Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 629

 

 

 

                                               

 

                                               

                                                                

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ФЕ-д холбогдох эрүүгийн 18100 1872 0579 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Х.Эрдэнэтуяа, хохирогч П.Б, шүүгдэгч ФЕ, орчуулагч Б.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Г нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

           

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч ФЕ нь 2018 оны 08 дугаар сарын 01-ний орой 19:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “BU” сургуулийн хөл бөмбөгийн талбай дээр бэлтгэл хийж байхдаа багийн тамирчин П.Б-ийг “хамгаалалтаа муу хийлээ” гэж уурлан муудалцаж, улмаар нүүрэн тус газар нь 2-3 удаа цохих, бэлэг эрхтэнээс нь базах зэргээр эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1.  Шүүгдэгч ФЕ-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би Монгол улсад 2018 оны 05 дугаар сард ирсэн, тэр үеэс П.Бтэй нэг багт тоглож, таньдаг болсон. Өмнө нь хохирогчтой хэвийн харилцаатай байсан. Тэр өдөр бэлтгэл хийж байсан. Багийн дасгалжуулагч намайг туршлагатай тоглогч гэж тоглогч нарыг удирдах эрх олгосон байсан. Тэгээд би П.Б алдаатай буруу тоглоход нь шаардлага тавьсан. Гэтэл намайг эхлээд англи хэлээр “Fuck you” гэж хэлсэн, хоёр дахь удаагаа “Fuck your mother”  буюу “эхийгээ огтол” гэж доромжилсон нь миний гар хүрэх шалтгаан болсон. Тухайн өдөр би унахдаа өмднөөс нь базаад унасан, ингэхдээ бэлэг эрхтэнг нь хамт базсан. Урьдчилан бодож, төлөвлөж, санаатай хийсэн үйлдэл биш. Ийм зүйл болсон нь үнэн, гэхдээ би санаатай үйлдээгүй гэдгээ дахин хэлмээр байна.

Би хохирогчид эмчилгээний зардалд нэхэмжилсэн 131.000 төгрөгийг төлсөн. Миний хувьд түүнд санаатай гэмтэл учруулъя гэж бодоогүй юм. Би маш их харамсаж байна. П.Бээс уучлалт гуйя. Миний хувийн байдлыг харгалзан үзэж хөнгөн ял оноож өгнө үү.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч П.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн үед Хан-Уул дүүрэгт орших Бритиш сургууль дээр манай багийн бэлтгэл болж байсан. Би, Ө, ФЕ гэсэн хамгаалах чиглэлийн тоглогчид нэг баг болоод довтлогч нараа хамгаалж байгаад ФЕ өөрөө алдаа гаргачихаад над руу муухай хараад чанга орилоход нь би алдаагаа засаад тоглох гэтэл ФЕ намайг доромжилсон.

Би бас ФЕийг доромжилсон. Гэтэл багийн дасгалжуулагч ирээд “та хоёр тооглолтоо дуусга, талбайгаас гар, одоо явцгаа” гэсэн. Тэгээд би талбайгаас гараад, хувцсаа сууж байхад миний хажууд манай багийн тоглогч Т хамт байсан. Энэ үед ФЕ хажуугаар өнгөрөхдөө амандаа намайг доромжлоход нь би бас тэр үед англиар хэдэн үг хэлэхэд ФЕ над дээр ирээд намайг цохиж, миний бэлэг эрхтнээс бариад газарт унасан. Тухайн үед бид хоёрыг багийн тоглогч нар ирж салгасан.

Дараа нь харахад миний шорт болон турсик урагдсан, бэлэг эрхтнээс цус гарч байсан. Тэгээд тухайн үед нь  эмнэлэг явж оёдол тавиулсан. Эхний хоёр сарын хугацаанд хөдлөхөд зовиуртай байсан, одоо оёдол эдгэсэн, биеийн эрүүл мэнд хэвийн байгаа. Эмчилгээний зардалд 131.000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Гурван сарын төлбөр 600.000 төгрөг, лигт оролцож авах байсан урамшуулалын шагналд 1.000.000 төгрөг тус тус нэхэмжилсэн байсан. Одоо энэ нэхэмжлэхээс татгалзаж байгаа. Надад учирсан гэмтэл ФЕийн үйлдлийн улмаас үүссэн. Би англи хэл бага зэрэг мэддэг. Англиар хараасан нь үнэн. Намайг доромжилсон тул маргаан үүссэн. Гэхдээ миний буруутай үйлдэл байхгүй.” гэсэн мэдүүлэг, 

 

Эрүүгийн 18100 1872 0579 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч П.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “British School” сургуулийн хөлбөмбөгийн талбайд бэлтгэлээ хийж байгаа багийн тамирчин болох ФЕтай хамт тоглож байхад над руу хэл нь мэдэгдэхгүй англи, серби хэлээр чанга дуугаар орилоод байсан. Би түүний энэ үйлдлийн хариуд нь “чимээгүй тогло” гээд чанга хэлэхэд миний нүүрэн тус газарт цохисон. Тэгэхэд манай багийнхан бид хоёрыг салгахад манай багийн дасгалжуулагч Итали улсын иргэн РМ бид хоёрт хандан “та хоёрын бэлтгэл дууслаа, одоо хувцасаа солиод явж болно” гэж хэлсэн.

Би бэлтгэл дууссаны дараа хувцасаа солих гээд сууж байхад Зелко ФЕ нь над руу ирээд дахин хэл нь мэдэгдэхгүй хэлээр над руу орилон, миний нүүрэн тус газарт дахин нэг удаа цохисон. Энэ үйлдэлд нь би биеэ хамгаалах зорилгоор босоход миний эмзэг эрхтэнээс базан авч нүүр рүү 2-3 удаа цохисон. Би хариу болгож гарыг нь тавиулах гээд 2-3 удаа цохисон. Үүний дараа би ГССҮТ-д очин өөрийн багийн эмч Б /бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй/ үзүүлэхэд “оёдол тавих шаардлагатай, нарийн гэмтлийг мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай” гэж хэлээд надад эмчийн бичиг хийж өгөөд, мөн 3 оёдол тавьж, боож өгсөн.  

...Миний эмзэг эрхтэн хөхөрч хавдсан. Энэний улмаас оёдол тавиулсан. Өмнө нь ФЕтай маргалдаж байгаагүй. Ямар нэгэн өс хонзон бид хоёрт байхгүй. Миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-16х/

 

  • Мөн хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг:

“...Би эм тариа, шинжилгээний зардалд 123.000 төгрөг, мөн шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8000 төгрөг, нийт 131.000 төгрөг зарцуулсан. Энэ зардлыг ФЕаас нэхэмжилж байна. Мөн гэмтэл авснаас хойш гурван сарын хугацаанд бэлтгэл хийж чадаагүй тул цалин аваагүй. Учир нь намайг багийн дасгалжуулагч РМ энэ асуудлаас болж бэлтгэлээс хассан юм. Би сарын 200.000 төгрөгийн цалин авдаг байсан. 3 сарын цалин болох нийт 600.000 төгрөгийг ФЕ нэхэмжилж байна. Хамгийн гол нь манай “Улаанбаатар ФС” клуб энэ жилийн Мазаалай дээд лигт хоёрдугаар байранд орж 40.000.000 төгрөгөөр шагнуулсан юм. Хэрэв би багтаа тоглож байсан бол уг мөнгөнөөс 1.000.000 төгрөгийн урамшуулал авах ёстой байсан. Уг цалин, урамшууллын мөнгийг ФЕ гаргаж өгөх ёстой гэж би үзэж байна. Хохирлоо барагдуулчихвал надад гомдол, санал байхгүй, өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 96х/,

 

2. Гэрч Э.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би П.Б, ФЕ гэх хүмүүсийг танина. “Улаанбаатар ФС” клубт хамт тоглодог нэг багийн тамирчид. 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр манай багийнхан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “British School” сургуулийн хөл бөмбөгийн талбайд хөл бөмбөгийн бэлтгэл хийж дуусаад, талбайн урд захад манай багийн хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж тоглодог П.Б гэх залуу, мөн манай багийн хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг гадаад улсын тамирчин ФЕтэй зууралдсан байдалтай байсан. Би хамт юм яриад зогсож байсан хүмүүстэй гүйж очиж салгасан. Тэр хоёрыг салгахад П.Б нь газар суусан байдалтай байсан. Тэгээд бид нар хувцасаа сольсоны дараа П.Б надад өөрийн авсан гэмтлийг гар утсан дээрээ зургийг нь аваад харуулсан. Тэгэхэд бэлэг эрхтэн орчмоор нь зүсэгдсэн юм шиг байдалтай байсан.

