Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2018/0632/З |
Дугаар | 221/МА2019/0258 |
Огноо | 2019-05-09 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2019/0258
Ц.Н-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Ц.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, өмгөөлөгч Л.Б, З.Сүхбаатар нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0168 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу Ц.Нийн нэхэмжлэлтэй, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0168 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 25 дугаар зүйлийн 25.1.2, 26, 27 дугаар зүйлийн 27.5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т тус тус заасныг баримтлан Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 211 дүгээр тушаалыг хүчингүй болгож, тус газрын Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалд нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай /2017 он/ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 57 дугаар зүйлийн 57.2.2, 57.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Нийн ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэмэгдэлтэй тэнцэх хэмжээний 16,939,194.6 төгрөгийн нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2013 оны 486 дугаар захирамжаар батлагдсан “Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журам”-ын 10.4-т зааснаар “Хэлтэс тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлтсийн даргаар батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулах...” дотоод ажлын журамтай байна. Гэтэл Гадаад харилцааны хэлтэс 2013, 2014, 2015, 2016 оны жил жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлангаа Улсын Их Хурлын Тамгын газрын архивт шилжүүлээгүй байсан. Энэ нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.6-д “Хэлтэс үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, нэгжийн үйл ажиллагааны хагас жилийн тайланг харъяалах Нарийн бичгийн даргаар хянуулан жил бүрийн 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор, бүтэн жилийн тайланг 12 дугаар сарын 15-ны дотор хүлээлгэн өгөх...” гэсэн, мөн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2014 оны 599 дүгээр захирамжаар батлагдсан “Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газрын архивын ажлын заавар”-ын 3.2.10-т “Байнгын хорооны болон Тамгын газар, түүний хэлтэс алба, ажилтны жилийн ажлын төлөвлөгөө, тайлан, гүйцэтгэл, биелэлтийн мэдээг дараа оны 1 дүгээр улиралд” архивт хүлээлгэн өгөх журмыг тус тус зөрчсөн байна. Гадаад харилцааны хэлтсийн жил, жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан архивлагдаагүй байгаа нь тус хэлтсийн үндсэн чиг үүргийн хэрэгжилтийг үнэлэх, дүгнэх дотоод аудитын үйл ажиллагаанд ихээхэн хүндрэл учруулсан болно. Гэвч Улсын Их Хурлын Тамгын газрын 2013-2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан болон Тамгын газрын төсвийн шууд захирагчаас Тамгын газрын нэгжийн менежерүүдтэй байгуулсан үр дүнгийн гэрээ, түүний биелэлтийг дүгнэх илтгэх хуудас зэрэгтэй танилцаж дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд: 1/ Гадаад харилцааны хэлтэс нь батлагдсан “чиг үүрэг”-ийн хүрээнд 10 үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах байтал дээрх төлөвлөгөө, гэрээнд 2 чиг үүрэгт хамаарах 5 ажил үйлчилгээ тусгагдаж, үлдэх 8 үндсэн чиг үүргийн хүрээнд хийх ажлууд нь огт тусгагдаагүй орхигдсон байна. Тамгын газрын төлөвлөгөөнд туссан 2 үндсэн чиг үүргийн хүрээнд хийх 5 ажил үйлчилгээний биелэлтийг тооцож үзэхэд эхний чиг үүрэгт хамаарах 4 ажил үйлчилгээ нь тодорхой хэмжээнд хэрэгжиж, хоёр дахь чиг үүрэгт хамаарах ажил үйлчилгээний хүрээнд юу хийсэн нь тодорхойгүй, харин эхний чиг үүрэгт хамаарах 4 ажил үйлчилгээний хэрэгжилтийг давхардуулан хуулбарлаж тайлагнасан байна. Мөн тус хэлтсийн хэрэгжүүлэх 8 үндсэн чиг үүргийн хүрээнд хийгдсэн гэх ажил хаана ч тусгагдаагүй. Дээрх төлөвлөгөө, гэрээнд тус хэлтсийн гүйцэтгэх ажил үйлчилгээг 2013-2016 онуудад яг ижил үг утгаар төлөвлөгдөж, тайлагнасан байна. Иймд тус хэлтэс чиг үүргээ бүрэн хэрэгжүүлсэн гэх үндэслэлгүй.
2/ Тус хэлтсийн төлөвлөгөөт ажлын биелэлт, гэрээний хэрэгжилтийг дүгнэх ажилд бодитой, ажил хэрэгч байдлаар ханддаггүй, дотоод хяналт сул, менежерийн хяналтын үр ашиггүй байдал харагдаж байна. 3/ “Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын хөдөлмөрийн дотоод журам”-ын 10.4-т ажилтнууд ажлаа улирал, хагас, бүтэн жилээр төлөвлөнө” гэсэн заалт хэрэгжээгүй. Жилдээ нэг удаа Улсын Их Хурлын Тамгын газраас нэгжийн менежертэй хийдэг үр дүнгийн гэрээ байгуулах ажлын хүрээнд л ажилтнуудтайгаа гэрээ байгуулдаг, жилийн гэрээнд туссан ажлынхаа явц, үр дүнг сар, улиралдаа хэрхэн хэрэгжүүлж, ямар үр дүнд хүрч байгаагаа тухай бүр тооцдоггүй, дүгнэж үздэггүй, ажилтнуудаа сар, улирлын төлөвлөгөөтэй ажиллуулах хөдөлмөрийн дотоод журмыг хэрэгжүүлээгүй байна. Дотоод аудиторын зүгээс тус хэлтэст 2 тухайлсан зөвлөмжийг 2013 онд өгсөн ба үүнтэй холбоотой ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар 2014 оны тайланд тусгаагүй. Үүнээс харахад дотоод ажил хангалтгүй явагдаж байсан гэх дүгнэлтэд хүрч байна. Үүнд үр дүнгийн гэрээний биелэлтээр үнэлгээ авч дүгнэгдэж байсан ямар ч хамааралгүй зүйл. Гадаад харилцааны хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтын 4-т “Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, Тамгын газрын дүрэм, журмын хэрэгжилтийг хангах”, 4.3-т “Хэлтсийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон тайлан, бусад баримт бичгийг боловсруулж мөрдүүлэх” гэсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлж байсан нь харагдаж байна гэж дотоод аудитын албанаас дүгнэсэн байдаг. Энэ нь нэхэмжлэгч Ц.Н-ийн ажил албан тушаалаа эрхэлж байсан үеийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд гарсан дүгнэлт юм. Шүүхийн шийдвэрт холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт орж, албан ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан ажлын байрны тодорхойлолт, шалгуур үзүүлэлтэд өөрчлөлт орсныг албан тушаал бууруулахад хамаатуулан авч үзэж дүгнэсэн нь буруу. Гаргасан шүүхийн шийдвэртэй танилцахад шүүх хуралдааны явцад хангалттай үндэслэлийг тайлбарлаж, нотлох баримтыг шинжлэн судлуулсаар байтал огт харгалзан үзэлгүй илт нэг талыг барьж гаргасан шийдвэр гэж үзэхээр байна. Энэ нь шүүх хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлээр нотлогдоно. Улсын Их Хурлын Тамгын газрын нэгжийн үйл ажиллагаанд 2017 онд гүйцэтгэлийн аудит хийх ажлын төлөвлөгөө батлагдсаны дагуу холбогдох албан тушаалтны удирдамжаар хийгдсэн байна. ...Гадаад харилцааны хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн гүйцэтгэлийн аудитын дүгнэлтийг Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалд 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр томилогдсон Ц.Н-т танилцуулж, сонсох ажиллагаа хийсэн бөгөөд уг хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зуруулсаар байтал сонсох ажиллагаа хийгдээгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Тэрээр уг өдрөө Дотоод аудитын тайлантай бүрэн танилцаж, хуулбарлан авсан байгаа. Энэхүү өдөр түүнд албан ажлын үнэмлэхийг олгож, хурууны хээг бүртгэлд оруулсан. Ц.Н нэгэнт ажил, албан тушаалд томилогдсон тул түүний ажиллаж байх хугацаанд нь хийсэн дотоод аудитын дүгнэлтийг танилцуулах нь захиргааны байгууллагын үүрэг. Дотоод аудитын дүгнэлтийг үндэслэн Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулсан. Шүүгч Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын тайланг үнэлж үзээгүйгээр барахгүй гүйцэтгэлийн аудит хийсэн холбогдох албан тушаалтныг гэрчээр оролцуулах хүсэлтийг гаргасаар байхад нэгэнт тайлан ирж, нотлох баримт хангалттай гэж үзэж, хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон мөртлөө Гадаад харилцааны хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн аудитын тайланг огт харгалзан үзэлгүй шийдвэрлэсэнтэй санал нийлэхгүй байна. ...Улсын Их Хурлын 2013-2016 оны гадаад арга хэмжээний төсвийн зарцуулалтын байдалд хийсэн хэсэгчилсэн аудитын дүнгээс харахад “Төсвийн тухай хууль”-ийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, мөн хуулийн 6.4.4-т “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох” гэсэн төсвийн зарчмыг хангалтгүй хэрэгжүүлсэн байна. Гадаад харилцааны хэлтсийн шинжээч Ц.Н-т ажиллах өрөө тасалгаа, компьютер, ширээ сандлыг гаргаж өгсөн боловч ажил хүлээлцээгүйгээр барахгүй удаан хугацаагаар цалинтай чөлөө авах хүсэлтийг томилогдсон өдрөө гаргасан. Анхан шатны шүүх хуралдааны явцад хэрэгт ач холбогдол бүхий Ц.Н-ийн удаан хугацаагаар цалинтай чөлөө хүссэн өргөдлийг хариуцагчийн өмгөөлөгчөөс нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүгч огт харгалзан үзэлгүйгээр шийдвэр гаргасан нь хэргийг үнэн зөв шударгаар шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Ц.Н-ийг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр Захиргааны санаачилгаар албан тушаал бууруулсан нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулна.” гэсэн заалт огт хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд захиргааны санаачилгаар албан тушаал бууруулсныг сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Гадаад харилцааны хэлтсийн шинжээч Ц.Н-ийг албан тушаал бууруулсан болохоос түүнийг ажил, албан тушаалаас чөлөөлсөн, халсан зүйл байхгүй бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газраас 2018 оны 5-р сарын 07-ны өдрийн 15/774, 6-р сарын 08-ны өдрийн 15/991, 11-р сарын 19-ний өдрийн 15/1874 дүгээр албан бичгээр төрийн ажил үүргийг цалгардуулахгүйгээр албан үүргээ гүйцэтгэж, энэ хугацаандаа гомдлоо шийдвэрлүүлэхийг удаа дараа мэдэгдсэн. Ц.Н нь 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс хойш огт ажил хийгээгүй бөгөөд ар гэрийн гачигдлын улмаас 3 сарын цалинтай чөлөө олгож өгөх хүсэлт гаргасныг Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу 1 сарын цалинтай чөлөө олгосон. Иймээс Ц.Н нь шинжээчийн албан тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Түүний чөлөөний хугацаа дуусаагүй байхад чөлөө хүссэн шалтгаан нөхцөл арилсан байхад ажилдаа ороогүй. Ц.Н-ийг ажлаас халаагүй, цалин хөлс олгохгүй байх талаар ямар нэгэн шийдвэрийг байгууллагаас гаргаагүй. Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалд заавал Ц.Н гэдэг хүнийг ажиллуулна гэсэн заалт байхгүй билээ. Энэ хүн ямар нэгэн ажил төрөл хийлгүйгээр зүгээр сууж байгаад цалин авах сонирхол давамгайлсан нь түүний удаа дараагийн үйлдэл харуулж байна. Өөрөөр хэлбэл албан тушаалаа хэрэгжүүлсэн тохиолдолд ажлын цагийн бүртгэлийг үндэслэн цалин, хөлсийг аль ч байгууллага олгодог. Гэтэл албан үүргээ огт хэрэгжүүлээгүй, хуруугаар бүртгүүлээгүй мөртлөө цалин хөлс авна гэж нэхэх нь шударга ёсонд нийцэхгүй байна. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй. Хэдийгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 211 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөх бичилт хийхийг даалгах” гэж тодорхойлсон ч шүүхээс Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь нэхэмжлэгч Ц.Н нь албан тушаал бууруулах захирамжийг өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, зөрчиж байна гэж үзвэл Гадаад харилцааны хэлтсийн шинжээчийн албан тушаал дээрээ ажиллангаа шүүхэд нэхэмжлэл гарган маргаанаа шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан. Үүнтэй холбоотойгоор түүний нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хэмжээ, хязгаар, хүрээ яригдах учиртай. Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй. Албан тушаалаас бууруулах тухай харилцаа бол энэхүү хэргийн тухайд зөвхөн Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах төрийн жинхэнэ албан хаагчид үйлчлэх онцлог харилцаа. Эндээс дүгнэвэл, ажлаас үндэслэлгүй халагдсан /чөлөөлөгдсөн/ тохиолдолд л ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох хуулийн заалттай бөгөөд Ц.Н-ийн хувьд ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж үзнэ. Мөн Ц.Нийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын 2, 3 дахь шаардлага ч өмнө дурдсанчлан түүний нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх шаардлагатай хамтад нь авч үзэх харилцаа юм. Шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан бөгөөд Ц.Нийг ажлаас буруу халаагүй, өөр ажилд шилжүүлээгүй тул түүнд Хөдөлмөрийн хуулийн 69.1-д заасан олговрыг олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын 2, 3 дахь шаардлага ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэдэгт хамаарна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Ц.Н нь Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад холбогдуулан “Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 211 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзнэ.
Тодруулбал,
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 211 дүгээр захирамжаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2.2, Дотоод аудитын албанаас Гадаад харилцааны хэлтсийн 2013-2016 оны үйл ажиллагаанд хийсэн гүйцэтгэлийн аудитын дүгнэлтийг тус тус баримтлан, “ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Н-ийн албан тушаалыг бууруулж, Гадаад харилцааны хэлтсийн шинжээчээр томилжээ.
Төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, төрийн албанаас чөлөөлөх, албан тушаал бууруулах харилцааг Төрийн албаны тухай хуулиар зохицуулдаг бөгөөд уг хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэдгийг төрийн жинхэнэ албан хаагч ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно.
УИХ-ын Тамгын газрын Дотоод аудитын албанаас Гадаад харилцааны хэлтсийн үйл ажиллагаанд гүйцэтгэлийн аудит хийж 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гаргасан ажлын тайланд уг хэлтсийн 2013-2016 оны дотоод үйл ажиллагаа хангалтгүй болохыг тогтоож хэд хэдэн зөрчил дутагдал илрүүлсэн байх ба хэдийгээр төсвийн шууд захирагчтай менежерийн хувьд Ц.Н-ийн байгуулсан Үр дүнгийн гэрээний биелэлт тухайн онуудад хангалттай байсан ч нэгжийн дотоод үйл ажиллагааны хангалтгүй байдал хэлтсийн даргын тухайд “ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” гэх үндэслэлд хамаарч болно.
Гэвч маргаан бүхий энэ тохиолдолд дээрх нөхцөл байдлыг албан тушаал бууруулах үндэслэл болгосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “шударга ёсны” зарчимтай нийцээгүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 193 дугаар захирамжаар Ц.Н-ийг 3 дугаар сарын 22-ны өдрөөс Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалд томилсон боловч ажлыг нь хүлээлцүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл бололцоогоор хангалгүйгээр, төрийн албан хаагчид санал бодлоо илэрхийлж тайлбар, нотлох баримт гаргаж өгөх, маргах боломж олголгүйгээр шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан цаг хугацаанд хийгдсэн Дотоод аудитын албаны дүгнэлтийг үндэслэл болгон 3 дугаар сарын 23-ны өдөр албан тушаал бууруулсаныг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 25 дугаар зүйлийн 25.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т заасныг зөрчсөн, шүүхийн шийдвэрийг дүр үзүүлсэн төдийгөөр биелүүлсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Дотоод аудитын ажлын тайланд дурдсан алдаа дутагдлын талаар дүгнэлт хийх шаардлагагүй бөгөөд хариуцагчийн төлөөлөгчөөс гаргасан “Гадаад харилцааны хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн аудитын тайланг огт харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн” гэх гомдлыг хангах боломжгүй.
Түүнчлэн, хариуцагч талаас “Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 185 дугаар захирамжаар Гадаад харилцааны хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод тавигдсан ур чадварын шаардлагыг өөрчилсөн, маргаан бүхий захирамжид ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа тул гэдэг өгүүлбэр байгаа...” гэж шүүх хуралдаанд тайлбарласан тул шүүхийн шийдвэрт “нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байх хооронд өөрчлөлт орсон, ажиллаж байх хугацаанд мөрдөгдөж байгаагүй зорилт шаардлагуудыг хангаагүй үндэслэлээр буруутгаж албан тушаал бууруулах боломжгүй” гэж дүгнэсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “албан ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан ажлын байрны тодорхойлолт, шалгуур үзүүлэлтэд өөрчлөлт орсныг албан тушаал бууруулахад хамаатуулан авч үзэж дүгнэсэн нь буруу, энэ өөрчлөлт Ц.Н-ийг албан тушаал бууруулах үндэслэл болоогүй байхад шүүх илтэд мушгин гуйвуулж шударга бусаар хэргийг шийдвэрлэсэн” гэх давж заалдах гомдол ойлгомжгүй, үндэслэлгүй байна.
Харин маргаан бүхий захирамж Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасныг баримтлаагүй тул “...түүнийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин тухайн албан тушаал эрхлэх шаардлагыг хангахгүй болсон гэх үндэслэлгүй” гэж, 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэл ногдуулаагүй тул “...сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол...гэх заалтыг харгалзан үзэх боломжтой” гэж тус тус дүгнэсэн шүүхийн дүгнэлт ач холбогдолгүй, энэ талаар дурдсан гомдол үндэстэй ч шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох нөхцөл байдал болж чадахгүй.
Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох” нь шүүхийн эрхэм зорилго бөгөөд төрийн албан хаагчийг захиргааны санаачилгаар ажлаас буруу халсан, өөр ажилд буруу шилжүүлсэн, албан тушаал бууруулсан захиргааны актыг шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд тухайн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс өмнөх нөхцөл байдлыг сэргээн тогтоох үүрэгтэй.
Нөгөөтэйгүүр маргаан бүхий захирамж хүчингүй болсноор Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Ц.Н-ийг ажилд эгүүлэн томилох тухай” 193 дугаар захирамж хүчинтэйд тооцогдох тул “урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах” шаардлагын тухайд “захиргааны актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг дагалдаж гарах нь хууль зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэдгийг тухайн ажилтан ажил албан тушаалаасаа халагдсан, чөлөөлөгдсөн, шилжүүлсэн, бууруулсан зэргээр урьд гүйцэтгэж байсан ажил, албан тушаалаа эрхэлж чадахгүй байгаа нөхцөл байдлыг нэгтгэн ойлгоно.
Иймд хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан “албан тушаалаас бууруулах тухай харилцаа бол энэхүү хэргийн тухайд зөвхөн Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах төрийн жинхэнэ албан хаагчид үйлчлэх онцлог харилцаа, ажлаас үндэслэлгүй халагдсан /чөлөөлөгдсөн/ тохиолдолд л ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох хуультай, Ц.Н-ийг ажлаас буруу халаагүй, өөр ажилд шилжүүлээгүй тул түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д заасан олговрыг олгохоор шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Ц.Н нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.
Анхан шатны шүүхээс тогтоосон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорын үнийн дүнгийн хэмжээний талаар гомдол гараагүй тул давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2-т заасан нөхөн олговрыг хариуцагчаас гэж тодорхойгүй заасныг Улсын Их Хурлын Тамгын газраас гэж ойлгон энэ шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг тэмдэглэх нь зүйтэй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН