Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 863

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ц.Амар

хохирогч С.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...регистртэй, Г.Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нью аврора интернейшнл” ХХК-иас түгээлтийн худалдагч хийж байх хугацаандаа 2018 оны 4 дүгээр сарын 12, 19-ний өдөр нийт 1.121.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Э мэдүүлэхдээ:

“...Хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Гомдол саналгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Бгийн өгсөн:

“...Би 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны ард талд байрлах гурилын үйлдвэрээс нийт 1246 ширхэг хэрчсэн гурил аваад бичил хорооллын Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 14-р байрны 85 тоот офисст очоод нягтлан Баяраа гэх хүүхэнтэй тулгалт хийж гадуур түгээлт хийж явсан юм. Тэгээд би нийт хэрчсэн гурилын орлого болох 1.121.400 төгрөгийг аваад өөрийн ахуйн хэрэгцээ болон ломбарднаас хөргөгчөө чөлөөлж авсан юм. Тэгээд би өөрөө энэ мөнгийг нь дараа нь ажил хийгээд буцаагаад өгье гэж бодож байсан юм. Би энэ мөнгийг нь авч явахдаа бичил хорооллын 14-р байрны зогсоолд Ниссан ванет маркын автомашины түлхүүрийг зоолттой орхиод яваад өгсөн юм. Энэ хэрэг явдал гарахаас өмнө би 1.121.400 төгрөгнөөс 381.600 төгрөгийг нь өөрийн болгоомжгүй байдлаас болж гээсэн юм. Тэгээд сүүлд нь 739.800 төгрөгийн хэрчсэн гурил авч яваад бичилд машиныг нь орхиод яваад өгсөн юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ажил хийж байгаад хохирлоо төлнө...” гэх мэдүүлэг /хх-н 18-19, 23-24/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч С.Эгийн өгсөн:

“...Нью аврора интернэйшнл ХХК-д борлуулагчаар ажилд ороод удаагүй байсан Г.Б нь 2018 оны 04 сарын 19-ний өдөр манай гэрээт борлуулагч дэлгүүрүүдэд 822 уут хэрчсэн гурил /тус бүр цаасан уутанд 500 гр-аар савласан/ хүргэж өгөөд тэр өдрийн борлуулалт хийсэн барааны орлого болох биет 739,800 төгрөгийг байгууллагад тушаалгүй хувьдаа аваад явчихсан байсан ба бид нар Г.Бг 2 өдөр хайгаад олоогүй бөгөөд тухайн үед Г.Б нь компаний түгээлтийн Ниссан ванет маркын 56-13 УНВ дугаартай бага оврын микроавтобусыг жолоодож явсан мөртлөө уг машиныг түлхүүрийг нь зоолттой үлдээгээд машиныг манай гэрийн ойролцоо үлдээж орхисон байсан. Баярдаваагийн тэр үед эзэмшиж байсан мобикомын 95-аар эхэлсэн дугаар луу удаа дараа залгасан боловч утсаа авахгүй байхаар нь бид Баярдаваагийн эгчтэй уулзаж эгчээр нь дамжуулан Г.Бг олж уулзаад цагдаад хандсан, Баярдаваа одоогоор хохирлоо төлж барагдуулаагүй байгаа. Мөн Г.Б нь энэ асуудал болохоос 7 орчим хоногийн өмнө буюу 2018 оны 04 сарын 12-ны өдөр борлуулсан 424 ширхэг /тус бүр цаасан уутанд 500 гр-аар савласан/ хэрчсэн гурилын үнэ болох 382,600 төгрөгийг тушаалгүй явчихсан байсан ба тухайн үед орлогын мөнгөө хаячихсан гэж хэлж байсан. Иймд манай байгууллагаас Г.Бгийн манай компанид учруулсан бодит хохирол болох 739,800 төгрөг дээр урд өмнөх тооцоо болох 382,600 төгрөгийг нэмээд нийт 1,121,400 төгрөгийг нэхэмжилж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-н 14-16/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Б-ийн өгсөн:

“...Манай Нью аврора интернейшнл ХХК нь 2010 онд байгуулагдсан. Манай компани нь хэрчсэн гурил үйлдвэрлэж аж ахуй нэгж байгууллагад тараадаг юм. Би 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн ажилтан борлуулагч Г.Б гэх залууд 1246 ширхэг хэрчсэн гурил өгч явуулаад тэр өдөртөө надтай тооцоо ирж хийгээгүй тэр чигтэй хэрчсэн гурилаа зараад манай компаний нэр дээр байдаг Ванет маркын микро автобусаар зөөж ашиглан уг машиныг Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны баруун талд түлхүүрээ зоолттой нь дотор түгжээд явчихсан байсан. ...Манай нийт хэрчсэн 1246 ширхэг гурилыг зарахад нийтдээ 1.121.400 төгрөг болно...” гэх мэдүүлэг /хх-н 5-6/,

 

  • Зарлагын баримтууд /хх-н 30-30-58/,

 

            Шүүгдэгч Г.Бгийн хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 86/,

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 87/

            - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 88/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Б нь “Нью аврора интернейшнл” ХХК-наас түгээлтийн худалдагч хийж байх хугацаандаа 2018 оны 4 дүгээр сарын 12, 19-ний өдөр нийт 1.121.400 төгрөгийн барааг хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Г.Бгийн “...би 1.121.400 төгрөгнөөс 381.600 төгрөгийг нь өөрийн болгоомжгүй байдлаас болж гээсэн юм. Тэгээд сүүлд нь 739.800 төгрөгийн хэрчсэн гурил авч яваад бичилд машиныг нь орхиод яваад өгсөн юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ажил хийж байгаад хохирлоо төлнө...” гэх мэдүүлэг,

 

хохирогч С.Эгийн “...Нью аврора интернэйшнл ХХК-д борлуулагчаар ажилд ороод удаагүй байсан Г.Б нь 2018 оны 04 сарын 19-ний өдөр манай гэрээт борлуулагч дэлгүүрүүдэд 822 уут хэрчсэн гурил хүргэж өгөөд тэр өдрийн борлуулалт хийсэн барааны орлого болох биет 739,800 төгрөгийг байгууллагад тушаалгүй хувьдаа аваад явчихсан байсан. ...2018 оны 04 сарын 12-ны өдөр борлуулсан 424 ширхэг хэрчсэн гурилын үнэ болох 382,600 төгрөгийг тушаалгүй явчихсан байсан ба тухайн үед орлогын мөнгөө хаячихсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Б-ийн “...2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн ажилтан борлуулагч Г.Б гэх залууд 1246 ширхэг хэрчсэн гурил өгч явуулаад тэр өдөртөө надтай тооцоо ирж хийгээгүй тэр чигтэй хэрчсэн гурилаа зараад манай компаний нэр дээр байдаг Ванет маркын микро автобусаар зөөж ашиглан уг машиныг Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны баруун талд түлхүүрээ зоолттой нь дотор түгжээд явчихсан байсан. ...Манай нийт хэрчсэн 1246 ширхэг гурилыг зарахад нийтдээ 1.121.400 төгрөг болно...” гэх мэдүүлэг, зарлагын баримтууд зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Бг хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

   Шүүх хуралдаанд шүүгдэгчийн талаас 1.125.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эгийн данс руу шилжүүлсэн гэх мөнгөн шилжүүлгийн баримт гаргаж өгсөн, мөн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э “...Хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Гомдол саналгүй...” гэх мэдүүлэг өгсөн зэргийн харгалзан шүүгдэгч Г.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Г.Бд 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, засарч хүмүүжих үүрэг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Г.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, засарч хүмүүжих үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