Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 637

 

                                                    

 

 

 

 

 

 

 

                                                                              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810021160763 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Жаргалсайхан, шүүгдэгч О.Ч, түүний өмгөөлөгч Т.У, О.М нарыг оролцуулан, нарийн бичгийн даргын дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч О.Ч нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны гадаа “зам хааж машин тавьсан байна” гэх асуудлын улмаас иргэн Г.Бтой маргалдан, улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

         

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1.  Шүүгдэгч О.Чийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр би эхнэрийн хамт 3 хүүхдээ аавын гэрээс авахаар очсон. 21 цагийн орчимд аавынхаа гэрээс гараад машиндаа суугаад гарах гэтэл машин гарах хэсгийн замыг Ланд-200 маркийн хар өнгийн машин зам хааж зогссон байсан. Ингээд уг машин дээр байсан утасны дугаар руу залгаж “машинаа гаргах гэсэн юм” гэж хэлэхэд олон янзын үгээр харааж эхэлсэн. Тэгэхээр нь би “машинаа гаргах гэсэн юм, та машинаа холдуулаад өгчих” гэхэд “чи байж бай” гээд утсаа салгасан. Тэгээд удалгүй жолооч нь гарч ирээд олон янзын үгээр хараагаад байхаар нь би машинаасаа бууж очтол миний зүүн талын шанаа тус газарт нэг удаа цохисон. Би хариу цохиход нүдний шилний орчимд нь таарч, гэмтэл учирсан байсан.

Тухайн үед миний бие согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин хохирогчийг “согтуу байна” гэж бодсон. Тухайн барилгын авто зогсоолын схем зураг хэрэгт авагдсан байгаа. Би машиныг тойрч гарах гэж оролдсон боловч гарч чадаагүй учир машины эзэн рүү залгасан. Би олон юм ярьсан гэж бодохгүй байна. Хохирогч надад “албаар машинаа орхиод явсан, гарах юм бол үхсэнээ хийж орсон юм бэ” гээд орилоод байсан. Хохирогч нь нүдний шил зүүсэн хүн байсан, хохирогч нүдэндээ гэмтэл аваагүйд баярлаж байна. Миний хувьд тухайн үедээ асуудалд хүлээцтэй хандах ёстой байсан гэдгийг ойлгосон. Хүний биед халдаж, эрүүл мэндэд нь гэмтэл учруулсандаа харамсаж байна. Би хууль эрх зүйн мэдлэг дутмаг, тухайн үедээ өөрийгөө  хамгаалж байна гэж бодоод иргэн Г.Бийн биед халдсан. Хүний биед хөнгөн хохирол учруулсандаа харамсаж байна. Эмчилгээний зардалд нэхэмжилсэн төлбөрийг нь нөхөн төлсөн байгаа.” гэсэн мэдүүлэг,  

 

Эрүүгийн 18100 2116 0763 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Г.Бийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 04х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Бийн хохирогчоор өгсөн:

“...2018 оны 09 дүгээр сарын 04-ний орой 22 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсангийн гудамжны 88888 тоотод гэртээ байж байхад утас дуугарахаар нь авсан чинь нэг эрэгтэй хүн яриад “машинаа гарга, би машинаа гаргах хэрэгтэй байна” гэсэн. Би “хэн бэ чи,  бүх машин парклаад зогсчихсон байхад чи ямар учиртай юм бэ” гэхэд тэр залуу “битгий олон юм яриад бай машин тэргээ гарга” гээд маргасан. Тэгэхээр нь би хувцасаа өмсөөд гадаа тавьсан машин дээрээ очиход 0000 БББ улсын дугаартай тоёота камри маркийн машин миний машинд тулаад зогсчихсон байсан.

Би очоод “чи юу гээд байгаа юм бэ” гэхэд тэр залуу “юу гээд байгаа юм бэ чи энэ нэг хачин юмаа зайлуул” гээд машинаасаа буугаад ирсэн. Бууж ирээд надтай маргалдаж байхдаа над руу шүлсээ үсчүүлээд маргаад байхаар нь би тэр залууг түлхсэн. Тэгтэл тэр залуу миний зүүн нүдний дээд хэсэгт нэг удаа гараараа цохисон. Би дахиж цохиулахгүйн тулд тэврээд түлхээд авсан. Ингээд би тэр залуугаас салаад газраас нүдний шил, гар утсаа аваад машин дотроо хийсэн.

