| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0626/Э |
| Дугаар | 636 |
| Огноо | 2018-12-19 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | Б.Чинзориг /нийслэл/, |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 636
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.П-д холбогдох эрүүгийн 18020 0383 0247 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Чинзориг /нийслэл/, шүүгдэгч Т.П нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Т.П нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа агаарын замын хилийн боомтоор Х.Б гэх нэртэй 00000 дугаарын буцах үнэмлэхээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.П нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Т.Пын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би “2001 онд бичиг баримт гаргаж өгнө” гэсэн зарын дагуу утасдаж 100 айлын тэнд нэг хүнтэй уулзаж баримт бичиг гаргуулж авсан. Тэр хүнийг тухайн үедээ Улсын бүртгэлийн газарт ажилладаг байсан эсэхийг мэдэхгүй, одоо ч нэр царай зүсийг нь мартсан байна. Цаашид би эрүүл мэндийн шалтгаанаар Монгол Улсад амьдрахаар болж байгаа юм. Би хуурамч бичиг баримтыг 2001 онд хийлгүүлсэн. Энэ хуурамч паспортоор АНУ-д улсад амьдарч байсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний буруу. Монгол Улсын хилээр бусдын бичиг баримт, эсвэл хуурамч бичиг баримтаар нэвтрэх нь хууль бус гэмт хэрэг болно гэдгийг маш сайн ойлгосон. Цаашид ийм үйлдэл гаргахгүй. Миний элэгний үйл ажиллагаа муудсан учир Монгол Улсад буцах шаардлагатай болсон. Тэгээд АНУ-ын Цагаачлалын албанд баригдаж жилийн хугацаанд шалгагдаж байгаад, шүүхийн тогтоолоор АНУ-ын нутаг дэвсгэрээс албадан гаргуулсан юм. Би урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 18020 0383 0247 дугаартай хэргээс:
1. Зөрчил гаргагчийн биедээ болон ачаа тээш, авч яваа зүйлийн бүртгэл, зөрчил гаргагчийн баримт бичгийн хуулбар, зөрчил гаргагчийн тодорхойлолт /хэргийн 8-15х/,
2. Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 16-18х, 88-98х/,
3. Т.П, Х.Б нарын Монгол улсын хилээр гарсан, орсон талаарх Хил хамгаалах Ерөнхий газрын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хил нэвтрэлтийн лавлагаа /хэргийн 27-28х/,
4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн албан тоотоор ирүүлсэн материал /хэргийн 32-37х/,
5. АНУ-ын Элчин сайдын яамнаас Гадаад харилцааны яамны Консулын газарт “Т.Пын буцах үнэмлэх авах үедээ бүрдүүлсэн материалын хуулбар нийт 14 хуудас баримт материалыг ирүүлсэн тухай” Консулын газрын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10/5415 дугаартай, 10 дугаар сарын 17-ны өдрийн 10/6251 дугаартай албан тоотоор гаргаж өгснийг орчуулж хэрэгт хавсаргасан баримтууд /хэргийн 41-68х, 75-86х/,
6. АНУ-ын Хууль зүйн Яамны Иллинос мужийн Чикаго хот дахь Цагаачлалын шүүхийн тогтоол, түүнийг орчуулга баримт бичгийг хүлээн авч, хэрэгт хавсаргасан тэмдэглэл /хэргийн 99-118х/,
7. Х.Б гэх нэртэй ............................ дугаартай Монгол улсын үндэсний энгийн гадаад паспорт, 0000 дугаартай буцах үнэмлэхийг тус тус эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хэргийн 87х/,
8. ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 5244 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн Х.Б гэх нэртэй 000000 дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортын сүүлийн нүүрэнд байх гэрэл зураг Туул овогтой Т.Пын /РД:ЧН79101875/ гэрэл зурагтай тохирно.” гэсэн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 135-138х/,
9. ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 5135 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн Х.Б гэх нэртэй 000000 дугаартай энгийн гадаад паспорт нь жинхэнэ.
