд очсон. Би орцны хаалга онгойлгоод зогсож байхад Н хүү Ирмүүнийг хөтлөөд явж байсан. Тэгтэл гэнэт миний хажууд хүүгээ сугандаа хавчуулчихсан хар ирчээрээ гүйж ирээд чи намайг өдлөө хүүхдээ авсангүй гээд уурласан. Бид 2 маргалдсаар байгаад яваад 2 давхарт гараад гэрийн үүдэнд ирэхэд надаас гэрийн түлхүүр булааж аваад хаалга онгойлгоод бид 2-ыг түлхэж оруулаад хаалга гаднаас хаасан. Ирмүүний толгой хаалганд хавчуулагдчих шиг болохоор нь би хүүхдийн толгой хавччихлаа гээд араас нь нурууруу нь гараараа цохитол эргэж орж ирээд миний цамцнаас зуураад авахаар нь би зөрүүлж заамдаад автал намайг хойш нь түлхэх үед өөрийнх нь цамц урагдчихсан чинь цамц урчихлаа гэж уурлаад цамцаа тайлаад хөлөөрөө хөлрүү өшиглөөд гараараа толгой нуруу гарлуу цохиод байсан. Би биеэ хамгаалах гээд зөрүүлж өөрийг нь бас цохисон. Тэгээд зугтаж гүйгээд тагтан дээр гартал үснээс зулгааж чирч оруулаад газар унагаахаар нь би дээшээ хөлөө тийчилсэн чинь нүүрлүү өшиглөчихлөө гээд байсан. Би цонхоор хүн дуудлаа гэтэл цамцаа шүүрч аваад шууд гараад явчихсан. Бид 2-ыг ноцолдоод зууралдаж байх үед хүү Ирмүүн дундуур гүйж орж ирээд байсан. Ныг гараад явсны дараа зүүн гар нь бугуй хэсгээрээ хөдлөхгүй уйлаад байсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлтэл ясандаа гэмтэл алга зөөлөн эдийн гэмтэл байна гэсэн. Тэр өдрөө хүүгийн гар зүгээр хөдөлдөг болчихсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 20-21/,

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ... тоот:

1. О.Г-н биед хүзүү, зүүн суга, 2 бугалга, зүүн гуя, зүүн шуу, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /хх-н 23/,

 

- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 13-14/,

 

            Шүүгдэгч О.Нын хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 16, 28/,

            - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 27/,

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 29/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч О.Н нь 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр эхнэр О.Гыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч О.Нын “...Г миний цамцнаас зулгаагаад хувцсаа тайл гээд байхаар нь би өөрөөсөө хэсэг түлхэж холдуулж байгаад аргалаад гарах гэтэл миний төмсөгнөөс базчихаад тавихгүй байхаар нь нүүрлүү нь алгадаж гарыг нь тавиулаад хойш нь түлхээд гараад явсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч О.Гын “...Н хүү Ирмүүнийг хөтлөөд явж байсан. Тэгтэл гэнэт миний хажууд хүүгээ сугандаа хавчуулихсан хар ирчээрээ гүйж ирээд чи намайг өдлөө хүүхдээ авсангүй гээд уурласан. ...би хүүхдийн толгой хавччихлаа гээд араас нь нурууруу нь гараараа цохитол эргэж орж ирээд миний цамцнаас зуураад авахаар нь би зөрүүлж заамдаад автал намайг хойш нь түлхэх үед өөрийнх нь цамц урагдчихсан чинь цамц урчихлаа гэж уурлаад цамцаа тайлаад хөлөөрөө хөлрүү өшиглөөд гараараа толгой нуруу гарлуу цохиод байсан. ...зугтаж гүйгээд тагтан дээр гартал үснээс зулгааж чирч оруулаад газар унагаахаар нь би дээшээ хөлөө тийчилсэн чинь нүүрлүү өшиглөчихлөө гээд байсан. Би цонхоор хүн дуудлаа гэтэл цамцаа шүүрч аваад шууд гараад явчихсан...” гэх мэдүүлэг,        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 9976 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Нт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч О.Ныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

   Хавтаст хэрэгт хохирогч О.Г нь “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 20-21/ өгсөн байх тул шүүгдэгч О.Ныг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч шүүгдэгч О.Нт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн хор уршигийн хэмжээ, хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч О.Нт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч О.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нт 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нын торгох ялыг биелүүлэх хугацааг 4 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