Тэр үед тэр залуугийн аав гэх хүн балкон дээрээс “чи муу юу гээд байгаа юм бэ” гээд орилж байснаа бууж ирээд над руу дайраад заамдаж авсан. Заамдаад татахдаа аав нь миний фудволкийг урж үрчийлгэсэн. Энэ үед хүү болох залуу нь ална гээд дайраад би ч бас өмнөөс нь маргаж дайрсан. Тэр үед миний зүүн хөмсөгнөөс их хэмжээний цус гарч фудволк руу урсаж байсан учир эхнэрээ дуудаад цагдаад дуудлага. Энэ үед надтай анх маргаж байсан залуу машинаа асаагаад нөгөө талаар тойрч гараад зугтах гэхээр нь би ааваас нь салж, тэр машины замыг биеэрээ хааж цагдаа иртэл зогссон.

Мөн манай эхнэр хааж зогссон. Ингээд цагдаа иртэл хоёр гэр бүлийн хүмүүс хоорондоо маргалдсан. Тэр залуугийн аав нь намайг цохиж зодсон зүйл байхгүй. Харин намайг заамдаад зуурахаар нь би харилцан зууралдаад авсан. Би тэр залуутай урьд өмнө маргаж муудалцаж байсан зүйл байхгүй. Огт танихгүй залуу байсан. Тэр залуу бид хоёрын хооронд өс хонзон өр авлаганы асуудал байхгүй. Би тэр залуутай машин холдуулж зам тавьж өгөх асуудлаас болж маргасан. Уг нь тэр залуу нөгөө талын урсгалаар ухраад болон эргээд гараад явчих боломж байсан. Тэр залуу гэрээсээ жоохон ууртай гарсан юм болов уу, шууд “машинаа гарга, энэ хачин юмаа зайлуул” гээд эхэлсэн. Ингээд бид маргалдсан.

Тухайн үед миний зүүн нүдний хөмсөгний доод зовхи хэсэг язарч цус гарсан бөгөөд түүндээ 6 оёдол тавиулсан. Өөр гэмтэл, шарх гайгүй байсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардалаа нэхэмжилнэ. Нэхэмжлэх баримтаа би өөрөө гаргаж өгнө. Би ингэж цохиулснаас болж 5 хоног ажилдаа явж чадаагүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 06-07х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Огийн гэрчээр өгсөн:

 “...Манай хүү О.Ч 2018 оны 09 дүгээр сарын 04-ний орой Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо____ тоотоос эхнэрийн хамт ирээд 3 хүүхдээ аваад 20-21 цагийн орчим харихаар гарсан. Би эхнэрийнхээ хамт балкон дээр гарч ач нартаа “баяртай” гэж сурсан заншилаар гаргаж өгөхөөр хараад байж байтал манай хүү О.Ч өөрийнхөө камри маркийн машиндаа суугаад эхнэр хүүхэдтэйгээ хамт хөдөлсөн. Манай 40 дүгээр байр 88 дугаар байртай нэг хашаанд бөгөөд хашаан дотор машинууд хоёр байр руугаа шахаж тавиад голоор нь дахиж нэг эгнээ тавиад голын эгнээгээ тойрч зүүн урд зүгт байдаг хаалгаар машинууд орж гардаг юм.

Ингээд миний хүү О.Ч 25 дугаар байрны урдуур тойрч гарах гэтэл 25 дугаар байрны урдаасаа 3 дахь орцны машины урсгал дээр 25 дугаар байранд амьдардаг Г.Б гэх залуу өөрийнхөө Ланд-200 маркийн 0000 улсын дугаартай машинаа тавьсан байсан. Тэгэхэд нь манай хүү О.Ч машин дээр нь тавьсан утсаар яриад “машинаа холдуулчихгүй юу” гэж хэлэхэд нь “гарах байсан юм бол юу гэж орж зогссон юм бэ, би наана чинь албаар ингэж тавьсан” гэж хэлсэн. Ингээд намайг харж байтал Г.Б гарч ирээд өөрийнхөө машиныг өнгөрөөд ард нь зогсож байсан хүү О.Чийн машин дээр очиход О.Ч машинаасаа буусан.

Г.Б нь  шууд очоод манай хүү О.Чийн нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд нь О.Ч зөрүүлээд нэг удаа Г.Бийн нүүр рүү цохисон. Тухайн үед нь би гэрээсээ гараад гүйгээд очиход Г.Б машиныхаа багажийг онгойлгочихсон юм хайгаад байх шиг байсан. Би гараад тэдний дундуур орж хүү О.Чтоо “чи дуугүй цаашаа зогсож бай” гэхэд манай хүү миний үгэнд ороод цаашаа очоод зогссон. Тэгэхэд Г.Бийн машин, манай хүүгийн машин хоёрын хооронд хоёр машины зайтай байсан. ...Г.Б эргэж хараад “хөгшин төгцөг минь хүүгийнхээ арыг харж яваарай, танай хүүг ална би” гэж хэлэхээр нь би “больцгоо та нар чинь юу болж байгаа юм” гэхэд Г.Б манай хүү рүү зодох гээд дайрахаар нь би тэврээд автал Г.Б мултраад, цаашаа зүтгэхээр нь би нэг гараараа нэг гарнаас нь, нөгөө гараараа фудволкноос нь бариад автал Г.Б цааш зүтгээд фудволк нь урагдсан.