2. Тус гадаад паспортын ашиглах хугацаа дууссан, ямар нэгэн засвар хийгдсэн гэх шинж тэмдэг илрэхгүй байна.” гэсэн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 141-143х/,
10. ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 5134 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн Х.Б гэх нэртэй ..........дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортын сүүлийн нүүрэнд байх гэрэл зураг харьцуулах загварт ирүүлсэн гэрэл зурагтай тохирохгүй байна.” гэсэн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 146-150х/,
11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Бын гэрчээр өгсөн:
“...2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн КЕ-867 дугаар аялалын онгоцонд зорчигчийн баримт бичиг шалгах манааны 2 дугаар кабинд үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд нэг зорчигч баримт бичгээ шалгуулахаар ирсэн. Тухайн баримт бичиг нь Х.Б гэх мэдээлэлтэй Монгол Улсад буцах үнэмлэх /баримт бичиг/ байсан. Уг паспортыг авч үзэхэд Монгол Улсын иргэний бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаас дээрх иргэний регистерийн дугаарыг хийхэд өөр хүний зураг болон мэдээллүүд гарч ирсэн. Тэгээд би тухайн иргэнийг “та энэ цаасан дээр өөрийнхөө жинхэнэ нэр болон регистерийн дугаараа бич” гэхэд ямар нэгэн татгалзах зүйлгүйгээр өөрийн жинхэнэ овог, нэрээ бичиж өгсний дараагаар Заставын даргад танилцуулсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20х/,
12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Бийн гэрчээр өгсөн:
“...Би хамгийн 2011 онд БНХАУ руу явах зорилгоор УБЕГ-аас гадаад паспорт анх удаа захиалж байсан. Тэгээд намайг захиалах үед 7 хоногийн дараа бэлэн болно гэж байсан боловч сар орчим хүлээгээд миний паспорт гарахгүй байсан. Тэгээд би УБЕГазар дээр очоод холбогдох албан тушаалтантай уулзаад “яагаад миний гадаад паспорт гарахгүй байгаа” талаар тодруулж асуухад “миний нэр дээр өөр хүний зурагтай хүчинтэй гадаад паспорт байгаа” талаар хэлсэн. Тэгээд надад тэр хүний зургийг харуулаад “энэ таны хамаатан садан мөн үү, энэ хүнийг таних уу” гэж асууж байсан. Тэр зурган дээр байсан хүнийг урд нь огт харж байгаагүй хүн байсан. 2001 онд миний нэрээр Улаанбаатар хотын улсын бүртгэлийн газраас паспорт авсан байсан. Би өөрөө Увс аймагт төрсөн бөгөөд 2002 онд 10 жилийн сургуулиа төгсөөд анх удаа Улаанбаатарт ирж байсан. Тэгээд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хүн миний нэр дээрх өөр паспортыг хүчингүй болгож надад шинэ гадаад паспорт гаргаж өгч байсан. Тэгээд тэр авсан паспортонд сунгалт хийлгээд одоог хүртэл ашиглаж байгаа.
Т.П гэдэг хүнийг би огт танихгүй. Харин урд нь анх удаа гадаад паспорт авах гээд хөөцөлдөөд явж байх үед Улсын бүртгэлийн ерөнхий газрын ажилтан надад харуулж байсан зураг шиг санагдаж байна. Т.П гэдэг хүн нь миний нэр дээр ............................ дугаартай гадаад паспортыг 2001 онд Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулан авч улсын хилээр нэвтэрсэн талаар би мэдэхгүй. Яаж миний нэрээр гадаад паспорт авсан юм бол гэж гайхаж байна.
Би хамгийн анх 2011 оны 5 дугаар сар хавьцаа байхаа БНХАУ руу нэг хоногийн хугацаатай явж байсан. Дараа нь БНСУ руу 2013 оны зун 7 хоногийн хугацаатай сургалтанд явж байсан. Дараа нь 2015 оны цагаан сарын үед ОХУ-ын Улаан-Үүд хот руу 2 хоног явж байсан. Хамгийн сүүлд 2016 оны 07 дугаар сард Тайван улс руу 14 хоног явж байсан. Миний нэрээр авсан гадаад паспортыг хүчингүй болгож дахин надад ямар нэгэн асуудал битгий үүсээсэй гэж хүсэж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 122-124х/,
13. Гэрч Г.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Т.П нь 2001 онд өөр хүний нэрээр л улсын хилээр гарсан. Хаанаас яаж тэр бичиг баримтыг авч байсан талаар нь сайн санахгүй байна. Ямар ч байсан өөрөө хөөцөлдөөд л нэг сургуульд зуучилж өгдөг байгууллагаар л дамжиж явж байсан. Зуучлагч л байгууллага байсан. Тухайн үед зараар “гадаадад суралцуулна” гэсэн зар зөндөө байдаг байсан. Өөрөө л хөөцөлдөөд нэг эмэгтэй хүнтэй холбогдоод бичиг баримт аваад байх шиг байсан. Хүү минь өвдөж байгаад л эх орондоо эргээд ирлээ. Өөр хүний бичиг баримтаар хилээр нэвтэрч болдоггүй юм байна гэдгийг ойлголоо. Цаашдаа хүүхдүүддээ анхааруулна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 125-127х/,
14. Шүүгдэгч Т.Пын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Т.П миний бие 2001 онд АНУ руу явж ажиллаж, амьдрах зорилгоор зараар дамжуулан нэг эмэгтэй хүнээс өөр хүний гадаад паспортыг авсан. Тэгээд тэр паспортыг ашиглан улсын хилээр буюу Замын-Үүд боомтоор 2001 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хууль бусаар нэвтрэн гарсан. Улмаар АНУ-д 17 жилийн турш Х.Бийн нэрээр амьдарч байгаад эрүүл мэндийн шалтгаанаар Монгол Улс руу явах гэж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр АНУ-ын цагаачлалын албаны хүмүүст саатуулагдсан.
Улмаар 2018 оны 08 дугаар сар хүртэл саатуулах байранд шалгагдаж байгаад 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улс руу албадан буцаагдсан. Тэгээд Монгол Улсад ирээд хилээр нэвтрэх үед бусдын баримт бичгийг ашиглан явж байсан гэдэг маань баригдсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна... Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 158-161х/ болон түүний хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 182х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийг яллагдагчаар болон гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.Пын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Т.П нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа агаарын замын хилийн боомтоор Х.Б гэх нэртэй 00000 дугаарын буцах үнэмлэхээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн
- зөрчил гаргагчийн биедээ болон ачаа тээш, авч яваа зүйлийн бүртгэл, зөрчил гаргагчийн баримт бичгийн хуулбар, зөрчил гаргагчийн тодорхойлолт /хэргийн 8-15х/,
- баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 16-18х, 88-98х/,
- Т.П, Х.Б нарын Монгол улсын хилээр гарсан, орсон талаарх Хил хамгаалах Ерөнхий газрын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хил нэвтрэлтийн лавлагаа /хэргийн 27-28х/,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн албан тоотоор ирүүлсэн материал /хэргийн 32-37х/,
- АНУ-ын Элчин Сайдын Яамнаас Гадаад Харилцааны Яамны Консулын газарт “Т.Пын буцах үнэмлэх авах үедээ бүрдүүлсэн материалын хуулбар нийт 14 хуудас баримт материалыг ирүүлсэн тухай” Консулын газрын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10/5415 дугаартай, 10 дугаар сарын 17-ны өдрийн 10/6251 дугаартай албан тоотоор гаргаж өгснийг орчуулж хэрэгт хавсаргасан баримтууд /хэргийн 41-68х, 75-86х/,
- АНУ-ын хууль зүйн яамны Иллинос мужийн Чикаго хот дахь Цагаачлалын шүүхийн тогтоол, түүнийг орчуулга баримт бичгийг хүлээн авч, хэрэгт хавсаргасан тухай тэмдэглэл /хэргийн 99-118х/,
- Х.Б гэх нэртэй ............................ дугаартай Монгол улсын үндэсний энгийн гадаад паспорт, 0000 дугаартай буцах үнэмлэхийг тус тус эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хэргийн 87х/,
- “Шинжилгээнд ирүүлсэн Х.Б гэх нэртэй 000000 дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортын сүүлийн нүүрэнд байх гэрэл зураг Т.Пын гэрэл зурагтай тохирно.” гэсэн ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 5244 дугаартай дүгнэлт, дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 135-138х/,
- “Шинжилгээнд ирүүлсэн Х.Б гэх нэртэй 000000 дугаартай энгийн гадаад паспорт нь жинхэнэ, тус гадаад паспортын ашиглах хугацаа дууссан, ямар нэгэн засвар хийгдсэн гэх шинж тэмдэг илрэхгүй байна.” гэсэн ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 5135 дугаартай дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 141-143х/,
- “Шинжилгээнд ирүүлсэн Х.Б гэх нэртэй ............... дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортын сүүлийн нүүрэнд байх гэрэл зураг харьцуулах загварт ирүүлсэн гэрэл зурагтай тохирохгүй байна.” гэсэн ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 5134 дугаартай дүгнэлт, дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 146-150х/,
- гэрч Ш.Бын: “...2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн КЕ-867 дугаар аялалын онгоцонд зорчигчийн баримт бичиг шалгах манааны 2 дугаар кабинд үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд нэг зорчигч баримт бичгээ шалгуулахаар ирсэн. Тухайн баримт бичиг нь Х.Б гэх мэдээлэлтэй Монгол Улсад буцах үнэмлэх /баримт бичиг/ байсан. Уг паспортыг авч үзэхэд Монгол Улсын иргэний бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаас дээрх иргэний регистерийн дугаарыг хийхэд өөр хүний зураг болон мэдээллүүд гарч ирсэн. Тэгээд би тухайн иргэнийг “та энэ цаасан дээр өөрийнхөө жинхэнэ нэр болон регистерийн дугаараа бич” гэхэд ямар нэгэн татгалзах зүйлгүйгээр өөрийн жинхэнэ овог, нэрээ бичиж өгсний дараагаар Заставын даргад танилцуулсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20х/,
- гэрч Х.Бийн: “...Би хамгийн 2011 онд БНХАУ руу явах зорилгоор УБЕГ-аас гадаад паспорт анх удаа захиалж байсан. Тэгээд намайг захиалах үед 7 хоногийн дараа бэлэн болно гэж байсан боловч сар орчим хүлээгээд миний паспорт гарахгүй байсан. Тэгээд би УБЕГазар дээр очоод холбогдох албан тушаалтантай уулзаад “яагаад миний гадаад паспорт гарахгүй байгаа” талаар тодруулж асуухад “миний нэр дээр өөр хүний зурагтай хүчинтэй гадаад паспорт байгаа” талаар хэлсэн. Тэгээд надад тэр хүний зургийг харуулаад “энэ таны хамаатан садан мөн үү, энэ хүнийг таних уу” гэж асууж байсан. Тэр зурган дээр байсан хүнийг урд нь огт харж байгаагүй хүн байсан. 2001 онд миний нэрээр Улаанбаатар хотын улсын бүртгэлийн газраас паспорт авсан байсан. Би өөрөө Увс аймагт төрсөн бөгөөд 2002 онд 10 жилийн сургуулиа төгсөөд анх удаа Улаанбаатарт ирж байсан. Тэгээд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хүн миний нэр дээрх өөр паспортыг хүчингүй болгож надад шинэ гадаад паспорт гаргаж өгч байсан. Тэгээд тэр авсан паспортонд сунгалт хийлгээд одоог хүртэл ашиглаж байгаа.
Туул овогтой Т.П гэдэг хүнийг би огт танихгүй. Харин урд нь анх удаа гадаад паспорт авах гээд хөөцөлдөөд явж байх үед Улсын бүртгэлийн ерөнхий газрын ажилтан надад харуулж байсан зураг шиг санагдаж байна. Т.П гэдэг хүн нь миний нэр дээр ............................ дугаартай гадаад паспортыг 2001 онд Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулан авч улсын хилээр нэвтэрсэн талаар би мэдэхгүй. Яаж миний нэрээр гадаад паспорт авсан юм бол гэж гайхаж байна. Би хамгийн анх 2011 оны 5 дугаар сар хавьцаа байхаа БНХАУ руу нэг хоногийн хугацаатай явж байсан. Дараа нь БНСУ руу 2013 оны зун 7 хоногийн хугацаатай сургалтанд явж байсан. Дараа нь 2015 оны цагаан сарын үед ОХУ-ын Улаан-Үүд хот руу 2 хоног явж байсан. Хамгийн сүүлд 2016 оны 07 дугаар сард Тайван улс руу 14 хоног явж байсан. Миний нэрээр авсан гадаад паспортыг хүчингүй болгож дахин надад ямар нэгэн асуудал битгий үүсээсэй гэж хүсэж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 122-124х/,
- гэрч Г.Тын: “...Т.П нь 2001 онд өөр хүний нэрээр л улсын хилээр гарсан. Хаанаас яаж тэр бичиг баримтыг авч байсан талаар нь сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 125-127х/,
- шүүгдэгч Т.Пын: “...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Туул овогтой Т.П миний бие 2001 онд АНУ руу явж ажиллаж, амьдрах зорилгоор зараар дамжуулан нэг эмэгтэй хүнээс өөр хүний гадаад паспортыг авсан. Тэгээд тэр паспортыг ашиглан улсын хилээр буюу Замын-Үүд боомтоор 2001 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хууль бусаар нэвтрэн гарсан. Улмаар АНУ-д 17 жилийн турш Х.Бийн нэрээр амьдарч байгаад эрүүл мэндийн шалтгаанаар Монгол Улс руу явах гэж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр АНУ-ын цагаачлалын албаны хүмүүст саатуулагдан шалгагдаж байгаад 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улс руу албадан буцаагдсан. Тэгээд Монгол Улсад ирээд хилээр нэвтрэх үед бусдын баримт бичгийг ашиглан явж байсан гэдэг маань баригдсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 158-161х/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Үндэсний гадаад паспорт нь Монгол улсын төрийн өмч бөгөөд Монгол Улсын иргэнийг гадаад улсад зорчин явааг батлан гэрчлэх, эрх олгосон баримт бичиг болох утгаар түүнийг зөвхөн тухайн бичиг баримтын эзэмшигч өөрөө ашиглах үүрэгтэй бөгөөд бусдад ашиглуулахаар өгөх, эсхүл бусад этгээд өөр хүний бичиг баримт ашиглах зэрэг аливаа үйлдэл нь хууль бусд тооцогдох шууд санаатай гэмт үйлдэл болох ба эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, иргэний үнэмлэх, гадаад паспорт, хувийн бусад баримт бичгийг ашиглах буюу бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, ашигласан, борлуулсныг хуурамч бичиг баримт ашигласан гэж үзэх юм.
Тухайн тохиолдолд хэргийн шүүгдэгч Т.П нь АНУ-д ажиллаж амьдрах зорилгоор Х.Б нэрээр ............................ сери дугаартай үндэсний энгийн гадаад паспорт гаргуулан авч 2001 оны 12 сарын 30-ны өдөр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэн гарч, улмаар Х.Б нэртэй гадаад паспортыг 2011 оны 11 сар хүртэлх хугацаанд АНУ-д байнга ашиглаж байсан үйл баримт тогтоогдсон ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуульд заасан /ЭХТА-ийн 233 дугаар зүйл/ хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсноор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон талаар прокуророос үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. /хэргийн 155х/
Монгол улсын Хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ” гэж заасан ба улсын хил нь халдашгүй дархан байх бөгөөд хууль бусаар хил нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг болох юм. Түүнчлэн бусдын бичиг баримт ашиглан Монгол улсын хилээр орсон буюу гарсан үйлдэл нь хууль бусаар хил нэвтэрсэнд тооцогдоно.
Шүүгдэгчийн 2018 оны 08 сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Буянт-Ухаа агаарын хилийн боомтоор Х.Б нэрээр 00000 дугаартай буцах үнэмлэхээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэн орж ирсэн үйлдэл нь Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд шүүгдэгч Т.Пыг хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.П нь хуурамч баримт бичгээр буюу Хүрээлбаатар овогтой Буяндэлгэр нэртэй буцах үнэмлэхээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Т.П нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МНБГ-ын ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 182х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болж байна.
Шүүх, шүүгдэгч Т.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор торгох ял шийтгэж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн биелүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 00000, 0000 дугаартай 2 ширхэг буцах үнэмлэх ширхэг, ............................ тоот гадаад паспорт 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Улсын бүртгэлийн Ерөнхий газар”-т шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т.П-ыг хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг нэвтэрч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.П-ыг 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Т.П нь торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхээр хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, 6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 00000, 0000 дугаартай буцах үнэмлэх хоёр ширхэг, ............................ сери дугаартай үндэсний энгийн гадаад паспорт нэг ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар Улсын бүртгэлийн Ерөнхий газарт шилжүүлсүгэй.
5. Энэ хэрэгт Т.П нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Т.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД