| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0625/Э |
| Дугаар | 639 |
| Огноо | 2018-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Баярхүү |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 639
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 18100 1655 0789 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Баярхүү, хохирогч Ц.Ц, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Д.Г нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.О нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 7 дугаар гудамжны 888 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Цыг “архи ууж орой гэртээ ирлээ” гэх шалтгааны улмаас зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,
- Мөн 2018 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 8888 тоотод оршин суух иргэн О.Бы гэрт иргэн Ц.Жыг “эгчийгээ өмөөрч, аавыг түлхэж унаган хэрүүл маргаан хийлээ” гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...2018 оны 06 дугаар сарын 30-ны орой манай эхнэр гэртээ архи уугаад ирсэн. Намайг “автобусны буудлаас тосоод ав” гэхээр нь би хүүхдээ унтуулчихаад гарч тосож аваад гэртээ ирэхэд манай эхнэр унтаж байсан хүүхдүүдийг “миний хүүхэд, миний хүүхэд” гэж үнсээд сэрээчих гээд байхаар нь би “чи архи ууж ирчихээд унтаж байгаа хүүхэд яах гэж сэрээгээд байгаа юм бэ “гэж хэлэхэд намайг “зайл гөлөг минь” гэсэн. Тэгэхээр нь би “чи яагаад дандаа хөөж тууж байдаг юм бэ” гээд хацар дээр нь нэг удаа алгадсан.
Тэгээд бид хоёр маргалдаж, нэг нэгнийхээ үснээс зулгааж ноцолдсон. Би гэрээсээ гараад дэлгүүрийн үүдэнд хүнтэй юм яриад зогсож байхад эхнэр, хүүхдээ аваад манай аав, ээжийн гэр рүү явсан. Хойноос нь очиход хэрүүл маргаан болж байсан. Тэгж байтал гаднаас манай эхнэрийн дүү Ц.Ж орж ирээд “яагаад чи эгчийг маань зоддог юм бэ” гэхээр нь би эхнэрт “дүүгээ аваад яв” гэсэн боловч явахгүй байсан.
Ц.Ж манай аав руу дайраад, аав барьж байсан шанагаар толгой руу нь цохисон. Би тэр хоёрыг салгах гэж байгаад Ц.Жы хөлийг нь шалбалсан. Ц.Ж намайг өшиглөөд, би босож чадахгүй байсан. Тэгээд зодоон болж байгаад, эхнэр, дүүтэйгээ хамт гараад явсан.
Би хувиараа таксинд явж, хохирогчид хохирол төлбөр төлсөн. Таксинд явж олсон мөнгөө эхнэртээ өгдөг, мөн банкны зээл төлдөг. Би сард 215.000 төгрөгийн группын тэтгэмж авдаг. Би эхнэрээсээ “уучлаарай” гэж уучлалт гуйсан. Би эхнэртээ хайртай, миний буруу, гэм буруугаа ойлгож байна. Би цаашид эхнэртэйгээ эвлэрээд хамт амьдарч чадна. Дахин ийм асуудал гаргахгүй.” гэсэн мэдүүлэг,
2. Хохирогч Ц.Цы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр манай ажлын газрын хүний төрсөн өдөр болоод бүгдээрээ нэг газар сууж юм уусан. Би оройн 23 цаг 30 минутын үед гэртээ ирэхдээ өөрийгөө хянах чадвартай байсан. Би хүүхдээ сэрээхгүй гэж аяархан орж ирэхэд Б.О босож ирээд “чи архи уудаг хэн бэ” гээд маргаан эхлүүлсэн. Урьд өмнө нь надад “чи аав, ээж, ах, дүү нараасаа тангараа тасла, тэд нартай харьцах хэрэггүй” гэж хэлдэг байсан. Тэгээд миний утсыг шүүрч авахаар нь би авах гэж ноцолдоход намайг цохиж унагаасан. Тэгээд би Б.Оыг “аав, ээж рүүгээ яв, миний идэж уух, найз нөхөдтэйгээ уулзахыг чи хорихгүй” гэж хэлсэн чинь дахин миний нуруун тус газарт тохойгоороо 2-3 удаа цохиод, нүүр ам маажсан. Тухайн үед бид түрээсийн байранд амьдарч байсан учир тэр байрны эзэд нь байсан. Тэгээд би 2 охиноо тэврээд Б.Оын аав, ээж дээр нь очоод “хүүхдээ ав” гэж хэлсэн.
Тэгж байтал Б.О араас орж ирээд хоорондоо маргалдсан. Би гэрээс гараад явж байгаад дүүтэй уулзаж “Б.О намайг зодож нүүдээд байна” гэж хэлэхэд манай дүү Ц.Ж буцаж ирээд Б.Отай заамдалцсан. Тэгэхэд Б.Оын аав нь “манай хүүхдийг зоддог чи хэн бэ” гээд дүүг шанагаар цохисон юм. Ээж нь намайг цохиод миний хамарнаас цус гаргасан.
Тэгээд би дүүтэйгээ гараад Цагдаагийн хэлтэст очиж гомдол бичиж өгсөн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Б.О нь надаас уучлалт гуйгаагүй. Хэрэг болсоноос хойш 3-4 сар гаран тусдаа амьдарч байхад Б.О “охиноосоо тусдаа амьдарч чадахгүй” гээд уйлж унжаад байсан болохоор бид хоёр хамт амьдарч байгаа. Одоо хэвийн харилцаатай байна.
Миний хувьд найз нөхөд, ажлын газрын хүмүүстэй хамт баяр, ёслолын үеэр уудаг. Гэхдээ байнга архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Б.О бид хоёр хамт амьдраад дундаасаа бага охин маань төрсөн. Том хоёр хүүхэд маань түүний хүүхдүүд бишээ. Хамт нэг гэрт амьдарч байгаа хэдий ч байр, хоол, ахуйн хэрэглээний наад захын бүх асуудлыг би зохицуулдаг. Амьдралд нэмэр тус болооч гэхэд Б.О нь мөнгө байхгүй гэдэг мөртлөө өөртөө машин зээлээр авч, лизингийн зээлийн төлбөр төлдөг. Тогтсон орон гэр байхгүй, түрээсийн байранд амьдардаг, байрны түрээсийн төлбөр мөнгийг би дандаа зохицуулж төлдөг. Эцэг, эхэд нь хэлэхэд хүүхдээ өмөөрөөд, эсэргүүцдэг. Бага охин маань хөхүүл, мөн Б.Оын хүүхэд учир охиноосоо тусдаа амьдарч чадахгүй гээд уйлж гуйгаад байсан учир хамт амьдарч байна. Түүнээс биш Б.О нь надаас уучлалт гуйгаагүй, бид эвлэрсэн асуудал байхгүй. Миний хувьд 650.000 төгрөгийн цалинтай. Б.О надад нэг ч төгрөг өгдөггүй. Эмчилгээний зардал 150.000 төгрөг нэхэмжилсэн боловч одоо хамт амьдарч байгаа тул хохирол төлбөр нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 18100 1655 0789 дугаартай хэргээс:
1. Хохирогч Ц.Цы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2013 оноос хойш би Б.Отай хамт амьдарч байгаа. 2013 онд анх танилцахад Б.Оын ээж, аав хоёр бид хоёрыг суулгах гэж их оролддог байсан. 2013 оноос хойш Б.О удаа дараа надад гар хүрч байсан. Тухайн үед би цагдаад хандаж байгаагүй. Надад гар хүрч байх үед миний хажууд манай хүүхэд Э, нар байдаг байсан. Өөр хүн байдаггүй байсан. 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ажлынхантайгаа нэг газар суучихаад 23 цагийн үед гэртээ ирэхэд, нөхөр Б.О гэрт унтаж байсан. Тэгээд би унтах гээд байж байтал нөхөр Б.О босч ирээд “чи архи уулаа” гээд намайг үсдэж дараад, чирээд гал тогоо руу ороод, нуруу руу тохойгоороо 2 удаа цохиод, гараараа нүүрнээс маажаад байсан. Би арай гэж үсдэж байсан гарыг нь тавиулаад, юм яриад сууж байхад миний нүүр хэсэг рүү Б.О гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Тэгэхээр нь би Б.Оыг “чи яв, ээж аав дээрээ оч” гэж хэлэхэд гэрээс гараад явчихсан. Би хоёр бага хүүхдээ дагуулаад Б.Оын ээж, аавд нь хэлэх гээд очсон. Тэгээд “Б.О намайг зодсон” талаар хэлэхэд ээж нь “чи муу хоёр золбин гөлгөө аваад яв” гэж хөөсөн. Тэгээд гэрээс нь гараад явж байхдаа дүү Ц.Жтай гудамжинд тааралдаад, бид хоёр буцаад Б.Оын гэрт очсон.