Ингэхээр нь би нэг гаран дээрээс нь хоёр гараараа барьж хорьж зогсоогоод “чи машинаа зүгээр гаргачихсан бол ийм зүйл болохгүй, чи эхлээд машинаа гаргачих, ярьмаар юм байвал надтай ярь” гэхэд Г.Б “чамайг ална” гээд миний урдуур гарах гэхээр нь би хорихоо больчихсон. Энэ үед манай эхнэр, хоёр охины хамт гарч ирээд манай охин “бичлэгийг нь хийчихье” гэхэд Г.Б орилж хашгирч байснаа дуугүй болчихсон.

Манай охин бичлэг хийхээ болиход Г.Б манай хоёр охиныг “хоёр гичий ална шүү” гэж хэлэхээр нь би “чи арай хэтэрч байна шүү, чи аавынх нь дэргэд охидыг нь ингэж хэлэхэд ямар байх вэ, бодож үзээрэй” гэж хэлсэн.  ...Тэгж байтал Г.Бийн эхнэр, дүү нь гээд хоёр хүн гарч ирсэн. Дүү нь гэх залуу манай хүүг зодох гээд дайрахаар нь би урдуур нь орж хорьсон чинь тэр залуу больчихсон. Ингээд Г.Бийн эхнэр цагдаа дуудсан. Манай хүү бас цагдаа руу дуудлага өгсөн. Үүнээс хойш дахиж зодолдоогүй бөгөөд цагдаа иртэл Г.Б нь 4-5 удаа “алалцъя” гээд дайраад байсан.

...Г.Бтой манай хүү О.Ч урьд нь маргаж муудалцаж байгаагүй, бие биенээ огт танихгүй. Манай гэр бүл Г.Бийн гэр бүл хоёрын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан, өс хонзон, өр авлаганы асуудал байхгүй, ямар нэг харьцаа ч байхгүй. ...Эцэст нь хэлэхэд миний хүү өөрийгөө хамгаалсан. Г.Б тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай хүү О.Ч гэрээс гарахдаа ямар нэгэн уур уцааргүй, инээж хөөрөөд эхнэр 3 хүүхэдтэйгээ хамт гарсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Цын гэрчээр өгсөн:

“...2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 22 цагийн үед санагдаж байна. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсангийн гудамж 88888тоот гэртээ байхад манай нөхөр болох Г.Бийн 000000 дугаарын утас дуугарсан. Нөхөр маань утсаа аваад ярьсан. Би хажууд нь сонсоод сууж байтал “машинаа холдуулаачээ” гэж чанга орилсон. Тэгээд манай нөхөр “би гарчихаад ирье, машинаа ходуулчихъя” гээд гарсан. Үүнээс хойш 10 гаруй минутын дараа манай дүү Б эгч “та гараад ирээч” гээд гэрт ороод ирсэн.

Тэгээд гартал автомашины ил зогсоол дээр манай нөхөр Г.Б нүүрээ дараад тонгойсон, хөмсөгний дээд хэсгээс маш их хэмжээний цус гарч, нүүрийг нь бүрхсэн байдалтай Ц “намайг цохичихлоо, цагдаа дуудаарай” гээд зогсож байсан. Харин хажуу талд 20 гаруй насны өндөр том биетэй залуу, түүний хажууд аав, ээж, эгч нь гэсэн хүмүүс зогсож байсан. Ингээд би дээрх хүмүүсээс “юу болсон” талаар лавлан асуухад “чи муу яасан даварцан залуу вэ, чи муу” гээд манай нөхөр рүү дайраад, ...намайг доромжлоод “холд зайл” гээд байсан. Том биетэй 20 гаруй насны залуу тээврийн хэрэгсэлд /марк, дугаарыг нь тодорхой санахгүй байна/ суугаад хөдлөх гэхээр нь ...би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн, ...гээд ...манай нөхрийг цохисон гэх 20 гаруй насны залууг “байж бай, цагдаа иртэл явуулахгүй” гэж хэлээд машиных нь урд талд зогссон.

Энэ хугацаанд уг залуу намайг “хаанаас ирсэн хачин амьтан бэ, арзайсан сэгсийсэн, эх хүн биш байна ,би явлаа” гэж үгээр харааж машинаараа мөргөх гээд байж байтал аав нь гэх хүн ирээд намайг “холд” гээд заамдаж аваад түлхсэн. 30 орчим минутын дараа цагдаагийн алба хаагчид ирж манай нөхрийг болон нөгөө залууг цагдаагийн хэлтэс рүү авч явсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20х/,

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бийн гэрчээр өгсөн:

“...2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 22 цагийн үед би дэлгүүр орчихоод орц руугаа орох гэтэл байрны гадна талд Г.Б ахын зүүн хөмсөгний дээд хэсгээс цус гоожсон, нэг том биетэй 20 гаруй насны залуу Г.Б ахыг цохисон бололтой “чамайг ална” гэх зэргээр харааж, дахин зодох гээд дайраад байж байсан. Би очиж болиулах гээд голоор нь ортол нөгөө залуу над руу дайраад, зодох гээд байхаар нь би гэр рүүгээ гүйж ороод, эгч Н.Цыг дуудсан.

Намайг очиход Г.Б ах тонгойсон, зүүн хөмсөг хэсгээс нь цус гоожсон нүүр ам нь нил цус болсон байсан... Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21х/,

 

6. Хохирогч Г.Бийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 23-24х/,

         

7. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 10880 дугаартай дүгнэлтэд:

1. Г.Бийн биед зүүн нүдний дээд зовхины язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4.6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 25-26х/,

 

8. Хохирогч Г.Бийн хохирол нэхэмжлэхтэй холбоотой гаргасан эмчилгээний зардлын баримтууд /хэргийн 09х/,

 

9. Хэрэг гарсан гэх газрын 25 болон 40 дүгээр байрны дундах автомашины зорчих замын  схем зураг /хэргийн 43х/,

 

 10. Шүүгдэгч О.Чоос хохирогч Г.Бид эмчилгээний зардлын төлбөрт 181.000 төгрөг нөхөн төлсөн гэх Улаанбаатар хотын банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хэргийн 77х/,

 

11. Хохирогч Г.Боос тус шүүхэд бичгээр гаргасан “шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү, гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” хүсэлт /хэргийн 72х/,

 

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Чийн яллагдагчаар өгсөн:

  “...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийнхөө биеийг хамгаалж, тэр хүний үйлдлийн эсрэг хариу үйлдэл хйисэн. Тэр хүн гарч ирээд шууд машинаа холдуулсан бол ийм зүйл болохгүй байсан. 2018 оны 09 дүгээр сарын 04-ний орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 40 дүгээр байранд байдаг аав Т.Огийнхоос эхнэр, хүүхдийн хамт гараад өөрийн 0000 БББ улсын дугаартай камри машинд суугаад хөдөлж тойрч гардаг 25 дугаар байрны өмнөх гарцан дээр хар өнгийн Ланд Крузер маркийн машин зам хаагаад зогсчихсон байхаар нь би зогсож, буугаад урд талынх нь шилэн дээрээс нь утасны дугаарыг нь авч залгаад “машин гаргах гэсэн юм” гэхэд урдаас “би машинаа наана чинь орхичихоод хол явж байна” гэсэн.

Тэгэхээр нь би “өөрөө гарцан дээр машинаа орхисон байна” гэхэд “чи үхсэнээ хийж гарах байсан юм бол наанаа машинаа орхисон новш вэ” гэсэн. Тэгэхээр нь би “за, зүгээр машинаа холдуулаад өгчих өө” гэхэд “за, чи наанаа байж байгаарай” гэж хэлээд утсаа тасалсан.

Удалгүй 25 дугаар байрны 2 дугаар орцноос нэг залуу гарч ирээд, зам хааж зогссон хар өнгийн Ланд крузер машиныхаа ар талд зогсчихоод хараад байхаар нь би машиныхаа цонхыг буулгаад “би гарах гэсэн юм” гэхэд ...тэр залуу машин дээр хүрч ирээд цонхоор “чи утсаар яах гэж томроод байгаа пизда вэ” гэхээр нь би урдаас нь юм хэлэлгүй цонхоо хаагаад машинаас буугаад очсон.

Очоод “би өөр лүү чинь зүгээр машинаа гаргая гэж ярьсан ш дээ” гэхэд юм хэлэлгүй, тэр залуу миний зүүн талын шанаа орчим гараараа нэг удаа цохисон. Би хариуд нь тэр залуугийн зүүн талын нүд орчим цохисон. Тэгтэл тэр залуугийн нүдний шил хагарч доош унасан бөгөөд тэр залуугийн зүүн нүдний орчмоос цус гарч харагдсан. Тэр залуу хойшоо ухраад машин руугаа очиж багажаа онгойлгоод, багажнаасаа нэг зүйл хайгаад байгаа бололтой зогсоод байсан.

Энэ үед манай аав Т.О гэрээсээ гарч ирээд “чи зүгээр машинаа холдуулаад өгчихгүй, яагаад манай хүүг цохиж байгаа” гэхэд тэр залуу “танай хүү намайг ийм болголоо, одоо танай хүүг ална” гээд над руу дайрсан. Ингэхэд нь манай аав тэр залууг тэвэрч аваад салгасан. Дараа нь хоорондоо маргалдаж байгаад цагдаа дуудсан. Би тэр залуутай урьд өмнө маргаж муудалцаж байсан зүйл байхгүй. Тэр залууг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэж би ойлгосон. Намайг цохисон учраас би өөрийгөө хамгаалж тэр залууг нэг удаа цохисон. Би тэр залуутай ер маргасан зүйл байгаагүй. Харин тэр залуу “машинаа холдуул” гэсний төлөө уурлаж над руу “пизда новш” гээд үгээр дайрч давшлаад байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 49-50х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 40х/, мөн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 42х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн эмч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Чийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч О.Ч нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны гадаа “зам хааж машин тавьсан байна” гэх шалтгааны улмаас иргэн Г.Бтой маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж “зүүн нүдний дээд зовхины язарсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн хохирогч Г.Бийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 04х/, хохирогч Г.Бийн мэдүүлэг /хэргийн 06-07х/, гэрч Т.О, Н.Ц, Б.Б нарын мэдүүлэг /хэргийн 14-15х, 19-21х/, хохирогч Г.Бийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 23-24х/, ШШҮХ-ийн шинжээчийн “...Г.Бийн биед зүүн нүдний дээд зовхины язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10880 дугаартай дүгнэлт /хэргийн 25-26х/, хохирогч Г.Бийн хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой хэрэгт гаргасан эмчилгээний зардлын баримтууд /хэргийн 09х/, хэрэг гарсан гэх 25 болон 40 дүгээр байрны дундах автомашины зорчих хэсгийн схем зураг /хэргийн 43х/, шүүгдэгч О.Чоос хохирогч Г.Бид эмчилгээний зардлын төлбөрт 181.000 төгрөг нөхөн төлсөн гэх Улаанбаатар хотын банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хэргийн 77х/, хохирогч Г.Боос тус шүүхэд бичгээр гаргасан “шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү, гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” хүсэлт /хэргийн 72х/ болон шүүгдэгч О.Чоос шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

   Хохирогч Г.Бийн биед учирсан “зүүн нүдний дээд зовхины язарсан шарх” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч О.Ч түүнийг гараараа нэг удаа цохисноос үүссэн болох нь тогтоогдсон ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас  хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Түүнчлэн тухайн цаг хугацаанд “машинаа гарга, би машинаа гаргах хэрэгтэй байна” гэж утсаар нь залгаж шүүгдэгчийг хэлэхэд нь хохирогч нь “хэн бэ чи, бүх машин парклаад зогсчихсон байхад, чи ямар учиртай юм бэ”  гэх зэргээр ялихгүй зүйлээс маргаан үүсгэж, зүй бус авирласан түүний зохих буруутай байдал уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсныг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч О.Ч нь хохирогч Г.Бийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Прокуророос О.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг шалгагдан тогтоогдсон байх тул шүүх, шүүгдэгч О.Чийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,  мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл / эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн хохирогч Г.Бийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 181.000 /нэг зуун наян нэгэн мянга/ төгрөгийг шүүгдэгч нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн баримттай байна. /хэргийн 72-73х, 77х/

 

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн төлбөрт тооцон шүүгдэгч О.Чоос гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.  

 

Шүүгдэгч О.Ч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 40х/ байгаа нь тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох юм.  

 

Шүүх, шүүгдэгч О.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.    

 

Энэ хэрэгт О.Ч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, хохирогч Г.Б нь хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдав.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

 

                                                         ТОГТООХ нь:

 

1. О.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Ч-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.Ч нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар О.Ч нь хохирогч Г.Б-ийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 181.000 /нэг зуун наян нэгэн мянга/ төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тэмдэглэсүгэй.

 

5. Энэ хэрэгт О.Ч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан О.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАЗАРХАНД