Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 854

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Ц.Батнасан,

шүүгдэгч Ц.Ө, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ц.Өд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..., Ц.Ө.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ө нь 2018 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нэмэх 25 бааранд иргэн Ц.Н-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ө мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Өгийн өгсөн:

“...2018 оны 07-р сарын 27-ноос 28-нд шилжих шөнө модны 2-н +25 бааранд найз Х, А, Ж, А нарын хамт ороод нэг шил 0,75 литр Соёрхол архи аваад талыг нь хувааж уучихаад бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Х нэг танихгүй залууг түлхэхэд уг залуу Хыг цохисон би салгах гээд очиж байхад биерхүү залуу Хыг цохих гээд дайрахаар нь би барьж аваад ширээн дээр дараад 2 удаа нүүр толгой хэсэгт нь цохиход намайг араас миний чих хэсэгт цохиж татаж салгахад бид нар үйлчлүүлж байсан ширээн дээрээ суухад уг залуучууд архи пивоны шил бариад бид нарлуу ирж байхад уг баарны хамгаалагч нар барьж аваад цааш аваад явсан. Тэгэхээр нь бид нар үлдсэн тал шил архиа ууж дуусгачихаад за гаръя явцгаая гээд уг баарнаас гарахад уг баарны үүдэнд өндөр биерхүү халзан толгойтой залуу та нар миний хөмсөг сэтэлчихлээ гээд хөмсөг нь сэтэрсэн байдалтай нэг нэгээрээ үзье гээд орилоод байсан тэгэхэд хамгаалагч нар нь уг залууг бариад авсан тэгхээр нь би цагдаа дуудсан удалгүй цагдаа нар ирж Х, Ж бид 3-г цагдаагийн газар авч ирсэн араас хөмсөг нь сэтэрсэн залуу найзынхаа хамт ирсэн байсан. Би шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг Ц.Нод учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 57, 79-80/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Нын өгсөн:

“...2018 оны 7-р сарын 27-оос 28-нд шилжих шөнө найз Б, Гансэлэм нарын хамт модны хоёрын +25 бааранд ороод нэг шил 0,33 литр архи аваад задлаад нэг нэг стаганд хийгээд 5 грамм орчим уучихаад сууж байхад манай Б гэх найз бүжгийн талбай дээр бүжиглэж байхад нь нэг цэнхэр цамцтай залуу толгой хэсэгт нь нэг удаа цохисон тэгээд манай найз уг цохисон залуутай уулзах гээд очиход хажууд нь байсан найзууд нь тал талаас нь дараад цохихоор нь би салгах гээд очиход цэнхэр цагаан срочикон цамцтай залуу намайг эрүү хэсэгт нэг удаа цохиход би ширээ налж унасан. Би босох гэхэд уг залуу миний толгой руу пивоны шилээр нэг удаа цохисон тэгээд би босоод уг залууг хоёр цохиход араас татаад миний өмсөж байсан цамцаар толгой ороогоод намайг өшиглөж цохисон тухайн үед миний нүүр толгойг цамцаар ороосон байсан болохоор би хэн нь цохисныг сайн харж чадаагүй манай найз намайг салгаж авч гарахад манай найз Гансэлэм гар утсаараа эхнэртэйгээ ярьж байсан тэгээд намайг хараад цагдаа дуудсан уг хүмүүс араас гарч ирсэн удалгүй цагдаа нар ирж уг хүмүүсийг цагдаа нар авч явсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 16-17, 83/,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.А-ы өгсөн:

“...2018 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд би нөхөр Х, А, Ж, Ө нарын хамт модны 2-т байдаг +25 бааранд ороод бид нар нэг шил 0,75 литрийн архи авч талыг нь хувааж уучихаад бүжгийн талбай дээр хүмүүс тойрч бүжиглэж байхаар нь бид нар уг хүмүүстэй хамт тойроод бүжиглэж байхад миний цамцнаас нэг танихгүй туранхай залуу татсан тэгэхээр нь би уг залуугаас холдоод бүжиглэхэд миний араас ирж дахиад миний цамцнаас татаад намайг тэвэрхээр нь манай нөхөр уг туранхай залуугийн гарыг нь түлхээд надаас холдуулсан тэгэхэд уг туранхай залуу манай нөхрийг цохиход манай нөхөр бас уг туранхай залууг цохисон тэгэхэд тал талаас олон хүмүүс ирээд зууралдаад салгасан тухайн үед том биетэй хар цамцтай залуу манай нөхрийг цохиод унагаахдаа уг хар цамцтай залуу манай нөхөртэй хамт унахаар нь хамгаалагч нар манай нөхрийг татсан би хар цамцтай залууг нөхрөөсөө холдуулах гэхэд уг залуугийн аль хэсэгт нь мэдэхгүй миний өвдөгөнд зөөлөн цохигдсон тухайн үед яг хаана нь цохигдсоныг сайн мэдэхгүй байна татаж холдуулах гээд татахад толгой хэсгийг нь өвдгөөрөө цохисон байх уг залууг холуулахад уг залуу миний гараас мултарч пивоны шил бариад ална гээд манай нөхөрлүү дайрсан. Тухайн үед хамгаалагч нар ирж салгаад бид нар ширээн дээрээ очиж суугаад үлдсэн тал шил архиа уух гээд суухад цаанаас уг залуучууд архи пивоны шил бариад бид нарлуу ирж байсан тэгэхэд хамгаалагч нар бариад уг залуучуудыг цааш холдуулсан. Тэгэхэд бид нар гаръя явъя гээд гарахад хамгаалагч нар хамт гарсан. Уг баарнаас гарахад гадна байсан нэг халзан толгойтой цээж нүцгэн залуу би боксчин, миний нүүрийг ийм болгочихлоо надтай та нар нэг нэгээрээ зодолдчих гээд орилж та нарыг явуулахгүй гээд миний цүнхийг булааж аваад хүзүүндээ зүүсэн тэгэхэд хажууд нь байсан уг залуугийн найз нь гэх туранхай залуу манай найзыг гомдолгүй болгочих гэхэд уг баарны хамгаалагч нар нь цагдаа нар ирж байгаа асуудлаа шийд гээд удалгүй цагдаа нар ирж Ө, манай нөхөр Х, Жамаа 3-г аваад явсан би араас нь такси бариад цагдаагийн газар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 41-42/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Жын өгсөн:

“...2018 оны 07-р сарын 27-ноос 28-нд шилжих шөнө би найз Ө, А, Х, А нартай хамт модны 2-т байдаг +25 бааранд ороод бид нар 1 шил 0,75 литрийн архи аваад талыг нь уучихаад бүгдээрээ бүжиглэж байсан. Тэгэхэд Х хүнтэй маргах шиг болсон тэгээд зууралдаад бид нар салгасан тэгээд салгаад эргээд харахад манай найз Ө нэг хар цамцтай залууг цохисон тэгэхээр нь бид нар очиж салгаад Ө уг залуутай хоорондоо зууралдсан бид нар хамгаалагч нартай хамт салгасан. Тэгээд бид нар ширээн дээрээ сууж авсан архиа ууж дуусгаад уг баарнаас гарахад гадаа хэдэн залуучууд явуулахгүй үзье гээд байсан. Хамгаалагч нар нь уг залуучуудыг барьсан тэгээд бид нар цагдаа дуудсан, удалгүй цагдаа нар ирсэн тэгээд цагдаагийн газар ирсэн..” гэх мэдүүлэг /хх-н 48/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Лийн өгсөн:

“...2018 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө манай баарны бүжгийн талбайн баруун талд хүмүүс маргаад байхаар нь Б гэх хамгаалагчтайгаа хамт очиж салгасан. Тэгэхэд нэг махлаг хар цамцтай халзан толгойтой залуугийн хөмсөг сэтэрч хавдсан байсан. ...Тухайн үед халзан толгойтой залууг жижигэвтэр биетэй срочикон цамцтай бор царайтай залуу буйдан дээр унагаагаад 2-3 цохиж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 49-50/, 

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ... тоот:

1. Ц.Н-н биед зүүн дээд зовхинд шарх, доод зовхинд цус хуралт, цээж, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 53/,

 

            Шүүгдэгч Ц.Өгийн хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 58/,

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 60/

            - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 61/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.Ө нь 2018 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хохирогч Ц.Ныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ц.Өгийн “...2018 оны 07-р сарын 27-ноос 28-нд шилжих шөнө ... модны 2-н +25 бааранд найз Х, А, Ж, А нарын хамт ороод нэг шил 0,75 литр Соёрхол архи аваад талыг нь хувааж уучихаад бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Х нэг танихгүй залууг түлхэхэд уг залуу Хыг цохисон би салгах гээд очиж байхад биерхүү залуу Хыг цохих гээд дайрахаар нь би барьж аваад ширээн дээр дараад 2 удаа нүүр толгой хэсэгт нь цохиход намайг араас миний чих хэсэгт цохиж татаж салгахад бид нар үйлчлүүлж байсан ширээн дээрээ суусан. ... Би шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг Ц.Нод учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ц.Нын “...2018 оны 7-р сарын 27-оос 28-нд шилжих шөнө ... бүжгийн талбай дээр бүжиглэж байхад нь нэг цэнхэр цамцтай залуу толгой хэсэгт нь нэг удаа цохисон тэгээд манай найз уг цохисон залуутай уулзах гээх очиход хажууд нь байсан найзууд нь тал талаас нь дараад цохихоор нь би салгах гээд очиход цэнхэр цагаан срочикон цамцтай залуу намайг эрүү хэсэгт нэг удаа цохиход би ширээ налж унасан. Би босох гэхэд уг залуу миний толгой руу пивоны шилээр нэг удаа цохисон тэгээд би босоод уг залууг хоёр цохиход араас татаад миний өмсөж байсан цамцаар толгой ороогоод намайг өшиглөж цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч О.А-ы “...2018 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд би нөхөр Х, А, Ж, Ө нарын хамт модны 2-т байдаг +25 бааранд ороод бид нар нэг шил 0,75 литрийн архи авч талыг нь хувааж уучихаад бүжгийн талбай дээр хүмүүс тойрч бүжиглэж байхаар нь бид нар уг хүмүүстэй хамт тойроод бүжиглэж байхад миний цамцнаас нэг танихгүй туранхай залуу татсан тэгэхээр нь би уг залуугаас холдоод бүжиглэхэд миний араас ирж дахиад миний цамцнаас татаад намайг тэвэрхээр нь манай нөхөр уг туранхай залуугийн гарыг нь түлхээд надаас холдуулсан тэгэхэд уг туранхай залуу манай нөхрийг цохиход манай нөхөр бас уг туранхай залууг цохисон тэгэхэд тал талаас олон хүмүүс ирээд зууралдаад салгасан тухайн үед том биетэй хар цамцтай залуу манай нөхрийг цохиод унагаахдаа уг хар цамцтай залуу манай нөхөртэй хамт унахаар нь хамгаалагч нар манай нөхрийг татсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Жын “...2018 оны 07-р сарын 27-ноос 28-нд шилжих шөнө ... Х хүнтэй маргах шиг болсон тэгээд зууралдаад бид нар салгасан тэгээд салгаад эргээд харахад манай найз Ө нэг хар цамцтай залууг цохисон тэгэхээр нь бид нар очиж салгаад Ө уг залуутай хоорондоо зууралдсан бид нар хамгаалагч нартай хамт салгасан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.Лийн “...2018 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө манай баарны бүжгийн талбайн баруун талд хүмүүс маргаж байхаар нь Б гэх хамгаалагчтайгаа хамт очиж салгасан. Тэгэхэд нэг махлаг хар цамцтай халзан толгойтой залуугийн хөмсөг сэтэрч хавдсан байсан. ...Тухайн үед халзан толгойтой залууг жижигэвтэр биетэй срочикон цамцтай бор царайтай залуу буйдан дээр унагаагаад 2-3 цохиж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 9354 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Өд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ц.Өг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

 

Хохирлын талаар

   Хавтаст хэрэгт хохирогч Ц.Н “...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 16-17, 83/ өгсөн байх тул шүүгдэгч Ц.Өг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Ц.Өд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн хор уршигийн хэмжээ, хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Өд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Ө нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц.Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Өд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Өгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