Тэгээд манай дүү Ц.Ж Б.Оыг заамдаж аваад “бид нар олон жил дуугүй явсан, чи битгий давраад байгаарай” гэж хэлэхэд Б.Оын аав Б манай дүү Ц.Жыг төмөр шанагаар толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Тэгээд байж байхад Б гартаа хутга барьчихсан “Олдохоо нохойгоо сул тавь, эд нарыг энд нь алаад хаячихъя” гээд байсан. Гаднаас Б.Оын ээжийнх нь дүү гэх хүн орж ирээд бид нар хоорондоо хэрэлдэж байгаад дүү Ц.Ж бид хоёр гараад явсан.
Б.О архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй. ...Би тухайн өдөр дүүтэйгээ Цагдаа дээр ирж өргөдөл өгсөн. Миний толгой руу гараараа 1 удаа цохисон, нуруу руу тохойгоороо 2 удаа цохисон, үснээс зулгааж, нүүр биеийг гараараа самардаж маажсан. Миний толгой хавдаж өвдсөн, биеийн ихэнх хэсгүүдээр улайж зулгарсан. 8224 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийг Б.О надад учруулсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал болон бусад зардалд нийт 150.000 төгрөг нэхэмжилж байна. Сэтгэл санаагаар их хохирсон.
“...8224 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийг 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр манай нөхөр Б.О намайг “ажлынхантайгаа явж архи уулаа” гэж гэрт зодож учруулсан. Аав ээжтэй нь маргаж муудалцаж цохилцсон ч тэд нарын цохилтоос миний биед ямар ч гэмтэл учраагүй. Нөхөр маань зодсоноос болж миний биед гэмтэл учирсан. Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ эмчилгээний зардал золдуулсанаас болж ажилдаа явж чадаагүй зэргээс үүдэж 150.000 төгрөгийг нэхэмжилж авмаар байна. Яг одоо надад нэхэмжлэлтэй холбоотой баримт байхгүй байна.
Би гэрт нь очиж ээж, аавд нь би “хүүхдээ ав бид хоёрыг салгаж өг” гээд маргаж хэрэлдсэн. Гэхдээ тэд нар намайг зодож гэмтээгээгүй. Би уурандаа тэгж хэлсэн байх. Ц.Жы биед учирсан гэмтлийг Б.О учруулсан. Дүү маань намайг өмөөрөөд аав, ээжтэй нь муудалцах үед цохиж, маажсан байх. Б.Оын аав Б нь шанагаар Ц.Жы толгой руу хэд хэдэн удаа цохисон. Гэхдээ тэр цохилтоос түүний биед ямар ч гэмтэл учраагүй... Маргааны үед О.Б нь хутга барьж дайраагүй. Би уурандаа өмнө нь андуурч хэлсэн байсан. Би шүүх хуралд оролцоно. Миний биеийн байдал хэвийн сайн байна. Өвчин зовиур байхгүй. Нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-23х, 24-25х/,
2. Хохирогч Ц.Жы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2018 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн үед төрсөн эгч Ц.Цы гэрт очтол эгч гэртээ байхгүй байсан. Эгчийгээ хайж явтал Яармагийн 15 дугаар гудамжинд таарсан. Зодуулсан байдалтай байхаар нь яасан талаар асуухад “Б.О намайг зодсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь яагаад зодсон талаар нь асууж тодруулахаар Б.Оын гэрт эгчийгээ дагуулаад ороход гэрт нь Б.О, аав Б, ээж А, дүү нар нь байсан.
