| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 101/2022/07093/И |
| Дугаар | 210/МА2023/00963 |
| Огноо | 2023-05-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2023/00963
| 2023 оны 05 сарын 08 өдөр | Дугаар 210/МА2023/00963 |
А банк ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/01174 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: А банк ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б-эд холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл, хариуцагч Б-э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: А банк ХХК нь зээлдэгч В-, Г- нартай 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт нийт 100,000,000.00 төгрөгийг 36 сарын хугацаатай, 1 жилийн 18.6 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Талууд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б-ийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Эрдэнэ толгойн 50 дугаар гудамж, *** тоот хаягт байрлах 154 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 509 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.
А банк ХХК нь зээлдэгч В-, Г- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 88,258,983 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн ба улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхээс дугаар 102/ШШ2020/00369 захирамжаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Зээлдэгч В-, Г- нар зээл мөнгөн хөрөнгийг сайн дураар төлөөгүй учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан боловч ямар нэгэн хөрөнгөгүй, өнөөдрийн байдлаар дээрх шүүгчийн захирамж биелэгдээгүй байна.
Б-э нь хэдийгээр тухайн зээлийг аваагүй боловч хуульд зааснаар тэрээр В-, Г- нарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар эд хөрөнгөө барьцаалуулсан тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Би, В-, Г- нарыг танихгүй. Тэдэнтэй ямар нэгэн гэрээ, хэлэлцээр байгуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалуулаагүй.
Харин манай охин зээл авахад би нэг удаа хамт очиж гэрээнд гарын үсэг зурсан.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч А банк ХХК-ийн гаргасан хариуцагч Б-эд холбогдох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Эрдэнэтолгой 50 дугаар гудамж, *** тоот хаягт байрлах 509 м.кв талбайтай газар, түүн дээр баригдсан 154 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анх 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр миний охин Б.Гэрэлтуяа намайг А банкин дээр дуудаж "Аав энэ дээр гарын үсгээ зурчих" гэснээр би хэвлэмэл бичигтэй цаасан дээр гарын үсэг зурсан. Гэтэл энэ нь банкнаас авсан зээлийн гэрээний хавсралт үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байсан байна. Би барьцааны гэрээнд гарын үсэг зурснаа сүүлд мэдсэн.
Шүүх барьцааны зээлийн гэрээг хуулийн дагуу байгуулсан эсэх, энэ гэрээ хэлцэл хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр мөн эсэхийг шалгаж тогтоох ажиллагаа хийгээгүй. Би банктай ямар нэгэн гэрээ хийж эрх зүйн харилцаанд оролцоогүй ба банк надтай ямар нэгэн гэрээ хэлцэл хийх тухай мэдэгдээгүй, мөн энэ талаар санал хүсэлт тайлбар өгөөгүй юм. Барьцааны гэрээ нь хуульд нийцээгүй талаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж банкны зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар хандах байсан ч шүүх хуралдааныхаа товыг зарлаж, надад тийм боломж олгохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч А банк ХХК нь хариуцагч Б-эд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. В-, Г- нар нь А банк ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 100,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 18,60 хувийн хүүтэй зээлдэгч нарт зээлдүүлсэн /хх 8-10/,
уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар А банк ХХК болон Б-э нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, Б-ийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Эрдэнэтолгой 50 дугаар гудамж, *** тоот хаягт байрлах 509 м.кв талбайтай газар, түүн дээр баригдсан 154 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус барьцаалан, гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн /хх 13-17/,
3.2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/00369 дугаар захирамжаар нэхэмжлэгч А банк ХХК нь зээлдэгч В-, Г- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 88,258,983 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн тул зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэсэн ба энэ захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй /хх 20, 42/.
4. А банк ХХК болон Б-э нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
4.1. Хариуцагч Б-э нь Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн бүрэн чадамжтай тул барьцааны гэрээг уншиж танилцаагүй, ямар зүйлд гарын үсэг зурснаа мэдэхгүй гэх түүний тайлбар үндэслэлгүй.
Түүнчлэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.
4.2. Иргэний хуулийн 87 дүгээр зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрх нь барьцаанаас салгаж үл болох эрх ба уг эрх нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болоогүй байна.
Иймд төлбөр төлөгч В-, Г- нар нь 88,858,228.00 төгрөгийг төлбөр авагч А банк ХХК-нд төлөөгүй, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцжээ.
5. Анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгч, энэ тухай баримтад гарын үсэг зуруулсан байна. Дээрх хугацаанд хариуцагч нь нотлох баримт гаргуулах болон гуравдагч этгээдүүдийг оролцуулах эсэх талаар хүсэлт гаргах, сөрөг шаардлага гаргах зэргээр хэргийн оролцогчийн эрхээ хэрэгжүүлэх боломжтой байжээ.
Мөн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн эрх зүйн туслалцаа авах эрхийг хангаж, шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд хойшлуулсан.
Иймд хариуцагчийн гаргасан өмгөөлүүлэх эрхийг хангаагүй, сөрөг нэхэмжлэл гаргах боломж олгоогүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/01174 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Т.БАДРАХ