Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01004

 

 

 

 

 

 

 

 

        2023         05          15                                        210/МА2023/01004

 

 

 

“Ш” ХХК, “Ш” ХХК-иудын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2023/00417 дугаар шийдвэртэй,

“Ш” ХХК, “Ш” ХХК-иудын нэхэмжлэлтэй, “Ч” ХХК-д холбогдох,

Хамтран ажиллах гэрээний гүйцэтгэлийн баталгаанд шилжүүлсэн 4,500,000 ам доллар, алданги 2,250,000 ам доллар, нийт 6,750,000 ам доллар буюу 19,228,792,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Манай компани 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 1000 км хурдны автозамын төсөл эзэмшигч Ч ХХК, “Шинэ хөгжлийн зам ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр манай компаниуд нийт 60 км хурдны замын ажлыг гүйцэтгэх, баталгаа 4,500,000 ам.долларыг хариуцагч компанийн дансанд байршуулах, замын ажлыг хийж гүйцэтгэсний дараа эргүүлэн авахаар тохиролцсон.

1.2. Манай талаас гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж 4,500,000 ам.долларыг тохирсон хугацаанд шилжүүлсэн. Талууд 4,500,000 ам.долларыг шилжүүлсэн болон хүлээн авсан асуудлаар харилцан маргадаггүй бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр гэрээнд нэмэлт оруулж ...2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө зам барилга угсралтын ажлыг албан ёсоор эхлүүлэх, эхлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэлийн баталгаа 4,500,000 ам.долларыг алдангийн хамт 6,750,000 ам.доллароор буцаан төлөхөөр харилцан тохирсон.

1.3. Ч ХХК нь Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 1000 км хурдны автозамын төслийн ажлыг эхлээгүй, мөн Монгол улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 241 тоот концессын гэрээ цуцлах тухай тогтоол гарч зам барилгын ажил цаашид явагдах боломжгүй болсон. Гэрээнд заасан хугацаа өнгөрч Ч ХХК-ийн замын ажлаа эхлүүлээгүй, үүргээ биелүүлээгүй бөгөөд 4,500,000 ам.долларын алданги 2,250,000 ам.доллар нийт 6,750,000 ам.долларыг буцаан өгөхгүй байна.

1.4. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг нотолсон баримт буюу талуудын хооронд байгуулагдсан гэрээ, гэрээнд орсон нэмэлт өөрчлөлтөөс гадна холбогдох зарим төлбөрийн баримт, төлбөр хүлээн авсан талаарх албан бичгүүдийг тус тус хавсарган өгсөн болно.Нөгөөтэйгүүр Ч ХХК-ийн хувьд манай компаниас 4,5 сая ам.доллар хүлээн авснаа зөвшөөрсөн албан бичгүүд удаа дараа ирүүлсэн бөгөөд нэмэлт гэрээнд алдангид 2,25 сая ам.доллар төлөхөөр зөвшөөрснийг энд жич дурдаж байна.

1.5. Компани нь гадаадын хөрөнгө оруулалттай компани учраас хариуцагч Ч ХХК-ийн хүсэлтээр төлбөр тооцоог гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэсэн. Талууд төлбөр тооцоог үүрэг гүйцэтгүүлэхээр шаардах үеийн ханшаар тооцно гэж гэрээнд заасан учраас нэхэмжлэлийн үнийг 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшаар тооцсон болно. Иймд Ч ХХК-аас 6,750,000 ам.долаар буюу 19,228,792,500 төгрөг гаргуулан Ш ХХК-ийн-д олгуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талын хэлсэн шиг гэрээ хэлэлцээр хийгдсэн гэвч гүйцэтгэлийн баталгаа болох мөнгөн дүн Ч ХХК-д орж ирээгүй. Хариуцагч талаас нэг зүйл дээр маргадаггүй ба 3,500,000,000 төгрөг орж ирсэн. Ам.доллароор орж ирсэн мөнгө бол байхгүй. Гэхдээ манай талаас 3,500,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Нэгт хэрэгт авагдсан итгэмжлэл буюу н.Тунгалаг гэдэг хүн энэхүү нэхэмжлэлийг гаргасан байгаа. Итгэмжлэл дээр нэхэмжлэлийн үнийн дүнг тусгаагүй байдаг ба н.Тунгалаг нь дур мэдэж хэд өндөр үнийн дүнг нэхэмжилсэн.

2.2. Хамтран нэхэмжлэгчээр байсан Ш ХХК-ийн тайлбар мөн хамтран нэхэмжлэлээсээ татгалзсан байдал нь Ш ХХК нь 3,500,000,000 төгрөгийг шилжүүлсэн, Ш ХХК-ийн шилжүүлээгүй гэх ба нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Ш ХХК-аас Ш ХХК-ийн-д шаардах эрх шилжүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Ч ХХК-аас 19,228,792,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш ХХК-ийн-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 96,301,912.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч ХХК-аас 96,301,912.50 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш ХХК-ийн-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гэрч гэх Г.Сэлэнгэ мэдүүлэхдээ гэрээний үүргийн баталгаа 4,500,000 ам долларын 2,5 сая ам долларыг бэлнээр, 2 сая ам долларыг дансаар шилжүүлсэн гэх энэ талаар гэрч асуусан тэмдэглэлд 2,5 сая ам долларыг бэлнээр 2,0 ам долларын дансаар шилжүүлсэн байдаг байхаа гэв. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2,5 сая ам долларыг бэлнээр өгсөн гэж байна та харсан юмуу хажууд нь байсан юм уу гэж асуухад гэрч үйл явдлыгби яг хараагүй гэхдээ тийм үйл явдал болсныг мэдэж байна гэж мэдүүлсэн. Сүүлдээ 2,5 сая ам долларыг банкаар шилжүүлсэн байхаа сайн санахгүй байна гэж мэдүүлэг нь өөрчлөгдсөн байдаг. Гэрч Г.Сэлэнгийн мэдүүлгээс харахад бэлнээр өгсөн гэх 2,5 сая ам долларыг хаана, хэнд, ямар хүмүүс байлцаж өгсөн, мөнгөний ямар баримт үйлдсэн зэрэг нь тодорхойгүйгээс гадна өөрийнх нь мэдүүлэг зөрчилдөөнтэй байна. Үүнээс харахад уг хүн нь бусдын нөлөөнд давтаж худал мэдүүлэг өгч хариуцагчийг үндэслэлгүй төлбөрт унагаж байна. Манай компани гүйцэтгэлийн баталгаа 3,5 тэрбум төгрөгийг Хаан банкны дансаар авсан. Ямар ч доллар болон валют аваагүй. Мөн түүнчлэн 2018 оны 01 сарын 08-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, 2019 оны 06 сарын 03-ны албан тоот нь сүрдүүлгийн нөлөөнд автаж хийсэн үүнийг нотлох баримт хомс учир нь тухайн үед манай компани дээр ирж уулзаад гэрээний загвар дээр хийсэн. Тухайн үед хэл амаараа сүрдүүлж байсан бөгөөд харамсалтай нь бидэнд хүний яриа дуу авианы бичлэг хийх эрх хуулиар байхгүй билээ. Тиймээс уг 2018 оны 01 сарын 08-ны өдрийн хэлцэл нь хууль бус хэлцэл юм.

4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 241 дүгээр тогтоолоор концессын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто замын төслийн Ч ХХК “Ш ХХК-тай байгуулсан концессын гэрээг хууль тогтоомжийн дагуу цуцлахыг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханд даалгажээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/Ш3201/8552 дугаар захирамжаар “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2-т заасныг тус тус баримтлан Ч ХХК нь “Шинэ хөгжлийн зам ХХК-аас Монгол улсын Засгийн газар, Үндэсний Хөгжлийн газарт холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн концессын гэрээг цуцлах тухай 241 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа үргэлжлэх боломжгүй болсон байна гэсэн нь шүүгчийн захирамжийг илтэд гуйвуулан авч үзсэн байна.

Манайх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШЗ2021/8552 дугаар захирамжаар Ч ХХК нь “ШХХК-тай байгуулсан концессын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу цуцлахыг Үндэсний хөгжлийн газрын даргад даалгасан байх бөгөөд энэхүү тогтоол нь захиргааны байгууллагын гадна орших эрх зүйн субъект рүү чиглээгүй, харьяа байгууллагадаа чиглэл хүргүүлсэн акт бөгөөд уг шийдвэр нь захиргааны актад хамаарахгүй гэж дүгнээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.1, 109 дүгээр 109.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл захиргааны актын шинжийг агуулаагүй учир манай компанийн концессийн гэрээ цуцлагдаагүй бөгөөд эрх зүйн доголдолгүй, төслийн үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл хэвийн үргэлжилж байгаа болно.

4.3. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д мөнгөн төлбөрийн үүргийг Монгол улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэгэж заасны дагуу 6,750,000 ам долларыг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр буюу нэхэмжлэл гаргах үеийн ханш 2,848.71 төгрөгөөр тооцож 19,228,792,500 төгрөгийг хариуцагч Ч ХХК-аасгаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-ийн-д олгож шийдвэрлэсэн. Энэ нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1, 218 дугаар зүйлийн 218.1, 218.2 дахь заалтуудыг тус тус зөрчин шийдвэрлэсэн байна. Иргэний хуулийн 217 дугаар зүйлд зааснаар мөнгөн төлбөрийн үүргийг Монгол улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Үүний дагуу барьцааны мөнгө болох 3,5 тэрбум төгрөгийг манай дансанд байршуулсан. Мөн манайд байршуулаагүй ам долларыг байршуулсанд тооцож, валютын ханшийг анх гэрээ байгуулж үүрэг үүсэх үеийн ханшаар бус нэхэмжлэлийн огноогоор тооцож давхар давхар хохироож байгаад гомдолтой байна гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын тайлбарын агуулга:

5.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч компанийн орчуулагч гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэрч нь гэрээ байгуулах болон мөнгө шилжүүлэхэд компанийн хувьцаа эзэмшигч, БНХАУ-ын иргэний орчуулагчаар ажиллаж компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож байсан тул бүх үйл баримтыг мэдэж байгаа юм. Түүний уг үйл баримтын талаар мэдүүлэг өгснийг худал гэж үзэх үндэслэлгүй. Мөн хамтын ажиллагааны гэрээний дагуу нэхэмжлэгч компани гэрээний үүрэг гүйцэтгэлийн баталгаанд 4,500,000 ам.долларыг шилжүүлсэн бөгөөд талууд энэхүү үүрэг гүйцэтгэлийн баталгаа төлбөрийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр хүлээн авснаа баталгаажуулж, гэрээний зүйл болох авто зам, барилгын ажлыг 2018 оны 06 дугаар сарын 31-ний өдөр эхлүүлэх эсэхээс үл хамааран энэ мөнгийг алдангийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон.

Энэхүү гэрээгээр төлбөрийг буцаан төлөхдөө гэрээний 3.4-т зааснаар үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар төлөхөөр тохиролцсоны дагуу тооцоход үндсэн үнийн дүн болон алданги 19,228,792,500 төгрөг болсон. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үнийн дүнг үндэслэл бүхий тогтоосон. Хариуцагч тал үүрэг үүсэх үеийн валютын ханшийн талаарх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан гомдол гаргасан. Үүрэг үеийн ханшийг гэрээ байгуулсан үеэс эхлэн тооцохгүй, харин үүрэг гүйцэтгэх үеийн ханш юм. Нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулахдаа айлган сүрдүүлсэн үйл баримт тогтоогдоогүй. Нэхэмжлэгч компани автозам барилгын ажлыг Монгол улсад хамгийн чанартай гүйцэтгэдэг тул хариуцагч компани нь манай компанитай хамтран ажиллах хүсэл зоригийн хүрээнд хурдны замын ажлыг цаашид гүйцэтгүүлэхээр гэрээнд өөрчлөлт оруулсан.

5.2. Нэхэмжлэгч талаас гэрээний үүрэг биелүүлэх хангалттай хугацаа тогтоосон хэдий ч ажлаа эхлүүлээгүй. Мөн айлган сүрдүүлсэн гэх үйл баримтыг дуу, дүрсний бичлэгээр баталгаажуулах боломжтой байсан бөгөөд бичлэг хийхийг хориглоогүй. Харин хувь хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээлэл тараахыг хориглосон зохицуулалттай. Хэрэв тухайн үед айлган сүрдүүлж гэрээ байгуулсан тохиолдолд эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх эрх нээлттэй байсан. Захиргааны акттай холбоотой асуудал нь нэхэмжлэгч компанид хамааралгүй. Учир нь 2013 онд гэрээ байгуулж шилжүүлсэн мөнгийг 2018 онд тооцоо нийлж, нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулсан. Уг гэрээ хэргийн 12-14 дэх талд авагдсан ба гэрээний 1.1.8-д 2,500,000 ам.долларыг 2018 оны 06 дугаар сарын 31-ний өдөр төлөхөөр, 3.9-д 2,000,000 ам.долларыг мөн өдрийн дотор төлөхөөр, гэрээний 3.10-д 4,500,000 ам.долларыг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги тооцож, энэ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд хүртэл 2,225,000 ам.доллар болохыг тус тус тохиролцсон.

5.3. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ, 3,5 тэрбум төгрөг төлсөн баримт, Ч ХХК-аас ирүүлсэн албан бичиг болон хэргийн 42 дахь талд авагдсан баримтаар нэхэмжлэлийн шаардлага тогтоогдоно. Хариуцагч компани анх 2,500,000 ам.долларыг 30 км автозамын үүрэг гүйцэтгэлийн баталгаанд авсан. Дараагийн албан бичгүүддээ 60 км автозамын ажлыг гүйцэтгүүлнэ гэж бичсэн ба үүгээр 2,500,000 ам.доллар нь 4,500,000 ам.долларын баталгаа болох нь харагддаг. Мөн хариуцагч компаниас ирүүлсэн албан бичигт автозамын 1 км-ыг хэдэн ам.доллараар тооцож үүрэг гүйцэтгэлийн баталгаа авах талаар тусгасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй  бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Ш ХХК-ийн, Ш ХХК-иуд нь хариуцагч Ч ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд шилжүүлсэн 4,500,000 ам.доллар, алданги 2,250,000 ам.доллар нийт 6,750,000 ам.доллар буюу 19,228,792,500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Ш ХХК-ийн нь Ч ХХК-тай 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан, уг гэрээгээр Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны Хөгжлийн мөрийн хөтөлбөрт багтсан “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны замын төсөл”-ийн барилгын ажлыг гүйцэтгэхэд хамтран ажиллах, Ч ХХК нь концессын гэрээний эзэмшигч бөгөөд төслийн хүрээнд 30 км хурдны замыг Ш ХХК-ийн-иар бариулах, гэрээний гүйцэтгэлийн баталгаа болгон Ш ХХК-аас 2,500,000 ам.долларыг байршуулах, 30 км зам барилгын ажлыг хийж гүйцэтгэсний дараа Ч ХХК эргүүлэн олгохоор тохиролцсон байна. /1-р хх 9-11/

 

Талуудын хооронд хүчин төгөлдөр, ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

3.а. Ч ХХК-д 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр GUANGCHEN-с /Сунг Гуанг Чен/ 3,500,000,000 төгрөгийг барьцаа мөнгө гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 15 дугаар тал дахь “Х” ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /1-р хх15/

 

3.б. Ш ХХК-ийн нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Ч ХХК-д 4,500,000 ам.долларыг төлөх хугацааг 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр тогтоож, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах агуулга бүхий албан бичиг хүргүүлжээ. /1-р хх56/

 

3.в. Үүнээс хойш 2018 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр талууд гэрээний 8-ыг Ш ХХК-ийн-ийн байршуулсан баталгаа болох 2,500,000 ам.долларыг Ч ХХК 2018 оны 06 дугаар сарын 31-ний өдөр эргүүлэн олгоно гэж өөрчилж, мөн гэрээний 3 дугаар зүйлд 3.9, 3.10, 3.11 дэх хэсгийг нэмж, гэрээний 3.9-д Ш ХХК-ийн-ийн байршуулсан гүйцэтгэлийн баталгаа болох 2,000,000 ам.долларыг Ч ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн дотор эргүүлэн өгнө гэж, гэрээний 3.10-д  Ч ХХК энэ гэрээний 3.8, 3.9-д заасан хугацаанд гүйцэтгэлийн баталгаа 4,500,000 ам.долларыг барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг Ш ХХК-ийн-д төлнө. Эргэн төлөгдөх мөнгөний хэмжээ 6,750,000 ам.доллар байхаас 4,500,000 ам.доллар нь баталгаа хөрөнгө, 2,225,000 ам.доллар нь алданги байна гэж тус тус гэрээнд нэмэлт оруулжээ. /1-р хх 12-14/                                                             

4. Ч ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Ш ХХК-ийн-д тус компанийн гэрээний гүйцэтгэлийн баталгааны мөнгийг 2019 оны 08 дугаар сард буцаан олгох талаар албан бичиг хүргүүлсний дараа Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 241 дүгээр тогтоолоор концессын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам төсөл”-ийн концесс эзэмшигч “Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК-тай байгуулсан концессын гэрээг цуцлахыг даалгасан байна. /1-р хх 18, 248/

 

4.а. Монгол улсын Засгийн газар нь хариуцагчтай байгуулсан концессын гэрээг  цуцалсантай холбоотойгоор нэхэмжлэгч Ш ХХК-ийн-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид шилжүүлэн өгсөн гэрээний баталгааг буцаан шаардах эрхтэй.

 

4.б. Хариуцагч нь 3,500,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ш ХХК шилжүүлсэн, Ш ХХК-ийн шилжүүлээгүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, мөн шаардах эрх шилжүүлсэн баримтгүй гэж маргасан.

 

4.в. Дээрх мөнгийг нэхэмжлэгч Ш ХХК нь Ш ХХК-ийн-ийн өмнөөс  тухайн үеийн ам.долларын ханшаар 2,000,000 ам.долларт тооцож  шилжүүлсэн гэх тайлбарыг хариуцагч Ч ХХК баримтаар үгүйсгэж чадаагүй тул Ш ХХК-ийн-ийг  нэхэмжлэл гаргаж шаардах эрхтэй гэж үзнэ. Түүнчлэн, нэхэмжлэгч Ш ХХК нь Ш ХХК-ийн-ийн өмнөөс  хариуцагч Ч ХХК-д баталгааны мөнгийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасан шаардах эрх шилжүүлэх хуулийн зохицуулалтад хамаарахгүй тул энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй болно.

 

4.г. Гэрч Г.Сэлэнгэ шүүхэд “... манайхаас 4,500,000 ам.долларыг өгсөн... миний мэдэж байгаагаар 2.5 сая ам.долларыг бэлнээр, 2 саяыг шилжүүлсэн...тийм үйл явдлыг би хараагүй гэхдээ тийм үйл явдал болсныг би мэдэж байгаа... “ гэх агуулга бүхий мэдүүлэг өгчээ.

 

4.д. Анхан шатны шүүх гэрч Г.Сэлэнгийн мэдүүлэг өөр бусад нотлох баримтаар эргэлзээгүйгээр нотлогдоогүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу байх тул дүгнэлтийг өөрчилж гэрчийн мэдүүлэг нь дангаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж дүгнэлтийг зөвтгөсөн ба энэ талаарх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

4.е. Хариуцагч нь талуудын байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2018 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн гэрээг хууль бус хэлцэл гэж давж заалдах гомдол гаргасан боловч уг гэрээг байгуулахдаа сүрдүүлсэн, нөлөөнд автаж хэлцэл хийсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

5. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

5.а. Хэрэгт авагдсан албан бичгүүд болон талуудын байгуулсан 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн гэрээ, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн гэрээ, зохигчдын тайлбарыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч нь гэрээний баталгаанд 4,500,000 ам.долларыг хариуцагчид шилжүүлэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд хариуцагчаас 4,500,000 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн ханш болох 2,848.71 төгрөгөөр тооцож 12,819,195,000 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

5.б. Гэрээний 3.10-т талууд алданги төлөхөөр тохиролцсон нь хуульд нийцээгүй байна. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1, 231.1.3-т зааснаар анз баталгааны аль аль нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын төрөлд хамаарч байна. Энэ тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох баталгаанаас анз тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцэхгүй.

 

5.в. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчаас нэхэмжлэгчид алдангид 2,225,000 ам.доллар буюу 6,338,379,750 төгрөг гаргуулж хууль буруу хэрэглэснийг залруулж давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Мөн шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь оновчгүй байгааг өөрчилж 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт заасныг баримтална.

 

5.г. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр Ш ХХК оролцсон атлаа шүүхэд хамтран нэхэмжлэгчээр оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан байхад шүүх түүний нэхэмжлэлийг шийдвэрлэлгүй орхигдуулсан буруу байна. Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ш ХХК-ийн хариуцагч Ч ХХК-д холбогдуулан гаргасан үүргийн гүйцэтгэлийн баталгаа болон алдангид нийт 6,750,000 ам.доллар буюу 19,228,792,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

6. Хариуцагчийн “шүүх Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1, 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдлыг хангахгүй. Учир нь нэхэмжлэгчийн “3,500,000,000 төгрөгийг тухайн үеийн ам.долларын ханшаар 2,000,000 ам.доллар шилжүүлсэн” гэх тайлбарыг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар үгүйсгээгүй байна.

 

6.а. Талууд гэрээнд баталгааг ам.доллараар тохирсон, баталгааг эргүүлэн өгөхдөө ам.доллараар гэж тохиролцсон тул Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1, 218 дугаар зүйлийн 218.1  дэх хэсэгт хамаарахгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2023/00417 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д заасныг баримтлан хариуцагч Ч ХХК-аас 12,819,195,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-ийн-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 6,338,379,750 төгрөгт болон нэхэмжлэгч Ш ХХК-ийн хариуцагч Ч ХХК-д холбогдуулан гаргасан үүргийн гүйцэтгэлийн баталгаа болон алдангид нийт 6,750,000 ам.доллар буюу 19,228,792,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “...96,301,912.50” гэснийг “...64,253,925” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбилэгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 236,595 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.    

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ЦОГТСАЙХАН

 

       ШҮҮГЧИД                                  Д.ЗОЛЗАЯА

 

                                                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