Би ороод “та яагаад энэ асуудлаа шийдэхгүй байгаа юм бэ, Б.О эгчийг зодсон байна” гэхэд “танай эгч л буруутай” гээд аав, ээж нь хүүхдээ өмөөрөөд байсан. Тэгэхээр нь би эгчийгээ өмөөрөөд хэрэлдсэн. Тэр үед Б.О босч ирээд намайг барьж аваад нүүр рүү маажиж цохисон. Би түүнтэй барьцалдах үед дүү охин нь салгасан. Тэр үед аав нь төмөр бариултай шанагаар миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь Б.Оыг түлхээд, дараа нь аавыг нь түлхээд эргээд харахад ээж нь эгчийг үсдээд доош дарсан байсан. Би эгчийгээ салгаж аваад гарсан.
Манай эгч Б.Отай сүүлийн 3 жил хамт амьдарч байгаа. Дундаасаа 1 нас гарантай хүүхэдтэй. Ц.Цыг Б.О урьд өмнө зодож гэмтээж байгаагүй. 2018 оны 06 дугаар сарын 30-наас 2018 оны 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө эгч Ц.Цыг нөхөр Б.О нь зодсон байсан. Асуудлыг шийдэх гээд Б.Оын аавынд ороход маргаан болсон. Тэр үед Б.О намайг нүүр рүү маажих гэж байгаа юм шиг цохих үед дүгнэлтэн дээрх гэмтэл миний биед учирсан. Б.О тэр гэмтлийг миний биед учруулсан. Түүний аав Б миний толгой руу шанагаар хэд хэдэн удаа цохисон боловч тэр цохилтоос миний биед гэмтэл учраагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Эгчийгээ өмөөрч хэрэлдэж маргалдаж байгаад ийм байдалд хүрчихлээ. Би шүүх хуралд оролцохгүй. Нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 27х/,
3. Гэрч О.Бы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2018 оны 06 дугаар сарын 30-ны орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 8888 тоот гэртээ байж байхад гаднаас хүү Б.О орж ирэхдээ нүүр амаа маажуулсан, цус болсон байсан. Тэгэхээр нь би “миний хүү юу хийж яваа юм, наад нүүр ам чинь яасан юм, гэрт чинь юу болсон юм бэ” гэж асуусан чинь хүү маань “нөгөөдөх чинь гэрт согтуу ирээд агсам тавиад, нүүр ам ийм болгочихлоо” гэж хэлсэн. Тэгээд би “аав нь хэрэлдээд байвал гэртээ ирж бай гэж хэлдэг биз дээ” гэж хэлээд байж байхад Ц.Ц согтуу, хүүхдээ сугандаа хавчуулчихсан “танайхныг ална аа” гэж хэлээд ороод ирсэн. Тэгэхээр нь би “миний хүү юу болсон юм яасан юм, тайвшир” гэхэд манай эхнэр Атэй маргалдаад хэрэлдээд байсан. Тэгсэн манай эхнэр А уурлаад “наад амнаасаа цагаан хөөс сахруулчаад, архи ууж ирчихээд юу яриад байгаа юм” гэхэд Ц.Ц “чиний амаар уусан юм уу” гээд хэрэлдээд байсан. Тэгээд Ц.Ц манай эхнэрийн үснээс зулгаагаад доош нь дараад, үүдний өрөө рүү дагуулж явах гээд байж байхад гаднаас Ц.Цы дүү Ц.Ж орж ирсэн.
Тэгэхээр нь би Ц.Жд хандаж “чи наад эгчээ хардаа хүн үсдээд байна” гэж хэлэхэд юу ч хэлэхгүй зүгээр хараад зогсоод байсан. Тэгээд зүгээр зогсоод байхаар нь “чи салгах гэж ирсэн юм уу, зүгээр зогсоод байх юм тэнэг новш” гэж хэлсэн. Тэгсэн чинь Ц.Ж намайг заамдахад хүү Б.О салгах гэхэд Б.Оыг өшиглөөд намайг хойш нь түлхээд унагах гээд байхаар нь би сандрахдаа гартаа баригдсан шанагаар толгойны дух хэсэг рүү нь нэг удаа цохисон.
Тэгээд намайг тавьчихаар нь би “цагдаа дуудлаа шүү” гэсэн чинь Ц.Ц, Ц.Ж хоёр гараад явсан. Гарч явахдаа Ц.Ж нь “Б.Оаа хоёулаа маргааш уулзана” гэж хэлээд яваад өгсөн. Би Ц.Жтай маргалдаж муудалцсан асуудал байхгүй. Би Ц.Жы дух хэсэгт хөнгөн цагаан шанаганы ёроол хэсгээр нь 1 удаа цохисон. Тухайн үед А, Б.О, Ц.Ц, Ц.Ж нар байсан. Намайг цохиж зодсон асуудал байхгүй. Ц.Ж намайг боогоод түлхээд байсан.
Ц.Ц Б.О нар нь хамт амьдраад 1 жил гаран болж байгаа. Гэрлэлтийн баталгаа байхгүй. Манай хүү Б.О нь даруухан, дуугүй, элдэв зан ааш байхгүй, архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, тамхи татдаггүй. Ц.Ц бол архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ агсам тавьж, тамхи татдаг, огцом ууртай юм шиг харагддаг. Б.О өмнө нь эхнэртэй гар хүрч байсныг мэдэхгүй.
...Манай хүүхэд архи уудаггүй болохоор эхнэрээ архи ууснаас болж хэрэлдэж маргалдаад, алгадсан гэсэн. Тэр хоёрын хооронд болсон маргааны үед Ц.Цы биед гэмтэл үүссэн байх. Манай гэрт байхад бол түүнийг зодож цохисон хүн байхгүй. Ц.Ж нь “эгчийгээ зодуулсан байна” гээд өмөөрч манайд орж ирсэн. Тэгээд хэрүүл маргаан хийгээд байсан. Бид хоёр зууралдсан. Намайг түлхэж унагаасан. Би унахдаа пийшин мөргөх шахсан. Тэгээд би “аав шигээ хөгшин настай хүнийг унагааж байдаг” гэж бодоод уур хүрээд босоод пийшин дээрээс шанага авч түүний толгой руу цохисон.
...Ц.Жы биед учирсан гэмтэл Б.О түүнийг салгах гээд сарвайж байх үед л үүссэн гэмтэл байх. Өөрөөр түүнийг зодож гэмтээсэн хүн бол байхгүй. Тэр хүмүүс өөрсдөө харанхуй шөнө хөгшин настай хүмүүс дээр ирж хэрүүл маргаан хийж амгалан тайван байдал алдагдуулсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 28-30х, 31-32х/,
4. Гэрч Ан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2018 оны 06 дугаар 30-наас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө орой унтах гээд хэвтэж байтал гэрт гаднаас манай хүү Б.О ороод ирсэн. Яасан, юу болсон гээд асуухад араас нь эхнэр Ц.Ц нь согтуу ороод ирсэн. Нэг сугандаа хүүхдээ хавчуулчихсан “энэ хог шаар хүүхдээ аваад зайл, намайг зодсон” гээд орилоод ороод ирсэн. “Яасан, чи архи уучихсан юм биш үү, миний хүүхэд зүгээр байхад хүн зодох хүн биш дээ, хаана чинь яаж зодсон юм бэ” гэхэд өөдөөс “чиний амаар архи ууж байгаа юм уу” гээд л хэл амаар доромжилж элдвээр хараасан. Түлхээд гэрээс гаргах гэсэн чинь гарахгүй байсан. Би түүний нүүр рүү нь цохих гэсэн чинь намайг ганц дугтраад өвдөг сөхрүүлсэн. Тэгээд миний үснээс зулгаасан. Би ч мөн тавихгүй болохоор нь үснээс нь зулгаасан.
Гэрт манай нөхөр Б байсан. Нөхрийг “наад хүн чинь өндөр даралттай тавь” гэхэд тавихгүй байсан. Би арай гэж гарыг нь тавиулаад гэрээс гаргасан. Удаагүй буцаад дүү Ц.Жаа дагуулаад ороод ирсэн. Ц.Ж нь эрүүл байсан. Ц.Ж нь орж ирээд шууд Б.Оыг “чи надтай тааралдана” гээд хуруугаараа чичилж заналхийлсэн. Тэгээд манай нөхөр түүнтэй маргаж “чиний эгчээс болж байгаа юм, эгч чинь чиний эхнэртэй нийлж архи уудаг биз дээ” гээд тэр хоёр хэрэлдсэн. Хэрэлдэж маргалдах үедээ хоорондоо заамдалцсан. Тэр үед Ц.Ж нөхрийг маань пийшин рүү түлхсэн. Манай нөхөр унаад босч ирээд пийшин дээр байсан шанагыг аваад Ц.Жы толгой руу хэд хэдэн удаа цохисон. Гэхдээ гэмтэл шарх биед нь учруулаагүй. Энэ үед Б.О Ц.Жыг нүүр рүү нь түлхсэн байх. Тэгээд тэд нар арай гэж гэрээс гарсан.
Маргаан болсон шалтгаан нь Б.О, Ц.Ц хоёр хоорондоо маргалдаж зодолдсоноос болж эхнэр нь манай гэрт хүүгээ дагуулж ирэн “хүүхдээ ав” гэж хэрүүл маргаан хийснээс болсон. ...Гэхдээ миний биед, ... нөхрийн маань биед ямар нэг гэмтэл шарх учраагүй.
Б.Оын эхнэр нь архи ууж согтуу ирээд агсан тавьсан гэсэн. Тэгээд эхнэрээ хэд хэд алгадаад авсан юм шиг байна лээ. Зөрүүлээд эхнэр нь маажсан бололтой нүүрэнд нь маажсан шарх харагдаж байсан. Тэр хоёрын хоорондоо болсон маргааны үед Ц.Цы биед үүссэн гэмтэл байх.
Ц.Жыг цохиж зодсон хүн байхгүй. Аавтай нь хэрэлдээд маргаад гэрт агсан согтуу тавиад байхаар нь хүү маань нэг удаа алгадсан байж магадгүй. Эгчийгээ өмөөрч хүү рүү минь дайрч байх үед л тэр гэмтэл учирсан байх. ...Ц.Жыг зодсон хүн байхгүй. Биед нь учирсан гэмтэл нь Б.Отай маргалдах үед л үүссэн байх. Түүнийг санаатайгаар барьж аваад зодож гэмтээсэн хүн байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 33-35х/,
5. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 8224 дугаартай:
1. Ц.Цы биед дух, бугалага, шуу сарвуу, гуя, хацарт цус хуралт, зовхи, шанаа хацар, эрүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 40х/,
6. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 8223 дугаартай:
1. Ц.Жы биед хүзүү, хамар, эрүү, сарвуу, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 45х/,
7. Аюулын зэргийн үнэлгээ /хэргийн 12х/,
8. Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ /хэргийн -64-68х/
9. Шүүгдэгч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр манай эхнэр Ц.Ц гэртээ шөнө 23 цагийн үед согтуу ирсэн. Эхнэр гэрт орж ирчихээд дуулаад, орилоод унтаж байсан охиныг минь сэрээх гээд байсан. Тэгэхээр нь би охиноо тэвэрч аваад “чи ууж чадахгүй байж яах гэж архи уусан юм бэ” гэж хэлсэн чинь намайг өшиглөөд, надад агсан тавиад байсан. Намайг цохих гээд сарвайгаад байх үедээ тэвэрч байсан хүүхэд цохичих гээд байхаар нь би “цаашаа бай, хүүхэд сэрээлээ” гээд урдаас нь гараараа цохисон.
Зодоон болох гээд байгаа юм шиг болохоор нь би гэрээс гараад явсан. Араас эхнэр охиныг тэвэрч гарч ирээд “чи намайг зодсон, аав, ээж дээр чинь очиж хэлнэ” гээд аавынх руу явсан. Аавынх манайхтай ойрхон байдаг юм. Би араас нь дагаад аавынд очсон. Эхнэр аавынд ороод бөөн хэрүүл маргаан болгосон. Хөгшин настай хүмүүсийг унтуулж амраахгүй, харанхуй шөнө орж хэрүүл хийсэн. Ээж түүнийг арай гэж гэрээс гаргасан.
Тэгтэл төрсөн дүү Ц.Жаа дагуулаад буцаад ороод ирсэн. Дүү нь эгчийгээ өмөөрөөд хэрүүл маргаан хийсэн. Би Ц.Жыг гэрээс гаргах гэсэн боловч гарахгүй аавтай зууралдаад байхаар нь түүнийг ааваас салгах гээд татаж чангааж, хэд хэдэн удаа цохисон. Тэр үед түүний биед гэмтэл учирсан байх. Би эхнэр Ц.Ц, түүний төрсөн дүү Ц.Ж нарт гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 76-78х/ болон түүний хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 52х/, Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 55х/, шүүгдэгчийн Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 56х/, О.Уянгаагийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 58х/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан байх тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж дүгнэн шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Оын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.О нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 7 дугаар гудамжны 888 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Цыг “архи ууж орой гэртээ ирлээ” гэх шалтгааны улмаас цохиж, зодож Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь “дух, бугалага, шуу сарвуу, гуя, хацарт цус хуралт, зовхи, шанаа хацар, эрүү, цээжинд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан,
- Мөн 2018 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 0000 тоотод оршин суух иргэн О.Бы гэрт иргэн Ц.Жыг “эгчийгээ өмөөрч, аавыг түлхэж унагааж, хэрүүл маргаан хийлээ” гэх шалтгааны улмаас зодож энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүнийг буюу Ц.Ц, Ц.Ж нарыг зодож Ц.Жы биед “хүзүү, хамар, эрүү, сарвуу, зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн хохирогч Ц.Цы мэдүүлэг /хэргийн 21-23х, 24-25х/, хохирогч Ц.Жы мэдүүлэг /хэргийн 27х/, гэрч О.Бы мэдүүлэг /хэргийн 28-30х, 31-32х /, гэрч А.Аний мэдүүлэг /хэргийн 33-35х/,
- ШШҮХ-ийн шинжээчийн: “...Ц.Цы биед дух, бугалага, шуу сарвуу, гуя, хацарт цус хуралт, зовхи, шанаа хацар, эрүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ, уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 8224 дугаартай дүгнэлт /хэргийн 40х/,
- ШШҮХ-ийн шинжээчийн: “...Ц.Жы биед хүзүү, хамар, эрүү, сарвуу, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ, уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 8223 дугаартай дүгнэлт /хэргийн 45х/, шүүгдэгч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч Ц.Цы биед учирсан “дух, бугалага, шуу сарвуу, гуя, хацарт цус хуралт, зовхи, шанаа хацар, эрүү, цээжинд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.О түүнийг алгадаж, цохих зэргээр зодсоны улмаас,
- хохирогч Ц.Жы биед учирсан “хүзүү, хамар, эрүү, сарвуу, зовхинд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.О түүнийг цохиж, зодсоны улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл, нэр бүхий хохирогчдын биед учирсан гэмтэл бүхий хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо тус тус тогтоогдсон байна.
Хэргийн хохирогч Ц.Ц, шүүгдэгч Б.О нар нь хамтран амьдардаг, дундаасаа 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн 1 охинтой байх тул тэдгээр нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу уг хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд юм.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-д тодорхойлсон бөгөөд шүүгдэгч нь өөрийн эхнэр Ц.Цыг “архи ууж ирлээ, унтаж байгаа хүүхэд сэрээх гэлээ” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар алгадаж зодон бие эрх чөлөөнд нь халдаж, бие махбодын хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийснээс хохирогч Ц.Цы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,
Мөн тухайн өдрийн 2018 оны 06 дугаар сарын 30-наас 2018 оны 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө шүүгдэгч Б.О нь Ц.Жыг “эгчийгээ өмөөрөн аавыг түлхэж унагалаа, хэрүүл маргаан хийлээ” гэх шалтгаанаар зодож биед нь хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.
Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд прокуророос Б.Оыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд нь тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Оыг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Хэргийн хохирогч Ц.Ц, Ц.Ж нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Хэргийн хохирогч Ц.Ж нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хэрэгт хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэгтээ “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хэргийн 27х, 70х/ гэдгээ илэрхийлэн гэм хорын хохирол, төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр тооцсон нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй байна.
Мөн хохирогч Ц.Ц нь эмчилгээний зардалд нэхэмжилсэн 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч Б.Оаас гаргуулах төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.О нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 52х/ байгаа нь тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох нөхцөл байдал нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.
Шүүх, шүүгдэгч Б.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор Б.Оыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.
Энэ хэрэгт Б.О нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Ц, Ц.Ж нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б.О-ыг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.О-ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, биелэлтэнд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Б.О нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Ц, Ц.Ж нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД