Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 14

 

Ч.У-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 469 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1113 дугаар магадлалтай, Ч.У-д холбогдох 1911 00367 0843 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б овогт Ч.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.У-с хохирогч Н.Т, Б.З нарт тус бүр 1.469.360 төгрөг, хохирогч Г.М-д 7.917.000 төгрөгийн төлбөрт шүүгдэгчийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дугаар дансанд байршуулсан 5.000.000 төгрөгөөс хохирогч хохирогч Н.Т, В.З нарт тус бүр 1.469.360 төгрөг, хохирогч Г.М-д 2.061.280 олгож үлдэгдэл 5.855.720 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Г.М-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Төгсгэрэл гаргасан гомдолдоо “...Шүүгдэгч Ч.У нь бусдыг залилан мэхэлж 19.564.815 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох заалтыг буруу хэрэглэж хууль зөрчсөн.

Шүүгдэгч Ч.У нь 1962 онд төрсөн 58 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг... Тавин таван наснаас дээш насны эмэгтэй хүнд оногдуулахгүй” гэж заасан заалтыг зөрчиж оногдуулж болохгүй ялыг шүүгдэгч Ч.У-д оногдуулсан гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн энэ алдааг засаж зөвтгөн шүүгдэгч Ч.У-д хорихоос өөр төрлийн ял болох торгох ял оногдуулж өгөхийг хүсэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.

Мөн гэмт хэргийн улмаас хохирогч Г.М, Н.Т, Б.З нарт учирсан хохирлын тооцоог хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэн үнэн зөв бодитой тогтоож чадаагүй мөрдөгч болон прокурорын алдааг шүүх улам будлиулан шийдвэрлэснийг засаж зөвтгөнө гэж хандсан.

Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг анхааран үзэж засаж залруулна гэдэгт итгэж байсан боловч шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосноор барахгүй буруу тооцсон хохирлын тооцооны алдааг засаж чадаагүй учир эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Үүнд:

1. Хохирогч Г.М-д 7.917.000 төгрөгийн хохирол учруулснаас 2019 оны 11 сарын 5-ны өдөр 3.000.000 төгрөгийг хамаатны ах Б.Ц-д шилжүүлгээр өгсөн баримт /хх 183/ байхад шүүх энэ мөнгийг хасаж тооцолгүй бүх хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна. Хохирогч Г.М-д төлөх хохирлоос дээрх төлсөн 3.000.000 төгрөгийг хасаад үлдсэн 4.917.000 төгрөгөөр одоо төлөх хохирлыг тооцож төлүүлэх нь зүйтэй байсан гэж үзэж байна.

2. Хохирогч Н.Т-д нийт 3.969.000 төгрөгийн хохирол учруулсан хавтаст хэрэгт 1.500.000 төгрөгийг өгсөн нотлох баримт /хх 126/ байгаа бөгөөд хохирогч Н.Т  хавтаст хэрэгтэй танилцаад үлдэх 1.200.000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн байхад /хх 139/ шүүх түүнд төлөх хохирлыг 1.469.360 төгрөг төлүүлэх гэж шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 4 дэх заалтад заасныг буруу тооцсон гэж үзэж байна. Шүүх хохирлын тооцоог нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэвэл хохирогч Н.Т д 969.000 төгрөгийг төлүүлэх ёстой юм. Бүр болохгүй бол түүний хавтаст хэрэгтэй танилцаад нэхэмжилнэ гэсэн 1.200.000 төгрөгийг төлүүлэхгүй илүү мөнгийг шүүх нэмж гаргуулаад байгаа нь ойлгомжгүй байна.

3. Хохирогч Б.З д 3.969.000 төгрөгийн хохирол учруулснаас 3.000.000 төгрөгийг авсан гэж /хх 24/ мэдүүлсэн байна. Бас хавтаст хэргийн126-р талд 2019 оны 9 сарын 7-ны өдөр 1.500.000 төгрөгийг авсан баримт бас илүү мөнгө авсан учир хохиролгүй болсон баймаар. Хохирогч Б.З  /хх 141/ талд мэдүүлэхдээ 1.000.000 төгрөг дутуу гэж мэдүүлсэн байна. Бас хохирогч Б.З  хавтаст хэрэгтэй танилцаад /хх 142/ талд 1.200.000 төгрөгөө нэхнэ гэсэн байна. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч Б.З д 1.469.360 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хохирлын тооцоог үндэслэлгүй буруу тооцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Хохирлын тооцоог хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэвэл /учруулсан хохирол 3.969.000-3.000.000 төлсөн/ хасаад үлдэх 969.000 төгрөгийг төлүүлэх нь зөв баймаар юм.

Хохирогч нарт учирсан хохирлын тооцооны хувьд хохирогч Г.М д 4.917.000 төгрөг, хохирогч Н.Т д 969.000 төгрөг, хохирогч Б.З д 969.000 төгрөг нийт 6.855.000 төгрөг төлүүлэхээс шүүхийн тамгын газрын дансанд тушаасан

5.000.000 төгрөгийг хасаад үлдэх 1.855.000 төгрөгийг төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Дээрхи хохирогч нар бүгдээрээ хамаатан хүмүүс бөгөөд хохирогч Б.Ц  зохион байгуулж мөнгийг авч Ч.У т дамжуулан өгч байсан учир шүүгдэгч Ч.У  хохирлын мөнгийг түүний дансанд шилжүүлэн өгч байсныг мөрдөн байцаалтын шатанд хангалттай шалгаж тогтоож чадаагүй бөгөөд прокурор яллах дүгнэлтийн хавсралтанд үндэслэлгүй тооцоо хийж алдаа гаргасныг шүүгч хавтаст хэргээ сайн уншиж хохирлын тооцоог үнэн зөв бодитой тооцон гаргаж чадалгүй хэргийг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүх засаж чадсангүй гэж үзэж байна.

Дөрвөн хохирогчтой хэргийн гурван хохирогчийн тооцоог нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэж чадахгүй байгаа мөрдөгч, прокурор, шүүгч нарын ажилдаа хандаж байгаа хандлага хүний хувь заяаг шийдвэрлэж байгаа байдал үнэхээр харамсалтай байгааг энэ хэрэг нотлон харуулж байна.

Хавтаст хэргээ сайн уншихгүй, холбогдох хуулийн заалтыг сайтар анзаарч харахгүй хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа байдлаа хойшид анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Ийм учраас давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хохирогч нарт учирсан хохирлын тооцоог бүрэн хийж чадаагүй зэрэг анхан шатны шүүхийн алдааг засаж чадаагүй учир 1113 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хяналтын шатны шүүх хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэн Эрүүгийн хуулийн заалтыг зөв хэрэглэн шүүгдэгч Ч.У ийн сан хариуцан төлөх төлбөрийн тооцоог зөвтгөн хуульд заасан хөнгөн ял оногдуулж өгнө гэдэгт итгэж байна.

Шүүгдэгч Ч.У  үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо бараг төлж барагдуулсан, үлдэх хохирлоо төлж барагдуулахаа амалж байгаа, гэмт хэргийг тохиолдлын байдлаар үйлдсэн, гэмт хэрэгт хохирогч нарын буруутай байдал нөлөөлсөн, өөрөө өндөр насны тэтгэвэрт байдаг зэргийг хөнгөрүүлэн үзэхийг хүсэж байна” гэжээ.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ч.У т холбогдох хэрэгт давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Иймд магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Төгсгэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн Ч.У т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасан “...хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд  Ч.У ийг 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд “ногоон паспорт гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан иргэн Г.М , Н.Т , Б.З , Б.Ц  нарт нийт 19.564.815 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.У ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-д “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй” гэж заасныг зөрчиж, шүүгдэгчийн нас, хувийн байдал зэргийг харгалзан үзэлгүйгээр шүүгдэгч Ч.У т 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байхыг ойлгоно.

Иймд дээрх хуулийн шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Төгсгэрэлийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ шүүх хуралдааны явцад нотлогдон тогтоогдсон байх учиртай бөгөөд энэхүү нөхцөл байдал нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ялыг оногдуулахад чухал ач  холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн объектив талын шинжид хамаарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, түүнийг нөхөн төлж барагдуулсан эсэх нь гэмт хэргийн нийгмийн аюулын түвшинг багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлыг эерэг болон сөргөөр үнэлэх, ялын бодлогод шууд нөлөөлдөг тул уг нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосон байвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1113 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Төгсгэрэлийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                          ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН