Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01007

 

 

 

 

 

 

 

 

      2023         05          15                                         210/МА2023/01007

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/01490 дугаар шийдвэртэй,

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Т” ХХК-д холбогдох

197,700,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, 110,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Д, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Б /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч Э ХХКнь Т ХХК-нд холбогдуулан 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын зардалд 158,000,000 төгрөг, нэмэлт ажлын зардалд 71,000,000 төгрөг, нийт 229,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний дагуу талбай зүлэгжүүлсэн ажлын зардалд 130,000,000 төгрөг, труба нийлүүлсэн төлбөрт 28,700,000 төгрөг, суулгасан хайлаас модны үнэнд 21,000,000 төгрөг, сагс, хөлбөмбөгийн талбайд хийсэн материалын зардалд 15,000,000 төгрөг, хөндлөнгийн шинжээчийн үнэлгээний зардалд төлсөн 3,000,000 төгрөг, нийт 197,700,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

1.2. 2016 оны 07 сард Т ХХК-ийн орон сууцны гадна зүлэгжүүлэлт, мод тарих, тоглоомын талбай, хөл бөмбөгийн талбайг шинээр хийх ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Тухайн газарт очиход 12 байшингийн 4 байшин нь ашиглалтад орсон, 8 байшинд нь засварын ажил хийгдэж байсан. Манай компаний зүгээс 1-12 дугаар байрны гадна зүлэгжүүлэлт, 13-16 байрыг зүлэгжүүлэх, иж бүрэн тоглоомын талбай тохижуулах ажлыг хийж гүйцэтгэсэн.

1.3. Хариуцагчид 27,800,000 төгрөгийн үнэ бүхий холбогч трубаг нийлүүлсэн боловч үнийг төлөөгүй. Манай компаний хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд мөнгө авахгүйгээр зөвхөн бартераар тооцоо хийхээр болж бид 2016 оны 08 сарын 08-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу байрнуудын гадна талд 7000 м.кв талбайг зүлэгжүүлж, мод тарих ажлыг хийхээр болсон. Дараа нь тоглоомын талбай байгуулах гэхэд газар нь налуу байсан тул газрыг тэгшлэх шаардлагатай тул төлбөр нэмэгдэхээр байгаа болохыг хариуцагч компанид мэдэгдэхэд нэмэгдэл төлбөрийг олгоно та ажлаа хийчих гэснээр хүүхдийн тоглоомын талбайн газрыг тэгшлэх, ингэж тэгшилснээр нэмж 10.000 м.кв талбайг зүлэгжүүлж, мод тарьсан, хөл бөмбөгийн талбайг зүлэгжүүлж, хаалганы шонг хийсэн, сагсны талбайг мөн хийсэн. Тоглоомын талбайн зарим хэсэг ажил бүрэн дуусгаагүй учир материалуудыг нь үлдээсэн. Тоглоомын талбайн тохижилтын ажлыг 30 хувьтай гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Хийсэн ажлын төлбөрөө хариуцагч талаас гаргуулж авч чадахгүй байснаар маш их хохирч, энэ асуудлаас болж өөрийн орон сууцыг алдсан. Орон сууцаа барьцаалж зээл аваад авсан зээлээ гэрээний дагуу ажлаа хийхэд зарцуулсан боловч зээлийн төлбөр төлөгдөөгүй улмаас шүүхийн шийдвэр гарч, орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, манай байрыг зарсан. Энэ талаарх баримтаа хэрэгт гаргаж өгсөн байгаа. Мөн ажилчдынхаа цалингийн талыг өгсөн. Ажил хийгээгүй байхдаа хариуцагч талд 28,700,000 төгрөгийн бараа нийлүүлсэн гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч нь гадна зүлэгжүүлэлт, тоглоомын талбай, хөл бөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, мод тарих ажлыг хийхээр болсон. Нэхэмжлэгч байгууллага нь тухайн хэсэгт зүлэг, мод тарьснаас өөр зүйл харагддаггүй. Энэ хүн 2 жил тэнд ажиллаж байгаад гэнэт байхгүй болсон. Улмаар өөр байгууллага тухайн ажлыг хийж байсан. 28,700,000 төгрөгийн турба нийлүүлсэн гэж байгаа боловч 4 ширхэг хоолойг суулгаагүй. Хариуцагч байгууллагын талбайд хэвээрээ байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

3.1. Т ХХК болон Э ХХК-иуд нь 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр хорооллын зүлэгжүүлэлт, тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ус зайлуулах хоолой, холбох хэрэгсэлийн 220,000,000 төгрөгийг ажлыг Налайх дүүргийн 7 дугаар хороо, шинэ налайх хороололд хийж гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд ажлыг гүйцэтгэх хугацаа нь ажлын 30 хоног байхаар тохиролцсон байна.