П.Б, ФЕ хоёр нь хоёулаа хөлбөмбөгийн хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тэр өдөр хийж байсан дасгалаасаа болоод муудалцсан. П.Б, ФЕ хоёр өмнө нь маргалдаж байсан талаар сайн мэдэхгүй байна. Манай багийнхан бэлтгэл хийж байсан болохоор бүх тамирчид П.Б, ФЕ хоёрыг муудалцаж байхыг харсан. ...Миний ярьсан бүгд үнэн зөв.” гэсэн мэдүүлэг /хэргийн 32-34х/,

 

 3. Гэрч О.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

 “...Би П.Б, ФЕ гэх хүмүүсийг танина. “Улаанбаатар ФС” клубт хамт тоглодог нэг багийн тамирчид. 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр манай багийнхан бэлтгэл хийж байсан. П.Б, ФЕ хоёр манай багт нэг үүрэг буюу хоёулаа хамгаалалтын үүрэг гүйцэтгэн тоглодог. Тэгээд тухайн өдөр тэр хоёр хийж байсан дасгалаасаа болоод муудалцсан. П.Б буруу дасгал хийснээс болж ФЕ уурлаж хэлэхэд хүний үг даалгүй өөдөөс нь хэрэлдэж, түүнээс болоод маргалдсан.

Би П.Бийг хүний үг сонсож чаддаггүй, тавьтаргүй хүүхэд гэж боддог. Урд өмнө нь бас надтай муудалцаж байсан. Би тэр хоёрыг маргалдан барьцалдсан байдалтай байхад нь талбайн нөгөө талд байсан ба багийнхантайгаа очиж салгасан. Тэр хоёрыг салгахад П.Б бэлэг эрхтэнээ бариад гараад ирсэн. Би сайн санахгүй бас мэдэхгүй байна. Ер нь П.Бийн буруу. Яагаад гэвэл ФЕы үгийг сонсож үүрэг авч тоглох ёстой. П.Б, ФЕ хоёр урд өмнө нь маргалдаж муудалцаж байсан талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ талбай дээр ам мурийж байсан байж магадгүй. Тэр хоёрт хэнд нь ямар гэмтэл учирсныг хараагүй. Манай багийнхан бэлтгэл хийж байсан болохоор бүх тамирчид П.Б, ФЕ хоёрыг муудалцаж байхыг харсан. ...Миний ярьсан бүгд үнэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 35-37х/,

 

4. Гэрч Ч.Өын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би П.Б, ФЕ гэх хүмүүсийг танина. “Улаанбаатар ФС” клубт хамт тоглодог нэг багийн тамирчид юм. П.Б болон ФЕ бид гурав багтаа хамгаалалтын үүрэг гүйцэтгэж хамгаалалтын байрлалд тоглодог. 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр багийнхан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “British School” сургуулийн хөлбөмбөгийн талбайд хөлбөмбөгийн бэлтгэл хийж байхад манай талын хаалганд бөмбөг ороход ФЕ, П.Б бид хоёрыг дагаж хөдөлсөнгүй, хамгаалалтаа муу хийлээ гэх шалтгаанаар уурлаж, бид хоёр руу англи, орос хэлээр хараагаад байсан.

Тэгэхэд нь П.Б “чи дуугүй бай” гэж англиар хэлсэн. ФЕ П.Бийг цохих шиг болсон. Тэрнээс болоод муудалцаж барьцалдахад, манай багийн дасгалжуулагч “та хоёр одоо болно, хоёулаа талбайгаас гар” гэж хэлээд гаргасан.

