| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0559/Э |
| Дугаар | 612 |
| Огноо | 2018-12-12 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ /тээвэр/ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 612
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 18030 0600 0366 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ /тээвэр/, хохирогч Э.Н, түүний өмгөөлөгч Ж.Ц, техникийн шинжээч Н.Г, иргэний хариуцагч Б.Б, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.У нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 21 цаг 55 минутын үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Шунхлай ШТС-ын урд замд ZOOMLION-ZLJ маркийн 0000 ӨӨХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс мотоциклийн жолооч Э.Нгийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бгийн өгсөн:
“...2018 оны 7 дугаар сарын 09-ний орой 21 цаг 50 минутын үед би Тэхийн зогсоолоос Нарантуул зах руу орох гэж 0000 ӨӨХ улсын дугаартай авто кран жолоодож замын зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байсан. Өөдөөс ирж байсан машиныг өнгөрөөж хурдаа хасаад зогсож амжаагүй байсан. Тэгээд зүүн гар тийшээ эргэхэд өөдөөс 100 метрийн зайнд нэг машины гэрэл харагдахад би хангалттай зай байгаа юм байна гээд тасархай шугамаар зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээс зүүн гар тийшээ эргэсэн. Тэгтэл баруун талаас буюу нэг дүгээр эгнээнээс приусийн гэрэл харагдаж, тормосны гэрэл дуугарахаар нь за болохоо байлаа гээд зогссон. Тэгээд шатахуун түгээх станцаас бензин авч байсан 2 залуу гүйж ирээд хойшоо ухар гэхээр нь ухарч зогсоод буугаад ирэхэд нэг мотоцикл баруун урд талын дугуйг мөргөсөн байсан. Мотоциклийн жолооч нь хойд талын дугуйнд орсон байхаар нь татаж босгоод түргэн тусламж дуудаж, цагдаад дуудлага өгсөн. Мотоциклийн жолооч босож ирээд намайг шахаад унагаачихлаа, саяны цагаан машиныг харсан уу гэхэд би хараагүй гэж хэлсэн. Мотоцикл тэр цагаан машинтай уралдаж явахад нь шахаад унагаасан байсан ба маш их хурдтай байсан. Хохирогч Э.Н шахаж унагаасан гэсэн мэдүүлэг өгөөгүй байсан.
Би 2001 онд жолооч болон 17 жил тээврийн хэрэгсэл жолоодож байна. 2005 оноос хойш кран барьж байна. Би мотоциклийг олж хараагүй, өрөөсөн гэрлийг нь харсан. Тухайн үед тас харанхуй биш, гэхдээ гэрэл тавьсан байсан. Эргэх гэж байгаа бол явж байсан машиныг өнгөрөөнө гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ цагаан өнгийн машин, мотоцикл хоёр уралдаагүй байсан бол би хангалттай амжих байсан. Тухайн үед Э.Н босож ирээд “саяны цагаан машин намайг шахаад унагаачихлаа, дугаарыг нь харсан уу” гэж асууж байсан. Шатахуун түгээх станцид байсан хүн “хөөе” гэж хашгирч байж зогсоосон гэж мэдүүлсэн нь худлаа. Тормос дуугараад нэг юм унаж байгаа чимээг сонсогдох шиг болоод би машинаа зогсоосон. Хохирогчийн мотоциклыг засаж өгнө гээд өөрийн гэрийн хашаанд аваачсан боловч одоогийн байдлаар бүрэн засагдаагүй байгаа, сэлбэг хэрэгслийг нь захиалсан боловч ирж амжаагүй байгаа юм. Хурдыг тогтоож байж хохирол төлбөрийг төлнө. Зүүн гар тийш эргэсэн миний буруу.
Би хохирогчийн эмчилгээний зардлын 1.000.000 төгрөг, мөн сүүлд 3.000.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг нөхөн төлсөн байгаа. Хохирогч надаас мотоциклийн үнийг 8.000.000 төгрөг гэж үнэлж нэхэмжилснийг зөвшөөрөх боломжгүй байна. Миний хувьд шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хохирол төлбөрийг бүрэн төлсөн. Мотоциклийн эвдрэл хохирлын үнэлгээг үнэлгээний газраар хийлгэсэн байсан. Шатахуун түгээх станцын гарцаар гарч байсан зам 4 урсгалтай, 12.5 метрийн өргөнтэй зам байсан. Би хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан осол гаргаснаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Нгийн өгсөн:
“...2018 оны 07 дугаар сарын 09-ний орой станцийн чиглэл рүү зүүнээс баруун тийшээ явж байсан. Алтай хотхоноос Говийн зам руу гардаг гүүрний гэрлэн дохион дээр улаан гэрэл асаж, зорчих хэсгийн 2 дугаар эгнээн дээр зогсоход гүүрнээсээ зорчих хэсгийн 2 дугаар эгнээ рүү цагаан өнгийн Раум маркийн машин орсон. Тэгээд гэрлэн дохионы ногоон гэрэл асангуут би зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байхад цаад талд нь кран зогссон байсан.
Тэгээд би 2 дугаар эгнээ рүү орох гэсэн боловч цагаан өнгийн машин хурдаа нэмээд оруулахгүй байсан. Үүнийг шүүгдэгч уралдсан гэж ойлгоод яриад байх шиг байна. Тэгээд би 1 дүгээр эгнээнд явж байсан хугацаанд надтай зэрэгцээд 1, 2 дугаар эгнээнд машин явж байсан юм. Шунхлай бензин колонкийн урд талд цаанаасаа наашаа 2 дугаар эгнээнд байсан кран зүүн гар тийшээ буюу колонк руу эргэж дарсан. Кран эргэлтэн дээр ямар хурдтай явах вэ. Зорчих хэсгийн 2 дугаар эгнээг хаасан бол 1 дүгээр эгнээнд явж байсан машинуудыг явуулах ёстой байсан.
Эсвэл 1, 2 дугаар эгнээний машинуудыг явуулсны дараа колонк руу орох ёстой байсан боловч 1, 2 дугаар эгнээний машинуудыг хааж эргэсэн. Би тухайн үед 2 дугаар араагаар явж байсан ба тэр хооронд хурдаа авч амжаагүй учир гэрлэн дохион дээр зогсоод 2 дугаар эгнээнээс 2 дугаар араа руу шилжсэн байсан. Би 2 дугаар араагаар 40-50 км цагийн хурдтай явж байсан. Би тулж ирээд кран зогсох байх гэж бодсон. Хэрэв урд талаар нь тойрох бол Шунхлай колонкийн бетонон ханыг мөргөж хөлөө тасдах байсан учир би мотоциклоосоо үсрээд краны хойд талын дугуйнд орсон.
Миний цээжин хэсгийн хавирганууд, далны толгой хэсгүүд хугарсан, сарвуу бяцарсан. 5 цагийн гаран хугацаанд мэс засалд орсон. Одоо мөрний унжилттай, мөрний булчинд мэдээ орохгүй байгаа ба хоёр сарын лист авсан. Би ээлжийн ажилтан байсан боловч одоо өвчний учир хүнд ажил хийх боломжгүй болж, өдрийн ээлжинд ажиллаж байгаагаас цалингийн зөрүү гарч байгаа. Хэзээ миний гар эдгэж, эрүүл мэнд хэвийн болоод ээлжийн ажилтан болохоо мэдэхгүй байна. Шүүгдэгч нь осол болсноос хойш өөрөө миний мотоциклийг янзалж өгнө гэж аваад 4 сар гарангийн хугацаанд худлаа ярьж, одоо болтол бүрэн засаж өгөхгүй байна. Би өөрөө 3.500.000 төгрөгөөр засуулъя гэхэд шүүгдэгч үүнээс хямд зардлаар засуулж болно гээд тухайн үед миний мотоциклийг аваад явсан. Би тухайн мотоциклийг 2018 оны 6 дугаар сард худалдаж авсан. Мотоцикл 1 тонн шахуу жинтэй.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчтэй ярилцаж тохиролцоод 1.000.000 төгрөгийн үнэлгээний бичиг хийлгэж өгсөн. Осол хэрэг болох үед миний жолоодож явсан мотоцикл Монголд байдаггүй, сэлбэг хэрэгсэл нь худалдаалагдахгүй учир үний судалгаа хийнэ, удна гээд байсан учир хурдан шуурхай үнэлгээний хуудас гаргуулах гэж бид тохиролцоод 1.000.000 төгрөг гэж үнэлгээг хийлгэсэн.
Би мотоциклоо 8.000.000 төгрөгөөр худалдаж авсан болохоор тэр үнээр нь үнэлж байна. Мөн 2018 оны 7, 8, 9 дүгээр саруудын цалингийн зөрүү 2.516.000 төгрөг нэхэмжилнэ. Тухайн үед зүүж явсан Хонг Конгод үйлдвэрлэгдсэн 450.000 төгрөгийн үнэтэй цаг эвдэрсэн. Одоо сэргээн засварлах боломжгүй болсон байгаа учир эвдэрхий цагийг шүүгдэгчид буцаан өгч үнийг гаргуулахаар нэхэмжилж байна. Хохиролтой холбоотой баримтуудыг хэрэг, мөн шүүхэд гаргаж өгсөн байгаа. Нийт 10.966.000 төгрөг нэхэмжилж байгаагаас мөрдөн байцаалтын шатанд 4.000.000 төгрөг авсан. 4.000.000 төгрөгийн зардалд эмчилгээний зардлын 1.000.000 төгрөг, цалингийн зөрүүгийн 2.500.000 төгрөг, цагны үнэ 450.000 төгрөг тус тус оруулан тооцож байна. Одоо үлдэгдэл хохирол төлбөр болох мотоциклийн үнийг нэхэмжилж байна. Одоо үлдэх 6.966.000 төгрөгийг иргэний хариуцагч, шүүгдэгч нараас нэхэмжилж байна.
Цаашид мөрөнд байгаа төмрийг авхуулах, мөрний унжилтыг янзлуулах хагалгаанд орно гэсэн тул цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлээд жич нэхэмжилнэ. Шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй байгаад гомдолтой байна. Хэрэг болсоноос хойш нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Эмнэлэгт байхад нэг удаа эргэж ирсэн. Би машинд ямар зайнд тулж очоод үсэрснээ мэдэхгүй байна. Нүдний баримжаагаар тооцоолоход мөргөлдөх юм байна гэж бодоод мотоциклоосоо үсэрсэн.” гэсэн мэдүүлэг,
3. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Б.Бийн өгсөн:
“...Бидний зүгээс хохирогчийг хохиролгүй болгохын төлөө ажиллаж хичээж байгаа. Би шүүх хурлаас өмнө юу болж байгаа талаар асууж лавлаж байсан. Би шүүхээс тогтоосон бодит хохирлыг төлж барагдуулах байр суурьтай байна. Б.Бгийн тухайд бид хоёр олон жилийн найзууд. Би кранист мэргэжил эзэмшээд дадлага туршилга багатай, Б.Б надаас өмнө олон байгууллагад кранист мэргэжлээрээ ажиллаж байсан, илүү туршлагатай болохоор бид хоёр ярилцсаны үндсэн дээр Б.Б цэвэр ашгийн 15 хувийг цалин болгон авч хамтран ажиллах тохиролцоотой юм. Осол болох үед Б.Бадаррагчаагийн жолоодон явсан машин нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ баримтаар миний нэр дээр байдаг, миний машин юм.
Хохирогчийн зүүж явсан гэх цаг тухайн үед хэргийн газарт байсан эсэх нь тодорхойгүй, зүүж явсан нь эргэлзээтэй байна. Үүнийг нотлох ямар нэгэн баримт хэрэгт байхгүй байх. Харин мотоцикл засагдлаа гэхэд урдаас хуучин запас ирнэ гэсэн. 2.000.000 төгрөгөөр засаад янзлаад өгье гэсэн боловч чанаргүй, найдваргүй засвар хийгдэхээр харагдаж байна. Мотоциклийг засаж босгоод замын хөдөлгөөнд ороход дахин аваар осол гарах өндөр магадлалтай. Иймээс бидний хувьд шүүхээс тогтоосон бодит хохирол төлбөрийг 2019 оны 1 дүгээр сардаа багтааж төлж барагдуулна.
2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс хойш Б.Б жолооны үнэмлэхээ хураалгаад кран машин жолоодох ажлаа хийхгүй, ажилгүй байна. Би өөрөө ажиллуулж чадахгүй учир одоогоор ямар нэг орлого олох боломж хязгаарлагдмал байна. Би автокран машинаар ажил хийж, орлогоор нь амьдралаа залгуулдаг. Зуны улиралд олсон ашгаараа өвөлдөө амьдардаг. Дунджаар надад оногдох ашиг хэд болохыг тодорхойлох боломжгүй. Надад хохирол төлбөр төлөх боломж байгаа. Хохирогчид төлөгдсөн 4.0 сая төгрөгийн хохирлоос би 3.000.000 төгрөгийг нь төлсөн. Цаашид гарах бодит хохирлыг нь нөхөн төлөхөд татгалзахгүй.” гэсэн мэдүүлэг,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт техникийн шинжээч Н.Гын өгсөн:
“...Шинжээч томилсон тогтоол дээр тээврийн хэрэгслийн хурд тогтоох талаар асуулт тавигдаагүй байсан. Шинжээч нь тавигдсан асуултын хүрээнд дүгнэлтээ гаргадаг. Тухайн осол хэрэг гарах үед мотоцикль ямар хурдтай явж байсныг өнөөдөр тодорхойлох боломжгүй. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зурагт авагдсан авагдсан мөрөөр мотоциклийн хурдыг бодохгүй, томъёо байсан ч бодох боломжгүй.
Учир нь тормос гишгэж тормосны систем ажиллаж эхэлсэн үеэс тормосны мөр үүсдэг. Үүссэн мөр нь тээврийн хэрэгсэл бүрэн зогсох хүртэлх зайнд үргэлжилсэн тохиолдолд хурдыг тодорхойлох боломжтой. Хэрэгт байгаа осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зургаас харахад мотоциклийн мөр 6.7 метр гэсэн байгаа нь хурдын тодорхолоход хангалттай хэмжээ биш юм. Иймээс мотоциклийн хурдыг тодорхойлох боломжгүй гэж үзээд байна. Томъёонд оруулж бодсон ч худал тоо гарна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.1-д туршилт хийх тохиолдлыг заасан байна. Суудлын автомашиныг 40 км/цагийн хурдтай явуулж байгаад тормос дарахад хуурай асфальтан зам дээр 12.2 метрээс илүүгүй мөр гарах ёстой, харин мотоциклийг 30 км/цагийн хурдтай явуулж байгаад тормосдуулахад 7.5 метрээс илүүгүй байх ёстой гэсэн. Тэгэхээр Э.Н 40-50 км/цагийн хурдтай явж байсан гэж мэдүүлдэг. 30 км/цаг, 40-50 км/цаг нь хоорондоо ялгаатай учир энэ нөхцөл байдлыг шалгаагүй.
Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралт А хэсэгт “иргэн тогтоосон журмын дагуу техникийн улсын үзлэг тооллогод ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүргийг хүлээнэ” гэж тусгайлан заасан. Хохирогч Э.Нгийн хувьд энэ үүргийг зөрчсөн, мөн тухайн төрлийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан байдаг. Хохирогч Нямсүрэнгийн эдгээр зөрчил нь зам тээврийн осолд шууд нөлөөлөх зөрчил биш, өөрөөр хэлбэл осолд нөлөөлөхгүй зөрчил юм. Энэ талаар шинжээчийн дүгнэлтэд тусгасан байгаа. ” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 18030 0600 0366 дугаартай хэргээс:
1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 8-14х/,
2. Хохирогч Э.Н, шүүгдэгч Б.Б нар осол хэрэг гарах үед согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /хэргийн 15-16х/,
3. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10230 тоот:
1. Э.Нгийн биед зүүн 1, 4, 5 дугаар хавирганы хугарал, зүүн дал ясны их бие хугарч зөрсөн, зүүн далны тогоо зөрүүтэй хугарал, зүүн далны акромион сэртэнгийн хугарал, зүүн шуу яс, зүүн алганы 5 дугаар ясны зөрүүтэй хугарал, зүүн мөрний үений гадна хэсэг, баруун дал, баруун суганы хэсгээр нэлэнхүйдээ, зүүн бугалаганы гадна хэсэгт үргэлжилсэн улаан ягаан өнгийн сорви, баруун сарвуунд зулгаралт, зүүн сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 40х/,
4. Замын цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 08 сарын 23-ны өдрийн 547 тоот:
1.ZOOMILON-ZLJ маркийн 0000 ӨӨХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь МУ-ын ЗХД-ийн 7.12. “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ ( уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Кавасаки маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явсан Э.Н нь МУ-ын ЗХД-ийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.
4. ZOOMILON-ZLJ маркийн 0000 ӨӨХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь МУ-ын ЗХД-ийн 7.12. “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 44-45х/,
5. Бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 17-18х/,
6. Хөрөнгө, Даатгалын хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1072 тоот:
“Kawasaki Z1000SX маркийн мотоциклийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг 990.000 /есөн зуун ерэн мянга/ төгрөгөөр тогтоов.” гэсэн дүгнэлт /хэргийн 47-48/,
7. Хохирогч Э.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 21 цаг өнгөрч байхад Сүхбаатарын талбайн ард талаас өөрийн ажил болох дулааны 3 дугаар цахилгаан станц руу өөрийн номер дугааргүй гаалийн бичигтэй Кавасаки маркийн мотоцикльтой Алтай хотхоны урд талын замаар зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байтал эсрэг талын урсгалд явж байсан машин урсгалыг хаагаад ороод ирсэн. Миний хажууд зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр явж байсан номер дугаарыг нь мэдэхгүй цагаан өнгийн Тоёота Раум маркийн тээврийн хэрэгсэл уг краны чиргүүл хэсгийг урсгал сөрж тойроод гараад явсан. Би тойрох боломжгүй байсан учир тоормозоо атгаад зогсоох үйлдэл хийсэн боловч уг автомашинд миний мотоцикль тулаад ирэхээр нь би мотоциклоосоо үсэрсэн. Тэгтэл миний мотоцикль уг тээврийн хэрэгслийн урд дугуйн доор нь орчихсон, би хойд дугуйн доор нь ороод уг тээврийн хэрэгслийн хойд дугуй миний зүүн мөрийг дайрсан.
Уг тээврийн хэрэгслийг ухрааж байгаад би дугуйн доороос нь гараад гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн очоод гар сарвууны тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр эмнэлгээс гарсан. Тэрнээс хойш одоог хүртэл гэртээ хэвтрийн дэглэм сахиж, гэрээрээ эмчлүүлж байна. Намайг “3 сар хэвтрийн дэглэм барь” гэж эмч зөвлөсөн. Тухайн осол гарах үед харагдах орчин чөлөөтэй, өдөр нь бороотой байсан учир зам бага зэргийн халтиргаатай байсан. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн чөлөөтэй, цаг агаар таатай байсан. Би жолоочоос эмчилгээний зардал, мотоциклийн эвдрэл гэмтлийн хохирол, 3 сар ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ. Миний хохирлыг барагдуулчихвал надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22х/,
8. Гэрч М.Чгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 21:00 цаг өнгөрч байх үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо “Шунхлай” ШТС-аас бензин авах гээд зогсож байтал урд замд гэрэл манас гээд тар няр хийх чимээ гарсан. Юу болов гээд хартал ZOOMLION маркийн крантай машин байсан. Тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруун талаас ирээд зүүн гар тийш эргэсэн. Колонки руу орох гэж байгаа бололтой явж байсан. Гэтэл мотоцикльтой хүн зүүн зүгээс баруун тийш явж байсан бололтой зам дээр гулгаад унаж байгаа харагдсан.
Тэгээд мотоцикль нь крантай машины урдуур кабин доогуур нь гулсаад орсон. Энэ үед крантай машин урагшаа хөдлөөд явж байсан. Тэгэхээр нь би крантай машиныг “зогсоорой” гээд урдаас нь гүйсэн. Тэгээд крантай машины жолооч машинаа зогсоосон. Би машины хажууд гүйгээд очтол мотоциклийн жолооч нь байхгүй байсан. Гэтэл крантай машины баруун хойд дугуй хавьцаа хүн орилох чимээ гарсан. Тэгэхээр нь би цуг явсан найзтайгаа хамт крантай машины баруун талд яваад очтол мотоциклийн жолооч дугуйны хажууд хэвтэж байсан. Манай найз бид хоёр “крантай машины жолоочийг цагдаа дууд” гээ хэлсэн. Би крантай машины жолооч, мотоциклийн жолооч нарыг танихгүй.
Би тухайн үед баруун, зүүн талаас ямар машин ирж байгааг анх анзаарч хараагүй. Яг түс тас хийгээд, гэрэл анивчаад, дуу чимээ гарах үед л юу болов гээд осол болсон зам руу харсан. Тэр үед крантай машин баруун талаас зүүн эргэж байгаа бололтой колонкийн гарц руу орж явсан. Мотоциклтой хүн нь зүүн талаас баруун тийш явсан бололтой баруун тийш мотоцикль зам дээр унаад гулсаад крантай машины кабин доогуур орж байгаа харагдсан. Өмнө нь юу болсон талаар мэдэхгүй. Тэгээд намайг крантай машин дээр очих үед манай найз түрүүлээд мотоциклийн жолооч дээр очсон байсан. Намайг мотоциклийн жолооч дээр очих үед манай найз мотоциклийн жолоочийг крантай машины баруун хойд дугуйны урдаас татаж байгаа харагдсан.
Тэгээд мотоциклийн жолоочийг дугуйны хажууд хэвтүүлээд краны жолоочийг “түргэн цагдаа дууд” гэж хэлсэн юм. Тухайн үед би краны жолоочид утасны дугаараа өгөөд явсан. Тухайн үед зам чөлөөтэй, гэрэлтүүлэгтэй байсан. Мотоциклийн жолооч “цагаан раум маркийн машины улсын дугаарыг аваарай” гэж байсан. Хажууд нь тийм машин байсан эсэхийг бид хоёр хараагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 28х/,
9. Гэрч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 21 цаг 47 минутын үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Шунхлай” ШТС-ын зогсоолд бензин авах гээд зогсож байтал ШТС-ын урд замд түр тар гээд чимээ гараад, машин мөргөлдөх шиг болсон. Тэгэхээр нь” юу болов” гээд хартал Zoomlion маркийн крантай машин баруун талаас ирээд зүүн тал руугаа эргэж колонки руу орох гэж байгаа бололтой зам хөндлөн зогсож байсан. Түүний урд тэнхлэг доор мотоцикль харагдсан. Тэгээд нь гүйгээд очтол мотоцикль дээр хүн харагдаагүй, хойно нь хүн “ёо ёо” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би машины урдуур тойрч машины баруун талаар тойроод очтол баруун хойд буюу голын дугуйны урд хүн дайрагдсан хэвтэж байсан.
Би очоод дайрагдсан хүнийг сугалж авах гэтэл зүүн талын мөр хэсэгт дугуй дайрсан бололтой мөр нь дарагдсан байсан. Тэгэхээр нь крантай машины жолоочийг “зөөлөн ухар” гээд хойш нь бага зэрэг ухараагаад ... машинд дайрагдсан хүнийг машины дугуйнаас чирч татаж холдуулсан. Тухайн үед манай найз М.Ч хажууд цуг явсан. Тухайн үед дугуйн дор дайрагдсан гэх хүн “”ёо ёо гээд орилж байх хоорондоо “цагаан өнгийн Раум маркийн машин намайг шахсан, дугаарыг нь хараад аваарай” гэж байсан. Тэр үед хажууд нь Раум маркийн машин харагдаагүй. Тэгээд крантай машины жолооч бууж ирсэн. Би цагдаад дуудлага өгөх гэтэл шугам чөлөөгүй гээд байсан. Тэгээд крантай машины жолоочийг “дуудлага өг” гэж хэлсэн.
Яг машин мөргөлдөх үеийг бол хараагүй, түс тас гээд дуу чимээ гарахаар нь хараад явж очсон. Миний бодлоор мотоциклтой хүн ертөнцийн зүгээр зүүн талаас ирсэн болов уу, крантай машин ертөнцийн зүгээр баруун талаас ирээд колонкийн гарц руу зүүн гар тал руугаа эргээд орох гэж байгаа байдалтай харагдаж байсан. Осол гарах үед гудамжны замын гэрэлтүүлэг хэвийн сайн байсан. Ойр орчмын зүйлүүд сайн харагдаж байсан. Замын хөдөлөөн сийрэг ачаалалгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 29х/,
10. Гэрч Л.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2018 оны 07 дугаар сарын 09-ний 21 цаг 47 минутын үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо “Шунхлай” ШТС-ын зогсоолд бензин авах гээд зогсож байтал ШТС-ын урд замд түр тар гээд чимээ гараад, машин мөргөлдөх шиг болсон. Тэгээд хартал Zoomlion маркийн крантай машин баруун талаас ирээд, зүүн тал руугаа эргэж колонки руу орох гэж байгаа бололтой зам хөндлөн зогсож байсан. Түүний урд тэнхлэг доор мотоцикль харагдсан. Тэгэхээр нь би “мотоцикльтой хүн осолд орчихлоо” гээд 103 луу утсаараа залгаж дуудлага өгсөн. ....Чимээ гарахаар нь хартал крантай машины баруун хойд дугуйны харгалдаа хүн газар хэвтэж байх шиг байсан. Яг тодорхой сайн хараагүй. Мотоцикльтой хүн л машинтай мөргөлдөөд гэмтсэн байна гэдгийг л харсан.
Би яг машин мөргөлдөх үеийг хараагүй. Түс, тас гээд дуу чимээ гарахаар нь хараад яваад очсон. Анх машин, мотоцикл түс тас гээд мөргөлдөөд дуу чимээ гарах үед зам руу харахад ямар нэгэн цагаан өнгийн Рав-4 маркийн машин харагдаагүй. Миний бодлоор мотоциклтой хүн ертөнцийн зүгээр зүүн талаас ирсэн болов уу, крантай машин ертөнцийн зүгээр баруун талаас ирээд колонкийн гарц руу зүүн гар тал руугаа эргээд орох гэж байгаа байдалтай харагдаж байсан. Осол гарах үед гудамж, замын гэрэлтүүлэг хэвийн сайн байсан. Ойр орчмын зүйлүүд сайн харагдаж байсан. Замын хөдөлгөөн сийрэг ачаалалгүй байсан. Миний ярьсан үнэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 30х/,
11. Иргэний хариуцагч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Zoomilon-ZLJ маркийн 0000 ӨӨХ улсын дугаартай автомашин миний өөрийн эзэмшлийн автомашин. 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр манай найз Б.Б Алтай хотхоны урд талд барилга дээр ажиллахаар явж байгаад, Шунхлай ШТС-аас машиндаа түлш авахаар явж байгаад зам тээврийн осолд холбогдсон байсан. Б.Б нь миний машиныг миний зөвшөөрлөөр унаж явсан. Б.Б нь жолоо барих эрхийн үнэмлэхтэй. Би тухайн үед цуг яваагүй учир ослын талаар сайн мэдэхгүй байна. Осол болсны дараа би ослын газарт очсон. Тэгэхэд мотоциклийн жолоочийг 103-ын эмч ирээд эмнэлэг рүү аваад явсан байсан. Мотоциклийг нь ачлагын машин дээр ачаад явж байсан. Ослын улмаас миний автомашинд ямар нэгэн эвдрэл хохирол учраагүй. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 34х/,
12. Хохирогч Э.Нгийн ГССҮТ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, хохирол, хор уршгийн төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан эмчилгээний зардлын баримтууд, ажиллаж байсныг тодорхойлох НДШ төлөлтийн болон ажил олгогч “Дулааны III дугаар цахилгаан станц” ТӨХК-ийн тодорхойлолт, цалингийн тооцоо, цалингийн дансны хуулга, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гаалийн хилээр бараа нэвтрүүлэх мэдүүлэг, Time shop цагны дэлгүүрийн баталгааны хуудас баримт /хэргийн 23х, 69-77х, 90х, 92-97х, 126-133х/,
13. Хохирол барагдуулах тухай хэлцэл, хохирлоос төлбөр гүйцэтгэсэн тухай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримт /хэргийн 98-100х/,
14. Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Сонсгож буй зүйл ангитай холбоотой санал хүсэлт байхгүй. 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 21:00 цагийн үед Б.Б гэж хүний эзэмшлийн 0000 ӨӨХ улсын дугаартай краныг жолоодон Нарантуул захын тийшээ явах гээд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Шунхлай ШТС-аас крандаа түлш авах гээд зүүн гар тийш эргэх үед зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байсан мотоциклтэй хүн миний машины доогуур гулсаад орсон.
Би тээврийн хэрэгслээ зогсоох үйлдэл хийн машинаасаа бууж очтол мотоциклийн жолооч хойд талын дугуйны урд хэсэгт хэвтэж байсан. Тэгээд би тээврийн хэрэгслээ ухраатал колонкоос бензин авч байсан хоёр залуу, түгээгчийн хамт ирж мотоциклийн жолоочийг машины доороос гаргаж ирсэн. Мотоциклийн жолооч тэр үед “намайг шахаж унагаасан машины номерыг харсан уу” гэж байсан. Намайг зүүн гар тийш эргэх үйлдэл хийх үед өөдөөс ирж байсан тээврийн хэрэгслийн гэрэл 100-аад метрийн цаана харагдаж байсан учир би зүүн гар тийш эргэсэн. Мотоцикл, машин 2 уралдаж байсныг мэдээгүй.
Би осол болох үед зүүн гар тийш эргэх үйлдэл хийж байсан учир маш бага хурдтай явж байсан. Ойролцоогоор 5-10 орчим км/ц-ийн хурдтай явж байсан байх. Би автомашиндаа ганцаараа явж байсан. Тухайн үед замын хөдөлгөөн сийрэг байсан. 100 гаруй метрийн цаана гэрлэн дохиогоор зохицуулагддаг уулзвар байсан. Ослын улмаас миний биед болон машинд ямар нэгэн гэмтэл учраагүй. Тухайн үед зам хуурай, цаг агаар тогтуун сайхан байсан. Машинууд дөнгөж гэрлээ асаагаад явж байсан. Харуй бүрий арай тасраагүй байсан. Тухайн зам нь эвдрэлгүй, хатуу хучилттай, эсрэг хөдөлгөөнтэй, 4 эгнээ асфальтан зам байсан. Би эрүүл байсан. Би эмчилгээний зардал болон бусад хохиролд нь нийт 4.000.000 төгрөг бэлнээр төлсөн байгаа. Миний зүгээс бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 52-53х/ болон түүний хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 55-56х/, B, C, D ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, гэрч нарын мэдүүлэг /хэргийн 31-32х/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий баримтууд байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээч гаргасан байх тул тэдгээр баримтыг хууль ёсны үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж дүгнэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Бгийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 21 цаг 55 минутын үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Шунхлай ШТС-ын урд замд ZOOMLION-ZLJ маркийн 0000 ӨӨХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс мотоциклийн жолооч Э.Нгийн биед “зүүн 1, 4, 5-р хавирганы хугарал, зүүн дал ясны их бие зөрсөн, зүүн далны тогоо зөрүүтэй хугарал, зүүн далны акромион сэртэнгийн хугарал, зүүн шуу яс, зүүн алганы 5-р ясны зөрөөтэй хугарал, зүүн мөрний үений гадна хэсэг, баруун дал, баруун суганы хэсгээр нэлэнхүйдээ, зүүн бугалганы гадна хэсэгт үргэлжилсэн улаан өнгийн сорви, баруун сарьуунд зулгаралт, зүүн сарвуунд шарх” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл учруулан автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан:
- зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 8-14х/,
- хохирогч Э.Н, шүүгдэгч Б.Б нар осол хэрэг гарах үед согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /хэргийн 15-16х/,
- ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10230 тоот “...Э.Нгийн биед зүүн 1, 4, 5 дугаар хавирганы хугарал, зүүн дал ясны их бие хугарч зөрсөн, зүүн далны тогоо зөрүүтэй хугарал, зүүн далны акромион сэртэнгийн хугарал, зүүн шуу яс, зүүн алганы 5 дугаар ясны зөрүүтэй хугарал, зүүн мөрний үений гадна хэсэг, баруун дал, баруун суганы хэсгээр нэлэнхүйдээ, зүүн бугалаганы гадна хэсэгт үргэлжилсэн улаан ягаан өнгийн сорви, баруун сарвуунд зулгаралт, зүүн сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 40х/,
- Замын цагдаагийн албаны “...ZOOMILON-ZLJ маркийн 0000 ӨӨХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь МУ-ын ЗХД-ийн 7.12. “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ ( уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна, Кавасаки маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явсан Э.Н нь МУ-ын ЗХД-ийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна, Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна, ZOOMILON-ZLJ маркийн 0000 ӨӨХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь МУ-ын ЗХД-ийн 7.12. “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэсэн 2018 оны 08 сарын 23-ны өдрийн 547 тоот техникийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 44-45х/,
- гэрч М.Чгийн: “...2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 21:00 цаг өнгөрч байх үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо “Шунхлай” ШТС-аас бензин авах гээд зогсож байтал урд замд гэрэл манас гээд тар няр хийх чимээ гарсан. ... хартал ZOOMLION маркийн крантай машин ...ертөнцийн зүгээр баруун талаас ирээд зүүн гар тийш эргэсэн, колонки руу орох гэж байгаа бололтой, ...мотоцикльтой хүн зүүн зүгээс баруун тийш явж байсан бололтой зам дээр гулгаад унаж байгаа харагдсан.
Тэгээд мотоцикль нь крантай машины урдуур кабин доогуур нь гулсаад орсон. Энэ үед крантай машин урагшаа хөдлөөд явж байхад нь ...би крантай машиныг “зогсоорой” гээд урдаас нь гүйсэн. Тэгээд крантай машины жолооч машинаа зогсоосон. ...крантай машины баруун хойд дугуй хавьцаа хүн орилох чимээ гараад ...очтол мотоциклийн жолооч дугуйны хажууд хэвтэж байсан. Манай найз бид хоёр “крантай машины жолоочийг цагдаа дууд” гээ хэлсэн. Би крантай машины жолооч, мотоциклийн жолооч нарыг танихгүй. ...Намайг мотоциклийн жолооч дээр очих үед манай найз мотоциклийн жолоочийг крантай машины баруун хойд дугуйны урдаас татаж байгаа харагдсан. Тухайн үед би краны жолоочид утасны дугаараа өгөөд явсан. Тухайн үед зам чөлөөтэй, гэрэлтүүлэгтэй байсан. Мотоциклийн жолооч “цагаан раум маркийн машины улсын дугаарыг аваарай” гэж байсан. Хажууд нь тийм машин байсан эсэхийг бид хоёр хараагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 28х/,
- гэрч Б.Дгийн: “...2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 21 цаг 47 минутын үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Шунхлай” ШТС-ын зогсоолд бензин авах гээд зогсож байтал ШТС-ын урд замд түр тар гээд чимээ гараад, машин мөргөлдөх шиг болсон. ...Zoomlion маркийн крантай машин баруун талаас ирээд зүүн тал руугаа эргэж колонки руу орох гэж байгаа бололтой зам хөндлөн зогсож байсан. Түүний урд тэнхлэг доор мотоцикль харагдсан. Тэгээд нь гүйгээд очтол мотоцикль дээр хүн харагдаагүй, хойно нь хүн “ёо ёо” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би машины урдуур тойрч машины баруун талаар тойроод очтол баруун хойд буюу голын дугуйны урд хүн дайрагдсан хэвтэж байсан. Би очоод дайрагдсан хүнийг сугалж авах гэтэл зүүн талын мөр хэсэгт дугуй дайрсан бололтой мөр нь дарагдсан байсан. Тэгэхээр нь крантай машины жолоочийг “зөөлөн ухар” гээд хойш нь бага зэрэг ухараагаад ... машинд дайрагдсан хүнийг машины дугуйнаас чирч татаж холдуулсан. ...Осол гарах үед гудамжны замын гэрэлтүүлэг хэвийн сайн байсан. Ойр орчмын зүйлүүд сайн харагдаж байсан. Замын хөдөлгөөн сийрэг ачаалалгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 29х/,
- гэрч Л.Эгийн: “...2018 оны 07 дугаар сарын 09-ний 21 цаг 47 минутын үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо “Шунхлай” ШТС-ын зогсоолд бензин авах гээд зогсож байтал ШТС-ын урд замд түр тар гээд чимээ гараад, машин мөргөлдөх шиг болсон. Тэгээд хартал Zoomlion маркийн крантай машин баруун талаас ирээд, зүүн тал руугаа эргэж колонки руу орох гэж байгаа бололтой зам хөндлөн зогсож байсан. Түүний урд тэнхлэг доор мотоцикль харагдсан. Тэгэхээр нь би “мотоцикльтой хүн осолд орчихлоо” гээд 103 луу утсаараа залгаж дуудлага өгсөн. ....Чимээ гарахаар нь хартал крантай машины баруун хойд дугуйны харгалдаа хүн газар хэвтэж байх шиг байсан. Яг тодорхой сайн хараагүй. Мотоцикльтой хүн л машинтай мөргөлдөөд гэмтсэн байна гэдгийг л харсан.
Анх машин, мотоцикл түс тас гээд мөргөлдөөд дуу чимээ гарах үед зам руу харахад ямар нэгэн цагаан өнгийн Рав-4 маркийн машин харагдаагүй. Миний бодлоор мотоциклтой хүн ертөнцийн зүгээр зүүн талаас ирсэн болов уу, крантай машин ертөнцийн зүгээр баруун талаас ирээд колонкийн гарц руу зүүн гар тал руугаа эргээд орох гэж байгаа байдалтай харагдаж байсан. Осол гарах үед гудамж, замын гэрэлтүүлэг хэвийн сайн байсан. Ойр орчмын зүйлүүд сайн харагдаж байсан. Замын хөдөлгөөн сийрэг ачаалалгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 30х/,
- техникийн шинжээч Н.Гын: “...Шинжээч томилсон тогтоол дээр тээврийн хэрэгслийн хурд тогтоох талаар асуулт тавигдаагүй байсан. Шинжээч нь тавигдсан асуултын хүрээнд дүгнэлтээ гаргадаг. Тухайн осол хэрэг гарах үед мотоцикль ямар хурдтай явж байсныг өнөөдөр тодорхойлох боломжгүй. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зурагт авагдсан мөрөөр мотоциклийн хурдыг бодохгүй, томъёо байсан ч бодох боломжгүй. Учир нь тормос гишгэж тормосны систем ажиллаж эхэлсэн үеэс тормосны мөр үүсдэг. Үүссэн мөр нь тээврийн хэрэгсэл бүрэн зогсох хүртэлх зайнд үргэлжилсэн тохиолдолд хурдыг тодорхойлох боломжтой. Хэрэгт байгаа осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зургаас харахад мотоциклийн мөр 6.7 метр гэсэн байгаа нь хурдын тодорхойлоход хангалттай хэмжээний биш юм. Иймээс мотоциклийн хурдыг тодорхойлох боломжгүй гэж үзээд байна. Томъёонд оруулж бодсон ч худал тоо гарна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.1-д туршилт хийх тохиолдлыг заасан байна. Суудлын автомашиныг 40 км/цагийн хурдтай явуулж байгаад тормос дарахад хуурай асфальтан зам дээр 12.2 метрээс илүүгүй мөр гарах ёстой, харин мотоциклийг 30 км/цагийн хурдтай явуулж байгаад тормосдуулахад 7.5 метрээс илүүгүй байх ёстой гэсэн. Тэгэхээр Э.Н 40-50 км/цагийн хурдтай явж байсан гэж мэдүүлдэг. 30 км/цаг, 40-50 км/цаг нь хоорондоо ялгаатай учир энэ нөхцөл байдлыг шалгаагүй.
Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралт А хэсэгт “иргэн тогтоосон журмын дагуу техникийн улсын үзлэг тооллогод ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүргийг хүлээнэ” гэж тусгайлан заасан. Хохирогч Э.Нгийн хувьд энэ үүргийг зөрчсөн, мөн тухайн төрлийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан байдаг. Хохирогч Нямсүрэнгийн эдгээр зөрчил нь зам тээврийн осолд шууд нөлөөлөх зөрчил биш, өөрөөр хэлбэл осолд нөлөөлөхгүй зөрчил юм. Энэ талаар шинжээчийн дүгнэлтэд тусгасан байгаа.” гэсэн мэдүүлэг болон хохирогч Э.Н, шүүгдэгч Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуутаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохоор заасан.
Тухайн нөхцөлд шүүгдэгч Б.Б нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 21 цаг 55 минутын үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Шунхлай ШТС-ын урд замд ZOOMLION-ZLJ маркийн 0000 ӨӨХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөнөөс Кавасаки маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явсан Э.Нгийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан, шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэлд Прокуророос мөн зүйл, хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий байна.
Иймд шүүгдэгч Б.Бг Автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хэргийн хохирогч Э.Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх” гэсэн заалтыг зөрчиж тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, тухайн тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ аваагүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон буруутай хэдий ч энэ нь уг зам тээврийн осол гарахад шууд нөлөөлөх шалтгаан нөхцөл болохгүй юм.
Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгчөөс хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаагүй, осол хэрэг болох үед мотоцикль ямар хурдтай явж байсныг тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчээр тогтоолгох ажиллагаа хийгдээгүй, хэргийн хохирогч нь тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, жолооч биш байсан нь хөдөлгөөний хурдаас хамаарч зогсоох арга хэмжээ авах, жолоочийн самбаачлах хугацааг ихэсгэх зэргээр тодорхой хэмжээнд зам тээврийн осол гарахад нөлөөлж хохирогчийн зохих буруу тухайн осол хэрэг гарахад нөлөөлсөн хэмээн маргаж, хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай хэмээн мэтгэлцсэнийг дээр дурьдсан үндэслэлээр шүүх хангахгүй орхисон болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,
- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
“Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,
“Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Э.Нгийн жолоодон явсан 014368 арлын дугаартай Kawasaki Z1000SX маркийн мотоциклийн нүүр хэсэг болон хянах самбарын хэсэг эвдрэл ихтэй байсныг зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдалд тодорхойлсон /хэргийн 7х/, мотоциклийн урд гэрэл, урд дохио 2ш, урд хамгаалалт, амортизатор баригч, урд накладны суурь, радитоар /усны/ зэрэг эд анги их хэмжээгээр эвдэрснийг техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоож, солих эд ангийн буюу шууд хохирлын үнэлгээг 800.000 төгрөг, эд ангийг солих ажлын хөлс, засвар үйлчилгээний зардал буюу шууд бус зардлын дүнг 190.000 төгрөг, нийт хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 990.000 төгрөг гэж тогтоосон Хөрөнгө, даатал хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан баримт хэргийн 47-48 дүгээр талд авагдсан байна.
Хэрэгт шинжээчээр ажилласан “Ашид билгүүн” ХХК нь дээрх техникийн эвдрэл хохирлын үнэлгээг хийхдээ зах зээлийн жишиг үнийн болон өртгийн хандлагын аргаар, эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигч мэргэшсэн хөрөнгийн үнэлгээчин үнэлгээ тогтоосныг тайланд тэмдэглэн дурьдсан зэргээс “тусгай мэдлэгийн хүрээнд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилох, дүгнэлт гаргуулах” талаарх тусгайлан зохицуулсан Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, зохицуулалтыг зөрчөөгүй байх тул үнэлгээний тайлан дүгнэлтийг шүүх үнэн зөв, хууль ёсны хэмээн гэж үнэлж дүгнэсэн болно.
Хохирогч Э.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож эвдэрсэн гэх мотоциклийн үнэ 8.000.000 төгрөг, 2018 оны 7, 8, 9 дүгээр саруудын ажилгүй байсан хугацааны цалин хөлсний зөрүү 2.516.000 төгрөг, Хонг Конг Улсад үйлдвэрлэгдсэн цаг эвдэрсэн хэмээн худалдаж авсан үнэ 450.000 төгрөг, нийт 10.966.000 төгрөг нэхэмжилснээс мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлсөн 4.0 сая төгрөгийг эмчилгээний, цалин орлого, эвдэрсэн цагны нөхөн төлбөр зэрэгт хасч тооцсон хэмээн тайлбарлаж үлдэх 6.966.000 төгрөгийг мотоциклийн хохиролд нэхэмжилнэ гэсэн ба шүүх, шүүгдэгч Б.Бгаас гэм хорын хохиролд 1.301.416 /нэг сая гурван зуун нэг мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөг гаргуулж хохирогчид олгохоор, нэхэмжлэлээс үлдсэн 5.664.584 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Үндэслэл нь: Шүүх хохирогчоос хэрэгт гаргаж өгсөн нэхэмжлэлд хамаарах баримт нэг бүрийг шинжлэн судлахад:
- гэмтлийн улмаас 2018 оны 07 сарын 09-нөөс 2018 оны 07 сарын 20-ны өдөр хүртэл нийт 18 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмчилгээ үйлчилгээний зардалд 1.104.616 төгрөг зарцуулсан талаар хэргийн 61 дүгээр талд авагдсан өвчний түүх баримтад тэмдэглэгдсэн,
- 2018 оны 07 сарын 27-ны өдрөөс хойшхи хугацаанд гадуур авч хэрэглэсэн эм тариа, эмнэлгийн туслах хэрэгслийн /суга өргөгч/ үнэ зэрэг баримттай зардлын дүн 260.800 төгрөг /хэргийн 92-97х/,
- 2018 оны 7, 8, 9 дүгээр саруудад ажилгүй, өвчтэй байсан хугацааны цалин, листны зөрүү 2.516.000 төгрөг,
- осолд орох үед зүүж явсан, Time shop дэлгүүрээс 2018 оны 05 сарын 28-ны өдөр худалдан авсан, цагны үнэ 430.000 төгрөг /худалдан авсан гэх дэлгүүрийн баталгааны хуудас баримттай/
- зам тээврийн ослын улмаас хохирогчийн жолоодон явсан 014368 арлын дугаар бүхий Kawasaki Z1000SX маркийн мотоциклийн техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон шууд болон шууд бус хохирлын үнэлгээ 990.000 төгрөг, нийт баримт бүхий 5.301.416 /таван сая гурван зуун нэг мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөгийн шаардлага хангагдах үндэслэлтэй гэж дүгнэснээс мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Бгийн төлсөн 1.000.000 төгрөг, иргэний хариуцагч Б.Бийн төлсөн 3.000.000 төгрөгийг тус тус хасч тооцсон үлдэгдэл 1.301.416 төгрөгийг хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй байна.
Хохирогч, түүний өмгөөлөгч нараас ослын улмаас эвдэрсэн гэх мотоцикль нь Монгол улсад ганц байдаг, түүнийг 8.000.000 төгрөгөөр бусдаас худалдан аваад удаагүй байсан, сэлбэг хэрэгсэл нь олдоц муутай хэмээн тайлбарлаж мотоциклийг худалдан авсан үнэ 8.000.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилнэ гэх боловч хэрэгт энэ талаар хэрэгт тодорхой баримтгүй, хохирогчоос шүүхэд гаргасан Монгол улсын хилээр нэтрүүлэх барааны мэдүүлэг баримтад уг мотоцикль нь 2014 оны 08 сарын 06-ны өдөр Монгол улсад орж ирсэн, моторын багтаамж 1190сс, өнгө хар, бензин хөдөлгүүртэй, мотор цохисон, барааны суурь үнэлгээ 1.608.917 төгрөг гэж тэмдэглэгдсэн байгаагаас өнгөний хувьд зөрүүтэй /хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн зурагт улаан өнгөтэй байна/ байхаас гадна тухайн мотоцикль нь бүхэлдээ ашиглагдах боломжгүй, эвдэрсэн гэх байдлыг тогтоосон баримтгүй учир шүүх эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар нэг мөр шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцээгүй орхисныг дурьдаж, хохирогч Э.Н нь тухайн шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг зааж шийдвэрлэсэн болно.
Дээр дурьдсан үндэслэлээр хохирогчийн эд хөрөнгө буюу мотоциклийн хохирлыг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр буюу хэрэгт авагдсан хөрөнгө, даатгалын хохирлын “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн тогтоосон шууд болон шууд бус зардлын /солих эд ангийн болон засварын ажлын үнэлгээ/ үнэлгээ 990.000 төгрөгөөр тооцсон болохыг, мөн хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал төлбөртэй холбоотой асуудлыг тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг болохыг,
- түүнчлэн хэргийн 95 дугаар талд авагдсан нэртэй 65.000 төгрөгийн орлогын мэдүүлэг баримт, 94 дүгээр талд авагдсан 340.000 төгрөгийн гүйлгээ хийсэн Хаан банкны зарлагын баримт нь хэрхэн юунд зориулагдсан төлбөр тооцооны гүйлгээ болох мэдээлэл тодорхойгүй байх тул хангагдвал зохих хохирлыг тооцоонд оруулаагүй болохыг тус тус тэмдэглэв.
Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 56х/ тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол хор уршгийг тодорхой хэмжээнд нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Бд 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт Б.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 185696 дугаартай эрхийн үнэмлэх баримтыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б.Б-г Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-г 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Б-гаас гэм хорын хохиролд 1.301.416 /нэг сая гурван зуун нэг мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөг гаргуулж хохирогчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 5.664.584 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал төлбөр, эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн Б.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн _________ дугаартай эрхийн үнэмлэх баримтыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохоор шийдвэрлэсүгэй.
6. Энэ хэрэгт Б.Б нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт иргэний хариуцагч нь тус тус шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД