Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 0006

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай    

         Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бүрнээ даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Булган сумын иргэн П.Өлзийсайханы нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Булган сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох

            “Булган сумын Жаргалант багийн 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ИНХ-ын тогтоолыг хүчингүй болгуулж, тухайн хурлыг удирдсан БИНХ-ын дарга Д.Нэргүйн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Жаргалант багийн ИНХ-ыг дахин хуралдуулахыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий 158/2017/0003/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Өлзийсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч П.Өлзийсайханаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Булган аймгийн Булган сумын 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болсон иргэдийн Нийтийн Хурлаар  Жаргалант багийн Засаг даргыг сонгох хуралдааныг доорхи үндэслэлээр хууль бус хуралдаан болсон гэж үзэж байна.

     Багийн хурал нь 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байсан боловч тодорхойгүй хойшлогдож 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдахаар болсон боловч хуульд заасан тодорхой хугацааны өмнө зарлаж хуралдалгүй хууль зөрчин /Монгол Улсын нэгжийн тухай хуулинд заасанчлан багийн иргэдийн Нийтийн Хурлын тов нь 15 хоногийн өмнө зарлагдсан байх ёстой атал/ гэнэт 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хурал болсон. Миний бие Пүрэвсүрэн овогтой Өлзийсайхан нь энэ хуралд иргэний үүргээ биелүүлж оролцон багийн Засаг даргад нэрээ дэвшүүлсэн боловч бичиг баримтын бүрдэл дутуу хэмээн хуулиа барьж байна гээд хассан. Хэрэв хуулиараа бичиг баримт бүрдүүлэх нь иргэний үүрэг байсан байгаад хасагдаж байгаа юм бол иргэдийн Нийтийн Хурал маань хуулиа мөрдөж товлосон хугацаандаа хуралдаж иргэн би 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр болох хурлаас өмнө бичиг баримтаа бүрдүүлэх боломжтой байсан.

   Энэ үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэг /хүний эрх, эрх чөлөө/ сонгох сонгогдох эрх, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, бусад журмыг зөрчлөө.

      Дээрх хуулийн үндэслэл хангагдаагүй бөгөөд Хурал анхнаасаа ямар ч дотоод журмын дагуу явагдаагүй. Мөн өмнөх Засаг дарга Б.Ууганбаяр нь өөрийн ажлын тайланг иргэдэд тайлагнан тавиагүй, хурал үл хүндэтгэн зөвшөөрөлгүй микрофон авч нэр дэвшигч Б.Солонгоог дэмж хэмээн иргэдийг сэтгэл санааг өөрчлөхийг завдсан. Мөн Булган сумын Засаг даргын орлогч М.Ариунболд бид одоо хурлаа хийх ёстой. Ахин хуралдах цаг байхгүй хэмээн иргэдэд тайлбарласан. Үүгээр үл барам тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга З.Батбагана гэх хүн хууль бус хурал явагдаж байгааг мэдсээр байж иргэдтэй гар барин хөөрөг зөрүүлэн иргэдийн сонголтонд нөлөөлөн улмаар иргэд багийн иргэдийн Нийтийн Хурлыг хууль бус болж буйг эсэргүүцэн удаан маргалдсаны эцэст хурлыг орхин гарсан болно. Гэтэл иргэдийн ирц хүрэх эсэх нь мэдэгдэхгүй байхад хүчээр Б.Солонго гэх хүнийг баталсан байна

      Нэхэмжлэгч П.Өлзийсайхан шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие Пүрэвсүрэн овогтой Өлзийсайхан Булган аймгийн Булган сумын Жаргалант багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулсан нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авна уу ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх..” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Булган сумын иргэн П.Өлзийсайханы Булган сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал шүүхийн зардлыг нөхөн төлнө”, 50 дугаар зүйлийн 50.5-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, энэ хуулийн 50.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн сангийн 041400941 дугаарын дансанд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Төрийн банкинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Булган сумын иргэн П.Өлзийсайханы нэхэмжлэлээсээ  татгалзсаныг баталж, тус сумын Жаргалант багийн иргэдийн Нийтийн хуралд холбогдуулан “Булган сумын Жаргалант багийн 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ИНХ-ын тогтоолыг хүчингүй болгуулж, тухайн хурлыг удирдсан БИНХ-ын дарга Д.Нэргүйн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Жаргалант багийн ИНХ-ыг дахин хуралдуулахыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2017/0003/3 дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн сангийн 041400941 дугаарын дансанд дансанд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Төрийн банкинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах болон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

       4. Захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Булганчимэгт даалгасугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БҮРНЭЭ