Гэтэл уг ажлын гүйцэтгэлийг одоо болтол хүлээлгэж өгөөгүй, зарим ажлыг хийж гүйцэтгээгүй байгаа бөгөөд ажил хүлээлгэж өгөх хугацаа 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдрөөс эхлэн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дуусгавар болсон. 2016 оны 09 дүгээр сарын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 5 жил буюу 365 хоногоор тооцоход 1825 хоногийн болжээ. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар хоног тутамд 0.1 хувь буюу хоногт 220,000 төгрөг бөгөөд нийт 401,500,000 төгрөгийг алданги үүссэн байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу алданги нь гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэхгүй гэсний дагуу 110,000,000 төгрөгийн алданги нэхэмжилж байна гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Т ХХК-ийн хариуцсан хүн дээр нь яваад очиход өөр хүнийг заадаг. Тэр хүн дээр нь очихоор өөр хүнтэй уулз гэдэг. Энэ мэтээр ажлаа хүлээж авдаггүй. Би шүүхэд хандах талаар хэлэхэд чамайг шүүхээр яваад юм олохыг чинь харна гэдэг байсан. Эхний жил ажлаа хүлээлцэж акт үйлддэг байсан. Гэтэл нягтлан нь ажлаас гарсан гээд тэр актыг гаргаж өгдөггүй. Тийм баримт байхгүй, нягтлан ажлаасаа гарсан тул мэдэхгүй гээд байдаг. Манай компаниас авсан цагаан хоолой бүхий трубаг газарт булсан байгаад буцааж гаргасан байсан. Одоо тэр хоолойнууд чанарын шаардлага хангахгүй болсон. Хариуцагч тал ажлаа хүлээж авахгүй байсан учир алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 352 дугаар зүйлийн 352.5-д зааснаар хариуцагч Т ХХК-аас 135,572,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 62,128,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч Э ХХК-аас 110,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Т ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,302,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 708,00 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-аас 835,810 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эс Би Эн констракшн ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 17 дугаарт хариуцагч тал шинжээчийн дүгнэлтийн талаар маргаагүй гэжээ. Э ХХК нь өөрсдийн гэрээгээр хүлээсэн ажлыг чанарын шаардлага хангасан түвшинд хийж гүйцэтгэн, захиалагчид хүлээлгэн өгөөгүй байж дутуу гүйцэтгэсэн ажилдаа 2021 онд буюу ажлаа хаяж явснаас хойш 2 жил гаруй хугацааны дараа Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-аар шинжээчийн дүгнэлт гэж гаргуулан 197,700,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Т ХХК-ийн зүгээс дутуу хийж гүйцэтгээд 2018 онд орхин явсан ажлын гүйцэтгэлд 2022 онд шинжээчийн дүгнэлт хийлгэн 194,421,000 төгрөгийн төсөвт ажил гүйцэттгэсэн үнэлгээ тогтоолгосон нь үндэслэлгүй талаар шүүх хуралдаан дээр маргасан. Мөн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй тул дахин шинжээч томилуулах санал гаргасан боловч шүүхээс уг хүсэлтийг хангаагүй байж талууд шинжээчийн дүгнэлтэд маргаагүй тул тус дүгнэлтийг үндэслэн Т ХХК-аас 135,572,000 төгрөг ажлын гүйцэтгэлд гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан, хариуцагч талын эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн шийдвэр гарсан.

6.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 23 дугаарт “...захиалагчийн зүгээс гэрээний үүрэг шаардсан, доголдолтой холбоотой ажил гүйцэтгэгчид нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчээс алдангид 110,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ. Талуудын хооронд 2016 оны 08 сарын 08 өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т Э ХХКнь гэрээгээр тохиролцсон ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн Т ХХК-д хүлээлгэн өгч, акт үйлдсэнээр ажлын гүйцэтгэлийг хүлээн авсанд тооцохоор заасан. Гэтэл Э ХХКнь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу өөрсдийн гэрээгээр тохиролцсон хугацаанд ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхгүй байсан тул Т ХХК ажлаа чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхийг шаардаж, уг шаардлагыг хангасны дараа гүйцэтгэсэн ажлыг хүлээн авахаа мэдэгдэж байсан. Харин Эс Би Эн констракшнХХК-ийн зүгээс уг шаардлагыг биелүүлээгүй бөгөөд гэрээгээр хүлээсэн ажлаа хийж дуусгахгүйгээр хаяж явсан. Тиймээс Т ХХК нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар Э ХХКнь гэрээний үүргээ биелүүлээгүй, ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөөгүй тул гэрээний үнийн дүн болох 220,000,000 төгрөгөөс гүйцэтгээгүй үүргийн алдангид 110,000,000 төгрөг нэхэмжилсэн.

 Гэтэл шүүхээс Т ХХК-ийг чанарын шаардлага хангаагүй, дутуу, хагас хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах ёстой байсан, хүлээн авах эрхээ тухайн үед хэрэгжүүлээгүй хэмээн дүгнэж 110,000,000 төгрөгийн алданги нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу юм. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Т ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 135,572,000 төгрөг гаргуулах шийдвэрийг хүчингүй болгож, Т ХХК-ийн гаргасан ажил гүйцэтгэх гэрээний алдангид 110,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1. Энэ газрын ажлыг 2 жил 5 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн. Манай компанитай байгуулсан гэрээгээ дуусгавар болгоогүй, дүгнээгүй атлаа тухайн ажилд өөр компаниар гүйцэтгүүлэхээр болсон. Гэтэл тухайн компани ажлыг бас хийж гүйцэтгээгүй бөгөөд тодорхой хэмжээний хатуу эдлэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Манай талаас нэмж хийх ажил гарсан тул гэрээ хийх санал тавьсан боловч гэрээ байгуулаагүй. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Э ХХКнь хариуцагч Т ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 197,700,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч алдангид 110,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

3. Талууд 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр Э ХХКнь Шинэ Налайх цогцолбор барилгын 1-16 дугаар байрны гадна зүлэгжүүлэлт хийх, хайлаас мод тарих, “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнгийн иж бүрэн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, тоглоомын иж бүрдэл, гэрэлтүүлэг, хогийн сав, сандал, сагс, хөл бөмбөгийн талбайн зүлэгжүүлэлт хийх, ус зайлуулах хоолой, холбох хэрэгслийг нийлүүлэх ажлыг нийт 220,000,000 төгрөгөөр хийх, харин Т ХХК нь энэ ажлын зардал 220,000,000 төгрөгт Шинэ Налайх хороололд баригдаж буй 11 дүгээр байрны 1-12 тоот авто зогсоол тус бүрийг 15,000,000 төгрөгөөр, 4 ширхэг агуулахын зориулалтай байр тус бүрийг 10,000,000 төгрөгөөр тооцож шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцжээ.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан  ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

3.а. Хариуцагч Т ХХК нь татгалзлаа “нэхэмжлэгч Э ХХК ажлыг дуусгалгүй орхиод явсан тул өөр компаниар гүйцэтгүүлсэн” гэж тайлбарлажээ.

 

3.б. Дээрх гэрээг байгуулснаас хойш Т ХХК нь “М” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр Шинэ Налайх хорооллын гадна гэрэлтүүлэг, тохижилт тоглоомын талбай, хорооллын зам талбайн ажлыг гүйцэтгэхээр тохирч, уг ажлын гүйцэтгэлийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 12/19-01 тоот актаар ашиглалтад оруулсан байна.

 

4. Хэрэгт авагдсан Т ХХК-ийн “Э” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ болон Т ХХК-ийн “М” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, уг гэрээний хавсралт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт зэрэг баримтыг харьцуулан үзвэл хариуцагч Т ХХК-ийн  “М” ХХК-иар гүйцэтгүүлсэн авто зам, тоглоомын талбай, зам гэрэлтүүлгийн ажлууд нь “Э” ХХК-иар гүйцэтгүүлсэн байрны гадна талбайн болон цэцэрлэгт хүрээлэн, хөл бөмбөгийн талбайн зүлэгжүүлэлт, мод тарих, тохижилтын ажлуудтай давхцахгүй, тус тусын гэрээнд хамаарах өөр ажлууд байна. Иймд энэ талаарх хариуцагчийн “Э ХХК-ийн хийгээгүй ажлыг М ХХК-аар хийлгэж дуусгасан” гэх тайлбар болон гомдол үндэслэлгүй.

 

5. Т ХХК нь Э ХХК-д Шинэ Налайх хорооллын гадна тохижилт, ногоон байгууламжийн гүйцэтгэлд гэрээнд бартерийн журмаар олгогдох 11-р барилгын 10 гараж, 12-р барилгын 2 гаражийг тохиролцон өөрчлөлт оруулах талаар 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 79/18 тоот албан бичиг хүргүүлсэн, мөн нэхэмжлэгч нь БНХАУ-аас 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хайлаас гүйлс, интоор, монос зэрэг 14 нэр төрлийн мод бутны суулгац 350 ширхэгийг оруулж ирсэн үйл баримт 1 дүгээр хавтасны 8, 195-196 дугаар тал дахь баримтаар тогтоогдож байна.

 

5.а. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Шинэ Налайх цогцолбор хороололд тус компанийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, төсөвт өртгийг тодорхойлуулахаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 5761 дүгээр шүүгчийн захирамж гаргаж шинжээчээр томилжээ. Шинжээчийн дүгнэлтээр 1-12 дугаар байрны гадна зүлэгжүүлсэн талбай 12,858 м.кв, тарьсан 29,723 ширхэг, хөл бөмбөг болон сагсан бөмбөгийн талбайд хийсэн тэгшилгээ 3,244 м.кв, хөл бөмбөгийн талбайд 2 ширхэг хаалга, 3 тал хашаа, сагсан бөмбөгийн талбайд 2 тал хашаа, 2 сагсан бөмбөгийн шит хийгдсэн байна гэж тодорхойлжээ.

 

5.б. Хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээ, Улсын мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн амьтан ургамал, бүтээгдэхүүний импортын мэдэгдэл, Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Байгалийн ургамал, ойн дагалт баялаг, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаадаас оруулах зөвшөөрөл, шинжээчийн дүгнэлт болон нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар Шинэ Налайх цогцолбор барилгын 1-12 дугаар байрны гадна талбайг зүлэгжүүлсэн, хөл бөмбөгийн талбайд 2 ширхэг хаалга, 3 тал хашаа, сагсан бөмбөгийн талбайд 2 тал хашаа, 2 сагсан бөмбөгийн шийд зэрэг ажлыг нэхэмжлэгч гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

5.в. Хариуцагч нь “гэрээгээр тохирсон ажлыг нэхэмжлэгч гүйцэтгээгүй, дуусгалгүй орхиод явсан” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар баримтаар нотлоогүй тул энэ талаархи хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

6. Талууд гэрээгээр 1-12 дугаар байрны гадна талбайн 8,700 м.кв талбайг зүлэгжүүлэх, мөн 6,960 ширхэг хайлаас мод тарихаар тохирсон байна.

 

6.а. Анхан шатны шүүх 8,700 м.кв зүлэгжүүлсэн талбайг шинжээчийн тогтоосон нэгж үнэ 10,000 төгрөгөөр тооцож 87,000,000 төгрөгийг, 6,960 ширхэг хайлаас модыг шинжээчийн тогтоосон нэгж үнэ 700 төгрөгөөр тооцож 4,872,000 төгрөгийг, сагс болон хөл бөмбөгийн талбайд хийгдсэн материалын зардлыг нэхэмжлэгчийн тодорхойлсон 15,000,000 төгрөгөөр тооцож, хариуцагчийн зөвшөөрснөөр нийлүүлсэн труба үнэ 28,700,000 төгрөгөөр тооцож, нийт 135,572,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 62,128,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

            Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

7. Талууд гэрээний 7.1-д гүйцэтгэгч ажлыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй, эсвэл доголдолтой ажлыг заасан хугацаанд засварлаж өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.1 хувиар алдангийг захиалагчид төлнө гэж тохиролцжээ.

 

7.а. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д “гэрээнд заасан хугацаанд эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” үүрэгтэй болохыг заасан.

 

            7.б. Нэхэмжлэгч 194,421,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн нь хэргийн баримтаар тогтоогдсоныг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн байх тул ийнхүү нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн  ажлыг хүлээн авч, хөлс төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар анз авах эрхээ алдах үр дагавартай тул  хариуцагчийн алданги гаргуулах тухай давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

7.в. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчээс алдангид 110,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/01490 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 1,385,810 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.ЭНЭБИШ

 

                 ШҮҮГЧИД                                Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