Манай багийнхан бэлтгэлээ хийж байхад П.Б ФЕ хоёр талбайн гадна зодолдсон байдалтай байхад талбай дээр бэлтгэл хийж байсан бүх тамирчид очиж тэр хоёрыг салгасан. Яг яаж зодолдсон, юу болсон талаар бол би сайн харж чадаагүй. Тэгээд бэлтгэл дуусаад бүх тамирчид хувцасаа сольж байхад П.Б надад гар утсан дээрээ зураг үзүүлэхэд бэлэг эрхтэн орчим нь урагдсан зүсэгдсэн байдалтай байсан.

П.Б, ФЕ хоёр урд өмнө нь маргалдаж муудалцаж байсан талаар сайн мэдэхгүй байна. ФЕд ямар гэмтэл учирсаныг бол хараагүй. П.Бт ямар гэмтэл учирсаныг харсан. ...Бэлэг эрхтэн нь гэмтсэн байсан. П.Б, ФЕ хоёрыг муудалцаж байхыг манай багийнхан бэлтгэл хийж байсан болохоор бүх тамирчид харсан. Миний ярьсан бүгд үнэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-40х/,

 

5. Гэрч Ц.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би П.Б, ФЕ гэх хүмүүсийг танина. “Улаанбаатар ФС” клубт хамт тоглодог нэг багийн тамирчид. 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр манай багийнхан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “British School” сургуулийн хөлбөмбөгийн талбайд бэлтгэл хийж байсан.

Би гараа гэмтээсэн байсан болохоор талбайн гаднаас бэлтгэл хийж байгааг хараад сууж байсан. Бэлтгэл хийж байх үед манай багийн тамирчин П.Б, ФЕ хоёр хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг. Тэгээд байрлал болон хамгаалалтын үүргээсээ болоод маргалдаж эхэлсэн. Энэ үед ФЕ нь П.Бийг эхэлж нэг цохиход, тэр хоёр зууралдан барьцалдаж авсан. Тэгэхэд дасгалжуулагч П.Бийг талбайгаас гарган миний хажууд ирж суулгасан. П.Б сууж байх үед ФЕ ирээд англи хэлээр хараал хэлж байгаад шууд дээрээс нь дарж аваад цохиж эхэлсэн.

Тэр үедээ нь нэг гараараа бэлэг эрхтэнээс нь базаж авсан юм шиг байгаа юм. Энэ үед цаана ус ууж байсан манай багийн тамирчид ирж салгасан. Дараа нь харахад шорт нь урагдсан байдалтай байсан. Тухайн үед би салгах гэж оролдсон боловч миний нэг гар гипстэй байсан болохоор би дийлээгүй. П.Б, ФЕ хоёр урд өмнө нь маргалдаж муудалцаж байсан талаар мэдэхгүй байна. П.Б, ФЕ хоёрыг муудалцаж байхыг бэлтгэл хийж байсан бүх тамирчид харсан. Талбайн гаднаас манай багийн менежер харж байсан. ... Миний ярьсан бүгд үнэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 41-43х/,

 

6. Гэрч РМгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би ФЕ гэх хүнийг танина. Миний дасгалжуулагчаар нь ажилладаг “Улаанбаатар ФС” багийн тамирчин. Нөгөө хүний нэрийг нь бол мэдэхгүй байна. 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр манай багийнхан бэлтгэлээ хийж байхад Монгол залуу их ууртай байх шиг надад санагдсан. ФЕ болон тэр Монгол залуу хоёр манай багт хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг. Тэгээд бэлтгэл хийж байх үед ФЕ Монгол залууд заавар өгөхөд Монгол залуу уурлан, тэр хоёр муудалцан маргалдсан.

Маргалдаж барьцалдах үед манай багийнхан тэр хоёрыг салгасан. Би тэр хоёрт хандан “та хоёрын хувьд бэлтгэл дууслаа талбайгаас гар” гэж хэлсэн. Тэгээд ФЕийг хувцасаа сольж дуусаад ус уухаар очих үед Монгол залуу П.Б тэр хоёр хамт байсан шиг санагдаж байна. Тэгээд удалгүй тэр хоёр дахин зодолдож байсан. Би багийнхантайгаа салгахаар очиход ФЕ газар суусан байдалтай, Монгол залуу П.Б цохиж байсан. Тэр хоёрыг ямар шалтгаанаас болж маргалдсаныг мэдэхгүй.

Бэлтгэл хийж байх үед бие биендээ хараал хэлж байсан. Би тэр хоёрт хандан “би та хоёрыг дахиж хармааргүй байна” гэж хэлээд тэр хоёр талбайгаас явсан. Европод бол энэ үйл явдал байнга тохиолддог зүйл, би нэг их тоогоогүй. П.Б, ФЕ хоёр урд өмнө нь маргалдаж муудалцаж байгаагүй. Гэхдээ тэр Монгол залуу болох П.Б нь урьд өмнө манай багийн ахлагчтай маргалдаж байсан. ФЕ, П.Б нарт ямар гэмтэл учирсныг хараагүй. П.Б, ФЕ хоёрыг муудалцаж байхыг манай багийнхан бэлтгэл хийж байсан ...бүх тамирчид харсан. ... Миний ярьсан бүгд үнэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 46-48х/,

 

7. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 9601 дугаартай дүгнэлтэд:

1. П.Бийн бэлэг эрхтэнд шарх гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 51х/,

 

8. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 11339 дугаартай дүгнэлтэд:

1. ФЕ-д гэмтэл тогтоогдсонгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 55х/,

 

9. ФЕы гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 56-57х/,

 

10. Хохирлын мөнгө хүлээлцсэн тухай баримт /хэргийн 126х/,

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ФЕы яллагдагчаар өгсөн:

 “...2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн үед манай Улаанбаатар ФС клубын тамирчид British сургуулийн хөл бөмбөгийн талбайд бэлтгэл хийж байсан. Бэлтгэл хийх үед тамирчдыг давшигч, хамгаалагч гэж хоёр ангилж байсан. Манай багийн дасгалжуулагч намайг тухайн үед сайн тоглогчийн хувьд арын шугаманд тоглодог тамирчдад зөвөлгөө өг гэсэн.

П.Б гэх залуу миний ар талын байрлалд байсан. Би П.Бт хандан түүний тоглох байрлалынх нь талаар зөвлөгөө өгөхөд П.Б гэгч надад хандан “Fuck your mother” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр, хоёр талаасаа нэг нэг рүүгээ ойртоход бусад тамирчид бид хоёрын дундуур орж салгасан. Тэгэхэд дасгалжуулагч П.Бийг талбайгаас хөөсөн юм. Тэгээд удалгүй завсарласан бөгөөд П.Б талбайн гадна асфальтан хэсэгт зогсож байсан. Би талбайн гадна байсан уснаас авч уух гээд П.Бийн хажуугаар явахад дахин над руу элдвээр хэлээд түлхэхэд нь миний хөл бөмбөгийн хадаастай гутал асфальтан дээр хальтараад хойшоо унасан. Энэ үед би  П.Бийн шортноос нь гараараа базаад унасан. Тэгэхдээ төмсөгнөөс нь давхар базчихсан юм. Намайг унасны дараа П.Б миний толгой руу цохисон.

Энэ явдлыг манай багийн дасгалжуулагч РМ, багийн ахлагч Баяржаргал болон бусад тамирчид харсан. П.Б гэгч нь ер нь багийн бусад тамирчидтай тааруу харилцаатай бөгөөд ганцхан Ттай найзалж нөхөрлөдөг. Хэргийн материалтай танилцахад Т гэгчээс бусад нь болсон явдлын талаар надтай адилхан мэдүүлсэн байна. Би дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би унах явцдаа санаандгүй шортных нь гаднаас барьсанаас болж уг гэмтэлийг учруулсан. Би санаатайгаар уг гэмтлийг учруулаагүй гэж үзэж байна.

Би 2018 оны 05 сард Монгол Улсад ирсэн бөгөөд Улаанбаатар ФС хөлбөмбөгийн клубт сарын 1000 долларын цалингийн гэрээ байгуулж, хамгаалагчаар тоглох болсон. Гэтэл “Улаанбаатар ФС” клуб надад 5, 6 ,7 сарын цалинг дутуу буюу нийт 1500 доллар өгсөн. ...Энэ хэргийг хурдан хугацаанд шийдэж өгөөч гэж хүсэж байна. Би нутаг руугаа хурдан буцмаар байна. Энэ хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү. Надад өөр нэмж ярих зүйл алга.” гэсэн мэдүүлэг /хэргийн 100-101х/ болон түүний хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 76х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан журам болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн эмч гаргасан байх тул эдгээр баримтуудыг шүүх хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хангалттай баримтууд гэж үнэлж, дүгнэсэн болно.

 

Түүнчлэн тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ФЕ-ы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч ФЕ нь 2018 оны 08 дугаар сарын 01-ний орой 19:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “B” сургуулийн хөл бөмбөгийн талбай дээр бэлтгэл хийж байхдаа багийн тамирчин П.Бийг “хамгаалалтаа муу хийлээ” гэж анхааруулга өгөхөд  Д.П.Б нь “орилж хашгиран бүдүүлэг байдлаар доромжлон харьцлаа” гэж ойлгож, бүдүүлэг үг хэллэг хэрэглэн хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар тэдгээр нь маргалдан зууралдах явцад ФЕ нь П.Бийн бэлэг эрхтэнээс зуурч базсанаас түүний эрүүл мэндэд нь “...бэлэг эрхтэнд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол учрирсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч П.Бийн мэдүүлэг /хэргийн 14-16х, 96х, шүүх хуралдааны тэмдэглэл/, гэрч Э.Э, О.Б, Ч.Ө, Ц.Т, РМ нарын мэдүүлэг /хэргийн 32-43х, 46-48х/, ШШҮХ-ийн шинжээчийн “П.Бийн бэлэг эрхтэнд шарх гэмтэл учирсан нь тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 9601 дугаартай дүгнэлт /хэргийн 51х/, шүүгдэгч ФЕы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

 

Хохирогч П.Бийн биед үүссэн “бэлэг эрхтэнд шарх” гэмтэл бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч ФЕ түүний бэлэг эрхтэнээс нь зуурч базсаны улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

 Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ФЕ нь хохирогч П.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

   Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ФЕ-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байх тул шүүгдэгч ФЕ-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.  

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,

- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Тухайн эрүүгийн хэргийн хувьд хохирогч П.Б-ийн биед учирсан “бэлэг эрхтэнд шарх” гэмтэл нь гэмт хэргийн шууд хохирол, уг гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан болон гарах зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулнаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тус тус тооцогдоно.

 

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.  

 

Мөн шүүгдэгч ФЕ нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон хохирогч П.Бийн эмчилгээний зардлын төлбөрт нэхэмжилсэн 131.000 /нэг зуун гучин нэгэн мянга/ төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нь цалин урамшууллын зардалд нэхэмжилсэн 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн /хэргийн 126х, шүүх хуралдааны тэмдэглэл/ тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож гаргуулах төлбөргүй гэж дүгнэхээр байна.

 

Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ..., учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно.

 

Шүүгдэгч ФЕ нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 76х/ тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүх,  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн хор уршгийг нөхөн төлснийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дах заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан, шүүгдэгч ФЕ-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.     

 

Энэ хэрэгт ФЕ нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдав.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

 

                                                     ТОГТООХ нь:

 

1. Бүгд найрамдах С улсын иргэн, ФЕ-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ФЕ-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ФЕ нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар түүнд солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохиролд шүүгдэгч ФЕ нь 131.000 /нэг зуун гучин нэгэн мянга/ төгрөгийг хохирогч П.Б-т нөхөн төлсөн, хохирогч нь цалин, урамшууллын зардалд нэхэмжилсэн 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэхээс татгалзан цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус тэмдэглэсүгэй.

 

5. Энэ хэрэгт ФЕ нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан ФЕ-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАЗАРХАНД