Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 832

 

Э.Эрдэнэбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Цогтгэрэл,

Шүүгдэгч Э.Эрдэнэбаярын өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Бямбаа,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 110 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 20 дугаартай, улсын яллагчийн эсэргүүцлээр Э.Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн 201525021665 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Эрдэнэмөнхийн Эрдэнэбаяр, 1980 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрөгч, угсрагч мэргэжилтэй, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 31-51 тоотод оршин суух бүртгэлтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 46-543 тоотод оршин сууж байсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 358 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:ХЖ80040110/;

Э.Эрдэнэбаяр нь 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 1 дүгээр байрны 5 дугаар орцны үүдэнд хамт архи ууж байсан Б.Мөнхнасангийн нүүрэн тус газарт цохиж, түүний бие махбодид гавал тархины гэмтэл учруулан танхайн сэдэлтээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Эрдэнэбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн шүүх: “Э.Эрдэнэбаярт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн хийгээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байх бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнээд:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 443 дугаар магадлалаар “... гэрч С.Мягмарын “жижигхэн биетэй... залуу босч ирээд өндөрдүү биетэй ... залууг зогсож байхад нь ... шанаа орчимд нь нэг удаа цохиод автал нөгөө өндөрдүү биетэй залуу шууд арагшаа шонгийн мод унаж байгаа юм шиг дагзаараа цементэн дээр унасан. ...” /1 хх-73 хуудас/, гэрч Д.Наранлхамын “...жижгэвтэр биетэй ... залуу хажууд зогсож байсан өндөрдүү залууг алгадсан уу, толгой руу нь цохисон уу, нөгөө залуу нь ар дагзаараа арагшаа мод унаж байгаа юм шиг унасан” /1 хх-74 хуудас/, гэрч Б.Сэддоржийн “... Баяраа нь Дональдыг гараараа түс гээд шанаанд нь хүчтэй цохисон, ... шууд л газар унасан” /1 хх 75-76 хуудас/ гэх мэдүүлгүүдэд болон бусад нотлох баримтуудыг үгүйсгэсэн нотлох баримт байгаа бол аль үндэслэлтэй гэж үзсэн нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг дүгнэх гэсэн ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.Эрдэнэбаяр нь хохирогч Б.Мөнхнасангийн нүүрэнд нь цохисны улмаас шинжээчийн дүгнэлтэд дурьдсан гэмтлүүд учраад байгаа юм уу, эсхүл цохиулсны улмаас газар унаад уг гэмтлүүд учраад байгаа эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, энэ талаар нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзлээ.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр”-ийг нарийвчлан тогтоогоогүй байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Зарим гэрч нарын мэдүүлгээр 11 дүгээр хорооллынх мөн, биш гэж маргаснаас таарамжгүй харьцаа үүссэн” гэсэн байхад яллагдагчийн мэдүүлэгт “Дугар өвгөний мөнгө алга болсон асуудлаас таарамжгүй харьцаа үүссэн” гэсэн байх бөгөөд яллах дүгнэлтэд үл ялих зүйлээр шалтагласан гэжээ. Үл ялих зүйлээр шалтагласан гэх ойлголтод ямар асуудал хамаарч байгааг нотлох баримтад үндэслэн зөв тодорхойлох” гэснийг биелүүлээгүй байна.

Энэ талаар прокурор шүүхийн хэлэлцүүлэгт “банди” гэж хэлсний төлөө үл ялих зүйлээр шалтагласан гэж тайлбарласан бөгөөд дээрх нөхцлүүдээс яг аль нь үл ялих зүйлээр шалтаглаж хохирогчийг цохисон болох нь ойлгомжгүй байх бөгөөд шүүх уг яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэв. Иймд дээрх ажиллагааг хийсний эцэст хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэжээ.

Прокурор Г.Цогтгэрэл бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Яллагдагч Э.Эрдэнэбаяр нь Б.Мөнхнасангийн нүүрэн тус газарт цохисны улмаас гавал тархины гэмтэл учруулан санаатай алсан болох нь гэрч С.Мягмарын “...шууд босч ирээд шанаа орчимд нь нэг удаа цохиод автал нөгөө өндөрдүү биетэй залуу нь шууд арагшаа шонгийн мод унаж байгаа юм шиг дагзаараа цементэн дээр унасан...” гэсэн,

Д.Наранлхамын “...залууг алгадсан уу толгой руу нь цохьсон уу, нөгөө залуу нь ар дагзаараа арагшаа мод унаж байгаа юм шиг унасан. ...” гэсэн,

Б.Сэддоржийн “...Дональдыг гараараа “түс” гээд шанаанд нь хүчтэй цохьсон. Тэгтэл Дональд шууд л цохиулаад газарт унасан. ...” гэсэн мэдүүлгүүд болон 1597 тоот шинжээчийн “Б.Мөнхнасангийн цогцост зүүн чамархайны яс, зулайн яс болон суурь руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз хэсгийг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун, зүүн тал бөмбөлгийн чамархайн хэсгийн зөөлөн бүрхүүл доорх голомтлог цус харвалт, хуйхны язралт бүхий гэмтлүүд тогтоогдсон, талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ” гэсэн дүгнэлт зэргээр Э.Эрдэнэбаярын үйлдэл нь хохирогч Б.Мөнхнасангийн биед учирсан үхэлд хүргэх гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой нь хангалттай нотлогдож байх ба дээрх гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хууль сануулж, хуульд заасны дагуу мэдүүлгүүдийг бэхжүүлэн авсан байх тул үнэн зөв гэж үзэж байна.

Анхан шатны шүүх гараар цохиулсны улмаас дээрх гэмтлийг авсан, эсвэл унахдаа авсан зэргийг ялгаж салга гэсэн нь уг хэргийн зүйлчлэлд огт нөлөөлөхгүй, Э.Эрдэнэбаярын цохилтын улмаас Б.Мөнхнасан тархиараа унах үедээ гэмтлүүдийг авснаас нас барсан нь хангалттай тогтоогдсон байхад ингэж ялгаснаар хууль зүйн ямар ач холбогдолтой нь тодорхойгүй, сэдэлт, үйлдэл, шалтгаант холбоо, субъектив санааны хувьд өөрчлөгдөхгүй болно.

Иймд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дахин шинжээч томилох шаардлагагүй, шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж нөхөн гүйцэтгэх боломжтой байна.

2. … Уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн байхад шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр”-ийг нарийвчлан тогтоогоогүй гэсэн үндэслэлдээ яг ямар ажиллагаа хийхийг тодорхой зааж өгөөгүй нь ойлгомжгүй байна. Прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан “...үйлдсэн хэргийн товч агуулга, арга, сэдэлт, санаа, зорилго...” зэргийг дурьдсан ба Эрүүгийн хуульд заасан зүйл тус бүрээр нь хуулийн үг хэллэгээр бичсэн. Улсын яллагчийн зүгээс яллагдагчийн үйлдлийг үл ялих зүйлээр шалтаглан танхайрч алсан гэж үзсэн.

Яллагдагчийн мэдүүлгийг анхан шатны шүүх шууд үнэн бодитой мэтээр үнэлж, бусад гэрч нарын мэдүүлгийг үнэлэхгүйгээр сэдэлтийн хувьд эргэлзээтэй гэж дахин шалгуулахаар нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж байна.

Хэрэв шүүх уг гэмт хэрэг танхайн сэдэлтээр үйлдэгдсэн нь эргэлзээтэй байна гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэж сонсгосон ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байх тул 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 110 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, Э.Эрдэнэбаярт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Бямбаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Хохирогч миний бие шүүх хурлын бүрэлдэхүүнд хандан дараах хэдэн үгийг хэлмээр байна. Үүнд: 1. Миний хүү 2015 оны 9 дүгээр сард хүний гарт харамсалтайгаар амь насаа алдсан. Үүнийг нотлох баримт, гэрч нарын мэдүүлэг, холбогдогчийн мэдүүлэг зэргээр нотлоод байхад хэтэрхий удааж, хохирогч намайг жил гаруй хугацаанд сэтгэлийн дарамтанд байлгаж байгаад туйлын гомдолтой байгаагаа илэрхийлж байна. Өнгөрсөн хугацаанд хуулийн байгууллагынхан шалгаж байна гэх боловч хэтэрхий холбогдогчийн талыг барьж байна гэж хохирогч миний бие үзэж байна. Би хүүгийнхээ амь насаар болон сэтгэл санаа, эд материалаараа хэтэрхий хохирч байгааг надаар хэлүүлэлтгүй эрхэм шүүгч та нар мэдэж байгаа. Миний хүү цэл залуу насандаа хэн нэгний уур хилэнгийн золиос болж, энэ хорвоогоос харамсалтайгаар явсан. Би өрх толгойлсон эмэгтэй, насанд хүрээгүй ганц ач охинтойгоо амьдардаг гэдгийг минь бодолцож үзэх хэрэгтэй. Мөн холбогдогч болон түүний ар гэр, аав, ээж, ах дүүс намайг хэтэрхий дорд үзэж, нэг ёсондоо энэ муу авгай яадаг юм, яаж ч чадахгүй гэсэн байдлаар хандаж, мөрдөн байцаалтын хугацаанд надтай ганц ч уулзаж учраагүй. Ядаж хүний ёсоор уучлалт ч гуйгаагүйд маш их гомдож байна гэдгээ хэлье. Мөн би аргаа барсандаа мөнгө төлж өмгөөлөгч авч чадахгүй байна. Шүүх хуралдаан 3 дахь удаагаа болж байна. Яагаад буцаад, хойшлоод байна гэдгийг би ойлгохгүй байна. Хэрэгтэй, хэрэггүй, үнэн худал шалтаг заагаад байх шиг санагдах юм. … Шүүх эмнэлгийн дүгнэлт тодорхой гарсан. Одоо дахин шинжээч томилно, задлан хийнэ гэж байх шиг байна. Үүнийг хохирогч миний бие хэзээ ч зөвшөөрөхгүй гэдгийг баттай хэлье. Нэг удаа алгадахад хүний биед үхэлд хүрэх гэмтэл үүсэх үү, үгүй юу гэдгийг та нар бодож үз л дээ. Алгадах, цохих гэдэг хоёр үг чинь асар том ялгаатай юм биш үү. Холбогдогч Эрдэнэбаяр нь энэ хоёр үгийн ялгааг дэндүү сайн мэддэг учраас алгадсан гэсэн үгээр хэргийг дуусгахыг завдаж байна. Хүн алчихаад хэдхэн жил болоод гараад ирдэг, алуулсан нь нэг насаараа хохироод өнгөрдөг байдалд шилжиж байх шиг санагдаж байна. Би энэрэнгүй сэтгэлээр хандаж гарсан бодит зардлын хэдэн төгрөгийг л нэхэмжилсэн. Илүү дутуу 20.000.000, 30.000.000 төгрөг нэхээгүй. Харин энэ хүмүүс намайг ингэж дорд үзэж, дээрэлхэх гэж байгаа бол би өөрөөр хандана. Миний хүү архи уудаг танхай балмад зантай хүн биш. Холбогдогч Эрдэнэбаяр урьд нь танхайн хэргээр ял эдэлж байгаад өршөөлөөр суллагдсан. Энэ бол хэргийг хүндрүүлэн үзэх бүрэн үндэслэл гэж үзэж байна. Танхай балмад этгээдүүд цаазын ялгүй болохоор даварч хэдэн жил сууна л биз гэсэн ойлголтоор хандаж биднийг хэтэрхий хохироож, хүний амиар тоглож байна. Эцэст нь хэлэхэд ялын хамгийн дээд хэмжээг өгнө үү гэж хүсч байна” гэв.

Шүүгдэгч Э.Эрдэнэбаярын өмгөөлөгч Д.Пүрэвдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний үйлчлүүлэгч “би алгадсан” гэж хэлээд байхад үүнийг нарийвчлан шалгахгүй байгаа. Урьд нь хохирогч тархины хүнд гэмтэл авч байсан нь гэрчүүдийн мэдүүлгээс харагдана. Хохирогч 10 цагт тархиа бариулах гээд айлын хаалга цохиод зогсож байсан талаар гэрчийн мэдүүлгээс харагддаг. Иймд хохирогчийн нас барсан шалтгаан, миний үйлчлүүлэгчийн үйлдэл хоёрын шууд шалтгаант холбоог мөрдөн байцаалтаар тогтоож өгнө үү. Мөн тухайн гэмт хэрэг хэдэн цагт үйлдэгдсэн бэ гэдгийг нарийн тогтоогоогүй” гэв.

ХЯНАВАЛ:

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангажээ.

Яллах дүгнэлтэд “...Э.Эрдэнэбаяр нь ...Б.Мөнхнасангийн нүүрэн тус газар цохисны улмаас гавал тархины гэмтэл учруулан ...” гэж дүгнэжээ.

Зарим гэрч нарын мэдүүлэгт амь хохирогч Б.Мөнхнасан нь Э.Эрдэнэбаярт цохиулсны улмаас газар савж унасан байх тул тэрээр нүүрэн тус газраа цохиулснаас гавал тархины гэмтэл авсан уу, эсхүл газар савж унаснаас авсан уу гэдэгт дүгнэлт хийж, энэ талаар яллах дүгнэлтэд тодорхой заах нь зүйтэй.

Ингэхдээ амь хохирогч Б.Мөнхнасангийн биед учирсан гэмтлийн талаар дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дүгнэлт гаруулахаар шүүхийн тогтоолд заасан нь үндэслэлгүй бөгөөд харин дүгнэлт гаргасан шинжээчээс мэдүүлэг авах байдлаар амь хохирогч нь тархиндаа цохилтоос гэмтэл авсан уу, цохилтын улмаас газар савж унахдаа гэмтэл авсан эсэх нөхцөл байдлыг тогтоох боломжтой байна.

Зарим гэрч нарын мэдүүлгээр Э.Эрдэнэбаяр, амь хохирогч Б.Мөнхнасан нарын хооронд 11 дүгээр хорооллынх мөн, биш гэж маргасан гэсэн байхад яллагдагчийн мэдүүлэгт Дугар өвгөний мөнгө алга болсон асуудлаас маргалдсан гэсэн байх бөгөөд яллах дүгнэлтэд аль нөхцөл байдлыг нь хамаатуулан үл ялих зүйлээр шалтагласан гэж үзсэн нь тодорхой биш байна.

Иймд үл ялих зүйлээр шалтагласан гэх ойлголтод аль нөхцөл байдал хамаарч байгааг нотлох баримтад үндэслэн зөв тодорхойлж, яллах дүгнэлтэд тодорхой заах.

Э.Эрдэнэбаярт анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан ял сонсгож, яллагдагчаар татаж, улмаар хэргийн зүйлчлэлийг өөрчлөн мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан ял сонсгож, мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулаагүй байна.

Дээрх байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан “Цаазаар авах ялаар шийтгэгдэж болох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд заавал өмгөөлөгч оролцуулах” гэж заасныг зөрчжээ.

Иймд Э.Эрдэнэбаярт хуульд нийцүүлэн ял сонсгож, мэдүүлэг авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.1 дэх хэсэгт заасан “Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрх”-ийг нь тайлбарлах буюу үйлдсэн хэргийнх нь үйл баримтыг тодорхой танилцуулж, түүнээс мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулах нь хуульд нийцэж байна. 

Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр”-ийг нарийвчлан тогтоогоогүй байна гэжээ.

Мөрдөн байцаалтаар “гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр”-ийг тогтоох ажиллагааг хийх шаардлагагүй байх бөгөөд харин хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг үйл баримтыг яллах дүгнэлтэд тодорхой зааж өгөх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан яллах дүгнэлт үйлдэх шаардлагад нийцэхийг дурдаж байна.

Дээрх эргэлзээтэй нөхцөл байдлын талаар болон бусад шаардлагатай байцаан шийтгэх ажиллагаа явуулсны дараа Э.Эрдэнэбаярт холбогдох хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.